| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2018/0052/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/58 |
| Огноо | 2018-07-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Нямбилэгт |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 2018/ШЦТ/58
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам,
улсын яллагч Э.Нямбилэгт,
шүүгдэгч М.Мөнх-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Т. овогт М.М-д холбогдох эрүүгийн 1817000640040 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 07-нд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 29 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Толгойтын 1 дүгээр гудамжны ............... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй гэх Т. овогт М.М /РД:..........4/
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч М.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 26-ны орой 23 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ТБ центр баарны 2 давхрын коридорт насанд хүрээгүй Д.Э-н толгойн тус газар нь гар утсаар цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч М.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ
2018 оны 03 дугаар сарын 26-ны орой 23 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ТБ центр баарны 2 давхрын коридорт насанд хүрээгүй хохирогч Д.Э-н толгойн тус газар нь гар утсаар цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1.1. Шүүгдэгч М.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Халуун тогоо гэдэг газар ороод зөөгчтэй нь маргасан. Тэгээд зодоон болсон гэв.
1.2. Шүүгдэгч М.М мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:
2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 22 цагийн үед би нөхөр Б болон хамт ажилладаг Б, М, М, М, М нарын хамт ТБ центр гэх газар луу орсон юм. Ороод бид нар хоёр давхарт байх караокений өрөөнд суугаад нэг шил архи, хүний нэг нэг лааз пиво, ус ундаа захиалж аваад сууцгаасан юм. Тэгээд тэндээ хоёр цаг орчим болоод гарцгаасан. Гарах үед М, Б, М нар нь нилээн согтчихсон байсан. М шатны уруу ойчоод байх шиг байсан. Тэгээд М, М, М, Б нар нь түрүүлээд гарсан. Би Б, М нарын хамт араас гарах гээд хоёр давхрын шатаар уруудаад явж байтал нэг урт үстэй улаан футболктой залуу Б-г мөрлөчих шиг болсон. Тэгсэн чинь Б, М хоёр уурлаад тэр залуутай маргалдсан. Тэгсэн чинь тэр улаан футболктой залуу Б-н хоолойг нь боогоод хана руу шахсан. Тэгээд Б тэр зөөгч залуу хоёр ноцолдоод шатаар дээшээ өгсөн гараад текний хажууд очоод давхралдаад унацгаасан. Тухайн үед Б-н хамраас нь цус гарч байсан. Тэр зөөгч залуу Б-н хамар луу нь гараараа цохисон. Хэдэн удаа цохисныг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан дээр доороо ороод ноцолдоод байсан. Тэгсэн чинь текний араас бас нэг улаан футболктой зөөгч залуу гарч ирээд тэр хоёр дээр очоод ноцолдоод эхэлсэн. Тэгээд байж байхад нь би салгах гээд голоор нь орж байхдаа өөрийн самсунг эс-5 маркын улаан өнгөтэй гар утсаараа сүүлд текний араас гарч ирсэн зөөгч залуугийн толгой руу цохисон. Толгойных нь яг аль хэсэг рүү цохисноо мэдэхгүй байна. Тэгсэн чинь тэр залуу та яаж байгаа юм бэ гээд надтай маргалдсан. Тэр залуугийн толгойных нь баруун дээд хэсгээс цус гарч байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 67-69 дүгээр хуудас/
1.3. Насанд хүрээгүй хохирогч Д.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
Би Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багт байрлах ТБ центр ресторан, паб, караокед 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн зөөгчөөр ажиллаж байна. 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр би ТБ центр ресторандаа ажлаа хийж байхад 19-өөс 20 цагийн хооронд 2 давхарт байх караокений 6 дугаартай өрөөнд 2 эмэгтэй, 5 эрэгтэй хүн үйлчлүүлэхээр орсон юм...
