Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 2025/ДШМ/46

 

 

 

 

 

 

 

 

2025         09         24                                        2025/ДШМ/46

 

 

   Н.Х, О.А, Б.А,

   М.Э, Э.Т нарт

    холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд:

Прокурор: Л.Отгончимэг,

Шүүгдэгч: Н.Х,

Шүүгдэгч Н.Хгийн өмгөөлөгч: Б.Батдорж, Д.Оюунбилэг,

Нарийн бичгийн дарга: Ц.Баасанжав нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/253 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Н.Х, түүний өмгөөлөгч Д.Оюунбилэг, Б.Батдорж нарын гаргасан давж заалдах гомдлоор Н.Х, О.А, Б.А, М.Э, Э.Т нарт холбогдох 00 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, Т Ж Г овогт Нын Х, 00 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, эрэгтэй, 00 настай, бага боловсролтой, барилгын арматурчин, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 00 дүгээр баг 00 тоотод оршин суух бүртгэлтэй,  урьд Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 00 оны 00 дүгээр сарын 00-ний өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2000 оны 00 дугаар сарын 00-ний өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сар 7 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан /регистрийн дугаар РХ00/.

2.Монгол Улсын иргэн,  Б овогт Эы Т, 00 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, эрэгтэй 39 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаар баг 00а тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 00 оны 00 дугаар сарын 00-ний өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж байсан, /регистрийн  дугаар 00/.

3.Монгол Улсын иргэн, Б овогт Мийн Э, 00 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Хөвсгөл  аймагт төрсөн, эрэгтэй 00 настай, бүрэн бус дунд боловсролтой,  мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дүгээр баг 00 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 00 онь 00 дугаар сарын 00-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 00 оны 00 дүгээр сарын 00-ны өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан /регистрийн дугаар 00/.

4.Монгол Улсын иргэн, Б овогт Бгийн А, 00 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, эмэгтэй 00 настай, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 1, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаар баг 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй  /регистрийн дугаар 00/.

5.Монгол Улсын иргэн, О овогт О-ын А, 00 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, эмэгтэй 00 настай, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 00 дугаар баг 00 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар 00/

Шүүгдэгч Н.Х нь 00 оны 09 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар баг 3-11 тоотод байрлах хашаанд амь хохирогч Ж.Цыг согтуурсан, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн, мөн дээрх цаг хугацаанд амь хохирогч Ж.Цыг толгойн ар хэсгээр байшингийн суурь модыг мөргүүлсний улмаас тархины битүү гэмтэл авч төвийн гаралтай амьсгал, зүрх судасны цочмог дутагдалд  орж нас барж “хүнийг алах” гэмт хэргийг,

