| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2108 03049 2055 |
| Дугаар | 2025/ДШМ/1135 |
| Огноо | 2025-09-24 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Б.Ундрах |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 2025/ДШМ/1135
2025 09 24 2025/ДШМ/1135
Х.А-од холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Ундрах,
яллагдагч Х.А-, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг, О.Санчирбал, Э.Ганбат,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЗ/4327 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Ундрахын бичсэн 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 34 дүгээр прокурорын эсэргүүцлээр Х.А-од холбогдох 2108 03049 2055 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Т- овогт Х-ын А-, .............., /РД: ............./;
Яллагдагч Х.А- нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 405 дугаар хаалттай хорих ангийн ахлах төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр тус хорих ангийн ялтан А.Б-ыг “удаан байна” гэх үл ялих зүйлээр шалтаглан, баруун болон зүүн ташаан тус газарт нь тус бүр 3 удаа өшиглөж, эрүүл мэндэд нь зүүн дунд чөмөгт ясны хүзүүний зөрөөтэй, баруун дунд чөмөгт ясны хүзүүний зөрүүгүй далд хугарал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Х.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Х.А-од холбогдох хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ. Үүнд: Уг хэргийг тус шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/487 дугаар шийтгэх тогтоолоор хянан шийдвэрлэсэн ба Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 479 дүгээр магадлалаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон. Тус 479 дүгээр магадлалд “...хэдийгээр прокурорын шатанд Т.Г-, П.Б- нарын үйлдэл хэрэгсэхгүй болсон хэдий ч тэдний үйлдэл энэ хэрэгт хамааралгүй, гэм буруугүй гэж үзсэн тохиолдолд үндэслэл бүхий няцаан үгүйсгэсэн дүгнэлтийг зайлшгүй хийх шаардлагатай. Т.Г-, П.Б- нарын үйлдэл хамааралтай, хохирогчийн гэмтэлтэй шалтгаант холбоотой гэж үзвэл мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийх үндэслэл болно. ...” гэжээ. Дээрх магадлалд заасан уг ажиллагааг шүүхийн шатанд хийгдэх боломжгүй, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ажиллагааг хийх шаардлагатай тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв. Мөрдөн шалгах ажиллагаагаар хийгдэх ажиллагааг шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдолд тусгасан асуудлыг шийдвэрлэх, шүүгдэгчид зүйлчлэлийг өөрчлөн сонсгох, мэдүүлэг өгөх эрхийг хангах, яллах дүгнэлтийг гаргуулах ажиллагаа явуулахыг прокурорт даалгах ба прокурор шүүхээс тогтоосон хугацаанд эдгээр ажиллагааг явуулж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэн” гэж, мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13-д “нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар гаргасан гомдол”, 6.14-д “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай гомдол...” гэж заасан ба хуулийн дээрх заалтуудад заасан үндэслэлд шинээр бусад хүмүүсийг яллагдагчаар татах, яллах дүгнэлт үйлдэх зохицуулалт байхгүй тул шүүх хуралдаанаар дээрх асуудлыг шийдвэрлэх үндэслэлгүй гэж дүгнэлээ. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Х.А-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 6 ширхэг сидиг хэргийн хүргүүлж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Б.Ундрах бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх Х.А-од холбогдох хэргийг 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд, прокурорт буцааж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь заалтад заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх заалтыг зөрчиж, шүүгчийн захирамжид хийгдэх мөрдөн шалгах ажиллагааг тодорхой заалгүйгээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 479 дүгээр магадлалын “...хэдийгээр прокурорын шатанд Т.Г-, П.Б- нарын үйлдэл хэрэгсэхгүй болсон хэдий ч тэдний үйлдэл энэ хэрэгт хамааралгүй, гэм буруугүй гэж үзсэн тохиолдолд үндэслэл бүхий няцаан үгүйсгэсэн дүгнэлтийг зайлшгүй хийх шаардлагатай. Т.Г-, П.Б- нарын үйлдэл хамааралтай, хохирогчийн гэмтэлтэй шалтгаант холбоотой гэж үзвэл мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийх үндэслэл болно...гэжээ.” гэх хэсгийг авч шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй, ажиллагаа хийх шаардлагатай гэж заасан нь ойлгомжгүй байна. Нөгөөтэйгүүр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/487 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон хэдий ч 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх” шүүгчийн захирамжийг хөндөөгүй байхад урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан нь ойлгомжгүй, өөрөөр хэлбэл Х.А- нь шүүгдэгч нэршилтэй атал яллагдагчид холбогдох процесс ажиллагаа явуулсан. Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-ыг зөрчсөн, шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад заасан үндэслэлээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЗ/4327 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Яллагдагч Х.А- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өөрийн өмгөөлөгч нарын саналыг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Яллагдагч Х.А-ын өмгөөлөгч С.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн нөхцөл байдал харагддаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл болон мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаагүй. Хэрэгт авагдсан гэрч, хохирогч, шинжээч эмч нарын мэдүүлэг, мэс засал хийсэн эмчийн мэдүүлэг зэрэг нь зөрүүтэй. Х.А-ын үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан гэдгийг эргэлзээгүй нотолсон баримт байхгүй. 2021 оны 10 дугаар сарын 15-наас 21-ний өдрийн хооронд буюу 6 хоногт 4 хүн хохирогчийн биеийн нэг хэсэгт цохисон гэж мэдүүлдэг. Мөн Х.А- цохисны улмаас сэдэрсэн ч гээд байдаг. Т.Г-, П.Б- нарын үйлдлийг ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон талаар тодорхой дүгнэлт хийх хэрэгтэй. Давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан ажиллагааг хийлгэх шаардлагатай талаар дүгнэсэн шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.
