| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Батхуяг |
| Хэргийн индекс | 181/2024/03966/И |
| Дугаар | 191/ШШ2025/11731 |
| Огноо | 2025-12-18 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 191/ШШ2025/11731
2025 12 18 191/ШШ2025/11731
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* ******* ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* овогт ******* ******* /РД:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт 2,030,850 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.*******,
Хариуцагч П.*******,
Хариуцагчийн өмгөөлөгч Б.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Айгерим нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч П.*******д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 2,030,850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Манай байгууллага нь оффис түрээсийн үйл ажиллагаа явуулдаг. П.******* нь 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн ******* ******* ХХК-ийн эзэмшлийн төгрөгөөр тооцож нэг сарын түрээсийн төлбөрт 1,353,900 төгрөг төлөх нөхцөлтэйгөөр ажлын байрны түрээсийн гэрээ байгуулсан.
2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл тус өрөөг П.*******д түрээслүүлсэн. П.******* нь ******* ******* ХХК-д 2018 оны 08 дугаар сарын түрээсийн төлбөр төлөөгүй бөгөөд манай байгууллагад өр төлбөртэй болсон.
Гэрээний 3.2-д талууд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөх нөхцөл тусгасан. Иймд хариуцагчаас түрээсийн төлбөрт 1,359,000 төгрөг, ажлын байрны түрээсийн гэрээний 3.2 дугаар зүйлд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцож 676,950 төгрөг, нийт 2,030,850 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: ... Миний бие 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ******* ******* ХХК-тай ажлын байр түрээслэх гэрээ байгуулж 305 тоот өрөөг түрээсэлсэн. Тус гэрээний хугацаанд аливаа зөрчилгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан. Гэрээний хугацааг нэг жилээр хийсэн бөгөөд гэрээний хугацаа дууссан ч үргэлжлүүлэн 2018 оны 08 дугаар сарыг дуустал ажлын байраар түрээслэн ажиллаж байсан. Миний бие ******* ******* ХХК-д сар бүрийн түрээсийн төлбөр 1,353,900 төгрөгийг тухай бүрд нь тогтмол төлж байсан бөгөөд 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр гэрээ байгуулахдаа 1 сарын барьцаа төлбөр 1,353,900 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Тодруулбал 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн түрээсийн өрөө хүлээлцэх актын дагуу түрээсийн өрөөг бүрэн бүтэн аливаа хохирол зөрчилгүй хүлээлгэн өгсөн юм. Мөн 2017 оны 03 дугаар сарын 29-нд гэрээ хийхдээ төлсөн 1 сарын барьцаа төлбөр 1,353,900 төгрөг 2018 оны 08 дугаар сарын түрээсийн төлбөрт тооцогдон бодогдсон юм. Гэтэл нэхэмжлэгч нь 7 жилийн өмнөх дуусгавар болсон актаар дүгнэгдсэн гэрээг барьж үндэслэлгүйгээр иргэн надаас төлбөр нэхэмжилжээ. Өөрөөр хэлбэл бид нарын хоорондын иргэний эрх зүйн харилцаа дуусгавар болсон юм. Мөн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасны дагуу маргаан бүхий гэрээ бол хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг. Иймд энэ гэрээний шаардлага хангах хугацаа дууссан байхад надаас мөнгө нэхэж байна. Түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй ба хугацаа дууссан хүчин төгөлдөр бус гэрээ юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Т.******* томилсон 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Ажлын байрны түрээсийн гэрээ, 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн түрээсийн өрөө хүлээлцэх акт, авлага барагдуулах акт, 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн түрээсийн өрөө хүлээлцэх акт, П.*******гийн ******* ******* ХХК-ийн захиргаанд гаргасан хүсэлт, П.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тооцооны баримтын жагсаалт, П.*******гийн хүсэлт зэргийг нотлох баримтаар өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... П.******* нь 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл ******* ******* ХХК-ийн 45,13 м.кв талбайг түрээсэлсэн. П.******* нь 2018 оны 08 дугаар сарын түрээсийн төлбөр төлөөгүй бөгөөд Гэрээний 3.2-д зааснаар алданги мөн төлөх үүрэгтэй. Иймд хариуцагчаас түрээсийн төлбөрт 1,359,000 төгрөг, алданги 676,950 төгрөг, нийт 2,030,850 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, үндэслэлээ Барьцаа 1,359,000 төгрөг бэлнээр байршуулсан. Энэ барьцаа мөнгийг 2018 оны 8 дугаар сарын түрээсийн төлбөрт тооцсон. Шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус гэрээ гэж тайлбарласан.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Зохигчийн хооронд 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Ажлын байрны түрээсийн гэрээ байгуулагдаж, талбайг 1 сарын 1,353,900 төгрөгийн төлбөртэй, 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл хугацаатайгаар түрээслүүлэхээр харилцан тохиролцжээ.