Шүүгдэгч О.А, М.Э, Б.А, Э.Т нар нь “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаар баг 0 дугаар гудамж 00 тоотод 00 оны 09 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө амь хохирогч Ж.Цыг согтуурсан биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, мөн толгойн ар хэсгээр байшингийн  суурь модыг мөргүүлж тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх  судасны цочмог дутагдалд орж нас барсан” гэх хэрэгт 00 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр,   00 оны 09 дүгээр сарын 26-ны өдрүүдэд мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориудаар урьдчилан үгсэн тохиролцож хэрэг гарсан газар болох  Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 3 дугаар гудамжны 11 тоотод байрлах  гэрт хоноогүй, Э.Тийн гэрт хоносон гэж мэдүүлэг өгч мөрдөн шалгах ажиллагаанд санаатайгаар саад учруулах зорилгоор хэргийн бодит нөхцөл байдлыг нуун мэдүүлж, “худал мэдүүлэх”  гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/253 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч  Т Ж Г овогт Нын Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,  мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч  Б овогт Мийн Э, шүүгдэгч Б овогт Бгийн А, шүүгдэгч Б овогт Эы Т, шүүгдэгч Онход овогт Ойдовын А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн  1 дэх заасан  “гэрч ... мөрдөн шалгах ажиллагааны үед ...үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгч “Худал мэдүүлэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч  Нын Хг Эрүүгийн хуулийн  тусгай  ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 (арав) жилийн хугацаагаар  хорих  ялаар мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 (гурав) жилийн хугацаагаар хорих  ялаар,  шүүгдэгч Эы Т, Ойдовын А, Бгийн А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн  1 дэх зааснаар  тус бүр 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Мийн Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн  1 дэх зааснаар  400 (дөрвөн зуу)  цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар  тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан  шүүгдэгч  Н.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 (арав) жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар оногдуулсан 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 13 (арван гурав) жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.Эд энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  оногдуулсан 400 (дөрвөн зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх  ял дээр  Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/918 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар оногдуулсан 250 (хоёр зуун тавь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг  нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг  650 (зургаан зуун тавь)   цагийн  хугацаагаар  нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Хгийн цагдан хоригдсон 219 (хоёр зуун арван ес) хоногийг эдлэх ялд оруулан тооцохыг, шүүгдэгч М.Эгийн цагдан хоригдсон 11 (арван нэг)  хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найм) цагаар буюу  нийт 88 (наян найм) цагаар тооцож, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 650 (зургаан зуун тавь) цагийн хугацаагаар  нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч шүүгдэгч М.Эгийн нийт эдлэх ялыг 562  (таван зуун жаран хоёр) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч  О.Аын  цагдан хоригдсон  3  (гурав) хоногийг  зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож,  энэ  шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас хасч нийт эдлэх ялыг 5 (тав) сар 27 (хорин долоо) хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Н.Хд оногдуулсан 13 (арван гурав) жилийн  хугацаагаар  хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Э.Т, О.А, Б.А нарт оногдуулсан  зорчих эрхийг хязгаарлах ялыг тэдний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч  Э.Т, Б.А нарыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гадагш зорчих эрхийг 6 (зургаа) сарын хугацаагаар, шүүгдэгч О.Аыг Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас гадагш зорчих эрхийг 5 (тав) сар 27 (хорин долоо) хоногийн хугацаагаар  тус тус хязгаарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтнуудын зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Э.Т, О.А, Б.А нарт тайлбарлаж, тэдгээрийн зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эд оногдуулсан  562  (таван зуун жаран хоёр) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 (найм) цагаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч  М.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Нийн нэхэмжлэлээс оршуулгын зардалтай холбоотой  2,640,414 (хоёр сая зургаан зуун дөчин мянга дөрвөн зуун арван дөрөв) төгрөгийг шүүгдэгч Н.Хгаас гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Нид олгож, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Ж.Н нь 17.534.600 (арван долоон сая таван зуун гучин дөрвөн мянга зургаан зуу)  төгрөг,  сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, энэ  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Э, Э.Т, О.А, Б.А нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.А, Б.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч М.Э, Э.Т нарт урьд авсан цагдан хорих  таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Н.Хд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Хгийн өмгөөлөгч Д.Оюунбилэг давж заалдах гомдолдоо: “... Мөрдөгчийн 00 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан “Н.Х нь амь хохирогч нь бие засна гэж хэлэхээр нь Б.Агийн гэрийн ертөнцийн зүгээр урд талд байрлах нойлын хажууд ирсэн гэж заасан ба үүнийг шинжээч гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Н.Хгаас бэлгийн харьцаанд хаана орсон талаар заалгуулахад Б.Агийн байшингийн ертөнцийн зүгээр урд хэсэг буюу байшингийн арын хэсэгт байх газрыг заав. Мөн Н.Х нь амь хохирогчийг байшинг толгой ар хэсгээрээ мөргөсөн гэж зааж байв. Байсан газрыг нь харахад тухайн хэсэгт ямар нэгэн гэмтэл байхгүй байв. /хх-ийн 1,43-47-р хуудас/ гэсэн тэмдэглэл,

Мөрдөгчийн 00 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан “ Агаар уг байшингийн цоожийг онгойлгуулан байшингийн таамбар хөндлөн буюу ертөнцийн зүгээр баруун урд чиглэлтэй хэвтэж үзүүлснийг гэрэл зургаар бэхжүүлэв /хх-ийн 1,48-53-р хуудас/ гэсэн тэмдэглэл,

Н.Хгийн Мөрдөн шалгах ажиллагааны шатанд сэжигтнээр өгсөн “... Би амь хохирогчийг байшингаас дагуулж гараад байшингийн тамбарт ирэхэд амь хохирогч миний баруун талд би түүнийг сугадаад явж байсан. Энэ үед амь хохирогч эргээд намайг тэвэрсэн. Хоёр гараа гэдэс, өмд рүү хийж тэврээд байсан. Амь хохирогч өөрөө өмдөө өвдөг хүртлээ шувталсан бөгөөд дотуур өмдгүй байсан.Дараа нь миний өмдний тэлээг тайлахаар нь би өөрөө шууд өмдөө тайлж өөрийн бэлэг эрхтнээ амь хохирогчийн бэлэг эрхтэнд оруулах замаар бэлгийн харьцаанд орж эхэлсэн. Бид хоёр бэлгийн харьцаанд ороод 1 минут хүрээгүй байхад байшингийн хаалгаар Мэлгэрзаяа асаагуурын гэрэл тусгаад гарч ирсэн 2004 онд 3 грамм вазилиныг бэлэг эрхтэний малгай хэсэгт шахуулсан.Одоо ч энэ зүйл байгаа....Талийгаач эгч бие засаад шээгээд орхие гээд нойл руу явсан. Нойл руу ганцаараа алхаж чадахгүй байхаар нь хажуу талаас нь түшээд л явсан.зүүн талынх нь нойлын тэнд очоод талийгч намайг энд бие засна гээд намайг хойш нь хоёр гараараа цээж рүү түлхэхэд талийгч хойшоо нэг хөл нь тэнцвэр алдаад хойшоо гэдэргээ саваад нойлын хажуу талын таамбар луу унасан.Тухайн үед харанхуй байсан болохоор аль хэсгээрээ мөргөснийг харж чадаагүй, ямар ч байсан түг гээд дуугарсан.Та зүгээр үү гээд босгож ирээд нойлын хажуу талд таамбар хоёрын завсарт газар суусан.Би талийгаачийн хажууд суухад талийгаач миний гэдэс доогуур хувцас руу гараа хийхэд миний бэлэг эрхтэн босоод бэлгийн харьцаанд орсон. Бэлгийн харьцаанд орход нуруугаар тэврээд урдаас хөдөлж байсан. Гадаа хүйтэн байсан болохоор бэлгийн харьцаанд орохоо больсон” гэсэн мэдүүлэг /хх-2,86-89,92-33-р тал/,

