| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Нарангэрэл |
| Хэргийн индекс | 191/2025/10610/И |
| Дугаар | 191/ШШ2026/00308 |
| Огноо | 2026-01-05 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 191/ШШ2026/00308
| 2026 01 05 | 191/ШШ2026/00308 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: тоот хаягт оршин суугч, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар *******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: тоот хаягт байрлах, ******* ******* ХХК /регистрийн дугаар *******, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Ө.Батзориг/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Урьд эрхэлж байсан борлуулалт хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******,
Хариуцагчийн өмгөөлөгч Г.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хан Нүри нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан борлуулалт хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч Э.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2024 оны 12 дугаар сараас эхлэн ******* ******* ХХК-д ажиллаж эхэлсэн. 2025 оны 03 дугаар сараас эхлэн борлуулалт хариуцсан менежерээр ажиллаж, ажиллах хугацаандаа аливаа нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй, ажил үүргээ сайн гүйцэтгэж байсан. Ингээд 2025 оны 07 дугаар сард ээлжийн амралтаа эдэлж байгаад ээлжийн амралтын хугацаагаа дуусгалгүй 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр ажилдаа эргэн орсон боловч эрүүл мэндийн шалтгааны улмаас 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 13 хоногийн турш хөдөлмөрийн чадвар түр алдсаны улмаас зайлшгүй эмчилгээ хийлгэх шаардлагатай өвчтэй байсан. Гэтэл ажил олгогч нь эрүүл мэндийн шалтгааны улмаас өвчтэй, эмнэлгийн магадлагаатай байх хугацаанд ажлаас халсан талаарх мэйлийг 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр цахим шуудангаар ирүүлсэн. Өнөөдрийг хүртэл хугацаанд ажлаас халсан тушаалыг ажилтан надад гардуулж өгөөгүй. Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хурал дээр ажил олгогчийн төлөөлөгч нь ажлаас халсан тушаалын хуулбарыг манай өмгөөлөгчид харуулсан байдаг. Энэхүү тушаалаас харахад Э.******* намайг 2025 оны 07 дугаар сарын 31, 8 дугаар сарын 01. 05, 06, 07-ны өдрүүдэд ажил тасалсан гэсэн үндэслэлээр ажлаас халсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.3-д зааснаар ажилтны ээлжийн амралтын үндсэн хугацаа ажлын 15 өдөр байхаар хуульчилж өгсөн. Миний хувьд энэхүү хугацаагаар ээлжийн амралтаа гүйцэд эдэлж чадалгүй ажилдаа орсон байхад ямар ч үндэслэлгүйгээр ажил тасалсан гэж үзэж ажлаас халсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар өвчтэй байгаа ажилтны ажил үүрэг хэвээр хадгалагдаж байх ёстой. Ажил олгогч нь ээлжийн амралттай, өвчтэй байсан дээрх хугацааг ажил тасалсан гэж үзэн ажлаас халсан нь хуульд нийцэхгүй байх тул ажлаас халсан тушаалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд хөдөлмөрийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны явцад ажил олгогч нь ажилд эргүүлэн авах боломжгүй гэсэн учраас ажилдаа эргэн орж ажлаа хийх хүсэлтэй байна. Иймд Э.******* намайг ******* ******* ХХК-ийн борлуулалт хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг гаргуулж, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч ******* ******* ХХК шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.******* нь ******* Экспресс ХХК-ийн Агуулахын ажилтан ажлын байранд туршилтын хугацаагаар 2024 оны 12 сарын 24-ний өдрөөс эхлэн ажиллаж байгаад, 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн хугацаагүй хөдөлмөрийн гэрээгээр компанийн Агуулахын ажилтан албан тушаалд 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс Борлуулалтын ажилтан албан тушаалд сэлгэн ажиллаж байсан. Ажилтан нь 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр албан томилолтоор ажиллах зорилгоор компаниас 2 удаагийн гүйлгээгээр нийт 5,210,000 төгрөгийг өөрийн М банк дахь 8000505595 дансандаа хүлээн авсан боловч дараа тайлан, тооцоогоо хаалгүй, зарцуулалтын тайлан, И-баримтаа өгөхгүй байсан буюу тухайн мөнгийг яг юунд зарцуулсан нь тодорхойгүй хэвээр байсан. Компанийн нягтлан бодогчийн зүгээс тус төлбөрийн талаар удаа дараа сануулж, тодруулсан боловч тодорхой хариу өгөөгүй. Ингээд ажилтан 2025 оны 7 дугаар сард ээлжийн амралтаа биеэр эдлэх тухай хүсэлтээ компанид бичгээр өгсөн бөгөөд, хүсэлтдээ 2025 оны 07 сарын 08-ны өдрөөс эхлэн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл амралтаа хэсэгчлэн эдлэх хүсэлтэй байгаа тухайгаа дурдсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.8 дахь хэсэгт ажилтан ээлжийн амралтаа хэсэгчлэн эдэлж болно гэснийг үндэслэн, компаниас 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Б/46 тоот Гүйцэтгэх захирлын тушаал гарч, Э.*******ийг 2025 оны 07 сарын 08-ны өдрөөс эхлэн 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийг дуустал амраахаар тогтоосон. Ажилтан өөрийн хүсэлтийн дагуу эдэлсэн ээлжийн амралтаа дуусгаад 2025 оны 07 сарын 30-ны өдөр ажилдаа ирэх ёстой байсан боловч тухай өдөр ажилдаа ирээгүй. Мөн 7 дугаар сарын 31, 8 дугаар сарын 1 болон 5-7-ны ажлын өдрүүд буюу нийт ажлын 6 хоног ажилдаа тодорхой шалтгаангүйгээр ирээгүй. Ингээд компанийн зүгээс 2025 оны 08 сарын 07-ны өдөр Б/51 тоот Гүйцэтгэх захирлын тушаалаар Э.*******ий Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. Энэхүү тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4.ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан. Ажилтан тухайн тушаалыг хүрэлцэн ирж гардан авахгүй байсан тул 2025 оны 08 сарын 11-ний өдөр тушаалын хуулбарыг ажилтны [email protected] хаягаар имэйлээр хүргүүлж, тус өдрөө анкет дахь гэрийн хаягаар нь шуудангаар хүргүүлсэн. Ажилтан Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргаж шалтгаангүйгээр дараалан 2 буюу түүнээс дээш өдөр ажил тасалсан тул Хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй гэж үзэж байна гэв.
3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 172 дугаар шийдвэр, 2025 оны 08 сарын 07-ны өдөр Б/51 тоот Гүйцэтгэх захирлын тушаал /хуулбар/, Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас зэргийг, Хариуцагч нотлох баримтаар ******* Экспресс ХХК-ийн дүрэм, Хөдөлмөрийн дотоод журам, 2025.08.07-ны өдрийн Б/51 тоот Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаал, Э.*******ий цаг бүртгэлийн тайлан, ******* Экспресс ХХК-ийн 2025.07.08-ны өдрийн Б/46 тоот Ээлжийн амралт олгох тухай, 2025.06.09-ны өдрийн Б/35 тоот Ажилтныг сэлгэн ажиллуулах тухай тушаал, Э.*******ий ээлжийн амралт эдлэх тухай бичгээр гаргасан хүсэлт, ******* Экспресс ХХК-ийн 2025.03.04-ны өдрийн Б/12 тоот үндсэн ажилтны хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай, 2025-03-04-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, 2025.04.11-ний өдрийн Голомт банкны цахим гүйлгээний баримт, 2025.04.11-ний өдрийн Голомт банкны цахим гүйлгээний баримт, Нягтлан бодогчийн Э.*******ий өр, авлагын тооцоолол, Ажлын цаг ашиглалтын журам, Цаг бүртгэлийн дэлгэрэнгүй тайлан, Э.******* ажилтны цаг даралтын түүх болон админы өөрчлөлтийн түүх, хариу тайлбар зэрэг баримтыг шүүхэд өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.
4.Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан борлуулалт хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Ажил олгогч нь эрүүл мэндийн шалтгааны улмаас өвчтэй, эмнэлгийн магадлагаатай байх хугацаанд ажлаас халсан талаарх мэйлийг 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр цахим шуудангаар ирүүлсэн. Ээлжийн амралттай, өвчтэй байсан дээрх хугацааг ажил тасалсан гэж үзэн ажил олгогч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь үндэслэлгүй гэж тайлбарлажээ.
