Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 995

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийж,

Нэхэмжлэгч: Х.*******, Х.******* 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: ““ ам” ХХК-иар захиалгаар бариулсан Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо дүгээр хороолол байрны 8 давхарт байх тоот орон сууцныхаа өмчлөгчөөр шүүхийн шийдвэрийн дагуу бүртгүүлэхээр гаргасан дугаар мэдүүлгийн бүртгэхээс татгалзсан бүртгэгчийн үйлдэл хууль бус болохыг тогтоолгож, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Х.*******, Х.******* нарыг бүртгэж гэрчилгээ олгохыг даалгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.*******, Х.******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Х.*******, Х.******* бид 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр “ ам” ХХК-ийн барьж буй Сонгинохайрхан дүүргийн -р хороо, -р хороололд 16 давхар 240 айлын орон сууцны байрны 8 давхрын тоот, 33,95 м.кв 2 өрөө орон сууцыг худалдаж авахаар захиалж, “Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ” нэртэй гэрээ байгуулж, орон сууцны үнэ болох 37125000 төгрөгийг бүрэн төлж, төлбөр тооцоо дуусгавар болсон.

2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр барилгыг улсын комисс хүлээн авч эрх бүхий байгууллагаас 1******* тоот “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт” 

гарсан ба 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр “ ам” ХХК нь захиалагч миний эзэмшилд орон сууцыг хүлээлгэн өгснөөр миний бие тус орон сууцанд амьдран сууж байгаа болно. Гэвч орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байсан тул Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд тус орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргаж 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 00515 дугаар шүүхийн шийдвэрээр Х.*******, Х.******* биднийг тус орон сууцны өмчлөгчөөр тогтоосон.

Улмаар 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтэст өмчлөх эрхээ бүртгүүлж, гэрчилгээ авахаар мэдүүлэг /мэдүүлгийн дугаар: / гаргасан. “ ам” ХХК нь 2014 онд уг орон сууцны барилгыг Ү-2******* дугаарт бүртгүүлж, дуусаагүй барилгын гэрчилгээ авсан ба Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 3/24405 дугаар албан бичгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн, ам” ХХК-иас айлуудын нэр дээр гарах орон сууцны жагсаалтыг өгөөгүй гэх үндэслэлүүдээр бүртгэхээс татгалзсан.

Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын

бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-д “...шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр гарсан тохиолдолд тусгай тэмдэглэгээ хийнэ” гэжээ. Гэвч энэ нь шүүхийн шийдвэрээр өмчлөгчөөр тогтоогдсон Х.*******, Х.******* бидний өмчлөх эрхийг хөндөх учиргүй юм. Өөрөөр хэлбэл, “ ам” ХХК нь шүүхийн шийдвэрээр бусдад өгөх өглөгтэй бол тус компанийн хөрөнгөөс хангуулах нь зүйтэй. 

Мөн тус хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д “...мэдүүлэг гаргасан огноог шүүх, арбитрын шийдвэр гарсан өдрөөр тогтооно” гэж заасан тул “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шийдвэр нь 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдөр гарсан тул мэдүүлэг гаргасан огноог уг өдрөөр тооцож, 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх албаны албан бичгийг үндэслэн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн гэдэг нь үндэслэлгүй ба харин ч улсын бүртгэгч нь мэдүүлэг гаргагчид нь “ ам” ХХК-ийн барьсан 240 айлын орон сууцны тоот орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөх эрхтэй, өмчлөх эрхийн гэрчилгээ авахаар мэдүүлэг гаргасан байгаа тухай шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад мэдэгдэх ёстой гэж үзэж байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан “Эд хөрөнгийн

эрхийн бүртгэл хөтлөх журам”-ын 5 дугаар зүйлийн 5.12-т “Эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах эрхтэй холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирүүлсэн албан бичиг нь Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Хууль зүй дотоод хэргийн сайдын 2011 оны 57/244 дугаар хамтарсан захирамж, тушаалын 3-д заасан шаардлагыг хангасан байхыг шаардана” гэж заажээ. Уг хамтарсан захирамж, тушаалын 3-д “Үл хөдлөх эд хөрөнгийн холбогдолтой шуүхийн шийдвэр гүйцэтгэсэн тухай албан бичгийг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт ирүүлэхдээ үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаар, оршин байгаа хаяг, өмчлөгчийн овог, нэрийг тодорхой дурдаж, холбогдох шүүхийн шийдвэр, үл хөдлөх эд хөрөнгө битүүмжилсэн, хураасан, бусдын өмчлөлд шилжүүлсэн тухай актын хувийг хавсаргаж байхыг Шүүхийн шийдвэр биөлүүлэх ерөнхий газарт даалгасугай” гэж заасан байна.

Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дагуу төлбөр төлөгчийн өмчлөлд бүртгэлтэй тухайн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагааг явуулсан эсэхээ нотолж, эд хөрөнгө битүүмжлэх, хураах тухай акт, баримтыг Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтэст ирүүлээгүй байхад шийдвэр гүйцэтгэгчийн албан бичгийг үндэслэж, шүүхийн шийдвэрээр өмчлөгчөөр тогтоогдсон миний өмчлөх эрхийг үгүйсгэж байгаа нь үндэслэлгүй байна.

Мөн “ ам” ХХК-иас айлуудын нэр дээр гарах орон сууцны жагсаалтыг өгөөгүй

байна гэх үндэслэл нь үндэслэлгүй ба уг жагсаалт нь мэдүүлэгт заавал хавсаргах баримт

бичгийн бүрдэлд орохгүйн зэрэгцээ нэгэнт шүүгчийн захирамжаар өмчлөх эрхтэй болохоо

тогтоолгосон тохиолдолд гүйцэтгэгчийн зөвшөөрөл шаардлагагүй юм. Иргэний хуулийн

109 дүгээр зүйлийн 109.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй” гэж заасан.

Түүнчлэн Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар дээр дурдсан үндэслэлүүд нь мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болохооргүй байна. Иймд уг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Энэ хуулийн 14.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас татгалзахыг хориглоно” гэж заасны дагуу улсын бүртгэгчийн шийдвэр хуульд нийцэхгүй байна

Иймд Сонгинохайрхан дүүргийн -р хороо, -р хороолол, байрны 8 дугаар давхарт байх тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхээр гаргасан дугаар мэдүүлгийг бүртгэхээс татгалзсан улсын бүртгэгчийн үйл ажиллагаа нь илт хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Х.*******, Х.******* нарыг бүртгэж, гэрчилгээ олгохыг даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Х.*******гийн нэхэмжлэлд дурдсан “ Ам” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн хэлтэст хандаж 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо, дүгээр хороолол /*******/, Үйлдвэрчний эвлэлийн гудамж 90 А,Б,В тоот хаягт байрлах дуусаагүй барилгаа бүртгүүлэхээр мэдүүлэг гаргасан бөгөөд уг мэдүүлэгт хавсаргасан нотлох баримтыг үндэслэн эрхийн улсын бүртгэлийн Ү-22******* дугаарт бүртгэж 50%-ийн гүйцэтгэлтэй орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон байна.

Уг эд хөрөнгийг Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 04 дүгээр сарын 29, 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн захирамж болон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 3/24405 дугаар албан бичгийг үндэслэн захиран зарцуулах эрх түдгэлзүүлсэн байсан ч 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1/******* дугаар албан бичгээр тус орон сууцын захиран зарцуулах эрхийг сэргээжээ.

Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 38 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 4.4.2-т заасны дагуу тухайн барилгын захиалагч иргэдийн нэрсийн жагсаалтыг “ ам” ХХК гаргаж өгөөгүй бөгөөд Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн хэлтэс “ ам” ХХК-иас уг жагсаалтыг зайлшгүй авах шаардлагатай байна.

Учир нь тухайн барилгын гүйцэтгэгч компани болох “ Ам" ХХК нь тухайн байрны захиалагч иргэдийг хууран мэхэлж нэг байранд хэд хэдэн захиалгын гэрээг давхардуулан байгуулсан байх бөгөөд захиалагч иргэд нь холбогдох хууль хяналтын байгууллагад хандсан байдалтай байна.

