Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2025/ДШМ/52

 

 

 

 

 

 

 

 2025          10           03                                           2025/ДШМ/52

 

 

 

Ц.С-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч Ц.Эрдэнэзуу, шүүгч О.Баатарсүх нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд,

Хяналтын прокурор: Н.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/191 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч Хэнтий аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Б.Г-н бичсэн эсэргүүцлээр шүүгдэгч Ц.С-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,

 

Шүүгдэгч Ц.С  нь Хэнтий аймгийн Цагдаагийн газрын ... сумын сум дундын цагдаагийн тасгийн хэсгийн мөрдөгчөөр ажиллаж, гэмт хэргийн талаарх ... дугаартай гомдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байхдаа буюу 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд гэрч Б.Г, Э.Н нарын мэдүүлгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж прокурорт гаргаж өгсөн гэх гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.С-н дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны  шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.С-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ц.С-г цагаатгаж шийдвэрлэжээ.

            Ерөнхий прокурор Б.Г  давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоохын зэрэгцээ хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоож, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т "Шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт цагаатгагдсан этгээдийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана." гэж заасан байна.

Гэтэл шүүх цагаатгах тогтоол гаргахдаа хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтыг цогц байдлаар үнэлэхгүйгээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хөтөлбөргүйгээр нотлогдоогүй, эргэлзээ төрүүлэхүйц байна. Шүүхээс шүүгдэгч Ц.С-г хуурамч нотлох баримтыг үйлдсэн, хуурамч гэдгийг мэдсээр байж прокурорт гаргаж өгснийг хөдөлбөргүй нотолж чадаагүй, гэмт хэрэг гарсан байдлыг тогтоохдоо гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн бэ гэдэг нь тодорхой байх ёстой. Гэтэл шүүгдэгч Ц.С  нь гэрч Б.Г, Э.Н нарын мэдүүлгүүдийг яг хэзээ, хаана байж байгаад хуурамчаар үйлдсэн бэ гэдгийг тогтоож чадаагүй. Шүүгдэгч Ц.С  хэргийг шалгаж байсан, тиймээс Ц.С  энэ нотлох баримтуудыг хуурамчаар үйлдсэн гэж хэт субьектив байдлаар дүгнэсэн нь үндэслэлгүй гэсэн хэт ерөнхий, үндэслэл муутай дүгнэлт хийж, улмаар шүүгдэгчийг цагаатгасан ба яллаж байгаа нотлох баримт нэг бүрийг үндэслэлтэй няцаан үгүйсгэж чадаагүй, хэргийн үйл баримтын талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл хэрэгт цугларсан нотлох баримтуудын харилцаа хамаарал, нотолгооны ач холбогдол зэргийг харьцуулан цогц байдлаар үнэлэхгүйгээр *... гэрчүүдийн өгсөн мэдүүлгүүд нь шүүгдэгч Ц.С  нь хуурамч нотлох баримтыг үйлдсэн, хуурамч гэдгийг мэдсээр байж прокурорт гаргаж өгснийг хөдөлбөргүй нотолж чадаагүй, гэмт хэрэг гарсан байдлыг тогтоохдоо гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн бэ гэдэг нь тодорхой байх ёстой..." гэсэн хэт нэг талыг барьсан өрөөсгөл дүгнэлт хийж, үндэслэлгүйгээр цагаатгах тогтоол гаргасан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан гэрч Б.Г-н "... Би цагдаагийн байгууллагад ийм мэдүүлэг өгч байгаагүй, би энэ талаар огт мэдэхгүй байна гэрээс огт гардаггүй хүн байгаа юм. Би С  гэх хүнийг танихгүй уулзаж байгаагүй..." гэх мэдүүлэг, гэрч Б.Н-н өгсөн... 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөгч Ц.С  нь Д.А-с гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг шалгаж 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай санал гаргаж ирүүлснийг 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол үйлдэж ... дугаараар хэрэг нээсэн..." гэх мэдүүлэг, хэрэг бүртгэлтийн ... дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол зэрэг яллах үндэслэл болсон нотлох баримтуудыг цогц байдлаар нь хоорондын уялдаа холбоогоор нь үндэслэл бүхий үнэлэлт, дүгнэлт хийж, няцаан үгүйсгэж чадаагүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлуудыг анхаарч үзэлгүйгээр хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна.  

Аливаа гэмт хэрэг өөртөө ял шийтгэл, хуулийн цээрлэл үзүүлэх үр дагаврыг дагуулж байдгийн хувьд ихэнх тохиолдолд нууц, далд аргаар үйлдэгддэг, мөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдэж байгаа этгээд нь гэмт хэрэг үйлдэж байгаа, үйлдсэн талаараа хэн нэгэнд хэлэхгүй байх, бусдаас нууж, нууц далд агаар үйлдэхийг эрмэлздэг төдийгүй гэмт хэргийн ул мөрийг баллах, нотлох баримтыг устгах оролдлогыг хийдэг тийм ч учраас гэмт хэрэг үйлдэгч этгээдийг гэмт хэрэг үйлдсэн талаар заавал хэн нэгэн харсан, үзсэн байж гэм буруутай болохыг тогтоогдох шаардлага тавигддаггүй билээ.