Н.Хгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн.” Ямар ч байсан биеийн тэнцвэр алдаад хойшоо унасан ...Хойшоо унаад доошоо суусан. Амь хохирогч Ж.Цыг бэлгийн харьцаанд орохоос өмнө орж байгаад больсны дараагаар түүнийг ямар нэгэн зүйлээр цохиж ,зодох үйлдэл гаргаагүй.амь хохирогч Ж.Цтай бэлгийн харьцаанд орж байхад урдаас хөдөлж нуруугаар тэвэрсэн.Талийгч доор нь дээшээ харсан байдалтай .Би дээрээс нь бэлгийн харьцаанд орсон амь хохирогч Ж.Цтай бэлгийн харьцаанд ороод дур тавиагүй. Удаагүй 1 минут ч болоогүй байх. Гадаа хүйтэн байсан болохоор дур тавиагүй байхдаа больсон.Цыг илж таалах үйлдэл хийж хөхний даруулгыг нь тайлаагүй. Тийм үйлдэл хийгээгүй. Амь хохирогч Ж.Цтай маргалдаагүй. Орхиод явахад нойл, таамбар хоёрын завсар суугаад л үлдсэн. Тухайн үед талийгаачийг оруулж өгөөгүйд маш их харамсаж байна.”гэх мэдүүлэгүүдийг /хх-ийн 2,47-148-р тал/ өгсөн байх бөгөөд эдгээр мэдүүлгийг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хангалттай үнэн зөв ,хүрэлцээтэй хөдөлбөргүй гэж үзэх боломжгүй байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2-т “Сэжигтэн.яллагдагч ,шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй “гэж заасан. Шүүгдэгч Н.Хгийн мэдүүлгийг нотлох баримт гэж үзэж байгаа бол Н.Х нь хохирогч Ж.Цтай харилцан тохиролцож бэлгийн харьцаанд орсон гэж мэдүүлдэг,мөн нойлын хажууд толгойгоороо юм мөргөж унасан гэж мэдүүлэг өгсөн байдаг. Дээрхи мэдүүлгүүд нь тогтвортой биш өөр,өөр байх бөгөөд Н.Хд талийгаачийг алах ямар ч шаардлага байхгүй,шалтгаан нөхцөл ч алга байхад шүүх хэргийг таамаглан шийдвэрлэсэнд гомдолтой байна.Хохирогч Ж.Ц нь шинжээчийн дүгнэлтээр тухайн үед дунд зэргийн согтолттой байсан болох нь тогтоогдож байгаа бөгөөд дунд зэргийн согтолттой хүн өөрийн хийж буй үйлдэлийг ухамсарлах ,мэдэх боломжтой байдаг талаар шинжээч эмч мэдүүлсэн байдаг.Шүүгдэгч Н.Х нь талийгаач Ж.Цыг биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан хүчиндсэн, маш их хэмжээгээр зодож алсан болохыг хэн ч гэрчлээгүй ,хэн ч хараагүй байхад хүнийг алсан ,хүчиндсэн гэх хүнд хэрэгт ял шийтгэсэнд гомдолтой байна.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 7-д “Энэ хуульд заасан үндэслэл журмыг зөрчин авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй” гэж заасан. Шүүгдэгч Н.Х болон түүний аав, ээж, ах эгч нар нь өөрсдөө өмгөөлөгч сонгон авч өмгөөлөгч оролцуулах хүсэлт гаргаагүй байхад нь өөр.өөр өмгөөлөгч оролцуулсан. Сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахдаа мэдүүлэг авах өрөөнд аваагүй зэрэг шүүгдэгчийн эрхийг мөрдөн шалгах ажиллагааны явцад зөрчсөн байдаг.