...тэгээд тэд нар сууцгааж байгаад 22 цагийн орчим цаг нь дуусаад гарцгаасан. Гараад тооцоогоо хийх гээд мөнгө байхгүй гээд утсаа бичиг баримттайгаа үлдээчихье гээд байхаар нь Н-д хэлэхэд үгүй гэсэн. Тэгэхээр нь би утас энэ тэр үлдээж болохгүй гэж байна гэж тэр хүмүүст хэлсэн. Тэгээд байж байтал намхан хар даавуун куртиктэй залуу болон савхитай залуу, цэнхэр жинсэн цамцтай залуу, савхин куртиктэй эмэгтэй нар хоёр давхраас шатаар доошоогоо бууж чадахгүй хана мөргөж зогсоод байсан. Тэд нар нилээн согтчихсон, хөл дээрээ тогтож чадахгүй байсан...
...тэгээд тэд нартай зууралцаад байж байхад хар куртиктэй эмэгтэй нь гартаа улаан өнгийн гар утас атгаж байгаад миний толгойны зүүн чихний дээд хэсэг рүү нэг удаа цохисон... тэгэхээр нь би намайг цохисон эмэгтэйд “яаж байгаа юм бэ та” гэсэн чинь “чи миний нөхрийг цохиод хамраас нь цус гаргасан биз дэ” гээд миний өөдөөс дайраад байсан. Тэгээд тэр хоёртой нилээн удаан зууралцсан... гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 дугаар хуудас/
...М миний эмчилгээний зардалд 300.000 /гурван зуун мянга/ төгрөг бэлнээр өгсөн. Надад одоо М-д хандан гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй. Хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү... гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/
1.4. Гэрч М.Т мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би 2018 оны 03 дугаар сарын 26-ны орой би ажил дээрээ байхад 23 цаг 15 минутын орчим би хоёр давхрын 8, 9 номерийн өрөөнүүдийн паарнаас хий авах гээд дээшээ шатаар гарахад 2 давхрын шатны дунд хэсэгт 2-3 залуу, 2 эмэгтэй хүн шатан дээр согтчихсон бие биенийгээ босгох гээд ноцолдоод байх байхаар нь хажуугаар гараад 09 дүгээр өрөөнөөс хий эхнэр Н-н хамт хий аваад усаа 00-ын өрөөнд асгачихаад 08 дугаар өрөөнөөс хий авах гээд явж байтал шатан дээр хүмүүс хоорондоо маргалдаж байгаа чимээ гарахаар нь манай ажилчид зохицуулах байлгүй гэж бодоод хийгээ аваад байж байтал нөгөө хүмүүс хоорондоо зодолдож байгаа бололтой түчигнэх чимээ гарахаар нь би өрөөнөөс гараад иртэл манай зөөгч Э, бармен М, үйлчлэгч Н, манай эхнэр Н нарыг шатан дээр согтуу сууж байсан хүмүүс хувцаснаас нь зуурчихсан, хэл амаар доромжлоод байж байхаар нь би юу болоод байгаа юм бэ гэж асуутал манай бармен М-г хар савхин куртиктэй залуу гараараа нүүрэн тус газар нь нэг удаа цохиод авсан. Мөн хажууд нь зогсож байсан нэг жижиг биетэй ногоон өнгийн ноосон цамцтай залуу хувцаснаас нь зуурчихсан зогсож байхаар нь би тэр хоёрыг салгаад М-г дээш нь хоёр давхар луу гаргаад тэнд байсан хүмүүсийг зохицуулах гэтэл дийлдэхгүй манай үйлчлэгч Н-г хар куртиктэй эмэгтэй үснээс нь зулгаагаад шатны уруу чирэхээр нь салгах гэхэд хажууд байсан жинсэн цамцтай залуу миний толгой руу хальт цохисон. Миний биед тухайн үед шарх гэмтэл учраагүй. Н-н үснээс нь зуурсан эмэгтэй тавихгүй чирээд нэг давхарт манай ажлын хаалга хүртэл явахаар нь би арай гэж тавиулаад Н-г салгаж авсан чинь тэр хар куртиктэй эмэгтэй, жинсэн цамцтай залуу хоёр гараад зугтахаар нь би араас нь гартал тэр хоёр нэг цагаан өнгийн приус маркын машинд суугаад зугтчихаар нь буцаж ажил руугаа ороод хоёр давхарт гараад ирсэн чинь бөөн зодоон болчихсон манай зөөгч Э-н толгойн зүүн хэсгээс цус гарчихсан байхаар нь манай эхнэр Н-г цагдаад дуудлага өгсөн юм. Би Э-н толгойгоо хагалуулсан байна гэдгийг буцаж хоёр давхарт гарч ирээд харсан. Үүнээс өмнө нь мэдээгүй. Н-г салгаж авах гээд явж байх хооронд дээрхи асуудал болсон байсан. Би юу болсон талаар асуухад Э намайг нэг эмэгтэй хүн утсаар цохисон гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/
