Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2025/ДШМ/51

 

 

 

 

 

 

 

 

 

2025           10          03                                          2025/ДШМ/51                         

 

 

 

Яллагдагч Э.Ч-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч Ц.Эрдэнэзуу, шүүгч Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хийв.

Шүүх хуралдаанд: прокурор Д.Ч,

яллагдагчийн өмгөөлөгч: Э.Ц /цахимаар/,

нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.

 

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.-н даргалж  хийсэн шүүх хуралдааны 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 140 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор С.Г-н бичсэн эсэргүүцлээр, яллагдагч Э.Ч-д холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

2. Монгол Улсын иргэн,

 

3. Э.Ч нь 2025 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 15 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн ... сумын 3 дугаар баг, :... тоотод Н.А-г гэр рүүгээ оруулах зорилгоор маргалдаж,  улмаар хохирогчийн зүүн гарыг угзран татаж, түүний гарыг хаалганы цүүнд урж, Н.А-н эрүүл мэндэд “зүүн бугалганд зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, шуу, баруун шилбэнд цус хуралт”  бүхий  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

4. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Э.Ч-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

5. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т зааснаар яллагдагч Э.Ч-д  холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг Хэнтий аймгийн  Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын буцааж  шийдвэрлэжээ.

 6. Прокурор С.Г  давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЗ/140 дугаартай захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчийн саналыг харгалзан шүүх тогтоож, урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө оролцогчид мэдэгдэнэ. Прокурор, оролцогч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж заасан байна. Гэтэл Анхан шатны шүүхээс 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ШЗ/139 дугаартай захирамжаар урьдчилсан хэлэлцүүлгийн товыг прокурор, яллагдагч, түүний өмгөөлөгч нараас санал асуулгүйгээр 2 хоногийн дараа буюу 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 10:00 минутад товлож, 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр тус прокурорын газарт ирүүлсэн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил юм. Хохирогч Н.А  нь хэргийн материалтай танилцаад энэ талаар санал гаргаагүй, мөрдөгч урьд удаа дараа сэтгэцэд учирсан хохирлыг тогтоох талаар хохирогчид мэдэгдэхэд ирээгүй байна. Нөгөөтэйгөөр гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохиролд шинжээч томилж, дүгнэлт гаргуулах асуудлыг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх, эсхүл гэмт хэргийн хохирлыг Иргэний хуулийн 497, 511 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлэх хуулиар олгогдсон боломж байна.  Мөн Шүүхээс хохирогчийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцуулаагүй ба сэтгэцэд учирсан хохирлыг тогтоох эсэх талаар тодруулах бүрэн боломжтой байсан байна. Яллагдагч Э.Ч  нь урьд ял шийтгүүлж байгаагүй ба хэрэгт түүний “Э” ТӨҮГ-ын Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрт ажилладаг талаарх тодорхойлолт болон бусад лавлагаануудыг холбогдох газраас авсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасны дагуу хэрэгт авагдсан дээрх баримтууд нь яллагдагчийн хувийн байдлыг хангалттай тогтоож байна. Эрүүгийн хэрэгт яллагдагчийн хувийн зан байдлыг тодорхойлсон гэрчийн мэдүүлгийг заавал авах шаардлагагүй байх тул анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн уг заалтыг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэж байна.Иймд Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЗ/140 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл   бичсэн...” гэв.

7. Прокурор Д.Ч  давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Эсэргүүцлээ дэмжиж байна” гэв.

 8. Яллагдагчийн өмгөөлөгч Э.Ц  нь  давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Би прокурортой ижил байр суурьтай байна. Захирамж гарахдаа процессын хуулиа ноцтой зөрчсөн гэдэг байр суурьтай байгаа. Яагаад гэхээр Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчийн саналыг харгалзан шүүх урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө оролцогчдод мэдэгдэнэ гэсэн энэ заалт зөрчигдсөн. Миний үйлчлүүлэгчид тухайн урьдчилсан хэлэлцүүлэг болох өдрийг нэг өдрийн өмнө мэдэгдсэн. Энэ бол хууль дээдлэх зарчмыг зөрчсөн шүүгчийн захирамж гарсан гэж үзэж байгаа. Энэ бол шүүхийн санаачилгаар хийдэг урьдчилсан хэлэлцүүлэг. Урьдчилсан хэлэлцүүлэг хийх болсныг бид нар мэдээгүй. Маргааш хурал болно гэж мэдсэн. Тийм учраас Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсгийг зөрчиж хийгдсэн урьдчилсан хэлэлцүүлэг учраас энэ захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгөөч гэсэн саналтай байна” гэв.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

9. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор С.Г-н бичсэн эсэргүүцлээр яллагдагч Э.Ч-д холбогдох эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа болон шийдвэрийг бүхэлд нь хянав.

       10. Шүүгч өөрийн санаачилгаар Э.Ч-д  холбогдох  хэрэгт  шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулан прокурорт  хэргийг буцаахаар шүүгчийн захирамж гаргасан нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

Тодруулбал: Шүүхээс 2025 оны 08 дугаар сарын 11-нд  урьдчилсан хэлэлцүүлгийн тов тогтоосон захирамж гаргахаас өмнө  түүнд оролцох прокурор, өмгөөлөгч нараас санал асуугаагүй, тов тогтоосноос хойш хоёр хоногийн дараа буюу 2025 оны 08 дугаар сарын 13-нд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийсэн нь   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 хэсгийн 9-т “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчийн саналыг харгалзан шүүх тогтоож, урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө оролцогчид мэдэгдэнэ.”гэсэн заалтыг зөрчсөн. Мөн шүүгчийн туслах нь хохирогч Н.А-т шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах товыг  .... дугаарын гар утсанд мэдэгдсэн гэх боловч,  хэзээ, хэдэн цагт ямар утсаар мэдэгдсэн талаарх баримт байхгүй байна. /хх-62-64х/,

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаахаар шийдвэрлэсэн ба хэргийг шүүхэд очтол яллагдагч  Э.Ч-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтож, энэ удаагийн шүүх хуралдаанаар прокурорын эсэргүүцэлд дүгнэлт өгөөгүй болно.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

Нэг. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 140 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Э.Ч-д холбогдох ....  дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

Хоёр. Хэргийг шүүхэд очтол яллагдагч Э.Ч-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Гурав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

Дөрөв. Оролцогч, прокурор, дээд шатны прокурор нар нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.