Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2018/01284

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2018/01284

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Гэрэлмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2018/01029 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Гэрэлмаагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Есөн шижир ХХК-д холбогдох

 

Есөн шижир ХХК-ийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай 182 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлс 196 428 төгрөг, ээлжийн амралтын олговор 103 772 төгрөг гаргуулах  нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзул илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранчимэг, хариуцагчийн өмгөөлөгч П.Ганбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Гэрэлмаагийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартМиний бие 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Есөн шижир ХХК-ийн хүний нөөцийн менежерийн албан тушаалд 3 сарын туршилтын хугацаатай томилогдож хөдөлмөрийн гэрээ байгуулсан. 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 39 дүгээр зүйлийн 39.2, байгууллагын дотоод журмын 3.3 дахь заалтыг үндэслэн ажлаас чөлөөлсөн. Тухайн өдөр миний ажлыг хүлээж авсан бөгөөд ажлаас халсан тухай тушаалыг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүний нөөцийн менежерээс хүлээн авсан. Ажил олгогч нь ямар зөрчил, шалтгааны улмаас хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа тухайгаа дээрх тушаалд дурдаагүй. Иймд Есөн шижир ХХК-ийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн тушаал илт хууль бус шийдвэр учир хүчингүй болгож, Б.Гэрэлмаа намайг Есөн шижир ХХК-ийн хүний нөөцийн менежерийн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тухай бичилтийг нөхөн хийлгүүлж өгнө үү

Есөн шижир ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 2.5 дахь хэсэгт заасны дагуу ажилтан бүр долоо хоногийн бямба гариг бүрийн 10.00 цагаас ажиллах үүрэг хүлээдэг. Энэ нь цагийн тайлан болон бямба гаригт ирээгүй тохиолдолд ажлын цагаас хасагдах, цаашлаад сахилгын хариуцлага тооцох үндэслэл болж, албан ёсоор ажилтнууд ирцээ бүртгүүлдэг. Миний бие 2017 оны 08 дугаар сарын 26, 2017 оны 09 дүгээр сарын 02, 09, 16-ны өдрүүдэд ажилласан боловч миний илүү цагийн хөлсийг өгөөгүй болно. Иймд энэ хугацаанд ажилласан нийт илүү цаг 20 цагийн нэмэгдэл хөлсийг компанийн санхүүгийн тооцоонд тулгуурласан 1 цагийн хөлс 6547.62 төгрөгөөр тооцож 1.5 дахин нэмэгдүүлж 9821.43 төгрөгөөр тооцон 20 цагт ногдох нийт 196 428 төгрөгийг нэхэмжилж байна.

Миний бие 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл ажилласан бөгөөд ажиллаж байх хугацаандаа ээлжийн амралт тооцуулан авч байгаагүй болно. Иймд Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 тоот тушаалд заасны дагуу 1 сард ногдох ээлжийн амралтын хоног 2.00 бөгөөд үүнийг ажилласан хугацаанд ногдуулвал 2.00 өдрөөр тооцогдож байна. Учир нь миний бие улсад 24 жил ажилласан болно. Иймд 2005 оны дундаж цалин хөлс тооцох журмын дагуу нэг хоногийн дундаж цалин хөлсийг тооцвол 51 886 төгрөг болж байгаа бөгөөд 2.00 хоногт тооцвол нийт 103 772 төгрөгийг ажилласан хугацааны ээлжийн амралтын олговорт нэхэмжилж байна гэжээ.  

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа шийдвэрийг 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч мөн өдрөө ажлаа хүлээлгэн өгч тойрох хуудсаа зуруулсан байна. Гэтэл тухайн шийдвэрийг хүлээн авснаас хойш буюу нэг сарын дотор гаргах байтал 1 сар 21 хоногоор хэтрүүлэн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэл гаргасан байна. Энэ нь Иргэний хуулийн 74 дүгээр зүйлд заасан 74.1, Хөдөлмөрийн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсүүдэд заасан хугацааг хэтрүүлсэн байна. Б.Гэрэлмааг туршилтын хугацаагаар 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ажилд авсан бөгөөд энэ нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн.  Б.Гэрэлмаа нь хүний нөөцийн менежерээр ажиллаж байсан. Тэрээр тушаалаа авч хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох шийдвэр гарсан болохыг сайтар ойлгож, улмаар тойрох хуудсаа бүрэн зуруулж ажлаа хүлээлгэн өгч, холбогдох тооцоогоо бүрэн хийсэн үйл баримтаар ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан болох нь нотлогдоно.   