Иймээс тухайн орон сууцны гүйцэтгэгч компани болох “ Ам” ХХК болон захиалагч иргэдийн дунд дээрх маргаантай асуудал байгаа тул тухайн орон сууцны мэдүүлгийг хүлээн авч захиалагч иргэдийн өмчлөлд бүртгэж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг олгох боломжгүй байна гэж үзэж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан иргэн Х.*******, Х.******* нарын ““ ам” ХХК-иар захиалгаар бариулсан Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо дүгээр хороолол байрны 8 давхарт байх тоот орон сууцныхаа өмчлөгчөөр шүүхийн шийдвэрийн дагуу бүртгүүлэхээр гаргасан дугаар мэдүүлгийн бүртгэхээс татгалзсан бүртгэгчийн үйлдэл хууль бус болохыг тогтоолгож, дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Х.*******, Х.******* нарыг бүртгэж гэрчилгээ олгохыг даалгуулах”  тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч хэргийг хянан шийдвэрлэлээ.

Иргэн Х.*******, Х.******* нар “ ам” ХХК-ийн барьж буй Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо дүгээр хороололд 16 давхар 240 айлын орон сууцны барилгаас байрны 8 давхарт байрлах тоот 33,95 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдаж авахаар захиалж, 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр “Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулсан бөгөөд Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШШ2016/00515 дугаар шийдвэрээр тус орон сууцны өмчлөгчөөр Х.*******, Х.******* нарыг тогтоожээ.

Нэхэмжлэгч Х.******* 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн хэлтэст өмчлөх эрхээ бүртгүүлж, гэрчилгээ авахаар мэдүүлэг гаргасан боловч улсын бүртгэлийн байгууллага ““ ам” ХХК нь жагсаалт гаргаж өгөөгүй, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 3/24405 тоотоор захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн” гэсэн үндэслэлээр дүгээр мэдүүлгийг буцаасан нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.1.-д “Улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг нотлох баримт, тайлбар, лавлагааг холбогдох албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдээс гаргуулан авах” гэж заасанд нийцээгүй байна. 

Учир нь улсын бүртгэгч бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг нотлох баримт буюу иргэнийг өмчлөгчөөр тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт үндэслэн хуулийн дээрх заалтын дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас лавлагаа авах боломжтой байжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны  2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1/******* дугаар албан бичгээр байрны 8 давхарт байх тоот орон сууцны захиран зарцуулах эрхийг сэргээн, бусад хоригийг хэвээр үлдээсэн болохыг дурдах нь зүйтэй.

Хариуцагч Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 4.4.2.-т зааснаар “ ам” ХХК “Захиалгаар бариулсан орон сууцны жагсаалт”-ыг гаргаж ирүүлээгүй гэж маргаж байх боловч шүүхийн шийдвэрээр Х.*******, Х.******* нарыг тус орон сууцны өмчлөгчөөр тогтоосон байх тул Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т “Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана” гэж заасныг үндэслэн улсын бүртгэлд бүртгэж гэрчилгээ олгох боломжтой юм. 

Дээрх үндэслэлүүдээр Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо дүгээр хороолол байрны 8 давхарын тоот орон сууцны өмчлөгчөөр Х.*******, Х.******* нарыг бүртгүүлэхээр гаргасан дугаар мэдүүлгийг хүлээн авахаас татгалзсан Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн хэлтсийн үйлдэл хууль бус болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ. 

Харин Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1., 15.2.-т зааснаар мэдүүлэг түүнд хавсаргасан баримт шаардлага хангасан бөгөөд бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй тохиолдолд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1., 5.2., 7 дугаар зүйлийн 7.1.-д зааснаар улсын бүртгэгч эрхийг улсын бүртгэлд бүртгэх юм.

Иймд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Х.*******, Х.******* нарыг бүртгэж гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгах нь шүүх захиргааны байгууллагад хуулиар олгосон эрхэд халдахаар байх тул нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа Х.*******, Х.******* нараас гаргасан мэдүүлгийг хүлээн авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж байна. 

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4., 106.3.12. дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.1., 20 дугаар зүйлийн 20.1., Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2., 24 дүгээр зүйлийн 24.4.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.*******, Х.******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сонгинохайрхан дүүргийн дүгээр хороо дүгээр хороолол байрны 8 давхарын тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхээр Х.*******, Х.******* нараас гаргасан мэдүүлгийг хүлээн авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн хэлтэст даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.*******, Х.******* нарт олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.ДАМДИНСҮРЭН