 3.Мөн шинжээч эмч М.Бийн “шууд хавьтагч этгээдийн бэлэг эрхтэний хэмжээг хэлэх боломжтой боловч үтрээнд үүссэн байгаа улайлт цус хуралтыг харахад бэлэг эрхтний хэмжээ том байх боломжтой гэдгийг үгүйсгэхгүй.Энэ нь гадны биеттэй бэлэг эрхтэн байх боломжтой” гэх мэдүүлэг. Хөвсгөл аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 00 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 574 дугаартай “Н.Хгийн бэлэг эрхтэнд нэмэлт гадны биет бэлэг эрхтний толгойн ойролцоох арьс зөөлөн эдэд эргэн тойронд нь тогтоогдлоо” гэх дүгнэлт зэргээр сэжигтнээр өгсөн мэдүүлгийн эх сурвалж батлагдаж үйл баримтыг эргэлзээгүй,хөдөлбөргүй нотолж тэдгээрийн үйлдэл талийгаачийн үхэл шалтгаант холбоотойг тогтоосон бодит байдалд нийцсэн хууль ёсны үндэслэлтэй гэж шүүх дүгнэжээ. Гэтэл хэрэг болсон гэх шөнө Т тэр хашаанд хаана юу хийж байсан болох тухайн үед амь хохирогч Ж.Цтай бэлгийн харьцаанд орсон байж болзошгүй гэж сэжиглэж байгаа Т, таксины жолооч,Мөнхбаатар,Э нарын бэлэг эрхтэнд гадны биет байсан эсэхийг шалгаж тогтоогоогүй, хохирогч нь тэр өдөр хэдэн удаа бэлгийн харьцаанд орсон байж болох талаар шинжээчээс тодруулаагүй. /Олон удаа бэлгийн харьцаанд орсноос үтрээнд улайлт, цус хуралт үүсэж болох эсэх /

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч М.Бийн өгсөн”....тархи руу ямар нэгэн зүйлээр цохисон болохыг зааж байгаа юм.Талийгаач н.Цын тухайд хүчний үйлчлэл болон тархинд үүссэн цусан хураа хоёр харалдаа буюу нэг проекцод байсан учраас хөдөлгөөнгүй байсан толгой руу хөдөлгөөнтэй зүйл ирж цохисон байна гэж дүгнэсэн мохоо зүйлийн олон удаагийн цохилтын улмаас үүссэн гэмтэл юм” гэж мэдүүлсэн мэдүүлэг, шинжээч эмч М.Бийн 00 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр өгсөн “....дээрх гэмтэл нь зүүнээс баруун чиглэлтэй нэг удаагийн хүчтэй цохилтоор үүсгэгдсэн.Задлан шинжилгээний явцад хуйханд үүссэн цус хуралтын хэмжээ .хэлбэрээс дүгнэхэд дөрвөлжин ирмэгтэй, хавтгай гадаргуу хэсгээр цохигдсон байх боломжтой хэмжээний хувьд ойролцоогоор 3,5-аас 5 см хүртэл хэмжээтэй гадаргуутай биет зүйлээр цохисон байх боломжтой байна Тухайн биетийн шинж чанарын хувьд жин багатай, хурд ихтэй, хатуу гадаргуутай зүйл байх боломжтой байна” гэх мэдүүлэг зэргээс шүүгдэгч Н.Х тухайн цаг хугацаанд бакаль гутал өмсөж явсан, шинжээч хохирогчийн биед үүссэн гэмтэл нь дөрвөлжин ирмэгтэй хавтгай гадаргуу хэсгээр цохигдсон байх боломжтой гэх дүгнэлт тохирч байна” гэж хийсвэр дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй, шинжлэх ухаанч биш байна.

Шинжээчийн дүгнэлтийг шүүх нотлох баримтаар тооцох үүрэггүй бөгөөд эргэлзээтэй тохиолдолд дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилох шаардлагатай байсан. Тухайлбал: Улсын яллагч яллах дүгнэлтдээ шүүгдэгч Н.Хг амь хохирогч Ж.Цыг толгойн ар хэсгээр байшингийн суурь модыг мөргүүлсний улмаас тархины битүү гэмтэл авч төвийн гаралтай амьсгал зүрх судасны цочмог дутагдалд орж нас барж хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн бол шүүх бакаль гуталтай явсан учраас бакальтай хөлөөр цохисноос алсан мэтээр, шинжээч эмч дөрвөлжин ирмэгтэй хавтгай гадаргуутай зүйлээр цохиж алсан мэтээр өөр өөрийн өнцгөөр дураараа тайлбарлаж шүүгдэгч Н.Хг хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн гэж нотлохыг оролджээ.

