| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Баатарсүх |
| Хэргийн индекс | 2540000000003 |
| Дугаар | 2025/ДШМ/50 |
| Огноо | 2025-10-03 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Д.Ч |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 2025/ДШМ/50
2025 10 03 2025/ДШМ/50
Яллагдагч П.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн талаар
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч Ц.Эрдэнэзуу, шүүгч Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хийв.
Шүүх хуралдаанд: прокурор Д.Ч,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Л.С /цахимаар/,
Яллагдагчийн өмгөөлөгч: С.Б, А.Т /цахимаар/,
Яллагдагч: П.Б
нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.
1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Б-ийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 120 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ч-н бичсэн эсэргүүцлээр, яллагдагч П.Б-д холбогдох эрүүгийн .............. дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.
2. Монгол Улсын иргэн,
3. Яллагдагч П.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн .... сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Э” гэх газарт 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө амь хохирогч Ч.Э-н цээжин тус газарт хутгалж, хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.
4. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч П.Б-д холбогдох эрүүгийн ..... дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
5. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т зааснаар яллагдагч П.Б-д холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.
6. Прокурор Д.Ч давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүгчийн захирамжийг 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:
Шүүгчийн захирамжийн ТОДОРХОЙЛОХ нь хэсэгт: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохоор шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, шинжээч томилох ажиллагаа хийгээгүй нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрхийг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 9 асуудлын хүрээнд, 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 5 асуудлын хүрээнд ажиллагаа хийлгэхээр хүсэлт гаргасан ба прокурор хүсэлтийг бүрэн хангаж шийдвэрлэсэн боловч зарим ажиллагааг хийгээгүй, орхигдуулсан байна.
Тодруулбал, хүсэлтийн 4,5,6-т бичигдсэн: хэрэг гарсан газрын ойр орчмын буюу хөрш, зэргэлдээ айлын хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авах, хэргийн талаар үзсэн, харсан, сонссон зүйлсийг сайтар тодруулан асуух, Д.Б, Ч.С, Ц.Э, Н.Б нарын хоорондын харилцаа холбоо хамаарлыг тогтоох, П.Б, Н.Б нарын муудалцсан шалтгааныг тодруулах, тухайн өдөр мах идэж байсан /ширээний доод хэсэгт цагаан өнгийн саванд байсан/ гэх бор шаргал иштэй хутгыг хураан авч үзлэг хийх ажиллагааг зайлшгүй явуулах, эд мөрийн баримтаар шургуулгаас хураан авсан гэх бор өнгийн хүрэн иштэй хутга болон мах идэж байсан гэх бор шаргал иштэй хутгануудын ажлын хэсгийн өргөн хэдэн сантиметр хэмжээтэй болохыг тогтоож, амь хохирогчийн зүүн ташаа толгойн хэсгийн хатгагдсан шархыг хураан авсан болон мах идэж байсан хутганы алинаар үүсэх боломжтой эсэхийг нарийвчлан шалгаж тогтоох шаардлагатай тул хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв. гэжээ,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн зүгээс сэтгэцэд учирсан хохирол тогтоох талаар бичгээр хүсэлт, гомдолд огт гаргаагүй байна. Сэтгэцэд учирсан хохиролд шинжээч томилж, дүгнэлт гаргуулах асуудлыг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх, эсхүл гэмт хэргийн хохирлыг Иргэний хуулийн 497, 511 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлэх хуулиар олгогдсон боломж байна.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлт болох “хэрэг гарсан газрын ойр орчмын буюу хөрш, зэргэлдээ айлын хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авах, хэргийн талаар үзсэн, харсан, сонссон зүйлсийг тодруулах”, яллагдагч П.Б, гэрч Ч.С, Ц.Э, Н.Б нарын хоорондын харилцаа холбоо хамаарлыг тогтоох, төрөл садангийн лавлагаа холбогдох газраас авах, тэдгээрийн ямар зан араншинтай талаар хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авах” зэрэг нь тухайн хэргийг шийдвэрлэх, яллагдагч П.Бийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэх, шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц заавал хийгдэх мөрдөн шалгах ажиллагаа биш юм.
Нөгөөтэйгөөр яллагдагч П.Б, гэрч Н.Б нарын муудалцсан шалтгааныг бүрэн тогтоосон бөгөөд яллагдагч П.Б гэрч Н.Б-г өөрийнхөө адуунаас гүүнүүдээ хурдан ав гэсэн асуудлаас үүдэн маргаан эхэлсэн талаар гэрчүүдийн мэдүүлэгт тодорхой дурдагдсан байдаг.
Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 05 дугаартай дүгнэлтээр талийгаач Ч.Э-н биед учирсан хохирол, үхлийн шалтгааныг эргэлзээгүйгээр бүрэн тогтоогдсон.