1.5. Гэрч А.У мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би 2018 оны 03 сарын 26-ны өдөр “ТБ центр” караокед барменаар ажиллаж байхад /би 22 цагийн орчим ирсэн/ манай караокений 06 дугаарын өрөөнд 4 эрэгтэй, 3 эмэгтэй нийт 7 хүн дуулж байгаад 22 цагийн орчим цаг нь дуусч гарч ирээд тооцоогоо хийх гэсэн чинь тэдгээр хүмүүс “хүнээс мөнгө орж ирэх ёстой ирэхгүй байна” гар утас болон иргэний үнэмлэхээ барьцаанд тавина гэж байгаад гар утас болон 30000 төгрөг үлдээгээд маргааш тооцоогоо хийх болсон. Тэгтэл явж байсан нэг хүн согтчихсон гадаа гараад явчихсан байсан болохоор гадагш гарч авч ирэхээр гараад буцаж орж ирэхдээ бөөнөөрөө зодолдчихсон, хэн нь хэнтэйгээ зодолдоод байгаа нь мэдэгдэхгүй байсан. Тэгээд би “04” дугаарын өрөөнд орчихоод гараад иртэл манай рестораны бармен Э-н толгойноос цус гарчихсан, шатны дээд тал болон коридороор цус болчихсон байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/
1.6. Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би 2018 оны 03 дугаар сарын 11-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд Улаанбаатар хотоос барилгын гадна дулаалгын ажил хийхээр 10 ажилтантайгаа хамт ирсэн. Одоо Хонхорын 8 дугаар байрны гадна дулаалгын ажил хийж байна. 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 22 цагийн орчим би М, М, Б, М, М, М, М нарын хамт Сүмбэр сумын 2 дугаар багт байрлах халуун тогоо гэх газрын хоёр давхарт байрлах караокенд орсон юм. Ороод бид нар 1 шил 0,75 литрийн Улаанбаатар нэртэй архи, 7 лааз 0,5 литрийн Сэнгүр нэртэй пиво болон ус ундаа захиалж аваад караокенд 1 цаг хийлгэсэн. Би тухайн үед нилээн согтсон. Тэгээд ууж идээд дуулж байгаад 00 цагийн үед байх гэж бодож байна бүгдээрээ гарцгаасан. Гарахад М намайг түшээд явж байсан ба шатаар доошоо бууж байхад тэр газрын зөөгч бололтой нэг залуу М-тай мөрөөрөө шүргэлдээд өнгөрсөн. Тэгсэн чинь М тэр залуу руу уурлаад “согтуу хүн явж байхад яагаад мөрлөөд байгаа юм” гэсэн чинь нөгөө залуу нь бас өөдөөс нь уурлаад маргалдаад байх шиг байсан. Тэгэж байхад нь би бас тэр залуу руу хэрүүлийн үг хэлсэн. Юу гэж хэлснээ санахгүй байна. Тэгээд тэр залуутай маргалдаад зогсож байсан чинь тэр залуу миний хамар, толгойны баруун шанаа хэсэг рүү гараараа хоёр, гурван удаа цохиод хамраас цус гаргасан. Тэгсэн чинь манай эхнэр М миний хажуугаар орж ирээд тэр залуугийн толгойны орой хэсэг рүү нь гараараа цохих шиг болсон. Яг юугаар цохисныг сайн анзаараагүй. Тэгсэн чинь хоёр давхарт байсан бас нэг зөөгч залуу хүрч ирээд намайг толгой руу гараараа 3-4 удаа цохисон. Тэгээд байж байтал цаанаас нь өөр зөөгч, ажилчид нь ирээд бид нарыг салгасан. Тэгээд удаагүй байж байтал цагдаа ирсэн. Өөр болсон зүйлгүй. Яг тэр шатан дээр маргалдаж байхад М, М нар надтай хамт байсан. Бусад хамт явсан хүмүүс гадагшаа гарчихсан байсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/