Энэхүү эргэлзээтэй хүнд гэмт хэрэгт шинжээчийн дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний ерөнхий газраар гаргуулах шаардлагатай байжээ. Учир нь талийгаач Ж.Цад учирсан тархины битүү гэмтэл нь унах ,цохих,өшиглөх зэрэг ямар үйлдлүүдээс учирч болох мөн Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Гын 00 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №4791 дугаартай “....амь хохирогч Ж.Цын үтрээний арчдас нь шинжилгээнд тэнцэнэ....үтрээний арчдас дээр хучуур эс,цус илэрсэн.Эр бэлгийн эс илрээгүй.,үтрээний арчдас дээр нэг эмэгтэй хүний ДНХ тогтоц илэрсэн....” гэх дүгнэлт гаргасан байдаг. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжээч эмчээс өмгөөлөгч миний бие энэ талаар асуухад сайн тайлбарлаж чадаагүй бөгөөд амь хохирогч эмэгтэйгийн ДНХ тогтоцоос өөр эмэгтэйгийн тогтоц байх боломжтой гэсэн бөгөөд энэ дүгнэлтийг гаргасан шинжээч өөрөө мэдэх байх гэсэн болно. Мөн заавал гадны биеттэй бэлэг эрхтэн байхаас гадна, ямар нэгэн өөр гадны биет бэлэг эрхтэнд орвол дээрх шинж тэмдгүүд илрэх үү? тухайлбал мод, шил, гар, хуруу гэх мэт гэхэд дээрхтэй адил шинж тэмдэг илэрнээ”гэж хариулсан учир дахин шинжээч томилж үхлийн шалтгааныг тодруулах, бэлэг эрхтний хэмжээ том жижгээс шалтгаалан ... үтрээний үүдэвч хэсэгт эргэн тойронд улайлт жигд үүссэн. Мөн 9 цагийн түвшинд 0,7 x 0,4 см хэмжээтэй цус хуралт үүссэн байсан нь амь хохирогч амьд байх хугацаандаа бэлгийн харьцаанд орсон байхыг харуулж байна” гэдэг тул гадны биеттэй бэлэг эртэн орсон уу, аль эсвэл өөр ямар нэгэн гадны биет орсон уу, нэг өдөр олон удаа бэлгийн харьцаанд орсон уу гэх зэргийг тодруулах шаардлагтай байна.

...Иймд хохирогчийн бэлгийн харьцаанд орсон болон нас барсан цаг хугацаа, гэмтэл авсан цаг хугацаануудыг нарийвчлан тогтоох шаардлагатай гэж үзэж байгаа болно.

4.Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.А, О.А, Э.Т, М.Э нар яагаад худал мэдүүлэг өгөх болсон, яагаад хувцас хунарыг нь шороогоор дарж нууцалсан юм. Хохирогч Ж.Ц өдөр хаагуур хэнтэй явсан болох таксины жолооч, гэрч Мөнхбаатар нарын маршруутыг шалгах

Мөрдөгчийн 00 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд “хашааны зүүн урд зүгт жижиг модон жорлон байх ба хажуудаа муу усны нүхтэй уг нүхийг эхний хэргийн үзлэг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авах үед архины шил болон эмэгтэй хүний улаан өнгийн хөхний даруулга байсан. Нөхөн үзлэгээр харах үед шороогоор өнгө хэсгийг нь далдлах зорилгоор цацсан байсныг шинжээч гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн явуулж уг шороог малтаж улаан өнгийн даруулгыг гарган авч шинжээч гэрэл зургаар бэхжүүлэн авч тэмдэглэлд тусгахаар тогтов. Уг шороог зөөвөрлөж асгасан байж болзошгүй цахилгаан эвдэрсэн тогоог гэрэл зургаар бэхжүүлэн авав. Цус барьцалдаж хөлдсөн даавуу мэт зүйл улаан өнгийн зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн болон шар өнгийн даавууг шинжээч гэрэл зургийн аргаар бэхжүүлэв” гэжээ /хх-н 1—р хавтас 28-38 тал/.

Мөн мөрдөгчийн 00ХӨҮ дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэлд “ ....00 оны 10 сарын 01-ний өдөр 00ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгээр арын суудлын баруун хэсгээс олдсон эмэгтэй хүний гэмээр урт үс З ш гэж хаяглав. Тээврийн хэрэгслийн арын суудлын зүүн хэсэгт нугалаасанд цус төст хүрэн улаан өнгийн зүйл бохирлогдож хатсан байсанг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсны дараа зориулалтын хевөнтэй бамбар модоор арчиж дээж авч бэхжүүлэн тухайн дээжийг “ард суудал “гэж бичиж хаягжуулав гэжээ /хх-ийн 1, 75-77-р тал/.

Гэтэл дээрх бохирлогдсон даавуу тээврийн хэрэгсэл дотроос олдсон үс, цус мэт зүйл нь хохирогч Ж.Цын ДНК-тай тохирох эсэхийг шинжлээгүй байна.

...Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 2-д заасан “дүгнэлтэнд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан’’ 1.4-д заасан “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх ял оногдуулахад нөлөөлсөн эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байхад хэргийг шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны, үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Н.Х давж заалдах гомдолдоо: “...Н.Х надад хийгээгүй хэрэг тулгаж, хэлмэгдүүлж байгаа нь хуулийг буруу хэрэглэж, хууль зөрчиж байна. Амь хохирогч Ж.Цыг мохоо, дөрвөлжин хэлбэртэй, хөнгөн чанарын 1 метрийн урттай зүйлээр цохиж амийг нь хохироосон гэж шинжилгээгээр тогтоосон байдаг. Гэтэл цохисон зүйл нь хаачсан, нуусан уу, хэн нэгэн хүн алга болгосон уу, энэ талаар хэрэгт огт тусгаагүй. Гэрч гэх хүмүүс амь хохирогчийн хувцас тайлсан, нуусан, хаясан нь энэ хуулийг маш ноцтой зөрчиж байгааг шүүх анхаарч үзээгүй.

