Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2018/ШЦТ/54

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ч,

улсын яллагч Э.Н,

шүүгдэгч О.Ж, түүний өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Огийн Жт холбогдох эрүүгийн 1817000240030 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б. овогт Огийн Ж /РД:......../, Дорноговь аймгийн Сайншанд суманд 1968 оны 10 дугаар сарын 11-ны өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, 127 дугаар байрны .......... тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, урьд 2001 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 жил 6 сар, мөн хуулийн тусгай ангийн 241 дүгээр зүйлд зааснаар 1 жил хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 241 дүгээр зүйлд зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг багтааж жинхэнэ эдлэх ялыг 1 жил 6 сараар тогтоосон, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 10 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан гэх, 

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр:

 

Яллагдагч О.Ж нь Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, 127 дугаар байрны 2 дугаар орцны 9 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу хамтран амьдрагч хөгжлийн бэрхшээлтэй Н.Эг 2018 оны 01 дүгээр сарын 11-13, 2018 оны 01 дүгээр сарын 26-27 өдрийн орчим, 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр байнга зодож харгис хэрцгий харьцаж догшин авирлаж тарчлаасан, Мөн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч хөгжлийн бэрхшээлтэй Н.Эг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж толгой дээрээс нь буцалсан халуун усыг асгаж түлэн, хохирогчийг тохуурхан доромжилж, бие махбодын сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ. Шүүгдэгч О.Ж нь согтуугаар 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах, 127 дугаар байрны 9 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу хамтран амьдрагч Н.Эгийн толгой дээрээс ус буцалгагчид байсан буцалсан халуун усыг асгаж түүний биеийн нийт талбайн 21 хувийг эзэлсэн түлэгдсэн шарх үүсгэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бие махбодид шаналал, зовиур үүсгэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч О.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хамтран амьдрагч Э, Б бид гурав 2 шил 0.75 литрийн архи гэртээ авч ирж уусан. Дараа нь дахиад архи авч уусан. Э, Б бид гурав нэлээд согтоод Б жижиг өрөөнд унтсан. Намайг унтаж байгаад сэртэл Э ус буцалгаад өгөөч, кофе уумаар байна гэсэн. Би босож ус буцалгаж өгөөд халтирч унаад дээрээс нь халуун ус асгасан байсан. Би тэгээд унтаад өгсөн. Өглөө босоход Э түлэгдсэн байсан. Тэгэхээр нь түргэн дуудах уу гэхэд Э түргэн дуудахгүй гээд гэртээ 2-3 хоносон. Сүүлдээ би Эгийн утсыг нь булааж аваад гадаа гарч түргэн дуудаж өгсөн. Тухайн үед Э, Б бид гурав согтуу байсан. Эг эмнэлэг рүү явъя гэхэд явахгүй, цагдаа ирнэ гээд байсан. Болсон явдлыг сайн мэдэхгүй байгаа. 2018 оны  01 дүгээр сарын 11-ний өдөр, 01 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө би Эг зодоогүй, дүү нь салгах гэж гүтгэж байгаа байх. Бид хоёр 2004 оноос хойш хамтран амьдарч байна. Ийм хэрэг хийсэндээ харамсаж байна  гэв.

 

1.2. Хохирогч Н.Э мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гэртээ байж байсан чинь гаднаас миний хамтран амьдрагч Ж, Бгийн хамт халамцуу 1 шил 0,75 литрийн архитай орж ирээд задлаад бид гурав архинаас нэг нэг татсан. Ж ус буцалгагчид ус хийн буцалгаж ширээн дээр тавьсан байснаа тагийг нь авч цааш нь тавиад буцалгагчид байсан усыг үгийн зөрүүгүй над руу цацахаар нь би Жт болиоч гэж хэлсэн чинь буцалгагчид үлдсэн байсан усыг дахиад над руу цацаж дуусгаад, ус буцалгагчаар миний толгойн баруун хэсэгт нэг удаа цохиод цаашаа эргээд явсан. Ж над руу ус цацсаны улмаас миний толгойн баруун хэсэг, чих, шанаа үсний угийг дагаад хуйх, эрүү, хүзүү, цээж, зүүн мөр, бугалга, шуу, баруун гарын бугалга, шуу түлэгдсэн. Ж миний гар утсыг аваад өгөхгүй байсан, би хөгжлийн бэрхшээлтэй болохоор ганцаараа гэрээсээ гарч чаддаггүй. Ямар шалтгааны улмаас над руу ус цацсан гэдгийг нь би мэдэхгүй, бид хоёрт хоорондоо хэрэлдэж маргалдсан асуудал огт байхгүй. Би аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт анх түлэгдсэний дараа арван хэд хоног хэвтэж эмчлүүлсэн. Ж бид хоёр 2004 оноос хойш хамтран амьдарч байна. Гэрлэлтийн баталгаа байхгүй. Ер нь Ж намайг байнгын дарамтад байлгадаг, архи уухаараа хэлэх хэлэхгүй үгээр доромжилдог, хамт архи уусан хүмүүстэйгээ хардаж зодох асуудал байнга гардаг. Ж нь 2012 оны 09 дүгээр сард намайг байшингийн подвал руу унагаж байсан, мөн 2016 онд хутгаар духыг маань зүсээд өөрөө юм оёдог утсаар оёж байсан. Ж намайг сүүлийн үед хэл амаар янхан, банзал, алавч гэх мэтээр доромжилж, даавуунд ороож байгаад байртай чинь шатааж ална гэх мэтээр байнга доромжилдог болсон. Түлэхээс өмнө долоо хоногт Ж согтуу ирээд миний нүүр лүү аягаар цохиж хөмсөгний дээд талд хагалсан. Энэ оны 1 дүгээр сарын 11-13-ны өдрийн хооронд мөн гаднаас согтуу орж ирээд намайг гараараа толгой руу нэг удаа цохиод түлхээд унагасан. Би сүүлийн үед архи нэлээн уусан. Одоо бол архиа уухаа больсон. Би Жт олон жил зодуулж цохиулаад нүүрэндээ маш олон тооны сорвитой болсон эцэст нь ус буцалгагчтай буцалсан халуун усаар цацуулж биеэ түлүүлсэндээ маш их гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 29-36 хуудас/

 

1.3.Гэрч Н.О мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би 2018 оны 02 дугаар сарын 06-ны орой гэртээ байж байсан чинь манай төрсөн эгч С над руу утсаар залгаад Э эгчийг Ж буцалсан ус цацаад биеийг нь түлчихсэн байна, эмнэлэг дээр хүрээд ир гэж дуудсан. Мэс заслын тасагт ороод  Этай уулзаад юу болсон талаар нь асуусан чинь манай эгч надад хэлэхдээ 2018 оны 02 дугаар сарын 02-ны орой гэртээ байж байсан чинь гаднаас Ж, Бтэй хамт нэг шил архитай нэлээн согтуу ирэхээр нь би чи яагаад архи ууж байгаа юм бэ гэж хэлсэн чинь Ж над руу битгий хуцаад бай гэж хэлээд ус буцалгагчид байсан дөнгөж буцалгасан халуун усыг цацаад, миний толгой хүзүүг түлчихсэн. Тэгэхээр нь би Жт хандаад чи яаж байгаан юм бэ намайг түлчихлээ гэж хэлсэн чинь яадаг юм бэ гэж хэлээд ус буцалгагчид байсан үлдсэн  усыг ахиж над руу цацаад намайг түлчихсэн гэсэн. Ж, Э нар 2006 онд анх гэр бүл болсон. Гэрлэлтийн баталгаа байхгүй, дундаасаа хүүхэдгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 37-38 хуудас/

 