6. Түрээсийн гэрээний хугацаа 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр дууссан хэдий ч түрээсийн зүйлийг үргэлжлүүлэн ашиглаж, 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Түрээсийн өрөө хүлээлцэх актаар хүлээлцжээ.
7. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдал болон шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэх, мөн түрээсийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан эсэх талаар маргаж байна.
8. Зохигчийн хооронд Иргэний хуулийн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүсжээ.
9. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ, 318.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж тус тус заасан.
10. Зохигчийн хооронд байгуулагдсан түрээсийн гэрээгээр ******* ******* ХХК-ийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, тоот хаягт байршилтай 5657 м.кв талбай бүхий үйлчилгээ, оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс 3 давхарт байрлах 305 тоот 45,13 м.кв талбайг түрээслэхээр харилцан тохиролцжээ.
11. Иймд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэхээр заасан ч тухайн өмчлөх эрхийн гэрчилгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгийн тодорхой хэсгийг түрээслүүлж байгаа тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэхийг шаардахгүй тул энэ талаарх гэрээ хүчин төгөлдөр бус гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.
12. Хэрэгт авагдсан Авлага барагдуулах актаар түрээслэгч П.******* нь 305 тоот өрөөний 2018 оны 8 дугаар сарын түрээсийн төлбөрийг төлөөгүй бөгөөд алданги 1,245,600 төгрөг, нийт 2,599,500 төгрөг төлж барагдуулах тухай тусгаж, актад ******* ******* ХХК-ийн нягтлан бодогч нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
13. Дээрх Авлага барагдуулах актад зурагдсан гарын үсгийг хариуцагч П.******* түүний гарын үсэг биш хэмээн үгүйсгэсэн боловч Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ЕГ0125/1202 дугаар шинжээчийн дүгнэлтээр Авлага барагдуулах акт гэсэн баримтын баруун доод хэсэгт зурагдсан гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн П.*******гийн гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай хоорондоо тохирч байна гэжээ.
14. Иймд хариуцагч П.*******г 2018 оны 8 дугаар сарын түрээсийн төлбөрийг төлөөгүй гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд уг төлбөрийг төлөх эцсийн хугацааг 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр гэж нэхэмжлэгч тайлбарласан.
15. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т хөөн хэлэлцэх тусгай хугацааг тухайлан зааж өгсөн ба 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж зааснаар 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тоолбол шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэх үндэслэл хэргийн баримт, талуудын тайлбараар тогтоогдоогүй.
16. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж зааснаар хариуцагч нь 2018 оны 8 дугаар сарын түрээсийн төлбөрийг төлөхөөс татгалзах эрхтэй тул түрээсийн төлбөр 1,353,900 төгрөг, алданги 676,950 төгрөг, нийт 2,030,850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
17. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтыг тус тус баримтлан хариуцагч П.*******гаас түрээсийн гэрээний үүрэгт 2,030,850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