Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2018/ШЦТ/59

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх,

улсын яллагч Э.Нямбилэгт,

шүүгдэгч Г.У нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ш. овогт Г.У-д холбогдох эрүүгийн 1817001190050 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1976 оны 02 дугаар сарын 11-нд Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Цагаандэлгэр сум, 1 дүгээр баг, .............. гэх газар нутгалах, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2000 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 18 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор /1986 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 138 дугаар зүйлээр 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан гэх Ш.Г.У-д РД:................/

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Г.У нь 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 20 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4-р баг, “Улаан худаг” гэх газар П.Н-н нүүрэн тус газар цохих, мөргөх зэргээр зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Г.У нь 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 20 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр баг, “Улаан худаг” гэх газар хохирогч П.Н нүүрэн тус газар цохих, мөргөх зэргээр зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Г.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

 

1.2. Шүүгдэгч Г.У мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

Манай гэрийн ойр хонины бэлчээр дээр их олон малтай айл буугаад сар гаран болсон байсан. Тухайн үед нь би тэр айлд юм хэлээгүй. 2018 оны 05 сарын 08-ны өдөр манай хот бууц руу хонио бүр дөхүүлж хариулаад байхаар нь мотоцикльтой явж очиход нэг ах хонь хариулаад явж байхаар нь та яагаад гэр лүү ойр малаа оруулаад байгаа юм бэ гэтэл энэ чиний газар биш бүгдээрээ адилхан байж гээд бид хоёрын дунд маргаан гарч би мотоцикль дээрээсээ тэр хүнийг нэг татаад толгой хэсэгт мөргөсөн. Дараа нь тэр ах мотоцикль дээрээсээ буухаар нь би мөн бууж очсон. Тэгээд нүүр лүү нь гараараа нэг цохьчихоод дахиж манай гэрийн гадаа малаа битгий хариулаад байгаарай гэж хэлчихээд явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/

 

1.3. Хохирогч П.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:

Би өөрөө Булган аймгийн Гурван булаг сумын харъяат иргэн байгаа юм. Нутгийн Ц гэдэг хүний туслах малчинаар ажилладаг. 2017 оны 12 сард отроор Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг “Улаан Худаг” гэх газар ирж өвөлжсөн юм. 2018 оны 05 сарын 08-ны өдөр малаа хариулаад явж байтал саахал айлын зүс харсан залуу ирээд гэрийн гадаа малаа хариуллаа гээд мотоцикль дээрээсээ намайг татаад миний нүүр лүү нэг удаа мөргөчихөөд буугаад мотоциклио данхраадахаар нь би мөн мотоцикльноосоо буутал миний мотоцикль Уламбаярын мотоцикль дээр давхралдаж унасан. Ойчсон хойноо мотоциклийг босго гэхээр нь би өөрийнхөө мотоциклийг татаад босгоход У гараараа дахиж нүүр лүү нэг удаа цохиод баруун хөмсөг яз цохьчихоод дахиж манай гэрийн гадуур малаа бэлчээгээд байгаарай гэж хэлчихээд яваад өгсөн юм. Тухайн үед миний язарсан хөмсөгнөөс цус гарч толгой эргээд тэндээс Ц эмнэлэгт машинаар хүргүүлж ирсэн юм. Би У эсэргүүцэл үзүүлж хариу зодоон хийгээгүй. Энэ хүнийг би 2 удаа зүс харснаас өөр ямар нэгэн харьцаа байхгүй...

У эмчилгээний зардалд бэлэн 500 000 /таван зуун мянга/ төгрөг, нэг шүдлэн адуу өгсөн учир одоо надад У-д гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр эвлэрсэн байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/

 

1.4. Гэрч Д.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Н нь манай малыг хөлсөөр хариулдаг манай хөлсний малчин байгаа юм. Манайх Булган аймгийн Гурванбулаг сумаас 2018 оны 01 сард Говьсүмбэр аймгийн Сумбэр сумын 4 дүгээр баг Улаан Худаг гэх газар отроор нүүж ирсэн юм. Манай малчин Н-г 2018 оны 05 сарын 08-ны өдөр хажуу саахалт айлын У гэдэг залуу малын бэлчээр дээр очиж зодсон байсан. Би тэр өдөр Н-г авчирч эмнэлэгт хүргэж, нэг хонуулаад маргааш нь шүүх эмнэлэгт үзүүлсэн. Тэр оройдоо Улаанбаатар хот авч явж эмнэлэгт үзүүлсэн. Н нь манайд малчнаар ажиллаад 10 жил болж байгаа, Н-н эхнэр хүүхэд нь хотод байдаг юм... гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/

 

1.5. Шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 10-ний өдрийн 172 дугаартай дүгнэлтэд:

- П.Н-н биед тархи доргилт, баруун хөмсөгт шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зүүн чихэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь 2018-05-08-ны өдөр үүсгэгдэх шинэ гэмтэл байна.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.С гэжээ. /хх-ийн 15 дугаар хуудас/

 

Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч Г.У үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчилэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Г.У нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч Г.У хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч Г.У эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдасан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

2.1. Гэрч Г.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би төрсөн ах У-н талаар мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. У нь миний дээрээсээ хоёр дахь ах. Бага насаа хөдөө мал дээр өнгөрөөсөн. 8 дугаар анги төгсөөд малчин болсон. Зан байдлын хувьд ажилч, хөдөлмөрч хүн байгаа юм. Зан аашийн хувьд жаахан ширүүн талдаа, архи дарс уугаад байдаггүй зарчимч шаарлага ихтэй хүн. Малын хойноос л их явдаг хүн байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/

 

2.2. Гэрч Н.У мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би нөхөр У-н талаар мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. У бид хоёр гэр бүл болоод 18 жил болж байгаа 5 хүүхдийн эцэг эх болж өсгөж хүмүүжүүлж байгаа жирийн нэгэн малчин айл. Манай нөхөр У ажилч хичээнгүй, элдэв муухай ааш зангүй хүн. Энэ хавар өвс ногоо ургахгүй малын бэлчээр муу байхад манай тэр хавиар отор нүүдлийн мал их ирсэнтэй холбогдуулаад манай нөхөр их уур уцаартай болж малдаа санаа нь зовоод байдаг болсон байсан. Тэр үеэр манай тэнд отроор явж байсан айл малаа гэрт ойрхон хариулснаас болж У хүн зодсон байсан. Энэ талаар би хараагүй болохоор мэдэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/

 

2.3. Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2000 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 18 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 34-36 дугаар хуудас/

 

2.4. Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 1 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 30-31 дүгээр хуудас/

 

Шүүгдэгч Г.У эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

            Иймд шүүгдэгч Г.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгч Г.У нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Г.У нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш.овогт Г.У-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Г.У нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

5. Шүүгдэгч Г.У нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.ЭНХМАНДАХ