| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
| Хэргийн индекс | 306/2026/00015/И |
| Дугаар | 306/ШШ2026/00019 |
| Огноо | 2026-01-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 306/ШШ2026/00019
| 2026 оны 01 сарын 08 өдөр | Дугаар 306/ШШ2026/00019 | Говьсүмбэр аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,
Нэхэмжлэгч: ................. ХХК
Хариуцагч: Б.Б
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нотариатын зардал, нийт 7,896,122.30 гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ................ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
1.1. ... Б.Б нь 2024 оны 08 дугаар сарын 30-нд .................. ХХК-иас Iphone 15 Pro Max 256GB загварын 6,449,900.00 төгрөгийн үнэ бүхий гар утас худалдан авсан, ингэхдээ Голомт банктай зээл болон барьцааны гэрээ байгуулж 6,449,900 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авч төлбөрийг төлсөн юм.
Б.Б нь банктай байгуулсан зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй, төлбөрийг хугацаанд нь төлөөгүйгээс түүний авсан зээл чанаргүй зээлийн ангилалд шилжсэн тул манай компани нь Голомт банктай байгуулсан батлан даалтын гэрээний дагуу зээлдэгчийн төлбөл зохих үндсэн зээл 5,918,850.61 төгрөг, үндсэн зээл 459,247.71 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,329.03 төгрөг, нийт 6,382,427.35 төгрөгийг түүний нэрийн өмнөөс төлж 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр тухайн банкнаас зээл шаардах эрхийг шилжүүлэн авсан байна.
Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.6-т шаардах эрхийг шинэ үүрэг гүцэтгүүлэгчид шилжүүлснээр түүнтэй холбоотой бусад эрх болон түүнийг хангах арга нэгэн зэрэг шилжинэ гэж заасан. Б.Б нь шаардах эрх шилжүүлэн авснаас хойш зээлийн төлбөрийг төлөхгүй өнөөдрийг хүрсэн, зээл төлөхийг удаа дараа шаардахад гэрээний үүргээ биелүүлдэггүй, сүүлдээ утсаа огт авахгүй зээл төлөхөөс санаатайгаар зайлсхийж байна. Түүний банкнаас авсан зээлийг төлөхдөө тус компани нь мөн банкнаас авсан зээлийн болон бусад хөрөнгөөр бүрэн төлж, давхар зээл, түүний төлбөрт орж хохирсоор байна... иймд, Б.Б-ээс үндсэн зээл 5,918,850.61 төгрөг, үндсэн хүү 459,247.71 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 1,500,694.95 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,329.03 төгрөг, нийт 7,883,122.30 төгрөг, нотариатын зардал 13,000 төгрөг, нийт 7,896,122.30 төгрөгийг гаргуулна гэжээ.
2. Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
2.1. Би .................... ХХК-иас нэхэмжилж буй 7,896,122.30 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Хариуцагч Б.Б-ээс үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нотариатын зардал, нийт 7,896,122.30 төгрөгийг гаргуулна гэжээ.
3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141,288 төгрөгийн тавин хувь болох 70,644 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 70,644 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,644 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч .................... ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нотариатын зардал, нийт 7,896,122.30 төгрөгийг хариуцагч Б.Б төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141,288 төгрөгийн тавин хувь болох 70,644 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 70,644 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч Б.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 70,644 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч .................... ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА