Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2018/ШЦТ/56

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б. овогт Б.Б-д холбогдох эрүүгийн 1817001210055 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд 1995 оны 06 дугаар сарын 05-нд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Дрийм ресторанд хүргэлтийн жолооч ажилтай, ам бүл 4, хамтран амьдрагч Уянгаа болон 2 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 1 дүгээр байрны......... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй гэх Б. овгийн Б.Б-д /РД:............/

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

 

Яллагдагч Б.Б нь 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 22 цагийн үед Сүмбэр сумын 1 дүгээр баг, Төмөр замын талхан цехийн хашаанд байх гэртээ хамтран амьдрагч Ө.У-ай маргалдан түүнийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 22 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Төмөр замын талхан цехийн хашаанд байх гэртээ хамтран амьдрагч буюу хохирогч Ө.У-тай маргалдан түүнийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

1.2. Шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

Би 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ажлаа тараад гэртээ ирээд хувцсаа тайлж тавиад амрах гээд орон дээрээ хэвтэж байсан чинь хамтран амьдрагч Угаднаас орж ирээд гэр орон цэвэрлэчихдэг юм шиг хувцсаа аваач гээд над руу уурлаад хашгирхаар нь би амармаар байна чи ямар ядаргаатай юм бэ гэж хэлсэн. У хүнд дандаа гай болж байх юм гэж хэлэхээр нь би дахиад дуугүй бай л даа би амармаар байна гэж хэлээд хажуудаа байсан аягыг аваад У руу шидсэн. Аягаар У-г оноогүй тэр шидсэн аяга У-ийн хажууд нь унаад хагарсан. Тэгтэл У том охиноо цэцэрлэгээс нь авах гээд гараад явахаар нь би босоод хувцсаа өмсөөд гараад ганцаараа Хонхор ороод алхаж байсан чинь У над руу залгаад ирэх болж байгаа юм уу хаагуур яваад байгаа юм бэ гэж хэлэхээр нь би одоо очлоо гэж хэлээд утсаа тасалсан. Түүнээс хойш 30 орчим минутын дараа Уянгаа над руу ахиж залгаад танайхан намайг дээрэлхэх болоогүй шүү гэж хэлэхээр нь би чи юу яриад байгаа юм бэ би ойлгохгүй байна гэж хэлсэн чинь У утсаа тасалсан. Тэгээд удалгүй дахиж над руу утсаар залгаад уйлчихсан хурдан ирээч та нар шиг гуйлгачин намайг дээрэлхэх болоогүй шүү гэж хэлсэн. Би гэр лүүгээ алхаж байгаад өөрийнхөө ээж Э рүү утсаар залгаад юу болоод байгаа талаар асуухад манай ээж чиний өмд хар болчихсон байхаар нь өмдийг солих гээд гэр лүү чинь ороод чамайг У-аас асуухад танай хүүхдийг би яаж мэддэг юм бэ аяга шидэж хагалчхаад гараад явлаа гэж манай ээжид хэлсэн гэж байсан. Манай гэрт миний цамц газар хэвтэж байхад нь У авалгүй дээр нь гишгээд нааш цаашаа яваад байхаар нь манай ээж Э чи ямар сонин юм бэ хүүхдийн цамц авчихгүй дээр нь гишгэлээд гэж хэлсэн чинь У манай ээж рүү хандаад гар зайл гай болсон юмнууд гэж хэлсэн гэж байсан. Тэгэхээр нь манай ээж өмнөөс нь би хүүгийндээ орж ирэхээрээ чамаас айгаад үүдэнд чинь зогсож байгаад гарах юм гэж хэлээд гэрээс гарсан гэж хэлсэн. Би тэгээд ээжтэй утсаар ярьж дуусчхаад гэртээ орсон чинь У манай хоёр хүүхэдтэй хамт байж байсан. У надад танай эцэг эх хоёр чинь намайг дээрэлхэж байгаад гараад явлаа гэж хэлсэн. Танайхан намайг дээрэлхэх болоогүй шүү гэж хэлэхээр нь би У-д хандаад чи манай аав, ээж хоёртой үеийнхээ хүмүүстэй харьцаж байгаа юм шиг дээрэнгүй харьцаж байх юм давраад байгаарай гэж хэлээд У-ийн нүүр лүү нь нэг удаа алгадаад хөл рүү нь нэг удаа өшиглөөд гэдэс рүү нь мөн хоёр удаа өшиглөөд үснээс нь зулгаасан тэгээд өөр зүйл болоогүй... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/

 

1.3. Хохирогч Ө.У мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2018 оны 05 дугаар сарын 10-ны орой 22 цагийн орчим би хоёр хүүхэдтэйгээ гэртээ байхад манай хадам эх Э /88926731/ гаднаас хаалга тогшоод орж ирээд миний хамтран амьдрагч Б-ийг хаачсан юм бэ гэж асуухаар нь би байхгүй байна. Би хаана байгааг нь мэдэхгүй одоо утас руу нь залгах санаатай байж байна гэж хэлсэн чинь манай хадам ээж Э гэрээс буцаад гарах гэж байснаа эргэж хараад чи ямар хаашаа юм бэ хүн юм асуугаад байхад дуугарахгүй, тэнэг юм уу хаашаа юм бэ гэж хэлсэн. Тэгэхээр нь байхгүй байгаа юм чинь би өөр юу гэж хэлэх юм бэ, та одоо юу гээд байгаа юм бэ гэж хэлсэн чинь хадам эх Э надад хандаад чи ер нь зайлаач хүүхдэд дандаа гай болж байна, олж ирсэн мөнгийг нь чи л бүгдийг нь авчихдаг гэж хэлэхээр нь юу яриад солиороод байгаа юм бэ хэн тэгж байна өөрөө тэгж байна уу гэж хэлсэн чинь харах царайны чи халаасанд нь нэг ч төгрөггүй явуулдаг биз дээ гэж хэлэхээр нь би өөдөөс нь “битгий хуцаад бай тэнэг авгай минь зайл” гэж хэлэхэд ахиж юм хэлэлгүй гараад явсан. Тэгээд удалгүй Б-ийн аав нь залгаад Б /80644111/ над руу утсаар залгаад чи ер нь юу гээд хуцаад байгаа пизда вэ бид нар ер нь чамд юм хэлдэггүй шүү битгий давраад байгаарай гэж хэлэхээр нь би өөдөөс нь та нар зүгээр байгаа хүнд юу гэж хэлэх юм бэ юу хуцацгаагаад байгаа юм бэ гэж хэлээд утсаа тасалсан. Удалгүй Б манай гэрт орж ирээд чи ер нь юу гээд байгаа пизда вэ гэж хэлэхээр нь би өөдөөс нь би ер нь яасан юм бэ та нар ер нь юу гээд байгаа юм бэ гэж хэлсэн чинь цаанаас нь Б-ийн ээж Э орж ирээд чи миний хүүхдээс зайл дандаа миний хүүхдэд гай болж байдаг, энэ байраа ч гэсэн буцааж өг энэ байрын чинь мөнгийг манай хүүхэд төлж байгаа гэж хэлэхэд нь битгий хуц Ба бид хоёр ээлжлээд төлдөг гэж хэлсэн чинь Б-йн ээж намайг цохих гээд над руу дайрахад аав нь хориод аваад гарсан. Би Б руу утсаар залгаад хаана байна хурдан гэртээ хүрээд ир гэж хэлсэн чинь 30 орчим минутын дараа гэрт орж ирээд шууд миний гэдэс рүү өшиглөөд намайг барьж аваад толгойн зүүн хэсэг рүү гараараа 5-6 удаа цохичхоод гэрээс гарч яваад хэсэг хугацааны дараа ороод ирсэн. Б намайг цохиж зодохдоо чи миний аав ээжтэй хэрэлддэг хэн бэ гэж хэлсэн. Өөр зүйл хэлээгүй Б-д зодуулсны улмаас миний толгой их өвдсөн, зүүн нүд хөхөрч хавдсан зэрэг гэмтлүүд учирсан тухайн үед Б-с өөр намайг цохиж зодсон хүн байхгүй. Б тухайн үед архи уугаагүй эрүүл байсан. Банзрагч бид хоёр өнгөрсөн 2 сараас эхлэн хамт төмөр замд байр түрээсэлж амьдарч байсан юм. Бид хоёр албан ёсоор тусдаа гараагүй. Одоо би гэртээ аав ээжтэйгээ хүүхдүүдтэйгээ хамт амьдарч байна. Б хаана хэнтэй амьдарч байгаа талаар надад мэдэх зүйл байхгүй. Намайг зодсон өдрөөс хойш бид хоёр тусдаа амьдарч байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/

 

1.4. Гэрч С.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Манай хүү Б У-тай 2013 оноос хойш хамтран амьдарч байгаа гэрлэлтийн баталгаа байхгүй дундаасаа хүүхэдтэй. Намайг гэртээ байхад манай эхнэр Э гэртээ орж ирээд У намайг элдэв үгээр хэлж загналаа гэж хэлэхээр би хүү Б-хаа гэрт очиж У-ай уулзаж чи одоо юу гээд хадам эхийгээ элдэв бусаар доромжлоод байгаа юм гэж хэлсэн чинь манай бэр У та нар юу гээд хуцацгаагаад байгаа новшнууд вэ гэж элдэв үгээр намайг мөн хэлсэн. Би наад түрээсийн байранд амьдрахаа боль гар наад байрнаасаа гэж хэлчхээд гараад явсан. Би хүүгийнхээ амьдарч байгаа байрнаас гараад гэртээ харьсан. Намайг хүүгийнхээ гэрт очиход манай бэр У хоёр хүүхдийнхээ хамт гэртээ гурвуулаа байсан. Намайг гэрээс нь гараад удаагүй байхад манай бэр хоёр цагдаа дагуулаад гаднаас манай гэрт орж ирээд Б-ийг сураад орж ирээд танай хүүг шоронгийн хадаас болгоно гээд хашгираад байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/

