| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Сосорбарам |
| Хэргийн индекс | 2238000000514 |
| Дугаар | 2025/ДШМ/47 |
| Огноо | 2024-09-24 |
| Зүйл хэсэг | 10.1.2.8., |
| Улсын яллагч | Б.Ү |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 2025/ДШМ/47
2025 09 24 2025/ДШМ/47
Ө.Тэд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, шүүгч Н.Баярхүү, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор: Б.Үүрийнтуяа,
Шүүгдэгч: Ө.Т,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Манлайбаяр,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Б.Б,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Ж.Энхжаргал /цахим/, Б.Амаржаргал,
Нарийн бичгийн дарга: Ц.Баасанжав нарыг оролцуулан
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/193 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ө.Т, түүний өмгөөлөгч Б.Манлайбаярын нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Ө.Тэд холбогдох 000 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Өовогт Өын Т, 00 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 0 дугаар баг 00 тоотод оршин суух бүртгэлтэй, Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 000 оны 00 дугаар сарын 00-ны өдрийн 00 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 00 жилийн хугацаагаар чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж, 00 оны 0 дугаар сарын 00-ний өдөр 0 жил 0 сар 00 хоногтой тэнсэн суллагдсан /регистрийн дугаар 00/.
Ө.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 00 оны 0 дугаар сарын 00-ны өдрөөс 00-ны өдрийн хооронд Хөвсгөл аймгийн Ч сумын 0 дүгээр багт Б.Д-ыг 0 настай охин болох Г.Бгийн дэргэд онц харгис хэрцгийгээр зодож, олон тооны шарх үүсгэж, тарчлаан зовоож амь насыг нь хохироож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх шинжтэйгээр “Хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/193 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Өовогт Өын Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад заасан хүнийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад зааснаар шүүгдэгч Өын Тийг 19 (арван ес) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Өын Тид оногдуулсан 19 (арван ес) жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Тийн цагдан хоригдсон 571 (таван зуун далан нэг) хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 500 дугаар зүйлийн 500.1, 500.5, 500 дүгээр зүйлийн 500.4, 500.5 дахь хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Ө.Тээс эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 4,978,000 (дөрвөн сая есөн зуун далан найман мянга) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 000 дугаартай дансанд олгож, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бийн нэхэмжлэлээс 33,945,065 (гучин гурван сая есөн зуун дөчин таван мянга жаран тав) төгрөгийг шүүгдэгч Ө.Тээс гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бэд олгож, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол болон сэтгэл санааны хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн автомашины урд талын суудлын бүрээс тус бүр нэг ширхэг, нийт 2 ширхэг бүрээс (цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон) суудлын дэрний бүрээс 2 ширхэг (цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон), жолооч талын суудлын дэр 1 ширхэг (цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон), жолооны хүрдний дээд талын нарны хаалт 1 ширхэг (цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон), бариулгүй төмөр хутга 1 ширхэг, 225/60R17 хэмжээтэй, хоёр хэсэг газарт зах ирмэг тэгш бус цооролттой дугуй 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн мөрийн баримт устгах комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Д.Сонинбаярт даалгаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ө.Т, түүний өмгөөлөгч Б.Манлайбаяр нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “ Миний бие Ө.Т нь Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/193 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад зааснаар 00 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд зөрчигдөж буй эрх, хууль ёсны ашиг сонирхолдоо нийцүүлэн, эрх зүйн байдалд минь ноцтой хохирол бүхий байдлыг үүсгэж буй дээрх шийдвэрт өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхийн дагуу өөрийн сонгон авсан өмгөөлөгч Б.Манлайбаярын хамтаар дараах үндэслэлүүдээр давж заалдах гомдол гаргаж байгаа болно.Үүнд:
1.Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “...уг гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал болох “онц харгис хэрцгийгээр’’ гэдэгт “хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон, хохирогчийг ойр дотных нь хүмүүсийнх нь дэргэд алж, тэдгээрийг сэтгэл санааны хувьд хүндээр шаналгасан буюу амь хохирогч Б.Дын төрсөн хүүхэд болох бага насны Г.Бгийн дэргэд алсан байна...” гэх хавтаст хэрэгт авагдсан үйл баримтаар хангалттай нотлогдон тогтоогдоогүй үйл баримтыг дурдсан нь энэхүү шийдвэрийн хууль ёсны байх шинжийг үгүйсгэнэ.