5.Хариуцагч ******* ******* ХХК нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Ажилтан Э.******* 2025 оны 7 дугаар сард ээлжийн амралтаа биеэр эдлэх тухай хүсэлтээ компанид бичгээр өгсөн бөгөөд, хүсэлтдээ 2025 оны 07 сарын 08-ны өдрөөс эхлэн 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл амралтаа хэсэгчлэн эдлэх хүсэлтэй байгаа тухайгаа дурдсан тул ээлжийн амралтыг олгосон. Ажилтан 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ажилдаа ирэх ёстой байсан боловч ирээгүй. Мөн 7 дугаар сарын 31, 8 дугаар сарын 1, 5, 6, 7-ний ажлын өдрүүд буюу нийт ажлын 6 хоног ажилдаа тодорхой шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд өвчтэй эсэхээ мэдэгдээгүй гэж маргасан.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 172 дугаар шийдвэр, Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас, ******* Экспресс ХХК-ийн дүрэм, Хөдөлмөрийн дотоод журам, 2025.08.07-ны өдрийн Б/51 тоот Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаал, Э.*******ий цаг бүртгэлийн тайлан, ******* Экспресс ХХК-ийн 2025.07.08-ны өдрийн Б/46 тоот Ээлжийн амралт олгох тухай, 2025.06.09-ны өдрийн Б/35 тоот Ажилтныг сэлгэн ажиллуулах тухай тушаал, Э.*******ий ээлжийн амралт эдлэх тухай бичгээр гаргасан хүсэлт, ******* Экспресс ХХК-ийн 2025.03.04-ны өдрийн Б/12 тоот үндсэн ажилтны хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай, 2025-03-04-ний өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, 2025.04.11-ний өдрийн Голомт банкны цахим гүйлгээний баримт, 2025.04.11-ний өдрийн Голомт банкны цахим гүйлгээний баримт, Нягтлан бодогчийн Э.*******ий өр, авлагын тооцоолол, Ажлын цаг ашиглалтын журам, Цаг бүртгэлийн дэлгэрэнгүй тайлан, Э.******* ажилтны цаг даралтын түүх болон админы өөрчлөлтийн түүх, хариу тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
7.Шүүхээс шүүх хуралдааны үед нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.******* нь урьд эрхэлж байсан борлуулалт хариуцсан менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаа, борлуулалт хариуцсан ажилтны ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох гэж, ажилгүй байсан 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл 5 сарын дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 10,000,000 төгрөг гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай гэж тодорхойлов.
8.Ажил олгогч ******* ******* ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн Б/12 тоот тушаалаар Э.*******ийг Агуулахын ажилтан албан тушаалд үндсэн ажилтны Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж, мөн Гүйцэтгэх захирлын 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/35 тоот тушаалаар Э.*******ийг 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн 2 /хоёр/ сарын хугацаагаар Борлуулалт хариуцсан ажилтан гэх ажил албан тушаалд сэлгэн ажиллуулж байжээ. /хавтаст хэргийн 20-21 тал/
9.Гүйцэтгэх захирлын 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/35 тоот тушаалаар Э.*******ийг 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн 2 /хоёр/ сарын хугацаагаар Борлуулалт хариуцсан ажилтан гэх ажил албан тушаалд сэлгэн ажиллуулж байсан тухайд хариуцагч маргаагүй.
