| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2018/0054/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/60 |
| Огноо | 2018-07-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Нэргүй |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 2018/ШЦТ/60
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх,
улсын яллагч Э.Нэргүй,
хохирогч, шүүгдэгч О.Т, Б. нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б. овогт О.Т, Шаргалзуутынхан овогт Б.Э нарт холбогдох эрүүгийн 1817001200056 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 14-нд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, материалын инженер мэргэжилтэй, Шивээ-Овоо ХК-нд уулын нэгдсэн хэсгийн туслах машинч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүү, охины хамт Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын, 1 дүгээр баг, .............. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй гэх Б. овогт О.Т /РД:.............../
Монгол Улсын иргэн, 1986 оны 07 дугаар сарын 01-нд Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уулын ашиглалтын технологич, инженер мэргэжилтэй, Шивээ-Овоо ХК-нд уулын хэсгийн ээлжийн мастер ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын, 1 дүгээр ба............г, . тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх Ш.н овогт Б.Э /РД:.............../
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч О.Т нь согтуугаар 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Шивээговь сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах сурын талбай дээр иргэн Б.Э-тай маргалдан түүнийг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
Яллагдагч Б.Э нь согтуугаар 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Шивээговь сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах сурын талбай дээр иргэн О.Т-тэй маргалдан түүнийг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч О.Т нь согтуугаар 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Шивээговь сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах сурын талбай дээр хохирогч Б.Э маргалдан улмаар түүнийг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай,
Шүүгдэгч Б.Э нь согтуугаар 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Шивээговь сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах сурын талбай дээр хохирогч О.Т маргалдан улмаар түүнийг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1.1. Шүүгдэгч О.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас мэдүүлэг өгөхгүй гэв.
1.2. Шүүгдэгч Б. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас мэдүүлэг өгөхгүй гэв.
1.3. Хохирогч О.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Б ахтай яриад хаана байна гээд залгасан яваад очсон. Нум сумын сум янзалчихсан сууж байсан. Дүү нэг уулзаатай байгаа гэж хэлсэн. Буцаж очоод бид 4 нэг шил 0,75 граммтай Ерөөл архи хувааж уусан. М, Б ах нар сумаа янзлаад эхэлсэн. Хэд хоногийн өмнө аргалсанд баярласан гэж хэлэхэд тэнэг бацаан ажлаа хийж чадахгүй гэдэг зүйл хэлсэн. Тэгээд би үг даахгүй түргэн зан гаргасан. Нүүр хэсэгт нь цохисон. Хажуугаар орж ирээд цохиод өшиглөх шиг болсон. Хэсгийн төлөөлөгч рүү залгаад, мөн эхнэр лүү яриад очоод аваатах гэж хэлсэн. Машинтай эмнэлэг яваад би ард нь суугаад нэг мэдсэн эмнэлэгт сэрсэн. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Харилцан тохирч эмчилгээний зардал болох 1 000 000 төгрөг авсан гэв.