... Амь хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүссэн болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байгаа боловч дээрх гэмтлийг Ө.Т миний бие онц харгис хэрцгий аргаар учруулсан болох нь тогтоогдоогүй. Зөвхөн хохирогчид олон тооны шарх гэмтэл учирсан гэдэг үндэслэлээр хэргийг хүндрүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.
Мөн Ө.Т миний согтуурлын зэргийг хэрэг учрал болсны дараа огт аваагүй байж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэж хийсвэр агуулгаар дүгнэлт өгч байгаа нь ойлгомжгүй бөгөөд надад талийгаачийг шаналган зовоох, үхэлд хүргэх зорилго огт байгаагүй.
Харин ч хийсэн үйлдэлдээ харамсан гэмшиж, эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй өгөхийг эрмэлзэж байсан болно. Харамсалтай нь эмнэлгийн байгууллага хариуцлагагүй хандаж, цаг хугацаа алдсанаас шалтгаалж хүний амь нас хохирсон.
Миний хувьд харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж санаатайгаар уг хэргийг үйлдээгүй бөгөөд урьд талийгаачид огт гар хүрч, хүчирхийллийн шинжтэй үйлдэл хийж байгаагүй зэргийг бодитой тогтоож чадаагүйд гомдолтой байна.
...Хохирогч Б.Бийн 00оны 7 дугаар сарын 21-ний өдөр өгсөн: “...00оны 7 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод уулзсан. Тэгэхэд талийгаач маань “Би Т гэх залуугийн хамт Хөвсгөл явах гэж байгаа...мод бэлтгэлийн ажилтай” гэж тоймтой юм ярьсан...Сүүлийн үед Т гэх залуутай хамтран амьдарч гэр бүл болох талаар өөрөө бол ярьж байсан. Харин ах дүү нарын зүгээс зөвшөөрсөн зүйл байхгүй байсан... ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 45-р тал/,
Гэрч Ө.Баасанжавын 00 оны 7 дугаар сарын 19-ний өдөр өгсөн: “...Ө.Т ах маань...М гэх эмэгтэйтэй сууж, дүндаасаа нэг охинтой...Ө.Т ах Хөвсгөл аймгийн Чсумын 4 дүгээр багт хөрөө рам ажиллуулж, сүүлийн хэдэн сар тэндээ ганцаараа байгаад байгаа. ...Мөрөнд ирэхээрээ...14 дүгээр багт байдаг М эгчийн ээжийнх нь гэрээр орж, гараад байдаг...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 62-63-р тал/,
Насанд хүрээгүй гэрч Г.Бгийн 00оны 7 дугаар сарын 21-ний өдөр өгсөн: “...Ээжийн машинаар, Т ах бид гурав....Т ахын гэр лүү бид гурав явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 68-р тал/,
Гэрч Б.Мгийн 00оны 7 дугаар сарын 21-ний өдөр өгсөн: “...Ө.Т гэх хүн бол миний эгч Б.Дтай хамт амьдрах гээд байгаа хүн гэдгээр таньж эхэлж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 71-р тал/,
Гэрч Ө.Бийн 00оны 7 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: “...Ө.Т Хөвсгөл аймгийн Чсуманд хөрөө рам ажиллуулж, М гэх эмэгтэйтэй амьдарч байсан... Ө.Т Мөрөн суманд ирэхээрээ... Мийн гэрээр буюу 00-р хороонд очдог...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 75-р тал/,
Гэрч З.Дын 00оны 7 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: “...Манай багийн иргэн Өын Т нь...Хөвсгөл аймгийн Чсумын 0 дүгээр баг, Э хороололд ганцаараа амьдардаг...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 91-р тал/,
Гэрч С.Мийн 00оны 10 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: “...нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг....Ө.Т нь миний албан ёсны нөхөр юм...” /1-р хх-ийн 133-р тал/ гэх зэрэг мэдүүлгээр Ө.Т миний амь хохирогчтой гэр бүлийн харилцаатай биш, харин эр эмийн харилцаатай буюу “нууц амраг”-ын харилцаатай байсан нь нотлогдон тогтоогдож байхад юуны учир ийнхүү үндэслэлгүй нөхцөл байдлаар хүндрүүлэн зүйлчилснийг ойлгохгүй байна.
