Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2018/ШЦТ/57

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч Н.О нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б. овогт Н.О-д холбогдох эрүүгийн 1817001140048 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 06 дугаар сарын 06-нд Төв аймгийн Баянжаргалан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, экскаваторын оператор, засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 2 дугаар баг Радиорелейний байрны......... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй гэх Б. овгийн Н.О /РД:............../

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Н.О нь согтуугаар 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, Хадаа авто засварын газрын орчим иргэн Г.М-той маргалдан түүний нүүрэн тус газарт нь мөргөж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Н.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Хадаа авто засварын газрын орчим хохирогч Г.М-той маргалдан түүний нүүрэн тус газарт нь мөргөж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Н.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

 

1.2. Шүүгдэгч Н.О мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр би Дорноговь аймгийн Айраг сумаас аавындаа ирсэн найз Э-ын гэрт нь байхад М утсаар яриад танайд байна чи хаана байна гэхээр нь би Э-ын хамт өөрийн машинтай гэртээ ирэхэд М гэрээс гарч ирсэн. М машинд орж ирээд чи дээр архи ууя гээд байсан билүү гэхэд нь би өнөөдөр архи зардаггүй өдөр олдохгүй байхаа гэхэд М Дрийм ресторан орж ажил дээрээ очоод нэг шил Титэм архи ундаатай аваад гарч ирсэн. Тухайн үед М Дриймд жолоочоор ажиллаж байсан юм. Тэгээд бид гурав төв эмийн сангийн хойно зогсож байгаад архиа уусан. Э-ын хоолой түлэгдэлттэй тул архинаас уугаагүй учир машин барьсан. М бид хоёр дахиад нэг шил архи уухаар болж би найзынхаа архийг уусан болохоор гээд 15000 төгрөг гаргаад Э архи зардаг айлаас /Төмөр замын 75-р байрнаас/ шагийн нэг шил 0,5 граммын “Ерөөл” архи авсан. Тэгээд архиа уг байрны гадаа зогсож байгаад машин дотор М-той хувааж уусан. М найз нартайгаа уулзана дэнж оръё гээд бид гурав машинтай Чандмань дэлгүүрийн урд гудамжаар орж яваад нэг айлын гадаа очиж зогсоод М хоёр залуутай машинаас бууж уулзчихаад буцаад явсан. Тэгтэл М хоёрын хооронд ингэж архи уудаггүй юм, уувал уусан шиг уумаар байна гээд над руу хашгираад байсан. Тэгээд Хадаагийн дугуй засварын урд талд би Э-ыг машинаа зогсоо гэж хэлээд зогсоосон. Тэгээд би М-ийг хоёулаа буугаад уулзъя гээд бид хоёр машинаас буусан. Би М-оо чи аархаад байгаа юм уу хаашаа юм бэ ингэж согтож болохгүй шүү чи надад ингэж илүүрхэж болохгүй шүү гээд хоорондоо заамдалцаж автал М намайг хавираад газар унагахаар нь би босоод хүүр лүү нь мөргөсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/

 