...Миний бие Х нь 00 оны 11 сарын 14-ний өдрөөс 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч Бий өрөөнд хонож бүтэн зургаан хоног тэнд байсан. Энэ зургаан хоногийн хугацаанд Улаанбаатар хотоос ирсэн онц ноцтойгоос ирсэн гэх хоёр залуу Н, Мөөгий, эрүүгийн төлөөлөгч П.Б нарт байнга зодуулж, дарамтлуулж байсан. Эдгээр хүмүүс дарамтлах явцдаа энэ хэргийг хийсэн гэж хүлээхийг шаардаж, өөрсдөө хуурамч мэдүүлэг зохион бичиж, хуурамч гарын үсэг зурж байсан хавтаст хэрэгт болон шүүхийн дүгнэлтдээ тусгасан зарим мэдүүлгүүд нь миний өөрийн өгсөн мэдүүлэг биш, тэр хүмүүсийн зохиомол мэдүүлгүүд юм.

...Миний өгсөн мэдүүлгийг буруу байна гэж ураад дахин мэдүүлэг авч өөрсдийнх нь хэлснийг хэлэхгүй болохоор зоддог байсан. Энэ нөхцөл байдал, мэдүүлгийн талаар хэрэгт огт тусгаагүй. Энэ мэдүүлгүүдийг ямар нөхцөл байдал, ямар орчинд авсан талаар камерийн бичлэг үзэх, шинжлэн судлуулах талаар удаа дараа  хүсэлт гаргасан боловч шүүх хүлээж аваагүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь илт байна.

...Дээрх үндэслэлүүдийг анхааран үзэж жинхэнэ гэмт хэрэгтнийг олж, хэлмэгдсэн, зөрчигдсэн эрхийг минь сэргээж өгөхийг хүсэж энэ гомдлыг гаргаж байна.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч Н.Хгийн өмгөөлөгч Б.Батдорж давж заалдах гомдолдоо: ...хэргийн холбогдогч Н.Х тухайн үед хаана байсан, хаагуур явсан зам маршрутыг бүрэн шалгаагүй байсан тул тухайн үед аав болон ээжтэйгээ хоносон эсэх, мөн ... Эрдэнэс баарнаас гараад явсан зам маршрутыг шалгуулах хүсэлтийг мөрдөгч огтхон ч шалгаагүй орхигдуулж, хүн амины хэрэг шалгаж яваа Улаанбаатар хотоос ирсэн гэх мөрдөгч Н, бас нэг мөрдөгч, мөн эрүүгийн төлөөлөгч нар Хг “чи энэ хэргийг үйлдсэн, хэргээ хүлээ” гэж камергүй өрөөнд байлган хонуулж, эрүүдэн шүүж, өөрсдөө үг зааж түүгээрээ мэдүүлэг авахуулсан байдаг, би хэргийн газрын үзлэг хийсэн мэтээр тэнд, энд тэр эмэгтэйтэй байснаар гараар нь заалгаж түүнийгээ Х өөрөө зааж байгаа мэтээр зураг авч хэрэгт хавсаргасан байдаг.

Х нь талийгаач эмэгтэйтэй огтхон ч уулзаж, учраагүй гэдэг нь хэргээс маш тодорхой харагдана.

...Т нь ...хязгаарлалт тогтоосон ялтай, гартаа электрон гавтай байсан ба түүний электрон гавны мэдээллийг шалгахад амь хохирогч Ж.Цийн амь хохирсон орчинд шөнөжин байсан нь тогтоогдоно.

Тийн эхнэр А нь Агийнд  Э нартай хамт хоносон бөгөөд тэр амь хохирогчийн нас барсан шөнө Т нь гэрээсээ шөнө гарч яваад өглөө нь орж ирснийг гэрч нотолдог.

Иймд хэргийн бодит байдлыг тогтоолгохоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүйд тооцож, мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Н.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэгт зөвхөн намайг буруутгаж байгаад гомдолтой байна. Хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэв.

Шүүгдэгч Н.Хгийн өмгөөлөгч Д.Оюунбилэг, Б.Батдорж нар шүүх хуралдаанд гаргасан саналдаа:“ ...анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

1.Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шийдвэр нь хууль заасан шаардлагыг хангаагүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

2.Хөвсгөл аймгийн Прокурорын газраас “Н.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаар баг 00 тоотод 00 оны 09 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө амь хохирогч Ж.Цыг согтуурсан, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон” гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Мөн дээрх цаг хугацаанд амь хохирогч Ж.Цыг толгойн ар хэсгээр байшингийн суурь модыг мөргүүлсний улмаас тархины битүү гэмтэл авч төвийн гаралтай амьсгал, зүрх судасны цочмог дутагдалд оруулж хүнийг санаатай алсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