Иймд мөрдөгч, прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох хуульд заасан үүргээ хангалтгүй хэрэгжүүлснээс шалтгаалан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэх шударга ёсны зарчим алдагдах нөхцлийг бүрдүүлсэн байгааг онцгой анхаарч өгөхийг хүсье.
2.Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн
Ө.Т намайг “хүний алах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэх боловч намайг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 00.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх нөхцөл байдал байгааг анхан шатны шүүх анзаарсангүй.
Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар хэргийн нотолбол зохих байдлууд хангалттай тогтоогдоогүй, нотолбол зохих гэмт хэргийн сэдэлт зорилго нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан хүнийг алах гэмт хэргийн шинжтэй тохирохгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр” -ийг мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотлон тогтоогоогүй байгааг анзааралгүй орхигдуулсан.
...Мөн шинжээч эмч М.Бийн мэдүүлэгт “амь” хохирогчийн биед учирсан хэвлийн битүү гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэж дурдсан байгааг нотлох баримтын хэмжээнд үнэлж, хэргийн бодит байдлыг тал бүрээс нь нягтлах зайлшгүй шаардлагатай байсан. ... Тухайн үйл явдал 00оны 07 дугаар сарын 17-ны орой болсон ба хохирогч 00оны 00 дугаар сарын 00-ны өдөр нас барсан баримт бий.
Өөрөөр хэлбэл 3 хоногийн хугацаанд сумын эмнэлгийн эмч Б хэвлийн битүү гэмтэл байх магадлалтайг мэдсэн атлаа яаралтай тусламж үзүүлээгүй.
...Хэрэв яаралтай эмнэлгийн тусламж үзүүлсэн бол талийгаачийн амь насыг аварч, надад холбогдох хэргийн гэм буруугийн асуудал үнэн зөвөөр шийдвэрлэгдэх боломжтой байсан гэж үзэж байна.
Миний хувьд амь хохирогчид тусламж үзүүлэх, Аймгийн нэгдсэн эмнэлэг рүү хүргэх, шаардлагатай эм тариа авч өгөх, тусламж үзүүлсэн зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог.
Иймд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх нөхцөл бүрдсэн байгааг нягталж өгнө үү.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж хуульчилсан бөгөөд тус хавтаст хэргийн материалыг бүхэлд нь уншиж, судлан үзэхэд хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан, нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх журмыг зөрчсөн зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчлүүд байгааг анзааралгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг үгүйсгэж байна.
Дээрх хуулийг ноцтой зөрчсөн зөрчлүүдийг Давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцохдоо нэг бүрчлэн өмгөөлөгчийн хамтаар тайлбарлан, мэтгэлцэх болно.