1.3. Хохирогч Г.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2018 оны 04 дүгээр сарын 26-ний өдрийн 18 цагийн орчим Боржигон чуулгаас баруун урагш байдаг танил О-ын гэрт нь иртэл О гэртээ байхгүй байсан. Тэнд би О-ын ахын гэрт нь ороод утсаа цэнэглээд байж байтал О миний утас руу залгаад хаана байна гэхээр нь танайд байна гэсэн. Тэгээд О машинтайгаа ирээд бид хоёр уулзсан. Тэгээд О ангийнхаа нэг найзтай явсан надаас архи уумаар байна гэхээр нь би чамаар хүргүүлье гэсэн. Тэдний гаднаас Хонхор луу яваад би нэг шил архи, ундаа, авч өгсөн. Тэгээд бид гурав төв эмийн сангийн хажууд машиндаа архиа бид хоёр хувааж уусан. О-ын найз нь архинаас уугаагүй. Тэгээд О би одоо нэг шил архи авна гээд нэг шил архи авсан. Тэр архинаас нь би нэг хундгыг уусан. Тэгээд бид гурав Хас дэлгүүрийн хажуу байранд очсон. Тэнд би найз Б-той уулзаад зогсож байтал О машинаас бууж ирээд Бо-йн хажууд байсан хүмүүстэй маргалдах гээд байхаар нь би явъя гээд машинд нь суулгаад хөдөлсөн. Тэгтэл О чи яасан том пизда бэ буугаад ир чамтай зодолдоно гэхээр би бие муутай чамтай зодолдохгүй, чи надад уурлаад яах вэ гэтэл буугаад ир гээд байсан. Тэгээд намайг машинаас буутал намайг боож, шууд нүүр лүү заамдаж байгаад мөргөсөн. Мөн өглөө босоход хүзүү хөндүүр, баруун нүд юм харахгүй тагларсан байсан. Би тэндээс яаж явснаа мэдэхгүй. Рэгцэгийн 1-13 тоотод танил ах Ө-ынд очиж хоносон байсан. Урьдын ямар нэгэн таагүй харилцаа байхгүй. Хоорондоо таарахаараа мэнд устай явдаг. Тэгтлээ найзалж нөхөрлөсөн улс биш сайн танил юм. Оч-н найз нь машинаас бууж намайг салгаж авсан. Өөр хүн байгаагүй. Намайг О зодож байхыг манай ажлын залуу Х тэр хавиар явж байгаад харсан байсан. Тэгээд намайг авахаар очих гээд явтал би салаад тэр чигээрээ гүйгээд явчихаар нь орхисон байсан. О-д би гар хүрч зодсон цохисон зүйл байхгүй. Баруун нүд хөхөрч тагларсан байсныг 4 сарын 28-ны өдөр эмнэлэг дээр ирж зүсэлт хийж хурсан цусыг нь авхуулсан. Би урьд нь тархи толгойн хавдартай байсан. Сүүлд 2018 оны 01 сарын 26-нд тархиндаа гуурс суулгасан, эмнэлгийн хяналтад группт байдаг юм... гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/

 

1.4. Гэрч Д.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

2018 оны 04 сарын 25-ны өдөр би Дорноговь аймгийн айраг сумаас Чойрт аавындаа ирсэн байхад найз О манай гэрт ирээд бид хоёр гадаа юм яриад байж байтал О М манайд ирчихсэн байна хоёулаа ханиндаа очоод ирье гэснээр бид хоёр О-ын машинтай гэрт нь ирэхэд М гэрээс нь гарч ирсэн. Тэгээд М машинд нь орж ирээд О-аас чи дээр ууя гээд байсан билүү гэхэд О өнөөдөр архи зардаггүй өдөр архи олдохгүй байхаа гэхэд Мажил дээрээ очоод нэг шил Титэм архи ундаатай аваад гарч ирсэн. Тэгээд тэр хоёр төв эмийн сангийн хойно зогсож байгаад архиа уусан. Миний хоолой түлэгдэлтэй тул би архи спиртийн төрлийн идээ ундаа хэрэглэдэггүй учир машин барьсан. Тэр хоёр дахиад нэг шил архи уумаар байна яах вэ гээд байж байгаад О мөнгө гаргаад би архи зардаг айлаас /төмөр замын 75-р байрнаас/ шагийн нэг шил архи авсан тэгээд тэр хоёр байрны гадаа зогсож байгаад машин дотор архиа хувааж уусан. Тэгж байтал М хүнтэй уулзана дэнж оръё гээд бид гурав машинтай Чандмань дэлгүүрийн урд гудамжаар орж яваад нэг айлын гадаа хоёр залуутай уулзчихаад буцаад явсан. Тэгэхэд машин дотор тал шил архи байсан. М хоёрын хооронд ингэж уудаггүй юм. Уувал уусан шиг уумаар байна гээд О бид хоёр луу хашгираад байсан тэгээд Хадаагийн дугуй засварын урд талд О намайг машинаа зогсоо гэхээр нь би машинаа зогсоосон. Тэгээд О М-ийг хоёулаа буугаад уулзаадахъя гээд тэр хоёр машинаас буусан. О М-оо чи аархаад байгаа юм уу хаашаа юм бээ ингэж согтож болохгүй шүү гэтэл М эхлээд О-ыг хавираад унагаасан О босож ирээд М-ийн нүүр лүү нь мөргөсөн. Тэгэхээр нь би машинаас буугаад тэр хоёрыг салгасан. М тэрүүгээр нэг орилоод ээж ах нар луугаа залгаад намайг хүн зодчихлоо цагдаа дууд О-аа би чамд гай болно гэж хашгирч байгаад тайвшраад машинд орж суусан. О М-оос уучлал гуйгаад өмсөж явсан подволкоо тайлж М-д өмсүүлсэн. Учир тэр хоёр зууралдах үедээ М-ийн подволкийг нь урчихсан байсан юм. Тэр хоёр машинаас буугаад заамдалцсан байхад О нэг удаа л М-ийн нүүр лүү нь мөргөснөөс өөр цохиж зодсон зүйлгүй. М эхлээд О-ыг хавирч унагаасан юм. Надаас өөр хүн байгаагүй согтоцгоосон байсан. Би хас дэлгүүрээс орж ундаа авсан. Тэгэхэд энэ хоёр буугаад шээж байснаас тэнд хэн нэгэнтэй муудаж маргасан зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дугаар хуудас/

