2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 191/ШШ2026/00536

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 01 08 191/ШШ2026/00536

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Батхуяг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  ******* овогт ******* ******* /РД:/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* ******* ХХК /РД: /-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт 36,867,905 төгрөг гаргуулах, албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлтэй, 63,140,127 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Айгерим нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан түрээсийн төлбөр 22,274,190 төгрөг, алданги 10,342,500 төгрөг, цахилгааны төлбөр 4,251,215 төгрөг буюу нийт 36,867,905 төгрөг гаргуулах, түрээсийн гэрээний зүйлийг хариуцагчийн эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан.

 

2. Нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад түрээсийн гэрээний зүйлийг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, түрээсийн төлбөрт 22,000,000 төгрөг, алданги 10,342,500 төгрөг, цахилгааны төлбөр 4,251,215 төгрөг буюу нийт 36,593,215 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

 

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ... Миний бие 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ******* ******* ХХК-тай Зоорины барилга түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулж, өөрийн эзэмшлийн  хаягт байрлах Зоорины зориулалттай бараа сарын 5,000,000 төгрөгөөр түрээслүүлсэн байдаг. ******* ******* ХХК нь 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэрээ байгуулахдаа түрээсийн төлбөрт 5,000,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 2,500,000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 2,000,000 төгрөг тус тус төлсөн байдаг. ******* ******* ХХК нь миний зоорийг түрээсэлсэн цагаасаа эхлэн төлбөрийг цаг тухай бүрд нь төлөлгүй хугацаа хожимдуулж байсан. Уг компани 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс хойш огт төлбөр төлөөгүй. Үүгээр ч зогсохгүй намайг автомашиныг нь хулгайлсан, дээрэмдсэн, барьцаалсан мэтээр гүтгэж цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, хадгалж байсан *******ний ногоо, байцааг нь намайг муутгасан гэх тайлбар хэлж өнөөдрийг хүрсэн. Зоорины барилга түрээслэх, түрээслүүлэх гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу төлбөр төлөөгүй үндэслэлээр гэрээгээ цуцлах талаар удаа дараа мэдэгдсэн боловч одоог хүртэл зоорийг чөлөөлж өгөхгүй байна.

******* ******* ХХК нь 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс өнөөдрийг хүртэл буюу 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх 6 сар 11 хоногийн хугацаанд түрээсийн төлбөрт нийт 31,774,193 төгрөг төлөх үүрэгтэйгээс нийт 9,500,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл төлбөр 22,274,190 төгрөг байна.

Зоорины барилга түрээслэх, түрээслүүлэх гэрээний 4.4 дэх хэсэгт зааснаар төлбөрөө цаг тухайд нь төлөөгүй хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөхөөр байгаа. Уг компанийн хугацаа хэтрүүлсэн хугацааны алданги нийт 10,342,500 төгрөг болж байгаа.

Түүнчлэн зоорины барилга түрээслэх, түрээслүүлэх гэрээний 1.4 дэх хэсэгт зааснаар гэрээний хугацаанд гарах хэрэглээний зардал болох тог, цахилгааны төлбөрийг түрээслэгч тал хариуцахаар байхад ******* ******* ХХК нь гэрээгээ зөрчиж зоорийг ашиглах хугацаандаа гурван сар дараалан цахилгааны төлбөрөө төлөөгүй, улмаар цахилгааныг таслуулсан байдаг. 2024 оны 01, 02, 03 дугаар сарын цахилгааны төлбөр нийт 4,251,215 төгрөг болсон.

Иймд түрээсийн төлбөрт 22,000,000 төгрөг, алдангид 10,342,500 төгрөг, цахилгаан ашигласан төлбөр 4,251,215 төгрөг, нийт 36,593,215 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

4. Хариуцагч хариу тайлбартаа: ... ******* ******* ХХК нь 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр иргэн А.*******той Зоорины барилга түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулж түрээслүүлэгчийн хаягт байрлах Зоорины зориулалттай хөрөнгөд өөрийн компанийн 500 орчим тонн байцааг 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хадгалуулсан байдаг.

Гэвч намар нь түрээслүүлэгчийн зоорины хөргүүр ажиллаагүй буюу зохих хэмжээний агаарын температур, чийгшил их байсны улмаас манай компанийн хадгалуулсан байцаа 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр буюу 14 хоногийн хугацаанд ялзарч муудсан. Мөн өвлийн саруудад зоорины тень буюу халаалт ажиллаагүйн улмаас үлдсэн байцаа хөлдөж бид их хэмжээний хөрөнгөөрөө хохирсон. Мөн зоорийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 36,593,215 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.