1.4. Гэрч Х.А мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2018 оны 02 дугаар сарын 06-ны орой ээжийн төрсөн дүү С эгч над руу залгаад ээж чинь түлэгдээд гэртээ дөрөв таван хоног байсан байна, түлэгдсэн шарх нь идээлсэн аймгийн Нэгдсэн эмнэлэгт байна гэж хэлсэн. Маргааш ирээд ээж Этай уулзахад толгой, цээж, 2 гар нь боолттой байсан. Юу болсон талаар асуухад Ж гаднаас Бгийн хамт халамцуу 0,75 литрийн архитай ирээд гурвуулаа хувааж уухад Ж ус буцалгагчид ус хийж буцалгаж ирээд ээжийн хажууд ширээн дээр тавьсан байсныгаа аваад ээж рүү цацахаар нь ээж яаж байгаа юм бэ, намайг түлчихлээ шүү дээ гэж хэлсэн чинь ус буцалгагчид үлдсэн байсан усыг ахиж над руу цацаад ус буцалгагчаар миний толгой руу нэг удаа цохисон гэсэн. Ж түлэгдэлтийг хатаадаг тос авч өгснийг нь ээж түлэгдсэн шархандаа түрхсэн ч бие нь гайгүй болохгүй шархнаасаа болоод халуураад тэсэлгүй 4 хоноод 5 дахь хоног дээрээ түргэн дуудсан юм шиг байна лээ. Тэр хоёр 2004 оноос хойш хамтран амьдарч байгаа. Манай аав 2002 онд нас барсан. Үүнээс хойш ээж архи уудаг болсон. Энэ хоёр нийлж архи уудаг, хоорондын харилцаа тийм сайн биш юм шиг санагддаг. Би урд өмнө нь Ж ээжийг цохиж зодсон талаар эгч, дүү нараас утсаар сонсож байсан. Ээжээс асуухаар Жыг өмөөрөөд хэлдэггүй. Хөгжлийн бэрхшээлтэй болохоороо нүүр, нүд, бие нь хөхөрсөн, хавдсан асуудлыг өөрөө явж байгаад юм мөргөөд унасан гэж хэлдэг. Ж 2012 онд ээжийг шат руу түлхэж унагаад хүзүүг нь мулталсан. Энэ асуудал нь Улаанбаатар хотод шалгагдаж байсан. Мөн 2017 онд манай ээжийн духыг нь заазуураар зүсээд цус алдаад тогтохгүй байхаар нь юм оёдог оёдлын утсаар оёсон байсан. Энэ асуудлаа мөн өөрөө унаад юм мөргөсөн гээд өмөөрдөг” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 39-40 хуудас/

 

1.5. Гэрч Д.А мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр ажил дээрээ байж байсан чинь 10 цаг 43 минутад 86461023 гэсэн дугаараас 103 дугаарт Төмөр замын 127-2-9 тоотод нүүр, гар нь түлэгдсэн хүн байна гэх дуудлагыг Ж гэх хүн өгсний дагуу тухайн хаягт очиж 56 настай, эмэгтэй Э гэх хүний биед үзлэг хийхэд түүний биеийн баруун гарын бугалга, шуу, зүүн гарын бугалга, шуу, нүүрний баруун хэсэг, баруун чих, цээжний дээд хэсэг, эрүүний хэсэг түлэгдсэн байдалтай биеийн байдал нь хүндэвтэр байсан. Би Н.Эгийн биеийн түлэгдсэн хэсэг болон гэрт нь хамт байсан Ж, Бямбаа гэх хүмүүсийн зургийг утсан дээрээ авсан. Түлэгдэлт нь олон хоносон байдалтай тавласан шархтай байсан болохоор хэзээ юу болсон талаар асуухад Э надад хариулахдаа өнгөрсөн 5 дахь өдөр буюу 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр би буцалсан ус авах гэж байгаад өөр дээрээ асгаад өөрийгөө түлсэн гэж хэлсэн боловч хажууд нь байсан нөхөр нь гэх Ж би ус буцалгагчид байсан буцалсан усыг Э руу цацаад түлчихсэн юм гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 41 хуудас/

 

1.6. Гэрч Н.С мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Аймгийн нэгдсэн эмнэлгээс 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр над руу 16 цаг өнгөрч байхад утсаар яриад танай эгч Э гэртээ түлэгдсэн байдалтай байна түлэгдээд 2-оос 3 хоносон, шарх нь идээлсэн байна. Иймээс яаралтай эмнэлэгт авч ирж үзүүлэхгүй бол тухайн хүний биеийн байдал хүнд байна гэж хэлэхээр нь би 17 цаг өнгөрөөгөөд ажил тараад гэрт нь яваад очсон. Манай эгч Эгийн толгой, нүүр, хүзүүний хэсэг, хоёр гар нь түлэгдээд идээлсэн байдалтай, өөрөө түүнийгээ толинд хараад цэвэрлээд зогсож байсан, жижиг өрөөнд нь Ж согтуу орон дээрээ унтаж байсан, мөн хазгар Бямбаа байсан. Би гэрт нь ороод эгчээсээ юу болсон талаар асуухад Ж намайг буцалгагчтай халуун ус цацаж түлээд миний гар утсыг аваад өгөөгүй. Намайг өглөө гаднаас түгжиж гэрт орхиод орой дандаа согтуу орж ирж байсан гэсэн. Би эгчийг гэрээс нь аваад эмнэлэг дээр авч ирээд үзүүлэхэд яаралтай арга хэмжээ авч манай эгч Эг мэс заслын тасагт шууд сахиуртай хэвтүүлээд эмчилгээ хийлгээд 17 хоноод гарсан. Манай эгчийг Ж 2012 онд анх Улаанбаатар хот руу авч яваад шат руу түлхэж унагаад нуруу нугасны өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй тэргэнцэр дээр суудаг болгосон. 2017 онд духыг нь хутгаар зүсээд оёдлын утсаар өөрөө оёж байсныг аймгийн эмнэлэгт шархыг нь эмчлүүлэн оёдол тавиулж байсан. Манай эгчийг байнгын дарамтад байлгадаг, зоддог байсан гэж гадуур хүмүүс ярьж байсан. Жт зодуулсан талаараа бид нараас байнга нуудаг. Манай эгч 70 хувийн групптэй Жын асаргаанд байсныг нь түлэгдсэнээс хойш хүсэлт гаргаад төрсөн дүү Оийн асаргаанд шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 42 хуудас/

 

1.7. Гэрч Д.М мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Манай 1996 онд нүүж ирэхэд Э нь талийгаач нөхрийнхөө хамт 9 тоотод амьдардаг байсан. Эгийн нөхөр нас барснаас хойш Жтой хамт амьдрах болсон. Э, Ж нар нь гэртээ хүмүүс байнга цуглуулж их архи уудаг. Цагдаад янз бүрийн асуудлаар их дуудлага өгүүлдэг” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 43 хуудас/

 

1.8. Гэрч Ч.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би Жын гэрт 2018 оны 02 дугаар сарын эхээр очиж хоёр гурав хоносон. Энэ хооронд Ж архи уухаараа тахир дутуу эхнэрээ байнга ална, хядна гэж дарамталж, загнадаг. Жишээ нь алавч, янхан, банзал гэх мэтээр их хэлдэг. Би 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр гэрт нь нэг шил архи барьж ирээд Ж, Э бид гурав хувааж уусан. Би согтоод унтаж байтал Э орь дуу тавиад хашхирах чимээгээр нь сэрээд босоод ирсэн чинь Ж гэрт нь байдаг ягаан алаг өнгийн таг нь салдаг ус буцалгагчийг гартаа барьсан зогсож байсан. Эгийн нүүр, толгой, хүзүү, гарын бугалга зэрэг нь түлэгдсэн байсан. Э надад хандаад Б ахаа Ж намайг буцалгагчтай буцалсан халуун ус дээрээс хийгээд түлчихлээ гэж хэлсэн. Би Жын гартаа барьчихсан зогсож байсан ус буцалгагчийг авч цааш нь тавихад гал зуухных нь өрөөний шалан дээр нил ус асгарсан байсан. Би Э түлэгдсэн байхаар нь эмнэлэг дуудсан чинь нэг эрэгтэй эмч ирээд эмнэлэг рүү авч явах гэсэн боловч Э эмчийн үгэнд орохгүй эмнэлэг рүү яваагүй. Би аптек орж түлэгдсэн хүнд түрхэх сайн тос аваад Эд өгсөн. Жыг архи уугаад Эг зодож дарамталдаг талаар нь Төмөр замын хавиар архи уугаад гэрээр нь орж гардаг бүх хүн мэднэ” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 47-48 хуудас/