Хөдөлмөрийн хуулийн 39 ба 40 дүгээр зүйл нь хөдөлмөрийн байнгын гэрээнд хамаарах бөгөөд туршилтын гэрээ гэдэг нь та манай ажилтан биш гэсэн үг. Ажил олгогч нь ажилтан Б.Гэрэлмаагийн өгсөн өргөдлийн дагуу хөдөлмөрийн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь заалтыг баримтлан тушаал гаргасан юм. Б.Гэрэлмаа нь дараагийн хүндээ ажлаа хүлээлгэн өгсөн боловч өөрийн хувийн хэрэг бүх бичиг баримтаа аваад явсан байдаг бөгөөд хүний нөөцөөр ажлыг нь хүлээж авсан З.Нарангуа, ажилтан Б.Азжаргал нар Б.Гэрэлмаагаас авч явсан хувийн хэргийг авчрахыг утсаар ярьж мөн мессежээр олон удаа шаардаж байж хэд хоногийн дараа авчруулахад ба хувийн хэргээс гарах өргөдлөө авч үлдсэн байсан. Харин ажлаа хүлээлгэн өгсний дараа миний цалинг дутуу бодож өгсөн, бүрэн олгож өгнө үү гэсэн өргөдөл гаргасан бөгөөд бид 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хариуг нь бичгээр өгсөн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Есөн шижир ХХК-ийн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай 182 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, илүү цагаар ажилласан нэмэгдэл хөлс 196 428 төгрөг, ээлжийн амралтын олговор 103 772 төгрөг гаргуулах тухай Б.Гэрэлмаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9 660 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:  Шүүхээс нэхэмжлэгчийн нотлох баримтаар хүргүүлсэн тушаалын хуулбарыг ажил олгогчийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр танилцуулсан баримт, тухайн тушаалыг танилцуулж байгаагүй болохыг нотолсон гэрчийн мэдүүлэг, тушаалын ард бичигдсэн тушаал танилцуулсан баримтыг шүүх үнэлээгүй. Нөгөө талаар ажил олгогчийн тушаал танилцуулсан баримт байхгүй, тушаал танилцуулаагүй болох нь хариуцагчийн өмгөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн бичгээр өгсөн тайлбараар нотлогддог. Ажил олгогчийн зүгээс тушаалыг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр танилцуулсан. Шүүх маргааныг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг тайлбарлан хэрэглэхдээ мэдэх боломжтой буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш хөөн хэлэлцэх хугацааг тоолж хэрэглэжээ. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй нь нийгмийн даатгалын дэвтэр болон тушаал танилцуулсан баримт зэргээг тогтоогддог. Шүүх тушаал танилцуулаагүй болохыг тогтоосон атлаа хөөн хэлэлцэх хугацааг мэдсэн буюу мэдэх ёстой байсан хугацаагаар тоолжээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч талуудаас ирүүлсэн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, талаас нь үнэлээгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Гэрэлмаа хариуцагч Есөн шижир ХХК-ийн компанийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай 182 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.  

 

Хариуцагч нь 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс нэхэмжлэгч Б.Гэрэлмааг хүний нөөцийн менежерээр 3 сарын туршилтын хугацаанд ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байгаад 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох тухай 182 дугаар тушаалаар гэрээгээ цуцалсан байна. Тэрээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 39 дүгээр зүйлийн 39.2, хариуцагч байгууллагын дотоод журмын 3.3 дахь заалтуудыг үндэслэсэн бөгөөд шүүхэд туршилтын хугацаагаар ажиллаж байсан, өөрийнх нь өргөдлийн дагуу тушаал гаргасан, 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр тушаал хүлээн авч тойрох хуудсаа зуруулсан, шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж тайлбарлажээ.