 

1.5. Гэрч Д.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Манай хүү Б бэр У-+тай 2013 оноос хойш хамтран амьдарч байгаа гэрлэлтийн баталгаа байхгүй дундаасаа хоёр хүүхэдтэй. 2018 оны 05 дугаар сарын 10-ны орой 20 цаг өнгөрч байхад хүү Б-хаа угаасан өмдийг аваачиж өгөх гээд гэрт нь орсон чинь манай бэр У хоёр хүүхдийнхээ хамт байсан. Б-ийг асуусан чинь манай бэр У миний өөдөөс би яаж мэддэг юм гээд уурлахаар нь би өөдөөс нь У-д чи яахаараа дандаа надтай ингэж харьцдаг юм бэ гэж хэлэхэд У миний өөдөөс “би чамтай өшөө яаж харьцах ёстой юм бэ” гэж уурлаад хэлсэн. Би өөдөөс нь чи өөрөөсөө настай хүнийг хүндэлж мэддэггүй муухай ааштай гэж хэлсэн чинь миний өөдөөс уурлахаар нь би угаадсаа ч асгачхаж чадахгүй, гэр орноо ч цэвэрлэж чадахгүй, чи ямар арчаагүй юм бэ гэж хэлсэн. Тэгтэл У миний өөдөөс чи намайг доромжиллоо гэж хэлэхээр нь чи нөхрөө ажил ихтэй явж явж ирэхэд нь хоол ундыг нь ч хийж өгөхгүй гэж хэлсэн. Тэгэхэд танай хүүхэд ер нь юу авчирдаг юм бэ гуйлгачин авгай минь манайхаас зайл гэж хэлэхээр нь би У-йн надад хэлсэнд үгэнд гомдоод уйлаад Б-ийн нэг цамцыг газар хаячихсан байхаар нь цамцыг нь газар хаяад байхдаа ядаг юм бэ авчихад яадаг юм бэ гэж хэлээд газраас хүүгийнхээ цамцыг нь аваад гэртээ очоод нөхөртөө болсон асуудлыг хэлсэн. Манай нөхөр С.Б очиж уулзъя гээд гараад явахаар нь би араас нь яваад хүүгийнхээ гэрт очоод манай нөхөр бид хоёр хамт гэрт нь ороод нөхөр Б бэр У-д хандаад чи яахаар ээжийгээ хүндэлдэггүй, янз бүрээр хэлж уйлуулдаг юм бэ гэж асуусан чинь У өөдөөс нь наад мангар авгай чинь хэрүүл хийгээд байсан. Та нартай ярихыг ч хүсэхгүй байна, манайхаас гар зайл гэж хэлсэн. Манай нөхөр С.Б бид хоёр гэрээс нь гараад гэртээ очоод удаагүй байхад бэр Уянгаатай хамт хоёр цагдаа хамт ирээд хүү чинь хаана байна эхнэрээ зодсон байна гэж хэлсэн. Тэр үед Уянгаа манай гэрт уйлчихсан орж ирээд өөрийнхөө болон хүүхдийнхээ газрын гэрчилгээг нэхэж авчхаад, мэдрэл муутай хүүхдийнх чинь энэ байна гээд над руу Б-ийн нэртэй газрын гэрчилгээг шидчихээд “би чиний хүүхдийг шоронгийн хадаас болгочхоод чамайг шоронгийн хадаас болгоно” гэж хэлээд гараад явсан. У ингэж манай гэрт орж ирэхдээ танай хүүхэд чинь намайг зодчихлоо гэж хэлээд уйлаад орж ирсэн. Тухайн асуудал болдог өдөр У архи дарс уугаагүй эрүүл байсан манай хүү Б мөн эрүүл байсан. Манай бэр манай хүүг их харддаг юм болов уу гэж би боддог. Манай хүүг тархи толгойгоо угаагаад хувцсаа сольж өмслөө гэж харддаг юм шиг байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/

 