1.7. Гэрч М.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2018 оны 03 сарын 26-ны өдрийн 22 цагийн орчимд би эгч М эгчийн нөхөр Б болон хамт ажиллаж байгаа хүмүүс болох М, М, М, Б, М нарын хамт ТБ центр гэх караоке руу орсон юм. Орохоосоо өмнө бид нар байрлаж байгаа байрандаа пиво ууцгаасан байсан. Тэгээд караокены нэг өрөөнд орж суугаад архи пиво захиалаад ууцгаагаад дуулж сууж байгаад 00 цагийн орчимд гарцгаасан юм. Гараад доошоо буугаад нэг давхарт байж байтал уг караокены цэвэрлэгч эгч намайг обой урсан гээд энэ тэр гээд байсан. Тэгэхээр нь би тэр эгчтэй маргалдаад түүний үснээс нь зулгаасан чинь тэр эгч бас миний үснээс зуураад бид хоёр зууралцаж байгаад салцгаасан юм. Тэгээд би шууд гараад байрлаж байсан байр руугаа явсан. Хамт явсан хэд маань караокед үлдсэн. Өөр болсон зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/
1.8. Гэрч Б.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 21 цагийн орчим би хамт ажилладаг хүмүүс болох Б, М, М, М, Б, М нарын хамт ТБ центр нэртэй караокед орсон юм. Ороод бид нар нэг өрөөнд орж суугаад 1 шил 0,75 литрийн архи, 9 лааз пиво захиалж аваад ууцгаасан. Уг караокед орохоосоо өмнө бид нар бас архи ууцгаасан байсан. Тэгээд захиалж авсан архи, пивоо уугаад дуулж байгаад 00 цагийн орчимд гарцгаасан юм. Бид нар бүгд согтсон байсан. М ганцаараа гайгүй байх шиг байсан. Би караокений өрөөнөөс гараад Б-г түшээд 2 давхраас шатаар доошоо бууж байтал урт үстэй зөөгч залуу надтай мөрөөрөө шүргэдсэн чинь Б тэр залуутай маргалдаад эхэлсэн. Тухайн үед би нилээн согтсон байсан болохоор яг юу болоод байгааг сайн ойлгоогүй. Тэгээд байж байтал М, Б хоёр караокений ажилтнуудтай маргалдаад Б-н хамраас нь цус гарчихсан зууралдаад зогсож байсан. Тэгэж зууралдаж байхад М гартаа барьсан улаан өнгийн Эс-4 маркын гар утсаараа нэг зөөгч залуугийн толгой руу нь цохисон. Тэр залуугийн толгой хагараад цус гарч байсан. Тэгээд байж байхад цагдаа нар орж ирээд бид нарыг бүгдийг нь дагуулаад эрүүлжүүлэх байранд аваачсан. Өөр болсон зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/
1.9. Гэрч А.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2018 оны 03 сарын 26-ны өдрийн 22 цагийн орчимд би нөхөр М, эгч М, эгчийн нөхөр Б, эгч М болон хамт ажиллаж байгаа хүмүүс болох М, М, Б нарын хамт ТБ центр гэх караоке руу орсон юм. Орохоосоо өмнө бид нар байрлаж байгаа байрандаа пиво ууцгаасан байсан. Тэгээд караокений нэг өрөөнд орж суугаад архи пиво захиалаад ууцгаагаад дуулж сууж байхад манай дүү С над руу залгаад хүүхэд чинь уйлаад байна гэсэн. Тэгэхээр нь би нөхөр М-н хамт караокеноос 23 цаг болж байхад гарсан. Гараад шууд байрлаж байсан байр руугаа явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/
1.10. Гэрч М.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2018 оны 03 сарын 26-ны өдрийн 22 цагийн орчимд би эхнэр М, эгч М, эгчийн нөхөр Б эгч М болон хамт ажиллаж байгаа хүмүүс болох М, М Б нарын хамт ТБ центр гэх караоке руу орсон юм. Орохоосоо өмнө бид нар байрлаж байгаа байрандаа пиво ууцгаасан байсан. Тэгээд караокений нэг өрөөнд орж суугаад архи пиво захиалаад ууцгаагаад дуулж сууж байхад манай дүү С залгаад хүүхэд чинь уйлаад байна гэсэн. Тэгэхээр нь би эхнэр М-н хамт караокеноос 23 цаг болж байхад гарсан. Гараад шууд байрлаж байсан байр руугаа явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/
