| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 317/2026/00070/И |
| Дугаар | 317/ШШ2026/00047 |
| Огноо | 2026-01-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 317/ШШ2026/00047
2026 01 02 317/ШШ2026/00047
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал би,
Нэхэмжлэгч: “Х М ИББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Ч-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 2,903,459.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, мөн оны 12 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Х М И ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Б. овогтой Ч нь Х М И ББСБ ХХК-тай 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр № ************ тоот "Барьцаат зээлийн гэрээ"-г байгуулан 1,500,000.00 (Нэг сая таван зуун мянга) төгрөгийг жилийн 42%, сарын 3.5 хувийн хүүтэй 9 сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2022 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш 2025 оны 11-р сарын 17-ны өдрийг хүртэл биелүүлээгүй. №************ тоот "Барьцаат зээлийн гэрээ"-ний 4.1.3-т "Зээлийн гэрээг цуцлах, гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас зээлдүүлэгчид учруулсан хохирлыг нэхэмжлэх, хохирлыг төлүүлэх, гэрээний 3.2-т заасан байна. Зээлдэгчийн Хаанмонгол Инвест ББСБ ХХК-тай 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр № ************ тоот "Барьцаат зээлийн гэрээ"-ний үүрэгт зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр мөн шүүхэд нэхэмжлэхтэй холбоотой гарсан зардал, нийт 2,903,459.85 /хоёр сая есөн зуун гурван мянга дөрвөн зуун тавин есөн төгрөг наян таван мөнгө/ төгрөгийг гаргуулж Х М И ББСБ ХХК-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
2.Хариуцагч Б.Ч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Б.Ч миний бие “Х М И” ББСБ-н нэхэмжилсэн 2,903,459,85 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 725,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 725,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 725,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 728,459.85 төгрөгөөр төлж барагдуулна.” гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Х М И ББСБ ХХК нь хариуцагч Б.Ч-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,903,459.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахад, хариуцагч Б.Ч нь нэхэмжлэгчийн шаардсан 2,903,459.85 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 725,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 725,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 725,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 728,459.85 төгрөгөөр төлж барагдуулна гэх хариу тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Ч нь бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61,406 төгрөгийн тал хувь 30,703 төгрөгийг улсын орлого болгож, 30,703 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 30,703 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 74.5, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Х М И ББСБ ХХК-ийн хариуцагч Б.Ч-с 2,903,459.85 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 725,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 725,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 725,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 728,459.85 төгрөгөөр төлж барагдуулахаа илэрхийлсэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч Х М И ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 61,406 төгрөгийн тал хувь 30,703 төгрөгийг улсын орлого болгож, 30,703 төгрөгийг Төрийн сангийн 100140000941 тоот данснаас, 30,703 төгрөгийг хариуцагч Б.Ч-с тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