Тухайлбал: дүгнэлтэд талийгаач Ч.Э-н цогцост цээжний зүүн хажуу доод хэсгээр цээжний хөндий рүү нэвтэрсэн хутгалагдсан шарх, цээжний хөндийн дотуур цус хуралдалт, цээжний хөндийн цочмог гадуур цус алдалт, цус алдалтын дараах цочмог цус багадалт, зүүн ташаа толгой хэсгийн хатгагдсан шарх гэж дурдсан.
Өөрөөр хэлбэл: Цээжний зүүн хажуу доод хэсэгт 1 удаа хутгалагдсан бөгөөд яллагдагч П.Б энэ талаар нэг удаа хутгалсан гэж мэдүүлдэг, тодруулбал биеийн хоёр өөр газар буюу цээж хэсэгт хутгалагдсан, зүүн ташаа толгой хэсэгт хатгагдсан нь нийлээд 2 удаа ба яллагдагчийн нэг удаа хутгалсан гэсэн мэдүүлэгтэй ноцтой зөрүүгүй асуудал тогтоогдохгүй байна.
Шүүх энэ талаар хэргийн хүрээнд, цугларсан нотлох баримтад тулгуурлан хууль зүйн дүгнэлт хийх бүрэн боломжтой бөгөөд нөгөөтэйгөөр яллагдагчийн дан мэдүүлэг хэрэгт ач холбогдолгүй байна.
Талийгаач Ч.Э нь цээжний зүүн хажуу доод хэсгээр цээжний хөндий рүү нэвтэрсэн хутгалагдсан шархны улмаас цээжний хөндийд гадуур, дотуур цус алдаж нас барсан болохыг дурдах нь зүйтэй байна.
Тухайлбал: Амь хохирогчийн зүүн ташаа толгойн хэсгийн хатгагдсан шарх бүхий гэмтэл нь тусдаа гэмтлийн ямар зэрэгт хамаарах эсэхийг тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолгүй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх бор өнгийн хүрэн иштэй хутгыг хуульд заасны дагуу хураан авч, эд мөрийн баримтаар тооцож хэргийн хамт шүүхэд хүргүүлсэн байна.
Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар гэмт хэргийг хэн, хэзээ, яаж үйлдсэн болохыг бүрэн нотолсон өөрөөр хэлбэл яллагдагч П.Б, гэрч Н.Б нарын хэн нь хутга барьж байсныг бүрэн тогтоосон, энэ талаар гэрт байсан бүхий л хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авсан байна.
Одоо дээрх нэр бүхий гэрч нараас дахин мэдүүлэг авах нь хэрэг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, бусад хутгануудыг олж тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.
Шүүгчийн захирамжид дурдсан бор шаргал өнгийн иштэй хутгыг хураан авч шаардлагатай мөрдөн шалгах ажиллагааг явуулсан бөгөөд бусад хутгатай ажлын хэсгийн өргөн, хэдэн сантиметр хэмжээтэй болохыг харьцуулж, амь хохирогчийн зүүн ташаа толгойн хэсгийн хатгагдсан шархыг алинаар үүссэн талаар тогтоох боломжгүй,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолгүй байна.
Иймд Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2025/ШЗ/120 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.
7. Прокурор Д.Ч давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Эсэргүүцлээ дэмжиж байна ” гэв.