Иймд Ө.Т надад холбогдох хэргийг давж заалдах гомдлын хэмжээнд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэх зохицуулалтад нийцүүлэн шүүгдэгч миний эрх зүйн байдалд нийцэл бүхий шийдвэр гаргаж, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/193 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Ө.С, Ч.Э, Б.Ц нарын 00оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1021 дугаартай дүгнэлтэд “...00оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 158 дугаартай дүгнэлтийн 5-р хавсралтаас бусад нь үндэслэлтэй байна.2.Амь хохирогчид нарийн гэдэсний чацархай урагдал, цочмог цус алдалт, зүүн нүдний дээд зовхи, баруун шанаа, баруун бугалга шуу, зүүн бугалга шуу, зүүн сарвуу, баруун шилбэ сарвууны цус хуралт, зулай болон баруун шилбэний шарх, хамар баруун сарвууны зулгаралт гэмтлүүд учирсан байна. Эдгээр гэмтлүүд мохоо болон ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. Хуйх болон баруун шилбэний шарх зүүн сарвуу, баруун шилбэ сарвууны цус харвалт, хамар, баруун сарвууны зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэг, нарийн гэдэсний чацархайн урагдал, цочмог цус алдалт нь үхэлд хүргэгджээ. Амь хохирогч нь шүүх эмнэлгийн задлан шинжилгээ орохоос 24 ба түүнээс дээш цагийн өмнө нас барсан байна. Гэмтэл авсан даруйд эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амь нас авагдах боломжтой...” гэх дүгнэлт хавтаст хэрэгт авагдсан.
УДШ-ийн 2017.01.30-ны өдрийн №23 дугаартай тогтоолд “... онц харгис хэрцгийгээр гэдэгт хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгож, гэмт этгээд өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар үйлдсэн байдаг...” гэж тогтоолоор тайлбарласан.
УДШ-ийн 2018.12.19-ний өдрийн №564 дугаартай тогтоолд “... Хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэдэгт зөвхөн хохирогчид олон тооны шарх гэмтэл, учруулсан нөхцөл байдлыг дангаар ойлгохгүй бөгөөд гэмт этгээд уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчийг тарчлааж, зовж шаналгаж үхэлд хүргэх зорилго бүхий хүсэл зоригийн элементийг зайлшгүй давхар харгалзан үзэх бөгөөд эдгээр хоёр нөхцөл байдлыг гэрчилсэн нөхцөл байдлыг гэрчилсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байх ёстой...” гэж мөн тогтоолоор тайлбарласан. Энэ нь Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 00оны 00 дугаар сарын 05-ны өдрийн 158 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Ө.С, Ч.Э, Б.Ц нарын 00оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1021 дугаартай дүгнэлт, гэрч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн З.1.1.эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд, 3.1.2.тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү нарыг хуулийн зүйлчлэлд хамаарах этгээдүүд гэж тодорхойлсон.
Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4.“гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг гэж хуульчилсан. Эдгээрээс үзэхэд гэр бүлийн хүчирхийлэл гэж хамт амьдарч буй эсвэл хамтын амьдралтай байсан, ойрын төрөл, садан хүмүүсийн хооронд үүссэн байнгын шинжтэй бие махбод, сэтгэл санаанд суурилсан харилцааг тодорхойлсон гэж үзнэ. Дээрх харилцааны явцад хүний амь насыг санаатай хөнөөсөн тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.8 зааснаар зүйлчилнэ гэж /УДШ-ийн 2019.09.30-ны өдрийн тогтоолоор тайлбарласан байна/ Энэ нь Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 00оны 00 дугаар сарын 05-ны өдрийн 158 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Ө.С, Ч.Э, Б.Ц нарын 00оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1021 дугаартай дүгнэлт, бага насны хүүхдийн гэрчийн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ХШТ/88 дугаартай тогтоолд “... хүний онц харгис хэрцгийгээр алах гэдэгт хохирогчийг алахын өмнө буюу алах явцдаа олон тооны шарх гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдэрхээр байдал бий болгосон, ийм үйлчилгээ үзүүлэх бодис зориуд хэрэглэсэн, түүнчлэн өлсгөж, цангаасан, осгоосон, хөлдөөсөн, амьдаар нь шатаан түлсэн, хайрсан, ойр дотны хүмүүсийнх нь дэргэд алж, тэдгээрийг сэтгэл санааны хувьд хүндээр шаналгасан зэргийг хамааруулан үздэг билээ. Хавтаст хэрэгт авагдсан насанд хүрээгүй гэрч Г.Бгийн мэдүүлэг... Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Ө.С, Ч.Э, Б.Ц нарын 00оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1021 дугаартай дүгнэлтэд “...