 

1.9. Шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 61 дүгээр дүгнэлтэд: Н.Эгийн биед баруун хөмсөгт шарх, баруун шуу, бугалга, зүүн бугалга, хүзүү, баруун мөр, баруун чихний дэлбээ, зүүн мөр, хүзүү, баруун хацар, дээд, доод уруул, эрүүнд түлэгдсэн шархтай. Баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх шарх гэмтлүүд халуун хэмийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтлүүд нь 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх түлэгдсэн шарх гэмтлүүд нь биеийн нийт талбайн 21 хувийг эзэлж байгаа тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.2-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн байдлаас хамаарна.

 Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.С гэжээ. /х.х-ийн 58 хуудас/

 

1.10. Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл,  Д.Аын гар утсанд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хэргийн газрын үзлэгээр хураан авсан ус буцалгагчид үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /х.х-ийн 6-14 хуудас/

 

1.11. Аюулын зэргийн үнэлгээний маягт, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /х.х-ийн 15-16, 19-23 хуудас/

 

1.12. Н.Эгийн өвчний түүхийн хуулбарууд /х.х-ийн 94-118 хуудас/

 

1.13. 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Прокурорын 5/118 тоот Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоол, Нийслэлийн Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн албан бичгийн хуулбарууд /х.х-ийн132-133, 149 хуудас/ зэрэг болно.

 

Иймд шүүгдэгч О.Жыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бие махбодид шаналал, зовиур үүсгэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, 2.3 дахь хэсгүүдэд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас шүүгдэгч О.Жыг хамтран амьдрагч хөгжлийн бэрхшээлтэй Н.Эг 2018 оны 01 дүгээр сарын 11-13, 2018 оны 01 дүгээр сарын 26-27 өдрийн орчим, 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр тус тус байнга зодож харгис хэрцгий харьцаж догшин авирлаж тарчлаасан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн байна. Гэвч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд гэр бүлийн харьцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэж заасан нь тус бүртээ гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл ба үйлдэл тус бүртээ байнга гэсэн шинжийг агуулж байж тухайн зүйлээр зүйчлэх нь үндэслэлтэй байна.

Хохирогч Н.Эгийн мэдүүлгээр “2018 оны 01 дүгээр сарын 11-13-ны үед гаднаас согтуу орж ирээд намайг гараараа толгой руу нэг удаа цохиод түлхээд унагасан”, “2018 оны 01 дүгээр сарын 26-27 өдрийн орчимд согтуу ирээд миний нүүр лүү аягаар цохиж хөмсөгний дээд талд хагалсан”, “2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр толгой дээрээс ус буцалгагчтай буцалсан халуун усыг асгаж түлсэн” гэжээ. Дээрх үйлдлүүдийг үндэслэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Жт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан аль нэг үйлдлийг байнга үйлдэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх боломжгүй юм.