8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.С давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Бидний зүгээс үндсэндээ 3 зүйл дээр гомдоод байгаа юм. Тэр нь юу вэ гэхээр сэтгэцэд учирсан хор хохирлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлд зааснаар тогтоол, мөрдөгч нь өөрсдийн санаачилгаар оролцогчдын хүсэлтийг харгалзан үзэж шинжээч томилох сэтгэцэд учирсан хор хохирлыг арилгуулахаар шинжээч томилуулна гэж заасан. Энэ хуулиа л баримталмаар байна. Гэтэл шүүх дээр аваачиж шүүх заавал хийх ёстой. Иргэний шүүх дээр шийдүүлэх боломжтой гэж хандаад байна. Бид мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хүсэлтийг гаргаад явсан, мэдүүлэг дээрээ ч дурдаад явсан байгаа. Бид шүүхийн шатан дээрээс энэ хүсэлтийг өгөөгүй. Энэ ажиллагааг яагаад хийхгүй заавал шүүх дээр хийгдэнэ гэсэн байдлаар улайраад байгааг би гайхаж байна. Хоёрт улсын яллагч бүх хүмүүсээс мэдүүлэг авсан байгаа маргаан байхгүй гэж хэлж байна. Бид маргаан дээрээс ерөөсөө гомдол гаргаагүй. Хамгийн гол нь амь хохирогчийн биед 2 шарх үүссэн. Нэг нь 17, нэг нь 14 диаметртэй 2 шарх үүссэн байдаг. Энэ гэмтлийг учруулахдаа яллагдагч Б нэг удаа хутгалсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Гэтэл энд 2 шарх үүсчхээд байгаа юм. Тэгвэл энэ нэг гэмтлийг хэн учруулаад байгаа юм бэ гээд үүнийг няцаасан ч юм уу, ямар нэг байдлаар энийг тодруулсан зүйл байдаггүй. Тэнд байсан хэдэн гэрчээс мэдүүлэг авсан учраас үүнийг тогтоох ёстой гэж хэлээд байгаа нь учир дутагдалтай байна гэж үзэж байна. Тухайн цаг үед хэргийн газрын үзлэг, нотолбол зохих байдлыг учир дутагдалтай хийсэн. Иймэрхүү байдалтай тогтоогдсон мэтээр өрөөсгөл хандаж байгаа улсын яллагдагчид харамсалтай байна. Нөхцөл байдлыг тогтоохгүйгээр энэ ажиллагааг хийхгүйгээр энэ хэрэг шийдэгдэхгүй гэж үзэж байна. Мөн таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлээж өгнө үү гэсэн саналтай байна. Хохирол хор уршгийн хувьд эхнэр хүүхэд, хамаатан сандан нь байгаа. Мөн хохирогчийн ар гэрт нөлөөлөх асуудал яригдсан. Энэ талаар удаа дараа хүсэлт тавьж байсан. Энэ таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж өгнө үү. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү“ гэв.
9. Яллагдагчийн өмгөөлөгч С.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Миний үйлчлүүлэгчийн зүгээс гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрдөг. Хэргийн үйл баримтын тухайд миний үйлчлүүлэгчийн улмаас хохирогчийн амь нас хохирсон үйл баримт хангалттай тогтоогддог. Сэтгэл санааны хохирлын хор уршиг дээр шинжээч томилуулах асуудлыг ярьж байна. Үүн дээр Иргэний хуульд зааснаар шууд шүүх дээр оролцох бүрэн боломжтой байсан. Үнэхээр шинжээч шаардлагатай байлаа гэж бодоход хэрэг шийдэгдсэний ард дээр шинжээчийн дүгнэлтийг өгөөд иргэний журмаар нэхэмжлэх эрх нь бүгд нээлттэй байгаа. Шүүгчийн захирамжийн хувьд хэргийг жаахан удаашруулах гэсэн сонин захирамж болчихлоо гэж харж байна. Энэ хэргийн тухайд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хоорондоо ямар нэгэн маргаан байхгүй байхад хэргийг шийдвэрлэвэл зүгээр байсан. Иймд анхан шатны шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгөөч гэсэн санал хүсэлтийг гаргаж байна. Мөн миний үйлчлүүлэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байгаа. Үүнийг өөрчилж өгөөч. Учир юу вэ гэхээр хохирогчийн хохирол төлбөр нэхэгдэж байгаа, эхнэр нь хэдэн хүүхэдтэйгээ үлдсэн, мал ахуйгаа нааш цааш болгож чадахгүй асуудлууд үүсээд байна. Өвөл болж идэшний цаг болж байна. Хохирогчдоо ганц үхэр ч гэсэн гаргаж хохирогчдоо хохирол төлбөрийг нь төлж баймаар байна гэсэн саналтай байна. Тэгэхгүй бол үйлчлүүлэгч цагдан хоригдоод хохирол төлбөрөө төлөх боломжгүй байгаад байдаг. Ялаа аваад явахаар хохирол мөнгөө яаж төлөх үү гэдэг асуудал байна. Иймд миний үйлчлүүлэгчийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч өөрчилж өгөө” гэв.