10.Ажил олгогч ******* ******* ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Б/51 тоот тушаалаар Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэг. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын холбогдох зүйл заалт, Ажилтантай 2025 оны 03 дугаар сарын 04-ны өдөр байгуулагдсан Б/14 тоот Хөдөлмөрийн гэрээний 13 дугаар зүйлийн 7 дахь заалт, Ажлын цаг ашиглалтын журам, Ажлын цагийн бүртгэлийг үндэслэн Компанийн Борлуулалтын ажилтан албан тушаалтай овогтой ******* /рд: УП930602Т9/ нь 2025 оны 07 сарын 31-ний өдөр, 2025 оны 08 дүгээр сарын 01, 05, 06, 07-ны өдрүүдэд шалтгаангүй ажил тасалж, сахилгын зөрчлийг гаргасан нь тогтоогдсон тул 2025 оны 08 дүгээр сарын 07-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөрийг гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосугай. Э.*******ий нэр дээр бүртгэлтэй эд хөрөнгө, гүйцэтгэсэн ажил үүргийн хуваарьтай холбогдох бичиг баримт, гүйцэтгэсэн ажлыг 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн дотор ажил хүлээлцэх актаар хүлээн авахыг Үйл ажиллагаа хариуцсан менежер /Б./-д үүрэг болгосугай гэж шийдвэрлэсэн байна. /хавтаст хэргийн 18 тал/
11.Ажилтан Э.******* нь ажил олгогч ******* ******* ХХК-нд 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Э.******* нь /Борлуулалтын менежер/ албан тушаалтай миний бие 2025 оны 07 сарын 08-ны өдрөөс эхлэн 2025 оны 07 дугаар сарын 30 хүртэл ээлжийн амралтаа авах хүсэлтэй байна гэж бичгээр хүсэлт гаргажээ. /хавтаст хэргийн 31 тал/
12.Ажил олгогч ******* ******* ХХК нь дээрх хүсэлтийг хүлээн авч Гүйцэтгэх захирлын 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/46 тоот тушаалаар компанийн Борлуулалтын ажилтан албан тушаалтай овогтой *******ий 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг дуустал жилийн амралтын 20 хоногоос, 10 хоногийг тооцон 2025 оны 07 сарын 08-ны өдрөөс эхлэн 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийг дуустал биечлэн эдлүүлсүгэй гэж шийдвэрлэсэн байна. /хавтаст хэргийн 19 тал/
13.Нэхэмжлэгч Э.*******ээс Хөдөлмөрийн чадвар түр алдсаны 2247788159 дугаар эмнэлгийн хуудсыг ирүүлж, эрүүл мэндийн шалтгааны улмаас өвчтэй, эмнэлгийн магадлагаатай байх хугацаанд ажлаас халсан бөгөөд ажлын байрыг нь хэвээр хадгалагдана гэж заасан гэж маргасан.
14.Хөдөлмөрийн чадвар түр алдсаны 2247788159 дугаар эмнэлгийн хуудас-нд Хөдөлмөрийн чадвар түр алдсан шалтгаан ердийн өвчин, онош 184.5, эхлэх огноо 2025-08-05, дуусах огноо 2025-08-17, эмчлүүлсэн хэлбэр Амбулаториор, эмнэлгийн хуудас бичсэн 2025-08-21 гэжээ.
15.Хариуцагч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* нь ажилтан Э.******* нь 2025 оны 08 сарын 05-ны өдрөөс өвчтэй, эмнэлэгийн магадлагаатай байгаа тухайгаа ажил олгогчид мэдэгдээгүй. Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудсыг 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ажил олгогчид хүргүүлсэн гэж маргасан бөгөөд нэхэмжлэгч талаас нь няцаах, үгүйсгэсэн баримт тайлбар гаргаагүй. Нийгмийн даатгалын сангаас ажил олгогч мэдэх боломжтой байсан гэж өмгөөлөгч Р.******* тайлбарлав.
16.Хөдөлмөрийн дотоод журмын 8.12.5.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр захиргааны чөлөөнөөс хэтрүүлсэн хугацааг ажлаас хожимдсон буюу тасалсанд тооцно., 11.2.Ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан зөрчил гаргасан ажилтанд дараахь хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна. 11.2.5.ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах,
Талуудын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээний 13.Дараахь зөрчлийг Хөдөлмөрийн харилцааг шууд дуусгавар болгох ноцтой зөрчилд тооцно. 13.7.шалтгаангүйгээр дараалан 2 /хоёр/ буюу түүнээс дээш өдрийн ажил тасалсан, эсхүл ажлын 7 /долоо/ хоногийн дотор 2 буюу түүнээс дээш өдрийн ажил тасалсан бол Хөдөлмөрийн дотоод журмын 8.12.5.хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр захиргааны чөлөөнөөс хэтрүүлсэн хугацааг ажлаас хожимдсон буюу тасалсанд тоцно., 11.2.Ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан зөрчил гаргасан ажилтанд дараахь хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна. 11.2.5.ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахаар харилцан тохиролцсон байна. /хавтаст хэргийн 22-23, 81-103 тал/
17.Ажил олгогч ******* ******* ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр А/10 тоот тушаалаар баталсан Ажлын цаг ашиглалтын журам-ын 2.1.Энэхүү журмыг ******* Холдинг ХХК болон түүний охин, хараат компаниудад Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтан болон Цагийн ажилтан бүр мөрдлөг болгон ажиллана. 3.Ажилласан цаг: Цаг бүртгэлийн Timely app-д бүртгүүлсэн ажлын цагуудын бүртгэл, Тасалсан:хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, ямар нэгэн мэдээлэл өгөөгүй ажиллаагүй цаг, Өвчтэй: биеийн байдлаас шалтгаалан ажиллаагүй цагийг ойлгох ба энэ нь эмчийн магадалгаагаар баталгаажна. 5.1.Ажилтны тухайн сард хоцорсон болон ажлын цаг дуусахаас өмнө ажлын байраа орхин явсан цагийн нийлбэр 8 ба түүнээс дээш цаг болсон эсвэл урдаас Хүний үйл ажиллагааны хэлтэст мэдэгдээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан тохиолдолд тухайн ажилтанд компанийн дотоод журам болон Хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын шийтгэл ногдуулна гэж зохицуулжээ.