1.4. Хохирогч Б. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Сурын талбай дээр явж байгаад хоорондоо муудсан гомдол санал байхгүй. Б-н утас дуугарч нэг шил архи хувааж уугаад Т сагс тоглох биш ойлгохгүй гээд хоорондоо муудсан. Архи дарс уучихаад согтоод байгаа юм уу? гэж хэлсэн. Би Чойрт том хүн гэж хэлээд машинаас гарах гээд бариад авсан чинь цохиод авсан. Тэгээд гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
1.5. Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би хамт ажилладаг Э, М нарын хамт Шивээговь сумын төвд байдаг сурын харвааны талбай дээр очиж нэг сум авсан байсныг харваж үзээд байж байсан чинь Т над руу утсаар залгаад намайг хаана байгаа юм бэ гэж асуухаар нь би сурын талбай дээр байна гэж хэлсэн. Тэгсэн чинь нэлээн байж байгаад Т өөрөө машин бариад 2 ой гарантаа гэмээр хүүхдээ хажуудаа суулгачихсан нэг шил 0,75 граммын Ерөөл архи, нэг ундаатай авчихсан ирсэн. Бид нар сурын талбай дээр байж байхдаа М бид хоёр ээлж ээлжээр сур сум тавиад нэг нь цурхай дээр очиж сум энд буулаа, тэнд буулаа гэж зааж өгөөд босон суун нөгөө архийг хувааж уугаад дууссан. Т-н хүүхэд нь нум сум харваж үзмээр байна гэж хэлэхээр нь машины араас сургалтын нум гаргаж ирээд М бид хоёр Т-н хүүхдэд нь нум бариулаад харвах талаар зааж өгөөд байж байхад Э, Т хоёр машин дотор суучихсан юм яриад байж байснаа гэнэт машин дотор түс тас гэх чимээ гарахаар нь би эргээд харсан чинь Э, Т нар машины голын суудлаас жолооч тал руу ар араасаа бууж ирээд хоорондоо зодолдох гэхлээр нь М бид хоёр тэр хоёрыг салгасан. Тухайн үед Т-н хамарнаас нь цус гарч байсан. Э-н зүүн нүдний доод зовхи нь жоохон улайсан байгаа харагдаж байсан. Т нь нэлээн согтсон байсан болохоороо Э-г чи хүрээд ир одоо хоёулаа зодолдьё гээд дайраад байхаар нь би Э-д хандаад чи одоо яв яв гэж хэлсэн тэгтэл Т нь Э-г барьж авах гээд араас нь хөөгөөд гүйж байгаад газар нэг удаа унасан өөр зүйл болоогүй. Э, Т хоёр хамт машинд суухдаа биед нь ил харагдах шарх гэмтэл байгаагүй. Т бид нар дээр ирэхдээ гар нь боолттой хөл нь доголсон байсан. Т-н хөл нь өмнө нь сагс тоглож байгаад шагайгаа гэмтээсэн байсан юм. Гар нь юунаас болж бэртсэн талаар надад мэдэх зүйл байхгүй. Т, Э нар машинаас буугаад ирэхдээ. Т-н хамарнаас цус гарсан, Э-н зүүн нүдний зовхи улайснаас өөр ил харагдах шарх гэмтэл байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 16 хуудас/
1.6 Гэрч Н.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Манай ажлын Б, Э бид 3 сурын талбай ороод сур харвах гээд сурын талбай дээр байж байхад манай ажлын туслах машинч Т Г руу утсаар залгаад хаана байна гэхээр нь Г сурын талбай дээр байна гэж ярьсаны дараа Т хүүхэдтэйгээ хамт бид 3-ын байсан газар машинтайгаа хүүхдээ дагуулчихсан нэг шил Ерөөлийн 0,75 литрийн архи авчихсан ирсэн. Тэгээд Э Т 2 хуваагаад уусан Т ирэхдээ согтуу ирсэн. Тэгэхэд Э Т-г чи өөрөө согтуу байж машин бариад тэгээд дээр нь хүүхдээ урдаа суулгасан байна, чи ийм байдалтай явж болохгүй гэж зэмлэж байсан. Т тэгэхэд Э-н үгийг тоолгүй наргиан болгоод өнгөрсөн. Э Т-н мастер нь учраас тэгж хэлсэн байх. Тэгээд Г Э 2 тусдаа зогсчихсон юм яриад зогсож байхад нь Т 2 ах нууц юм ярилаа гээд л байсан. Би нум харваж байгаад 2 сум тавьчихаад, машиндаа очиход Энхбат Төгөлдөр 2 миний машины хаалгыг хаачихсан дунд талын суудал дээр юм яриад сууж байсан. Тэгээд би Т-с наагуур чинь ногоон цүнх байна уу гэсэн чинь хойд талын суудал дээрээс ногоон цүнх авч өгсөн, би машиныхаа хаалгыг хаачихаад сум тавихаар яваад сумаа харавчихаад Т-н хүүхдээр нэг сум харвуулчихаад байж байтал машины хаалга онгойгоод Э Т 2 нэгийгээ зууралдаад буугаад ирсэн, тэгээд машины суудлын бүрээс муухай цус болсон байсан яг юунаас болж муудалцсан асуудлыг мэдэхгүй байна. Тэгээд Г бид 2 Э Т 2-ыг салгаад Э Г тэврээд авсан Т нэг утсаар хүн рүү би согтуу хүнд зодуулсан байна гэж яриад байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/