 

5. Хариуцагч ******* ******* ХХК-иас нэхэмжлэгч А.*******од холбогдуулан 63,140,127 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: ... ******* ******* ХХК нь 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр иргэн А.*******той Зоорины барилга түрээслэх гэрээ байгуулан түрээслүүлэгчийн  хаягт байрлах Зоорины зориулалттай хөрөнгөд өөрийн компанийн 500 тонн байцааг 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хадгалуулсан.

Бид айдсын даваанд байрлах зоориноос маркийн авто машинаар байцаагаа борлуулахаар зөөсөн. Гэтэл намар нь түрээслүүлэгчийн зоорины хөргүүр ажиллаагүй буюу зохих хэмжээний агаарын температур, чийгшил их байсны улмаас манай ******* ******* ХХК-ийн хадгалуулсан байцаа 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр буюу 14 хоногийн дотор ялзарч муудаж эхэлсэн байсан. Зоорины тень буюу халаалт нь ажиллаагүйн улмаас тухайн зооринд байсан байцаа хөлдөж бид их хэмжээний хөрөнгөөрөө хохироод байна. Нэхэмжлэгч нь манай 63 тонн буюу 1000 гаруй шуудай байцааг барьцаалж авч үлдсэн бөгөөд манай ажилчдыг зоорь руу нэвтрүүлэхгүй байснаас болж үлдсэн байцаа бүгд ялзарч муудсан байсан. Тухайн үед бид шүүхэд үзлэг хийлгэх хүсэлт гаргасны дагуу зооринд орох боломжтой болж зоорь руу орж харахад байцаа муудаж хоорондоо наалдаж ялзарсан байдалтай байсан. Бид тухайн зооринд байсан үлдэгдэл байцааг зарж борлуулж түрээсийн үлдэгдлийг хийх бодолтой байсан хэдий ч шүүхээс үзлэг хийхээр очиход шуудай нь хоорондоо наалдсан зоорь руу орохын аргагүй байцаа нь ялзарсан байсан. Нэхэмжлэгч нь хадгалуулсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс болж ******* ******* ХХК хохироод байна. Нийт 402 тонн байцайнаас 263 тонн байцааг зарж борлуулаад 75 тонныг нь үнэ төлбөргүйгээр малын тэжээлд өгсөн. Иймд нийт борлуулаагүй үлдсэн 63 тонн байцааг 1 кг-ийг 1000 төгрөгөөр үнэлээд 63,140,127 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

6. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ... Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.

 

7. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн итгэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Зоорины барилга түрээслэх, түрээслүүлэх гэрээ, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн албан бичиг, дансны хуулга, ******* ******* ХХК-ийн тооцох алданги, фото зургууд, 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

8. Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Э. томилсон 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн итгэмжлэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Цэнгэлийг томилсон 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн итгэмжлэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр С. томилсон 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн итгэмжлэл, фото зургууд, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, орлогын баримтууд, *******ний гол нэр болон бензин түлшний 7 хоногийн үнийн мэдээ, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол, төлбөрийн баримт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч А.*******ын нэхэмжлэлээс 12,335,794 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 24,257,421 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Талуудын хооронд хүчин төгөлдөр түрээсийн гэрээ байгуулагдсан. Хариуцагч нь 2023.10.05-ны өдрөөс 2024.04.17-ны өдрийг хүртэл нийт 6 сар 11 хоногийн түрээсийн төлбөрт 31,500,000 төгрөг төлөхөөс 9,500,000 төлсөн тул үлдэгдэл 22,000,000 төгрөг, гэрээний 4.4-д зааснаар алданги 10,342,500 төгрөг, гэрээний 1.4-д зааснаар гэрээний хугацаанд гарсан цахилгааны төлбөр 4,251,215 төгрөгийг тус тус шаардах эрхтэй гэжээ.