1.6. Гэрч М.И мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр намайг гэртээ байхад орой 21 цагийн орчим манай зээ охин Уутсаар залгаад “Б намайг зодоод байна, та хүрээд ир” гэж хэлэхээр нь би гэрт нь очсон чинь Б, У нар хоёр хүүхдийнхээ хамт гэртээ хоорондоо муудалцсан бололтой байж байсан. Би гэрт нь ороод юу болсон бэ гэж асуусан чинь У надад Б намайг зодлоо гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр хоорондоо маргалдаад У-ийн гэдэс рүү нь нэг удаа өшиглөчхөөд гараад явсан. Тэгээд У цагдаа дуудсан байх. У хадам аавынхаа гэрт очно гээд гараад явахаар нь би мөн гараад гэр лүүгээ явсан. Намайг гэрт нь очиход У-ийн биед ил харагдах шарх, гэмтэл байгаагүй. Энэ хоёрт гэрлэлтийн гэрчилгээ байхгүй. Дундаасаа 2 хүүхэдтэй... гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/

 

1.7. Шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 177 дугаартай дүгнэлтэд:

- Ө.У-ийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

- Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 27 дугаар хуудас/

 

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэдэгт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд;” гэж заасныг ойлгоно гэж шүүх үзлээ.

Мөн шүүгдэгч Б.Б нь 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 22 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Төмөр замын талхан цехийн хашаанд байх гэртээ хамтран амьдрагч буюу хохирогч Ө.У-ай маргалдан түүнийг гэдэс рүү өшиглөн, толгойн зүүн хэсэг рүү гараараа 5-аас 6 удаа цохиж зодож хөнгөн зэргийн гэмтэл учруулсан байна. Энэ нь хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан бие махбодын хүчилхийлэлийн хэлбэр бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгтэй тохирч байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн хүндрүүлэх шинжид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг иш татаж заасан бөгөөд уг зүйлийн 2.8 дахь хэсэгт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмт хэргийг үйлдсэн талаар зохицуулж хуульчилсан байна.

 

Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч Б.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч Б.Банзрагчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:

 

2.1. Хохирогч Ө.У мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Урд өмнө нь хадам аав, ээжтэйгээ маргалдаж муудалцаж байгаагүй. Тухайн үед хадмууд архи дарс уугаагүй эрүүл байсан. 2016 онд зодож байсан. Энэ асуудал прокурор дээр эвлэрээд хэрэгсэхгүй болж байсан. Өөр цохиж зодоогүй. Б архи дарс нээх их уугаад байдаггүй хааяа найз нөхөдтэйгөө нийлж ууж идэх асуудал байдаг. Б их огцом ууртай, уурлахаараа хэнд юу гэж хэлсэн, юу болсон талаараа санадаггүй гэж хэлдэг. Б “Дугуй” дэлгүүрт харуулаар ажилладаг. Сард хэдэн төгрөгийн цалин авдаг гэдгийг нь би мэдэхгүй байна. Би Б-д хандан гаргах гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/

 

2.2. Гэрч С.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Энэ хоёр архи дарс хэрэглэдэггүй хааяа хоорондоо хэрэлдэж маргалдаж л байдаг. Бусад үед эвсэг юм шиг л байдаг. Б, У нар архи дарс хэрэглээд байдаггүй, дундаасаа хоёр хүүхэдтэй хүүхдүүдээ тэжээх гээд л зүтгэж байгаа. Энэ хоёр хоёулаа түргэн ааштай энэ байдлаасаа болоод хоорондоо хэрэлдэж маргалддаг юм. Манай хүү Б хамтран амьдрагч Унар хоорондоо жоохон хэрүүл маргаан хийгээд л У байнга цагдаад дуудлага өгдөг юм. Тэрнээс биш байнга хоорондоо хэрэлдэж маргалдаад байдаг хүмүүс уул нь биш манай хүү ч У-г байнга зодож цохидог асуудал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/

 

2.3. Гэрч Д.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Энэ хоёрын хоорондын харилцаа нь уул нь зүгээр байдаг. Манай энэ хоёр хүүхэд хоёулаа түргэн ааштай хоорондоо гэнэт байж байгаад муудалцаж хэрэлддэг тэр болгонд нь би өөрийнхөө хүүг буруутгаад л өнгөрдөг байсан. Тэрнээс биш хоорондоо муудалцах үг хэлэх асуудал байдаггүй байсан. Энэ хоёр хүүхэд хоорондоо ямар ч ааш авир гаргаж байсан бид нар тэвчээд л өнгөрдөг, юу ч хэлдэггүй байсан. Хоорондын маргаанд нь орвол улам дэвэргэх байх гэж боддог байсан юм. Энэ хоёр архи дарс хэрэглээд байдаггүй юм... гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/

 

2.4. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29-30 дугаар хуудас/

 

2.5. Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 5/127 дугаартай прокурорын тогтоолын хуулбар /хх-ийн 32-33 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Б.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдлээ.

 

Шүүгдэгч Б. нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт Б.Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Т.ЭНХМАНДАХ