нарийн гэдэсний чацархай урагдал, цочмог цус алдалт, зүүн нүдний дээд зовхи, баруун шанаа, баруун бугалга шуу, зүүн бугалга шуу, зүүн сарвуу, баруун шилбэ сарвууны цус хуралт, зулай болон баруун шилбэний шарх, хамар баруун сарвууны зулгаралт гэмтлүүд учирсан байна. Эдгээр гэмтлүүд мохоо болон ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэж тус тус тусгасан шүүхийн шийдвэрт ноцтой нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг хоёр шатны шүүх анхаараагүй гэж...Шүүгдэгч Ө.Т, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б, гэрч Б.М нарын мэдүүлэг Ө.Т, Б.Д нар 2021 оноос хайр сэтгэл, эр эмийн харилцаатай болсон, хамтран амьдарч байсан талаар мэдүүлсэн байхад хоёр шатны шүүх гэмт хэрэг гарах үед шүүгдэгч амь хохирогч нар гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байсан гэж үзэхүйц нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй нь буруу гэж ...” гэж Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 00-ны өдрийн 2024/ШЦТ/00 дугаартай шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ДШМ/21 дугаартай магадлалыг хүчингүй болгож байсан.
...Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/193 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхино уу.” гэжээ.
Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...шүүгдэгчид оногдуулсан ял нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан ялын хэмжээг багасгаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгчид оногдуулсан ялыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Ж.Энхжаргал, Б.Амаржаргал нар шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
2.Шүүгдэгч Ө.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 00оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Чсумын 0 дүгээр багт Б.Дтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож биед нь нарийн гэдэс, нарийн гэдэсний чацархайн урагдал, хэвлийн хөндийн шингэн хуралт, зулай, баруун шилбэнд шарх, хамар, баруун сарвуунд зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, баруун шанаа, баруун бугалга шуу, зүүн бугалга шуу, зүүн сарвуу, баруун шилбэ, сарвуунд цус хуралт бүхий хүнд гэмтэл учруулж хүнийг санаатай алсан гэмт хэрэгт холбогдож, Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
3.Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ө.Тийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоосон нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтуудад заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан, хэргийн зүйлчлэлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
4.Шүүгдэгч Ө.Т нь бага насны хүүхдийнх нь дэргэд хохирогчийг зодож, биед нь олон тооны шарх, гэмтлүүд үүсгэж, тарчлаан зовоосон нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул түүний үйлдлийг “Хүнийг алах” гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох “онц харгис хэрцгийгээр” үйлдсэн гэж зүйлчилсэн нь үндэслэлтэй гэж үзнэ.
Учир нь “Хүнийг алах” гэмт хэргийг “онц харгис хэрцгийгээр” үйлдсэн гэж үзэх үндэслэлд хохирогчийг алахын өмнө болон алах явцдаа олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчлаан зовоосон, сэтгэл зүйн хүнд шаналал бий болгох зорилгоор зориуд ойр дотны хүмүүсийн дэргэд алсан зэрэг нөхцөл байдлыг хамруулдаг.
Амь хохирогчийн биед нарийн гэдэс, нарийн гэдэсний чацархайн урагдал, хэвлийн хөндийн шингэн хуралт, зулай, баруун шилбэнд шарх, хамар, баруун сарвуунд зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, баруун шанаа, баруун бугалга шуу, зүүн бугалга шуу, зүүн сарвуу, баруун шилбэ, сарвуунд цус хуралт бүхий гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн нь Хөвсгөл аймгийн шүүхийн шинжилгээний албаны 00 оны 00 дугаар сарын 05-ны өдрийн 158 дугаар дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 00оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1021 дүгээр дүгнэлт, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчдийн 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 312 дугаар дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчид гаргасан байх ба хохирогчийн биед цохих, өшиглөх, дэвсэх зэрэг мохоо зүйлийн үйлчлэлээр олон тооны гэмтэл учирсан, хохирогч нарийн гэдэсний чацархайн урагдал, цочмог цус алдалтын улмаас нас барсныг тогтоосон байна.