 

3. Хариуцагч дараах тайлбарыг гаргасан. Үүнд: түрээслүүлэгчийн зоорины хөргүүр ажиллаагүй буюу зохих хэмжээний агаарын температур, чийгшил их байсны улмаас манай компанийн хадгалуулсан байцаа 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр буюу 14 хоногийн хугацаанд ялзарч муудсан. Мөн өвлийн саруудад зоорины тень буюу халаалт ажиллаагүйн улмаас үлдсэн байцаа хөлдөж бид их хэмжээний хөрөнгөөрөө хохирсон. Мөн зоорийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 36,593,215 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ... түрээслүүлэгчийн зоорины хөргүүр ажиллаагүй буюу зохих хэмжээний агаарын температур, чийгшил их байсны улмаас манай ******* ******* ХХК-ийн хадгалуулсан байцаа 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр буюу 14 хоногийн дотор ялзарч муудаж эхэлсэн байсан. Зоорины тень буюу халаалт нь ажиллаагүйн улмаас тухайн зооринд байсан байцаа хөлдөж бид их хэмжээний хөрөнгөөрөө хохироод байна. Нэхэмжлэгч нь манай 63 тонн буюу 1000 гаруй шуудай байцааг барьцаалж авч үлдсэн бөгөөд манай ажилчдыг зоорь руу нэвтрүүлэхгүй байснаас болж үлдсэн байцаа бүгд ялзарч муудсан байсан. Тухайн үед бид шүүхэд үзлэг хийлгэх хүсэлт гаргасны дагуу зооринд орох боломжтой болж зоорь руу орж харахад байцаа муудаж хоорондоо наалдаж ялзарсан байдалтай байсан. Бид тухайн зооринд байсан үлдэгдэл байцааг зарж борлуулж түрээсийн үлдэгдлийг хийх бодолтой байсан хэдий ч шүүхээс үзлэг хийхээр очиход шуудай нь хоорондоо наалдсан зоорь руу орохын аргагүй байцаа нь ялзарсан байсан. Нэхэмжлэгч нь хадгалуулсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс болж ******* ******* ХХК хохироод байна. Нийт 402 тонн байцайнаас 263 тонн байцааг зарж борлуулаад 75 тонныг нь үнэ төлбөргүйгээр малын тэжээлд өгсөн. Иймд нийт борлуулаагүй үлдсэн 63 тонн байцааг 1 кг-ийг 1000 төгрөгөөр үнэлээд 63,140,127 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

 

5. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ... Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. гэжээ.

 

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

7. Зохигчийн хооронд 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр №Т/1 тоот Зоорины барилга түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулагдаж, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Морин /17131/ 930 тоот хаягт 764,7 м.кв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэг сарын 5,000,000 төгрөгөөр 4 сарын хугацаатай түрээслүүлэхээр харилцан тохиролцсон байна. Түрээсийн гэрээнд эд хөрөнгийн талбайн хэмжээг 600 м.кв талбай гэж тусгасан боловч үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнд заасан 764,7 м.кв талбайг бүхэлд нь түрээслүүлсэн талаар талууд тайлбарласан.

 

8. Талууд агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч ямар хугацаанд ашигласан болох, агуулахад байсан байцаа нэхэмжлэгчийн буруугаас ашиглах боломжгүй болсон эсэх талаар маргаж байна.

 

9. Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

10. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн байх боловч гэрээ хуульд заасан шаардлагыг хангаагүй хүчин төгөлдөр бус байна.

 

11. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ, 318.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ, 318.4-т Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заасан.

 

12. Зохигчийн хооронд байгуулагдсан 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №Т/1 тоот Зоорины барилга түрээслэх, түрээслүүлэх гэрээгээр нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн  дугаарт бүртгэлтэй, хаягт байршилтай 764,7 м.кв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь хариуцагч ******* ******* ХХК-д түрээслүүлэхээр харилцан тохиролцож бичгээр гэрээ байгуулсан байх боловч гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д заасан шаардлагыг хангаагүй байна.

 

13. Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-д зааснаар гэрээ хүчин төгөлдөр бус байх тул нэхэмжлэгч нь гэрээний дагуу түрээсийн төлбөр, алданги шаардах эрхгүй.

 

14. Хариуцагч ******* ******* ХХК нь 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл эд хөрөнгийг ашигласан эсэх үйл баримтад маргаагүй бөгөөд тухайн цаг хугацаанд эд хөрөнгийг ашиглаж, үр шимийг хүртэж байсан тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар эд хөрөнгөө ашиглуулсан хугацаанд олох байсан орлогоо шаардах эрхтэй гэж үзлээ.

 

15. Тодруулбал, бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан этгээдээс буцаан шаардах шаардлагад олох ёстой байсан орлого, үр шим хамаарах бөгөөд буцааж өгөх боломжгүй бол үнийг төлөх үүрэг Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6-д зааснаар үүснэ.

