2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 191/ШШ2026/00229

 

 

     

 

 

 

 

 

 

2025      12        30                               191/ШШ2026/00229

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батхуяг би,

 

Нэхэмжлэгч: ******* ******* ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* ХХК /РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 110,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  ... Гадаадын хөрөнгө оруулалттай ******* ******* ХХК нь гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. ******* ХХК-тай 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр зээлээр худалдах худалдан авах 2022/05 дугаартай гэрээ байгуулж Беларусь МТЗ-2022 маркын тракторыг 130,000,000 төгрөгөөр худалдсан.

Тухайн үед талууд Техник тоног төхөөрөмж хүлээлцсэн тухай акт үйлдэж 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр тракторыг ******* ХХК-д хүлээлгэн өгсөн бөгөөд 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр урьдчилгаа төлбөр болох 20,000,000 төгрөгийг ******* ******* ХХК авсан. Үүнээс хойш 2022 оны 09 дүгээр сард ******* ******* ХХК-ийн инженер техникийн ажилчид 2 удаа очиж техникийн засвар үйлчилгээ хийсэн.

Зээлээр худалдах худалдан авах 2022/05 дугаартай гэрээнд зааснаар ******* ХХК нь төлбөр тооцоогоо 2022 оны 12 дугаар сарын 31-ний дотор гүйцээх ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл үлдэгдэл 110,000,000 төгрөгөө өгөхгүй байгаа тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.

Иймд зээлээр худалдах худалдан авах 2022/05 дугаартай гэрээний үлдэгдэл төлбөр 110,000,000 төгрөгийг ******* ХХК-иас гаргуулж өгнө үү. гэжээ.

 

2. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ... Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 110,000,000 төгрөгийн 45,000,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 65,000,000 төгрөгийг хариуцагч ******* ХХК нь 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрэв гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан 110,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-т зааснаар хэргийн оролцогчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, багасгах, өөрчлөх, татгалзах зөвшөөрөх, биелүүлэх, эвлэрэх эрхтэй бөгөөд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д Хариуцагч шүүхийн шийдвэр гарах хүртэл нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүлээн зөвшөөрөх буюу зохигч эвлэрч болно гэж заасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 110,000,000 төгрөгийн 45,000,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 65,000,000 төгрөгийг хариуцагч ******* ХХК нь 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрсэн нь зохигчдын тайлбар, тэдгээрийн хооронд бичгээр байгуулсан эвлэрлийн гэрээ зэргээр тогтоогдож байна.

 

Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчөөгүй байх бөгөөд талууд шүүх хуралдаанаас өмнө эвлэрсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож хуульд заасны дагуу гаргуулах үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 110,000,000 төгрөгийн 45,000,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 65,000,000 төгрөгийг хариуцагч ******* ХХК нь 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэгч ******* ******* ХХК-д төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 707,950 төгрөгийн тал хувь болох 353,975 төгрөгийг татварын хэлтсээс, хариуцагч ******* ХХК-иас 353,975 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

 

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч ******* ХХК сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 



 

ШҮҮГЧ                             Д.БАТХУЯГ