О.А, Б.А, М.Э, Э.Т нар нь “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар баг 3 дугаар гудамж 11 тоотод 00 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр амь хохирогч Ж.Цыг согтуурсан биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, мөн толгойн ар хэсгээр байшингийн суурь модыг мөргүүлж тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны цочмог дутагдалд орж нас барсан” гэх 00 оны 09 дүгээр сарын 25, 00 оны 09 дүгээр сарын 26-ны өдрүүдэд мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө зориудаар урьдчилан үгсэн тохиролцож хэрэг гарсан газар болох Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн 3 дугаар гудамжны 11 тоотод байрлах гэрт хоноогүй, Э.Тийн гэрт хоносон гэж мэдүүлэг өгч мөрдөн шалгах ажиллагаанд санаатайгаар саад учруулах зорилгоор хэргийн бодит нөхцөл байдлыг нуун мэдүүлсэн гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

3.Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.Х, О.А, Б.А, М.Э, Э.Т нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүгдэгч Н.Хг дээрх гэмт хэргийг үйлдсэн талаар дүгнэлт хийхдээ “...Н.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 00 оны 09 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар баг 3-11 тоотод байрлах Б.Алтантуягийн хашаанд Ж.Цыг согтуурсан, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн, мөн дээрх цаг хугацаанд шүүгдэгч Н.Х нь Ж.Цын бие эрх чөлөөнд халдаж, зодсоны улмаас хохирогч нь тархины битүү гэмтэл авч төвийн гаралтай амьсгал, зүрх судасны цочмог дутагдалд орж амь нас нь хохирсон...” гэсэн нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл прокурор яллах дүгнэлтэд “...хохирогч Ж.Цыг толгойн ар хэсгээр байшингийн суурь модыг мөргүүлсний улмаас тархины битүү гэмтэл авч төвийн гаралтай амьсгал, зүрх судасны цочмог дутагдалд орж нас барсан...” гэмт хэрэг үйлдсэн гэж дурдсан байхад шүүх хохирогчийг зодсоны улмаас алсан гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Шүүх хэргийг хянан хэлэлцээд тогтоосон үйл баримтыг шийдвэрийн тодорхойлох хэсэгт дүгнэж бичихдээ прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсан нөхцөл байдлуудыг харьцуулах, нягтлах, батлах, үгүйсгэх зэрэг танин мэдэхүйн аргуудыг хэрэглэн сэргээн тогтоосон үйл явдлыг шүүгч өөрийн үг, өгүүлэмжээр, ойлгомжтой байдлаар дүрслэн илэрхийлэх учиртай бөгөөд энэ шаардлагыг хангаагүй нөхцөлд шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэх үндэслэл болно.

4.Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь тухайн этгээд бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр харилцан адилгүй, зөрүүтэй байдлаар мэдүүлэг өгсөн байх хэдий ч түүний мэдүүлэгт дурдсан “...Э бид хоёр Тийнхаас буцаж ирээд тухайн левчикийг шороогоор булж далдалсан. ...Би уг хэрэгт Хг сэжиглэж байна...” гэх  /1-р хх-ийн 122-123 тал/,

“....Эт 4 хоногийн өмнө амь хохирогчийг “хүн чанаргүй зан гаргалаа, гэрт нь оруулж өгөхгүй гэрийнх нь үүдэнд хаясан байсан” гэж Ж.Цтай маргалдаж байх үед Эт манай гэрт байсан ногоон өнгийн иштэй төмөр шанагаар толгойд нь 2 удаа цохисон. Угаалгын шингэн хадгалах зориулалттай хоосон саваар хацар руу нь хоёр удаа цохисон....” /1-р хх-ийн 126-129 тал/ гэх асуудлыг эргэлзээгүй тогтоох нь Н.Х нь амь хохирогч Цийг зодож алсан, эсхүл  хохирогч Ж.Цыг толгойн ар хэсгээр байшингийн суурь модыг мөргүүлсний улмаас тархины битүү гэмтэл авч төвийн гаралтай амьсгал, зүрх судасны цочмог дутагдалд  орж нас барсан эсэхийн аль нь болохыг тогтооход чухал ач холбогдолтой.

5.Түүнчлэн шинжээч эмч М.Бийн 00 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...Эдгээр гэмтлүүд нь 3.5 сантиметрээс 5 сантиметрийн өргөнтэй дөрвөлжин ирмэгтэй, 1 метр ба түүнээс урттай мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлчлэлээр үүссэн байна. Амь хохирогчийн тархинд үүссэн гэмтэл нь юмнаас унах, толгойгоороо мөргөх үед үүсэх боломжгүй зөвхөн толгой руу цохих үед үүснэ...” гэж /1-р хх-ийн 249 тал, 2-р хх-ийн 1 тал/,