10. Яллагдагчийн өмгөөлөгч А.Т давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Миний хувьд Б өмгөөлөгчийг дэмжиж байна. Яагаад гэвэл талийгаачийн биед үүссэн гэмтэл нь шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас цээжинд хутгалсан хутганы шархаар үүсэж амь хохирсон болох нь шүүх эмнэлгийн дүгнэлтээр гарсан байгаа. Шүүгдэгчийн зүгээс хохирогчид 30 гаруй сая төгрөг төлсөн. Үргэлжлүүлэн сэтгэл санааны хохирол болон бусад хохирлыг төлөхийг сая Болорчулуун өмгөөлөгч илэрхийллээ. Б-н хувьд ямар ч байсан хувийн батлан даалтад гарч байж, үхэр малаа борлуулж байж хохирол төлбөрөө төлөх, өөрийнхөө эрх зүйн байдлыг шүүх хуралд хөнгөрүүлэх боломж бололцоо байгаа гэдгийг ойлгож үзээч гэж хүсч байна. Анхан шатны шүүхийн шийдвэр гарахдаа хийгдсэн мөрдөн шалгах ажиллагаагаар шалгаж тогтоосон зүйлүүдийг давтан хийхээр гарч байгаа нь үндэслэлгүй байна. Бид шүүхээр хэргээ шийдвэрлүүлмээр байна. Тухайн хэрэг болох үед хамт байсан айл саахалт болон орчин тойрны хүмүүс бүгд энэ хэргийн талаар мэдэж байгаа бөгөөд мэдүүлгүүдээ өгсөн байдаг. Гэтэл шүүх орчин тойронд нь байсан хүмүүсийн мэдүүлгийг аваагүй юм шиг үзэж болохгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлж өгөөч гэж хүсэж байна. Мөн Б нь хувийн батлан даалтад гарч байж хохирол төлбөрөө төлөх тул энэ боломж бололцоог нь олгож өгөөч гэж хүсэж байна“ гэв.
11. Яллагдагч П.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Би согтуугаар айхтар муухай хэрэг хийсэн уучлаарай гэж хэлье” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
12. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ч-н бичсэн эсэргүүцлээр яллагдагч П.Б-д холбогдох эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа болон шийдвэрийг бүхэлд нь хянахад шүүхийн шийдвэр нь нотлох баримтад тулгуурлан хууль ёсны ба үндэслэлтэй гарсан байна.
13. Анхан шатны шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-н өмгөөлөгч Л.С нь яллагдагч П.Б-д холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дугаар зүйлийн 6.15 дахь заалтын “мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх” гэсэн үндэслэлээр хүсэлт гаргасны дагуу урьдчилсан хэлэлцүүлэг явуулан түүнийг бүхэлд хангаж, энэ хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т зааснаар хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.
14. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд “сэтгэл санааны хохирол тогтоолгоно” гэж мэдүүлсэн байхад мөрдөгч, прокурор нь түүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгох талаар хуульд заасан ажиллагааг хийгээгүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор, мөрдөгч нь өөрийн санаачилгаар, эсхүл оролцогчийн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг зайлшгүй шаардагдах асуудлыг тодруулахаар, эсхүл ...сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохоор шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, шинжээч томилно.” гэж, 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотолно.”гэж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн аравдугаар бүлэг буюу хүний амьд явах эрхийн эсрэг ... гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана.” гэж тус тус заасан оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж, хууль бусаар хязгаарласан гэж үзлээ.
15. Яллагдагч П.Б, гэрч Н.Б нар нь юунаас болж муудалцсан шалтгааныг тодруулахын зэрэгцээ тэдгээрийн мэдүүлгийн үнэн зөвийг шалгаж тогтоох, хэрэг гарсан газрын ойр орчмын буюу хөрш, зэргэлдээ айлын хүмүүсээс хэргийн талаар үзсэн, харсан, сонссон зүйлсийг сайтар тодруулах замаар гэрчийн мэдүүлэг авах, яллагдагч П.Б, гэрч Ч.С, Ц.Э, Н.Б нарын хоорондын харилцаа, зан араншин, төрөл садангийн холбоо хамаарал байгаа эсэхийг зөвхөн мэдүүлгээс гадна бусад баримтаар тодорхойлох, амь хохирогчийн цээжний зүүн хажуу, хөхний гадна болон ташаан толгойноос дотогш хутгалагдсан хоёр шарх нь эд мөрийн баримтаар хураагдсан бор хүрэн өнгийн иштэй хутгаар үйлдэгдсэн эсэх, мах идэж байсан бор шаргал өнгийн иштэй хутгыг эд мөрийн баримтаар хураан авах, П.Б, Н.Б нар нь ямар, ямар хутга барьж босож ирсэн, амь хохирогчийн зүүн ташаан толгойноос дотогш үүссэн 11 см гүн шарх нь гэмтлийн ямар зэрэгт хамаарах зэрэг ажиллагааг хийх нь хэрэг хянан шийдвэрлэхэд онцгой ач холбогдолтой байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
16. Анхан шатны шүүхээс яллагдагч П.Б-д прокурорын тогтоолоор амь хохирогчийн эхнэр, хүүхдүүдтэй нь уулзах, харилцах, харилцаа тогтоохыг оролдох, дагаж мөшгих, бусад хэлбэрээр харилцахыг хориглох арга хэмжээ авагдаж байсан, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ шүүх хуралдаанд ирсэн зэрэг хувийн байдлыг харгалзан прокурорт очтол түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Нэг. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Ч-н бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 120 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.
Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
Гурав. Оролцогч, прокурор, дээд шатны прокурор нар нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.