 

Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцласан шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй, ажилтан нь мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах ёстой.

 

Талууд хөдөлмөрийн гэрээ цуцласан ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авч хуульд заасан хугацааны дотор гомдлоо гаргасан эсэх талаар маргадаг бөгөөд энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт нотлох баримт үнэлэх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журамтай нийцсэнгүй.

 

Нэхэмжлэгч тушаалын хувийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлан 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүний нөөцийн менежер хүлээлгэн өгөв гэсэн бичиглэл бүхий хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгосон тушаалын хуулбар /уг хуулбарын арын хуудасны доод хэсэг/ нотлох баримтаар ирүүлсэн нь хэргийн 9 дүгээр талд авагдсаныг хариуцагч баримтаар үгүйсгээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан журамд нийцсэн нотлох баримт гэж үзнэ.

 

Хэргийн 10 дугаар тал дахь 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн тойрох хуудас, мөн 21 дүгээр тал дахь 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн нэхэмжлэгч Б.Гэрэлмаагийн ажил олгогчид бичсэн өргөдөл зэрэгт хөдөлмөрийн гэрээг цуцласан тушаалыг хүлээлгэн өгсөн эсэх талаар тодорхой тусгагдаагүй байх тул нэхэмжлэгчийг хуулиар тогтоосон хугацааны дотор шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

 

Ажил олгогч нь гэрээгээр тогтоосон хугацааны өмнө хууль болон гэрээгээр тогтоосон үндэслэлгүйгээр нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлжээ. Учир нь талууд хөдөлмөрийн гэрээг туршилтын 3 сарын хугацаагаар байгуулж, уг гэрээний 7.2 дахь заалтаар нийт 23 зөрчлийг хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах ноцтой зөрчил гэж заасан байх боловч гэрээ цуцлах үндэслэлээ тушаалд тусгаагүйн зэрэгцээ шүүхэд ажилтны гаргасан зөрчлийн талаар тодорхой тайлбар хийгээгүй, гэрээ цуцлах үндэслэл байсан гэж үзэх нотлох баримтгүй болно. Харин нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээг цуцлах өргөдлөө өөрөө гаргасан, хожим өргөдлөө хувийн хэргээс авсан гэж тайлбарласан нь баримтаар тогтоогдсонгүй.

 

Иймд нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээж ажилд нь эгүүлэн тогтоон ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг 2 сараар тооцоолон гаргуулах нь зүйтэй. Нэхэмжлэгч нь зөвхөн 1 сар ажилласан байгаа учраас түүний дундаж цалин хөлсийг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 555 дугаар тушаалаар батлагдсан журамд заасан сүүлийн 3 сарын цалингийн дунжаар тодорхойлох боломжгүй байна. Хөдөлмөрийн гэрээнд сарын үндсэн цалинг 1 100 000 төгрөг гэж заасныг үндэслэн хариуцагч байгууллагын хууль бус тушаалын улмаас ажилгүй байсан хугацааны олговрын хэмжээг тодорхойлох боломжтой байна.

 

Талууд гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т зааснаар 3 сарын туршилтын хугацаагаар байгуулсан байх бөгөөд гэрээг цаашид сунгах эсэх нь талуудын хүсэл зориг, гэрээний үүргийн биелэлтээс хамаарах тул ажилгүй байсан хугацааны олговрыг 2 сараар тооцон олговорт нийт 2 200 000 төгрөг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй. Энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж дэвтэрт бичилт хийх үүргийг Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсгээр ажил олгогчид ногдуулсан байна.

 

Нэхэмжлэлийн шаардлагаас илүү цагаар ажилласан болон ээлжийн амралтын олговор гаргуулахтай холбоотой баримт авагдаагүй, энэ талаар ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар шийдвэр гаргаагүй байх тул холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2018/01029 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Гэрэлмааг Есөн шижир ХХК-ийн хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 2 200 000 төгрөгийг хариуцагч Есөн шижир ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч Б.Гэрэлмаад олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч байгууллагад даалган, нэхэмжлэгчийн илүү цагаар ажилласан болон ээлжийн амралтын олговорт 300 200 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

А.МӨНХЗУЛ