Мөн 00 оны 11 дүгээр  сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: “...Дээрх гэмтэл нь зүүнээс баруун чиглэлтэй, нэг удаагий хүчтэй цохилтоор үүсгэгдсэн. Задлан шинжилгээний явцад хуйханд үүссэн цус хуралтын хэмжээ, хэлбэрээс дүгнэхэд дөрвөлжин эрмэгтэй, хавтгай гадаргуу хэсгээр цохигдсон байх боломжгой, хэмжээний хувьд ойролцоогоор 3,5-аас 5 см хүртэл хэмжээтэй гадаргуутай биет зүйлээр цохисон байх боломжтой ... Амь хохирогч Ж.Цын хувьд тархинд учирсан гэмтлээс үзэхэд дээрх металл гадаргуутай зүйлээр цохисон байх боломж багатай гэж үзэж байна. Цусан хурааны хэмжээ нь 9х8 см урт, богинотой, 3,5 см зузаантай бүлэгнэсэн бие даах чадвар буюу тогтвортой байдал муутай, дотроо хатуурсан, шохойжсон голомтгүй цусан хураа байсан. Энэ цусан хурааны шинжээс үзэхэд цочмог хэлбэрийн буюу 1-3 хоног хүртэл хугацаанд үүсгэгдсэн цусан хураа үүссэн байх боломжгой байна...” гэж /2-р хх-ийн 5-6 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт: “...Талийгаач н.Цын тухайд хүчний үйлчлэл болон тархинд үүссэн цусан хураа хоёр харалдаа буюу нэг проекцод байсан учраас хөдөлгөөнгүй байсан толгой руу хөдөлгөөнтэй зүйл ирж цохисон байна гэж дүгнэсэн. ...Тиймээс мохоо зүйлийн олон удаагийн цохилтын улмаас үүссэн гэмтэл юм.  ... Олон өөр зүйлээр биш, нэг зүйлээр цохиж үүсгэсэн цус хуралтууд байна. ..Зүүн талын 8, 9, 10 дугаар хавирга мөн гадна гадаргууд байрлалтай. Унаж гэмтсэн гэж үзэхэд хэвгий газар руу хөл алдаж унах үед үүсэж болох ч цус хуралт зэргийг харахад цохилтын улмаас үүссэн гэж үзэж байна...” гэж мэдүүлсэн зэргээс үзэхэд 3.5 сантиметрээс 5 сантиметрийн хэмжээтэй гэх эд зүйлийг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эсэхийг эргэлзээгүй тогтоох ажиллагаа хийгдээгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд дээр дурдсан ажиллагааг явуулах нь гэмт хэрэг, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг илрүүлэх, хэргийн бодит байдлыг тогтоох, эсхүл сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл хөнгөрүүлэхэд чухал ач холбогдолтой.

6.Мөн 1 дүгээр хавтаст хэргийн 75-77-р талд 00ХӨҮ дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт авагдсан байх бөгөөд уг тэмдэглэлд “ ....00 оны 10 сарын 01-ний өдөр 00ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэгээр арын суудлын баруун хэсгээс олдсон эмэгтэй хүний гэмээр урт үс З ш гэж хаяглав. Тээврийн хэрэгслийн арын суудлын зүүн хэсэгт нугалаасанд цус төст хүрэн улаан өнгийн зүйл бохирлогдож хатсан байсанг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсны дараа зориулалтын хөвөнтэй бамбар модоор арчиж дээж авч бэхжүүлэн тухайн дээжийг “ард суудал “гэж бичиж хаягжуулав” дурдсан байх боловч тухайн дээжийг шинжилгээний байгууллагад өгч зохих журмын дагуу дүгнэлт гаргуулаагүй байна.

Шүүгдэгч Н.Х давж заалдах гомдолдоо: “...Улаанбаатар хотоос ирсэн онц ноцтойгоос ирсэн гэх хоёр залуу Н, Мөөгий, эрүүгийн төлөөлөгч П.Б нарт байнга зодуулж, дарамтлуулж байсан. Эдгээр хүмүүс дарамтлах явцдаа энэ хэргийг хийсэн гэж хүлээхийг шаардаж, өөрсдөө хуурамч мэдүүлэг зохион бичиж, хуурамч гарын үсэг зурж байсан хавтаст хэрэгт болон шүүхийн дүгнэлтдээ тусгасан зарим мэдүүлгүүд нь миний өөрийн өгсөн мэдүүлэг биш, тэр хүмүүсийн зохиомол мэдүүлгүүд юм...” гэж,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж давж заалдах гомдолдоо: “...Улаанбаатар хотоос ирсэн гэх мөрдөгч Н, бас нэг мөрдөгч, мөн эрүүгийн төлөөлөгч нар Хг “чи энэ хэргийг үйлдсэн, хэргээ хүлээ” гэж камергүй өрөөнд байлган хонуулж, эрүүдэн шүүж, өөрсдөө үг зааж түүгээрээ мэдүүлэг авахуулсан байдаг би хэргийн газрын үзлэг хийсэн мэтээр тэнд, энд тэр эмэгтэйтэй байснаар гараар нь заалгаж түүнийгээ Х өөрөө зааж байгаа мэтээр зураг авч хэрэгт хавсаргасан байдаг...” гэж дурдсан байх боловч энэ байдал нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй орхигдуулсан алдааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн залруулах боломжгүй бөгөөд энэ байдал нь мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болох тул шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын “...шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй...” гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЦТ/253 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой  гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг  дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.БАЯРХҮҮ

                                    ШҮҮГЧИД                                        Б.СОСОРБАРАМ

                                                                                          Л.ЭРДЭНЭБАТ