1.11. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 28-ний өдрийн 109 дугаартай дүгнэлтэд:
- М.М-н биед баруун эгэм орчим зөөлөн эдийн няцрал, зүүн өвдгөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, 2018.03.26-нд үүсгэгдсэн байх боломжтой.
- Уг гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч, ахмад Л.Ж гэжээ. /хх-ийн 50 дугаар хуудас/
1.12. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 28-ний өдрийн 110 дугаартай дүгнэлтэд:
- Д.Э-н биед толгойд зүүн чамархай хэсэгт няцарсан гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, 2018.03.26-нд үүсгэгдсэн байх боломжтой.
- Уг гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч, ахмад Л.Ж гэжээ. /хх-ийн 45 дугаар хуудас/
1.13. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/
1.14. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-12 дугаар хуудас/
1.15. Эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-15 дугаар хуудас/
Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч М.М-н үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчилэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч М.М болон түүний өмгөөлөгч Б.Батчимэг нар нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч М.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
ХОЁР. Шүүгдэгч М.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдасан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Гэрч М.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Манай эгч М нь ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг юм. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын сургуулийг төгсөж, бүрэн дунд боловсролын гэрчилгээ авсан. Зан байдлын хувьд төлөв даруу, нэг эхэлсэн ажлаа заавал дуусгадаг, үр хүүхэд болон нөхөртөө анхаарал халамжтай сайн эмэгтэй байгаа юм. Эгчийг 10 жилийн сургууль төгсөх үед манай аав, ээж хоёр өнгөрөөд эгч дээд сургуульд сурч чадалгүй ажил хийж эхэлсэн юм... гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/
2.2. Гэрч М.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Манай эгч М нь ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг юм. Зан байдлын хувьд төлөв даруу, үр хүүхэд болон нөхөртөө анхаарал халамжтай сайн эмэгтэй байгаа юм. Надад ч гэсэн их халамж тавьдаг. Харин жоохон түргэн ууртай. Эгчийг 10 жилийн сургууль төгсөх үед манай аав, ээж хоёр өнгөрөөд эгч дээд сургуульд сурч чадалгүй ажил хийж эхэлсэн юм... гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/
2.3. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73 дугаар хуудас/
Шүүгдэгч М.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Иймд шүүгдэгч М.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгч М.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.М нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тогоруутан овогт М. М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч М.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч М.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч М.М нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