18.Ажилтан Э.******* нь ажил олгогч нь эрүүл мэндийн шалтгааны улмаас өвчтэй, эмнэлэгийн магадлагаатай байх хугацаанд ажлаас халсан бөгөөд ажлын байрыг нь хэвээр хадгалагдана гэж маргасан боловч Хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудсыг 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ажил олгогчид хүргүүлсэн байх ба дээрх эмнэлгийн хуудсаар 2025 оны 08 сарын 05-ны өдрөөс эхлэн өвчтэй гэж бичигдсэн тул түүнийг 2025 оны 07 сарын 31-ний өдөр, 2025 оны 08 дүгээр сарын 01, 05, өдрүүдэд шалтгаангүй ажил тасалсан. Эмнэлэгийн магадлагаатай өвчтэй байсан болохоо ажил олгогчид мэдэгдээгүй бөгөөд Ажлын цаг ашиглалтын журам-ын 5.1.Ажилтны тухайн сард хоцорсон болон ажлын цаг дуусахаас өмнө ажлын байраа орхин явсан цагийн нийлбэр 8 ба түүнээс дээш цаг болсон эсвэл урдаас Хүний үйл ажиллагааны хэлтэст мэдэгдээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан тохиолдолд тухайн ажилтанд компанийн дотоод журам болон Хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын шийтгэл ногдуулна гэж журмыг зөрчсөн болох нь Цаг бүртгэлийн Timely app-д бүртгүүлсэн ажлын цагуудын бүртгэл, Цаг бүртгэлийн дэлгэрэнгүй тайлан, Э.******* ажилтны цаг даралтын түүх болон админы өөрчлөлтийн түүх зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул ажил олгогч ******* ******* ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Б/51 тоот тушаал үндэслэлтэй гэж үзнэ. /хавтаст хэргийн 122-125 тал/
19.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж зааснаар нэхэмжлэгч Э.******* нь 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 10,000,000 төгрөг шаардсан бөгөөд 2,035,000 төгрөгийг илүү шаардсан байна.
20.Өөрөөр хэлбэл Гүйцэтгэх захирлын 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/35 тоот тушаалаар Э.*******ийг Борлуулалт хариуцсан ажилтан гэх ажил албан тушаалд сэлгэн ажиллуулж, нэг сарын цалинг 2,000,000 төгрөгөөр тогтоосон байх ба нэг сарын цалин 2,000,000 төгрөгөөс Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын 11,5 хувиар, ХХОАТ-ыг 10 хувиар тооцон суутгахад гарт олгох цалин 1,593,000 төгрөг бөгөөд нийт олговорт 7,965,000 төгрөг шаардах эрхтэй болохыг, мөн нэхэмжлэгч тал нийгмийн даатгалын дэвтрийн сүүлийн 3 сарын бичилтээр сарын дунджаар тогтоолгохтой холбоотой баримт ирүүлээгүйг тэмдэглэх нь зүйтэй.
21.Нэхэмжлэгч Э.******* нь олгогч ******* ******* ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Б/51 тоот хөдөлмөрийн харилцааг цуцалсан тухай тушаалыг 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр цахим шуудангаар ирүүлснийг гардан авсан байх ба ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гомдлоо гаргана гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1 дэх заалтад зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч Э.******* шүүхэд 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргаж, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.
22.Хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан борлуулалт хариуцсан ажилтан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 10,000,000 гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч Э.*******ий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.
23.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 160 дугаар зүйлийн 160.1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуул ийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь заалтад заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан борлуулалт хариуцсан ажилтан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 10,000,000 гаргуулах, Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч Э.*******ий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