 

16. Нэхэмжлэгч нь хариуцагчийг 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл нийт 6 сар 11 хоногийн түрээсийн төлбөр төлөх үүрэгтэй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон боловч хариуцагч нь 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс хойш агуулахыг ашигласан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

17. Учир нь, талуудын хооронд 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн түрээсийн төлбөр төлөөгүйтэй холбоотой маргаан үүсэж, түрээслэгч талын ажилтны тээврийн хэрэгслийг барьцаа болгож нэхэмжлэгч эзэмшилдээ авсан, үүний улмаас цагдаад гомдол гаргасан үйл баримт Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоолоор тогтоогдож байх бөгөөд мөн цахилгааны төлбөр төлөөгүйгээс 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хязгаарлалт хийсэн талаар нэхэмжлэгч тайлбар гаргасан.

 

18. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар зоорийг ашигласан хугацааны төлбөрт 20,000,000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй гэж үзлээ. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл зоорийг ашигласан төлбөрт 20,000,000 төгрөг төлөх үүрэгтэй байх бөгөөд үүнээс түүний төлсөн 9,500,000 төгрөгийг хасаж, үлдэх 10,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байх тул түрээсийн гэрээний үндсэн төлбөрт нэхэмжилсэн 22,000,000 төгрөгөөс 10,500,000 төгрөгийг хангаж, үлдэх 11,500,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

19. Нэхэмжлэгч нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүртэлх хугацааны цахилгааны төлбөрт нийт 4,251,215 төгрөг шаардсан боловч 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс хойш зоорийг ашигласан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, харин хариуцагч нь 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл гарсан 1,835,794 төгрөгийн цахилгааны төлбөрийг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

20. Иймд цахилгааны төлбөрт нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаас 1,835,794 төгрөгийг хангаж, үлдэх 2,415,421 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

21. Гэрээ хүчин төгөлдөр бус байх тул гэрээний нэмэлт үүрэг буюу алданги шаардах үндэслэлгүй. Иймд алданги 10,342,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангахгүй орхино.

 

22. Нэхэмжлэгч нь агуулахыг өөрийн эзэмшилд авсан үндэслэлээр зоорийг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

23. Дээр дурдсан үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлага 36,593,215 төгрөгөөс 12,335,794 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдэх 24,257,421 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

24. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

25. Хариуцагчаас А.******* нь 63 тонн буюу 1000 гаруй шуудай байцааг барьцаалж авч үлдсэн бөгөөд манай ажилчдыг зоорь руу нэвтрүүлэхгүй байснаас болж үлдсэн байцаа бүгд ялзарч муудсан байсан гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж, нэг кг байцааг 1000 төгрөгөөр тооцож нийт 63,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

26. Үзлэгийн тэмдэглэлээр агуулахад шуудаатай байцаа муудаж ялзарсан гэх нөхцөл байдал илэрсэн хэдий ч тухайн байцааг нэхэмжлэгч саатуулан авч үлдсэн, улмаар агуулах руу хариуцагчийг нэвтрүүлээгүй буюу үлдэгдэл байцааг авах боломж олгоогүй гэж үзэх үйл баримт хэргийн баримт, талуудын тайлбараар тогтоогдохгүй байна.

 

27. Мөн хариуцагчийн тайлбараас үзвэл өмнө 75 тонн байцаа ялзарч муудсан гэх бөгөөд уг 75 тонн байцаа нь агуулахад үлдээсэн байцаа эсэх тодорхойгүй буюу агуулахад үлдсэн байцаанууд ашиглагдах боломжтой чанар байдлын хувьд хэвийн байсан бөгөөд нийт 63 тонн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар нотлогдоогүй, энэхүү сөрөг нэхэмжлэлээ хариуцагч баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

28. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч нь агуулахад хадгалуулсан байцааг муутгасан гэж тайлбар гаргасан ч тэдгээрийн хооронд хадгалалтын гэрээний харилцаа үүсээгүй бөгөөд Түрээсийн гэрээний 4.5 дахь хэсэгт зооринд хадгалж байгаа ногооны чанар болон хадгалах горимыг түрээслэгч тал бүрэн хариуцах талаар тусгасан байна.

 

29. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК-иас 12,335,794 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.*******од олгож, 24,257,421 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.*******оос 63,140,127 төгрөг гаргуулах тухай хариуцагч ******* ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан гаргасан зоорины агуулахыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан нэхэмжлэгч А.*******ын татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 412,490 төгрөг, хариуцагчаас төлсөн 473,650 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 212,322 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БАТХУЯГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүхийн шийдвэр: 191/ШШ2025/06957