Шүүгдэгч, хохирогч нар нь архины хамааралтай, гэр орондоо байнга хүмүүс цуглуулан архидан согтуурч, хэрүүл маргаан үүсгэдэг болох нь гэрч, хохирогч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүдээр,

Урьд нь шүүгдэгч О.Ж нь хохирогч Н.Эг 2012 онд анх Улаанбаатар хотод шат руу түлхэж унагаад нуруу нугасны өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй болгосон, 2016 онд духыг нь хутгаар зүсээд оёдлын утсаар өөрөө оёж байсан зэрэг нь шалгасан боловч гэмт хэргийн шинжгүй гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон болох нь 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Прокурорын 5/118 тоот Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоол, Нийслэлийн Баянгол дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн албан бичгийн хуулбаруудаар тус тус нотлогдож байна.

 

Харин шүүгдэгч О.Жын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хамтран амьдрагч Н.Эгийн толгой дээрээс ус буцалгагчид буцалсан халуун усыг асгаж түүний биеийн нийт талбайн 21 хувийг эзэлсэн түлэгдсэн шарх үүсгэн хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэж үзэх үндэслэлтэй болно.

Иймд шүүгдэгч О.Жт холбогдуулан Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.3 дэх хэсэг, 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, 2.3 дахь хэсгүүдэд зааснаар өөрчилж, хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б нь гэм буруугийн дүгнэлтэндээ улсын яллагчийн яллах дүгнэлтэд тусгасан гэмт хэргийн зүйлчлэлээр маргаагүй, шүүгдэгчийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг дурдлаа.

 

ХОЁР. Шүүгдэгч О.Жт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:

 

2.1. Хохирогч Н.Э мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Би Жт маш их гомдолтой байна. Энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Надаас эмчилгээний зардалд нэг сая хоёр зуу гаран мянган төгрөг гарсан. Энэ мөнгийг нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 36 хуудас/

 

2.2. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /х.х-ийн 129-130, 135-145 хуудас/

 

2.3. Хохирлын баримтууд /х.х-ийн 120-128 хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч О.Жт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй ба хохирогч Н.Э нь хөгжлийн бэрхшээлтэй учир шүүгдэгч О.Жын асрамжид байсан болох нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэн асрах тухай гэрээгээр тогтоогдож байх тул шүүгдэгч О.Жыг эрхшээлдээ байгаа хүний эсрэг гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Шүүгдэгч О.Жт гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлтэндээ: хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох, шүүгдэгч Ж нь мөрдөн байцаалтын шатнаас эхлэн хохирогч Н.Эгийн биед гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг тэнсэж өгнө үү гэсэн хүсэлтийг тус тус шүүхээс хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Учир нь: шүүгдэгч, хохирогч нар нь байнга архидан согтуурч хэрүүл маргаан үүсгэдэг боловч тухайн гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч Н.Эгийн зүй бус үйлдэл нөлөөлөөгүй, шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй, шүүх хуралдаанд хохирлыг төлнө гэж мэдүүлснээр хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх боломжгүй болно.

 

Хохирлын тооцоо: Хохирогч Н.Эгийн хавтаст хэрэгт гаргаж өгсөн хохирлын баримтуудыг үндэслэн /х.х-ийн 120-128/ шүүгдэгч О.Жоос 1 233 650 төгрөгийг гаргуулан хохирогч Н.Эд олгож,

Шинжээчийн түлэгдсэн шарх гэмтлүүд нь биеийн нийт талбайн 21 хувийг эзэлсэн, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн байдлаас хамаарна гэсэн дүгнэлтийг үндэслэж, хохирогчийг цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхтэй болохыг шийтгэх тогтоолд дурдав.

 

Шүүгдэгч О.Жын цагдан хоригдсон 1 хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О.Жт холбогдуулан Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.3 дэх хэсэг, 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэг болгон өөрчилж, хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Боржигон овогт Огийн Жыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бие махбодид шаналал, зовиур үүсгэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1, 2.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч О.Жыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Жт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Жын цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т тус тус зааснаар шүүгдэгч О.Жоос 1 233 650 /нэг сая хоёр зуун гучин гурван мянга зургаан зуун тавь/ төгрөгийг гаргуулан Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, 127 дугаар байрны 9 тоотод оршин суух хохирогч Н.Эд олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу дахин нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Жт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.БАТТУЛГА