1.7. Гэрч Б.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би 2018 оны 05 дугаар сарын 10-ны орой ажил дээрээ байж байсан чинь манай сумын хэсгийн төлөөлөгч Б.З надруу утсаар залгаад танай нөхөр чинь сурын талбай дээр байгаа юм шиг байна гэж хэлэхээр нь би ажилтай байсан болохоор хамт нэг газар ажилладаг Д гэх хүн рүү залгаад та манай нөхрийг очоод авчих хүүхэдтэйгээ хамт сурын талбай дээр байгаа юм шиг байна гэж хэлсэн. Д эгч над руу хэсэг хугацааны дараа залгаад танай нөхөр чинь хүнд зодуулсан байна нүүр ам нь цус нөжиндөө холилдсон байна гэж хэлэхээр нь би тэнд хэн хэн байсан талаар асуусан чинь Б байна гэж хэлсэн. Би тэгэхээр нь утсаа таслаад Б руу утсаар залгаад юу болсон талаар асуусан чинь М, Э, Т, Б болон манай 3 нас гарантай хүүгийн хамт тэд нар байсан. Тэгтэл Б миний өөдөөс Э, Т хоёр хоорондоо муудалцсан юунаас болж муудалцсан гэдгийг нь би мэдэхгүй байна гэж хэлээд утас нь тасарсан. Удалгүй Д над руу утсаар залгаад Т-г ухаан алдчихлаа би яах вэ гэж хэлэхээр нь та сумын эмнэлэг рүү аваад яв гэж хэлсэн тэгээд би Д эгч рүү ойр ойрхон залгаж юу болж байгаа талаар асуухад ухаан ороогүй нэлээн удсан. Манай хамтран амдьрагчийг Э зодсон гэж хэлж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/
1.8 Гэрч Т.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ажилаа тараад Шивээговь суман дээр байж байсан чинь Т-н эхнэр О гэх эмэгтэй над руу утсаар яриад та манай нөхрийг наадмын талбай хавьд байх шиг байна гэж хэлэхээр нь би Шивээговь сумын харьяат Н гэх эмэгтэйг машин бариад явж байхаар нь хоёулаа наадмын талбай ороод тэнд нэг хүн харчихаад ирье гэж хэлсэн чинь Н зөвшөөрөөд би машинд нь суугаад наадмын талбай орсон чинь тэнд хүн байгаагүй бид хоёр машинтай наадмын талбайг бүтэн нэг тойрчихоод буцаад Шивээговь сум руу явж байсан чинь сурын талбайн хавьд хоёр машин байхаар нь Н бид хоёр тэр машин руу яваад очсон чинь Т-н цагаан өнгийн кровн маркын машин, мөн М-н саарал өнгийн эстима шиг машин хоёр зогсож байсан. Машины гадаа Б, М хоёр зогсож байхаар нь би машинаас буугаад нөгөө Н гэдэг хүнийг явуулчихаад би Т-н машин руу очсон чинь Т согтуу хамарнаас цус гойжсон байдалтай машин дотороо сууж байж байхаар гадаа зогсож байсан Б, М нараас асуусан Т-г хэн зодсон бэ гэж асуусан чинь тэр хоёр мэдэхгүй наад хүнээ аваад яв гэж хэлэхээр нь би Т-г машиных нь урд суудлаас хойш нь суулгаад би өөрөө машиныг нь жолоодоод хөдлөөд удалгүй чамайг хэн зодсон юм бэ гэж Т-с асуусан чинь Төгөлдөр надад мастар Э намайг зодчихлоо гэж хэлээд өрөө ухаан алдчихаар нь би Т-г сэрээчээ гэж нааш цааш нь хэд хэдэн удаа хөдөлгөж үзсэн чинь Т сэргэхгүй байхаар нь шууд сумын эмнэлэг дээр давхиж очоод эмчийг дуудаад Т-г эмч Т гарч ирээд авах гэснээ сувилагчийгаа дуудаад Т-г насилкан дээр хэвтүүлээд эмнэлэг рүү авч ороод эмнэлэгт ухаан орохгүй нэлээн удсан. Т нь би Т-н эхнэр О /99677739/ ах Дөлгөөн /99802911/ хоёрт нь утсаар болсон асуудлын талаар хэлээд эмнэлэг дээр дуудсан. Эмнэлгээс Т-н биед эмчилгээ хийж байгаад эмнэлэгээс Т-г Чойр луу авч явна гээд би Т-н машиныг бариад Чойрт ирчихээд буцсан. Т-н машин дотор эхнэр нь хоёр хүүхдээ аваад хамт ирсэн. Анх намайг Т-г очиж авахад Т-н нүүрнийх нь хэсэг хавдсан, хоолойд нь ором гарсан байсан. Намайг Т-н зодуулсан газар очиход Э байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/
1.9. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 174 дугаартай дүгнэлтэд:
- Б.Э-н биед тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
- Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
- Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
- Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.С гэжээ. /хх-ийн 25 дугаар хуудас/
1.10. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 175 дугаартай дүгнэлтэд:
- О.Т-н биед тархи доргилт, хамрын таславчийн цуурал, духанд зулгаралт, баруун чихний дэлбээнд цус хуралт, хамар, нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
- Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
- Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
- Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.С гэжээ. /хх-ийн 27 дугаар хуудас/
1.11. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6 дугаар хуудас/
1.12. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /хх-ийн 7-8 дугаар хуудас/
Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч О.Т, Б. нарын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчилэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч О.Т, Б.Э нар нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч О.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
шүүгдэгч Б.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
ХОЁР. Шүүгдэгч О.Т, Б.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдасан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Гэрч Б.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Т спортоор хичээллэдэг болохоор хүн их таньдаг, хүмүүстэй их эвсэг харьцдаг, ямар нэгэн асуудал болох үед түүнээс зайлсхийж зугтаж явдаг. Т архи уухаараа ямар нэгэн ааш авир гаргаад байдаггүй. Архи уусан бол дуугүй унтаад л өгдөг. Э-тай 2014 оноос хойш нэг газар хамт ажиллаж байгаа. Ажил төрлийн холбоотой. Э ахын хувьд мөн адил хүмүүстэй их эвтэй харьцдаг, ямар нэгэн ааш авир гаргаж байхыг нь хараагүй. Архи дарс уухаар ааш авир нь ямар байдаг талаар надад мэдэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/
2.2. Гэрч Т.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Т-г сагсны багш гэдэгээр нь мэднэ. Төгөлдөр нь манай нөхрөөр машинаа засуулдаг байсан болохоор бид хоёрыг ахаа эгчээ гээд л явж байдгаар нь л мэднэ. Э-г сайн мэдэхгүй. Энэ хоёр хүний хувийн зан байдлын талаар сайн тодорхой мэдэх зүйл байхгүй. Т, Э нар урьд өмнө нь миний хажууд маргалдаж муудалцаж байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/
2.3. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47-49 дүгээр хуудас/
2.4. Шүүгдэгч, хохирогч О.Т, Б.Э нар нь мөрдөн байцаалтын шатанд хийсэн эвлэрлийн гэрээ /хх-ийн 71-72 дугаар хуудас/
Шүүгдэгч О.Т, Б.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Иймд шүүгдэгч О.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-т оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр,
шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоов.
Шүүгдэгч О.Т, Б.Э нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдлээ.
Шүүгдэгч О.Т, Б.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Буучийнхан овогт О.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Шаргалзуутынхан овогт Б.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч О.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар,
Шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-т оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр,
шүүгдэгч Б.Э-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.
4. Шүүгдэгч О.Т, Б.Э нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч О.Т, Б.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Т, Б.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