 

1.5. Гэрч Б.Ө мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

 М-ийг танина нэг нутгийн хүмүүс, садан төрлийн холбоо барихгүй. Тухайн өдөр би урлагийн наадмын бэлтгэл ажил хийгээд Боржигон чуулга дээр байхад эхнэр утсаар М хүнд зодуулсан байдалтай согтуу ирээд унтаад өглөө гэсэн. Би шөнө 03 цагийн үед гэртээ ирсэн. Өглөө босоход М-ийн нүүр ам нь хавдсан байхаар нь хэнд зодуулсан гэж асуухад юм хэлээгүй гараад явсан. М хувцастайгаа газар унтаад боссон учир ил харагдах баруун нүд хэсэг нь хавдартай хөхөрсөн харагдаж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/

 

1.6. Шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 10-ний өдрийн 171 дугаартай дүгнэлтэд:

- Н.О-ын биед хуучин зүүн шилбэний гадна хавчаарын хугарал гэмтэл, уг хугарлыг бэхэлсэн хадаас /шруп/ хугарсан нь тогтоогдлоо. Харин шинээр үүссэн гэмтэл тогтоогдсонгүй.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Зүүн шилбэний хуучин хугарлыг бэхэлсэн хадаас хугарсан тул гэмтлийн зэрэг тогтоохгүй.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

- Дээрх хадаас хэзээ хугарсныг нарийвчлан тогтоох боломжгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 30 дугаар хуудас/

 

1.7. Шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 162 дугаартай дүгнэлтэд:

- Г.М-ийн баруун нүдний дээд доод зовхинд, салстад, баруун хацарт, хамрын нуруунд цус хуралт гэмтэл учирчээ.

- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Уг гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 34 дүгээр хуудас/

 

Прокурорын яллах дүгнэлтэнд болон хохирогч Г.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээр уг гэмт хэрэг нь 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр үйлдэгдсэн гэх боловч гэрч Д.Э, шүүгдэгч Н.О-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлгээр 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гарсан болох нь тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Н.О-ын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг прокурорын яллах дүгнэлтэд зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Шүүгдэгч Н.Очирбат нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч Н.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч Н.О-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

2.1. Гэрч П.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

О нь миний дээрээсээ хоёр дахь хүүхэд байгаа юм. Архи байнга хэрэглээд байдаггүй. Зан төлөвийн хувьд дуугүй даруухан хүнтэй нэг их юм яриад, гадуур яваад байдаггүй  хүн. Ганц нэг л найз нөхөд байдаг. Очирбат биеийн хувьд Өмнөговь аймагт ажиллаж байгаад хөлийнхөө шөрмөсийг тасалж гэмтээсэн учир бие их муутай хүн байгаа юм. Ажил олж хийх гэхээр хөл дээрээ удаан зогсож чаддаггүй учир ажил олдохгүй байгаа юм. Ер нь гадуур дотуур тэнээд яваад байдаггүй хүүхэд... гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/

 

2.2. Гэрч П.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Очирбат нь миний эмэгтэй дүү Н-ын хүүхэд байгаа юм. Архи хэрэглээд байдаггүй би согтуу байхыг нь ерөөсөө хараагүй. Манай гэрт нэг хэсэг хамт амьдарсан, зан төлөвийн хувьд дуугүй даруухан хүнтэй нэг их юм яриад, гадуур тэнээд яваад байдаггүй хүн. Ганц нэг л найз нөхөд байдаг. Миний үгнээс ерөөсөө гарч байгаагүй даруухан хүүхэд байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/

 

            2.3. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Н.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

            Иймд шүүгдэгч Н.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.

 

Шүүгдэгч Н.О- нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдлээ.

 

            Шүүгдэгч Н.О- нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигин овгийн Н.О-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Н.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч Н.О нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

5. Шүүгдэгч Н.О нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.ЭНХМАНДАХ