5.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг, мөн зүйлийн 5.1.6-д “хамтран амьдрагч” гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг тус тус ойлгохоор заасан.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл”-ийг мөн хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд (...хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан) энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хамааруулахаар зохицуулсан.
Шүүгдэгч, хохирогч нар нь тогтмол нэг хаягт хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан нь гэрч Б.Б, Б.М, насанд хүрээгүй гэрч Г.Б нарын мэдүүлэг болон хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон.
Түүнчлэн шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын “...хохирогчтой эр эмийн харилцаатай буюу нууц амраг”-ын харилцаатай байсан гэх гомдол, тайлбар нь Ө.Тийн хохирогчтой “хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан” байдлыг нотолж буйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ө.Т нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явцдаа хохирогчийн биед олон тооны гэмтэл, шарх, нарийн гэдэсний чацархайн урагдал бүхий хүнд гэмтэл учруулсны улмаас цочмог цус алдалтаар хохирогч амь нас хохирсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэмт хэргийн үндсэн шинжид хамаарах тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
6.Шүүгдэгч Ө.Т нь амь хохирогчийн үхлийг шууд хүсээгүй боловч хохирогчийн амь нас хохирох нөхцөл байдлыг үйлдлээрээ бий болгож, уг үр дагаварт зориуд хүргэснээр түүний биед учирсан нарийн гэдэсний чацархайн урагдал, олон тооны гэмтлүүд нь хохирогчийг тухайн цаг хугацаанд үхэлд хүргээгүй ч дээрх гэмтлийн улмаас хохирогч цочмог цус алдалтаар амь насаа алджээ. Хохирогч гэмтлийн хүндрэлийн улмаас нас барсан нь хүнийг алах гэмт хэргийн шалтгаант холбоо тогтоогдсон гэж дүгнэх үндэслэл болно.
Иймд хохирогч тухайн цаг хугацаанд бус тодорхой хугацааны дараа нас барсан нь шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 00.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх үндэслэл болохгүй.
7.Мөн эмнэлгийн байгууллага хариуцлагагүй хандсан, цаг хугацаа алдсан гэх гомдол нь холбогдох баримтаар тогтоогдоогүйн дээр хохирогч гэмтэл авсны дараа эмнэлгийн тусламж тэр даруй авсан эсэх, тухайн цаг хугацаанд бус тодорхой хугацааны дараа нас барсан зэрэг байдал нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй тул энэ талаар гаргасан шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэв.
8.Анхан шатны шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийн үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоосон байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасан “...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ”-тэй гэж дүгнэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан 19 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг буруутган дүгнэх үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
9.Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаярын гаргасан “...яллагдагчаар татах тогтоолд хэргийн зүйлчлэлийг хүндрүүлсэн өөрчлөлт оруулж, мэдүүлэг авахдаа яллах дүгнэлт үйлдсэний дараа авсан, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн саналыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д “Шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, ...шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна.”, мөн зүйлийн 6-д “Шүүх ...шүүгдэгчид зүйлчлэлийг өөрчлөн сонсгох, мэдүүлэг өгөх эрхийг хангах, яллах дүгнэлтийг гаргуулах ажиллагаа явуулахыг прокурорт даалгах…” гэж тус тус зааснаар анхан шатны шүүх “прокурорын 2023 оны 00 дүгээр сарын 21-ний өдрийн 009а дугаартай яллах дүгнэлтийг зөвтгөн шүүгдэгчид дахин танилцуулж, гардуулах ажиллагааг хийхийг ...прокурорт” даалгаж, шүүх хуралдааныг хойшлуулжээ.
Прокурор шүүхийн даалгаснаар, шүүхээс тогтоосон хугацаанд дээрх ажиллагааг явуулж, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулж, хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн, шүүгдэгчээс мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 2-т заасан шаардлага хангасан гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
10.Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
00.Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/193 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ
ШҮҮГЧИД Н.БАЯРХҮҮ
Б.СОСОРБАРАМ