Яллагдагч Х.А-ын өмгөөлөгч О.Санчирбал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэгч субъект буюу мөрдөгч, прокурорын хувьд нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэх ажиллагааг дутуу явуулсан. Өмнө нь давж заалдах шатны шүүхээс хохирогчийн мэдүүлэгт дурдагдсан Т.Г-, П.Б- нарын үйлдэл оролцоог яаж үгүйсгэж байгаа гэдэгт дүгнэлт хийсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, түүний өмгөөлөгч нарын зүгээс хэргийн оролцогч байсан хүмүүсийг буюу яллагдагч нарын үйлдэл оролцоог тодорхой мэдүүлдэг. Шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхэд дээрх хүмүүсийн үйлдэл оролцоог ямар нотлох баримтуудаар үгүйсгэж байгааг дүгнэхэд хүндрэл учирсан буюу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд тодорхой бус байсан. Энэ асуудлыг нэмж шалгахгүй бол хэрэг үйлдэгдсэн шалтгаант холбоог тогтоож чадахгүй байгаа талаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 479 дүгээр магадлалын 16 дугаар талд тодорхой дурдсан. ... Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах ажиллагааг шүүхийн хэлэлцүүлэгт нөхөн гүйцэтгэх боломжгүй. Т.Г-, П.Б- нарын үйлдэл оролцооны хувьд Х.А-ыг өшиглөснөөс хойш 2, 2 хоногийн хугацаатай үйлдэгдсэн байдаг. Дээрх нөхцөл байдлыг мөрдөгч, прокурор дутуу шалгасан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байх тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Яллагдагч Х.А-ын өмгөөлөгч Э.Ганбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хэрэгт яллагдагчаар татагдаж байсан Т.Г-, П.Б- нарын үйлдэл оролцоог нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийхгүйгээр шүүх эцэслэн шийдвэрлэх боломжгүй. Х.А-, Т.Г-, П.Б- нарын үйлдэл нь 10 дугаар сарын 15, 18, 21-ний өдрүүдэд буюу 10 дугаар сарын 15-наас 21-ний өдөр хүртэл хоорондоо 6 хоногийн зайтай үйлдэл байгаа. Хохирогчийн мэдүүлэгт эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогддог. Тэрээр хугаралтай сүүжний ясанд 3 удаа өшиглөсөн гэж мэдүүлдэг. Гэрч, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийн зөрүү зэрэг эргэлзээтэй байдлыг шүүх хуралдаанд шинжээч эмч нарыг оролцуулсан ч гэсэн арилгах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Тиймээс шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлтэй. Мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх тухайд хэний үйлдлээс хамааралтайг тогтоохоос гадна хохирогчид учирсан гэмтлийг хүнд гэмтэл гэж тогтоогдсон асуудал нь гэмтлийн зэрэг тогтоох журамтай зөрчилдөж байна. Өөрөөр хэлбэл, зүүн дунд чөмөгний толгойн хэсгээр хугараад сүүжнийхээ тогоон дотор үлдчихсэн тохиолдолд хүнд гэмтэл юм. Тиймээс прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Х.А-од холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Прокуророос яллагдагч Х.А-ыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 405 дугаар хаалттай хорих ангийн ахлах төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр тус хорих ангийн ялтан А.Б-ыг “удаан байна” гэх үл ялих зүйлээр шалтаглан, баруун болон зүүн ташаан тус газарт нь тус бүр 3 удаа өшиглөж, эрүүл мэндэд нь зүүн дунд чөмөгт ясны хүзүүний зөрөөтэй, баруун дунд чөмөгт ясны хүзүүний зөрүүгүй далд хугарал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдолд тусгасан асуудлыг шийдвэрлэх, шүүгдэгчид зүйлчлэлийг өөрчлөн сонсгох, мэдүүлэг өгөх эрхийг хангах, яллах дүгнэлтийг гаргуулах ажиллагаа явуулахыг прокурорт даалгах ба прокурор шүүхээс тогтоосон хугацаанд эдгээр ажиллагааг явуулж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэн” гэж, мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13-д “нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар гаргасан гомдол”, 6.14-д “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай гомдол...” гэж заасны дагуу шинээр бусад хүмүүсийг яллагдагчаар татах, яллах дүгнэлт үйлдэх зохицуулалт байхгүй тул шүүх хуралдаанаар дээрх асуудлыг шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэн, хэргийг прокурорт буцаасан нь үндэслэл бүхий болжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан “...Гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг... олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх...” зорилтыг хангах хүрээнд мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, хянасны үндсэн дээр гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүргийг хэрэгжүүлж, шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох зарчмыг мөн хуулийн 1.7 дугаар зүйлд заасан байдаг.
Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан бөгөөд нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт болон Эрүүгийн хуульд заасан хариуцлагын зорилгыг хангахад онцгой ач холбогдолтой юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ...” гэж заасан бөгөөд давж заалдах шатны шүүхийн магадлалын заалтыг биелүүлэх талаар анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул уг шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Ундрахын бичсэн 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 34 дүгээр прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЗ/4327 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Ундрахын бичсэн 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 34 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНТУЯА
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ М.АЛДАР