| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Азуйсэдийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 182/2018/00045/И |
| Дугаар | 210/МА2018/00953 |
| Огноо | 2018-04-18 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 210/МА2018/00953
| 2018 оны 04 сарын 18 өдөр | Дугаар 210/МА2018/00953 |
Говь боловсрол төв ТББ-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2018/00394 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Говь боловсрол төв ТББ-ын нэхэмжлэлтэй хариуцагч Т.Цогбаярт холбогдох
6 323 224 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батдулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.
Нэхэмжлэгч Говь боловсрол төв ТББ-ын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Говь боловсрол төв ТББ нь Америкийн Нэгдсэн Улсын Флорида мужийн Интернэйшнл Доорвэй боловсрол, спортын байгууллагыг төлөөлж Т.Цогбаяртай 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр сургалтын гэрээ байгуулсан. Бид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж Т.Цогбаяр нь 2016 онд АНУ-д амжилттай суралцаж ирээд 2016 оны 08 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гарган 2013 оны сургалтын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулсан. Манай байгууллага гэрээний үүргийн дагуу АНУ-д суралцахад нь зуучилж бүх судалгааг хийж, сургуулийн урилга, шаардагдах баримт материалыг бүрдүүлсний зэрэгцээ тэтгэлэгт хамруулж АНУ-д байрлах албан ёсны байгууллага, сургуулиудтай холбогдож шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэн АНУ-д суралцахад зуучилж тэтгэлэгт хамруулж өгсөн. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу виз, зуучлал, сургуулийн урилга, орчуулга, сургалт, судалгааны зардал нийт 500 ам.доллар, сургуулиас олгосон тэтгэлэг 2000 ам.доллар, илгээмж 106 ам.доллар нийт 2 606 ам.доллар буюу 6 323 224 төгрөгийг Т.Цогбаяраас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Цогбаярын тайлбарт: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2016/00536 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт зааснаар Говь боловсрол төв ТББ-аас 20 853 000 төгрөг гаргуулж Т.Цогбаяр, О.Урангоо нарт олгож, 6 000 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1741 дугаартай магадлал, Улсын Дээд шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 001/ХТ2017/00002 дугаартай тогтоолоор хэвээр үлдээсэн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.6 дах хэсэгт заасныг баримтлан Т.Цогбаярт холбогдох 6 323 224 төгрөг гаргуулах тухай Говь боловсрол төв ТББ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Говь боловсрол төв ТББ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116 130 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч талаас хариуцагчийн өмнө үүрэг гүйцэтгэх болсон суурь хэлцэл хүчин төгөлдөр бус болсноос үүдэн Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийг АНУ-д суралцуулсан нийт ажиллагааны зардлаа нэхэмжилсэн бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон баримтад үнэлэлт, дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэгч нь сургалтын гэрээний дагуу хариуцагчыг АНУ-ын Финдлэй их сургуульд 2000 ам.долларын тэтгэлэгтэй суралцуулахаар зуучилсан бөгөөд 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Финдлэй их сургуулийн албан бичиг болон сургалтын гэрээний дагуу тэтгэлэгтэй суралцуулсан болох нь тогтоогддог. Мөн Финдлэй их сургуулийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр манай байгууллагад ирүүлсэн оюутны мэдээлэлд харилцагч Т.Цогбаяр гэрээний үндсэн дээр 2 000 ам.долларын тэтгэлэг авсан болох нь тогтоогддог бөгөөд тэрээр зуучлуулсан, тэтгэлэг авснаа хүлээн зөвшөөрдөг. 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн сургалтын гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах хэрэг 3 шатны шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдсэн. Шүүх хуралдааны үед хариуцагч Т.Цогбаяр нэхэмжлэгч байгууллагаар зуучлуулсан, зуучилсан Финдлэй их сургуулиас тэтгэлэг авсан болохоо хүлээн зөвшөөрдөг. Дээрх байдлаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл хэрэгт авагдсан бүхий л баримт, тайлбар зэргээр нотлогдож байхад шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Суурь хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцогдсон тул гэрээний талууд харилцан өгсөн авснаа буцаах үүрэгтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв байх боловч шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах боломжтой.
Нэхэмжлэгч Говь боловсрол төв ТББ нь хариуцагч Т.Цогбаярт холбогдуулан зуучлалын хөлс 6 323 224 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч Говь боловсрол төв ТББ нь АНУ-ын Интернэйшнл Доорвэй байгууллагыг төлөөлж Т.Цогбаяртай 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр сургалтын гэрээ байгуулж, нэхэмжлэгч байгууллага нь Т.Цогбаярыг байр, хоол, бусад сургалтын зардалд жилд 7 000-15 000 ам.долларын төлбөр төлөх хоёр бүрэлдэхүүн хэсэг бүхий тэтгэлэг, байр, хоол, бусад сургалтын зардалд жилд бүрэлдэхүүн хэсгийн зардлын 50%-аас бага буюу түүнтэй тэнцэх хэмжээний төлбөр төлөх 5 бүрэлдэхүүн хэсэг бүхий тэтгэлэгт хамруулах, хариуцагч нь гэрээний зардалд 5 100 ам.доллар төлөхөөр тохиролцсон байна.
Хариуцагч Т.Цогбаяр уг гэрээг Говь боловсрол төв ТББ нь АНУ-ын Интернэшнл Доорвэй байгууллагын төлөөлөгч биш гэх үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 536 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1741 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 00002 дугаартай тогтоолоор талуудын хооронд байгуулагдсан сургалтын гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хариуцагч Говь боловсрол төв ТББ-аас 20 583 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Цогбаярт олгож шийдвэрлэжээ.
Талуудын хооронд байгуулагдсан хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцсон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байх бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд гаргасан зардлаа Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу нэхэмжлэх эрхтэй боловч тэрээр нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар нотолж чадаагүй.
Хүчин төгөлдөр бусд тооцогдсон сургалтын гэрээний 3 дугаар зүйлд ...төлөөлөгчийн үйлчилгээний өртөг 500 ам.доллар гэж заасан боловч үүнд ямар үйлчилгээг хамруулсан нь тодорхойгүй байхын зэрэгцээ нэхэмжлэгч байгууллага нь хариуцагчийг төлөөлж, виз зуучлахад хэчнээн төгрөг төлсөн, ямар бичиг баримтыг хэзээ, хэрхэн илгээмжээр явуулсан, сургуулийн урилгыг орчуулахад гарсан зардлыг нотлох баримт хэрэг авагдаагүй байна.
Хариуцагч Т.Цогбаярыг суралцах хугацаанд АНУ-ын Финдлэй их сургуулиас олгосон 2 000 ам.долларын тэтгэлэг олгосон тухай тус сургуулийн тоодорхойлолт хэрэгт авагдсан боловч нэхэмжлэгч нь уг тэтгэлгийг хариуцагчаас шаардах эрхгүй болно.
Шүүх нэхэмжлэгчийн виз, зуучлал, сургуулийн урилга, орчуулга, сургалт, судалгааны зардал 500 ам.доллар, илгээмж 106 ам.доллар, сургуулиас олгосон тэтгэлэг 2 000 ам.доллар нийт 2 606 ам.доллар буюу 6 323 224 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт заасан зохицуулалтад хамаарахгүй гэж үзсэн нь буруу болжээ.
Дээр дурдсан үндэслэлээр шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2018/00394 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 493 дугаар зүйлийн 493.6 гэснийг 492 дугаар зүйлийн 492.1.1 гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116 130 төгрөгийг улсын орлгогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД Т.ТУЯА
А.МӨНХЗУЛ