Харин нотлох ажиллагааны явцад цугларсан шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь дангаараа бус харилцан нэгнээ нөхсөн, уялсан, холбогдсон байдлаараа цогц тогтолцоо бүрдүүлснээр тэрхүү нууц далд аргаар үйлдэгдсэн, болж өнгөрсөн үйл баримтыг тогтоох нөхцөлийг бүрдүүлснээр шүүх түүнд үндэслэн үйл баримтыг тогтоох замаар хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр гаргах учиртай.

Гэтэл анхан шатны шүүх мөрдөх байгууллага хэргийг албан ёсоор хүлээлцдэггүй, дунд нь байгаа нотлох баримтуудыг устах, гэмтэх, үрэгдэхээс хамгаалах үүргээ аль ч мөрдөгч биелүүлээгүй ...хэд хэдэн мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон. Прокурор Б.Н 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ... дугаартай "Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай" тогтоолдоо Хөрөнгийн үнэлгээний "Фэйр валуэшн" ХХК-ийн хөрөнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2021/ШД/401 дугаартай дүгнэлтийг тусгасан байсан. Гэтэл мөрдөгч Ц.С  нь ... дугаартай гомдол мэдээллийг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр "Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай" саналыг аль хэдийнээ прокурорт хүргүүлсэн байсан нь ойлгомжгүй, хэдийд нь энэ нотлох баримт прокурорт очоод байгаа нь тодорхойгүй зэрэг мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж байсан нь тодорхойгүй нөхцөл байдлыг үүсгэсэн байна. Шүүгдэгч Ц.С  нь 2 гэрчийн мэдүүлгийг хуурамчаар үйлдсэнээр хэн нэг этгээдэд давуу байдал бий болгох зорилго байсан гэх, хувийн сонирхол байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Прокуророос "Хэрэг бүртгэлтийн хэргийг нээх тухай" тогтоолдоо гэрч Б.Г, Э.Н нарын мэдүүлгүүд нь хохирогч Д.А-н хулгайд алдсан гэх 70 тооны хонины хэрэгт чухал ач холбогдолтой мэдүүлгүүд гэж үзэж тухайн мэдүүлгүүдийг тогтоолдоо дурдсан байдаг. Тэгвэл шүүгдэгч Ц.С  ийм чухал ач холбогдолтой мэдүүлгүүдийг хуурамчаар үйлдчихээд, уг мэдүүлгүүдээ хэргийн материалд хавсаргаж "Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай" санал гаргаж прокурорт ирүүлсэн. Өөрөөр хэлбэл, энэ хэрэгт хувийн ашиг сонирхлын үүднээс, хэн нэгэнд давуу байдал бий болгох зорилго агуулж "гомдлыг хаалгах" сонирхолтой байсан бол саналыг хүргүүлэхдээ анхнаасаа дээрх чухал ач холбогдолтой гээд байгаа хоёр гэрчийн мэдүүлгийг хуурамчаар үйлдэх шалтгаан шаардлага байхгүй гэдэг нь хэнд ч тодорхой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд "Нотолбол зохих байдал"-ыг хөдөлбөргүй нотлон тогтоосон байх ёстой. Гэтэл шүүгдэгч Ц.С-г хуурамч нотлох баримтыг үйлдсэн, хуурамч гэдгийг мэдсээр байж прокурорт гаргаж өгснийг хөдөлбөргүй нотолж чадаагүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан. Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна..." гэсэн хуулийн заалтыг хангаагүй байна.

Иймд шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хуулийн шаардлага хангаагүй, мөн тогтоолд заасан дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдоогүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, хэргийн бодит байдалтай нийцээгүй байх ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад шаардлагатай бүхий л мөрдөн шалгах ажиллагааг гүйцэтгэж мөрдөгч, прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолж, гэмт хэрэг хэзээ, хаана гарсан, хэрхэн үйлдэгдсэн болохыг шалган тогтоосон байхад анхан шатны шүүхээс Ц.С  нь дээрх гэмт хэргийг хэзээ, хаана, хэрхэн, яаж үйлдсэн болох нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Иймд Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/191 дугаартай цагаатгах тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэжээ.

Прокурор Н.А  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Эхний асуудал шүүхээс шүүгдэгчийг цагаатгахдаа энэ хэрэг дээр Сугаррагчаас гадна хэд хэдэн мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна, тухайн нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн байх боломжтой гэдэг агуулгыг илэрхийлсэн  байна лээ. Анх энэ хэрэг дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулаад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар тогтоогоод Эрүүгийн хуулийн 21.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар тус хэрэгт хуурамчаар үйлдсэн, устсан, прокурорт гаргаж өгсөн гэсэн 3 шинжээр үүсгэсэн байдаг. Миний хувьд тухайн хэргийг хүлээн авч хянаад хуурамчаар үйлдсэн болон прокурорт гаргаж өгсөн гэдэгт нь дүгнэлт хийгээд энэ нотлох баримтыг хэн устгасан бэ, нуусан бэ гэдэг нь тогтоогдохгүй байна гэж үзээд зарим шинжийг нь хэрэгсэхгүй болгосон. Энэ талаарх баримт хэрэгт авагдсан байгаа.  

2021 оны 11 дүгээр сарын  01-ний өдөр гомдол мэдээллийг С  гэдэг хэсгийн  байцаагч тухайн үед мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байдаг. Үүний дараа Б, Б зэрэг олон хүмүүс ажиллагаа явуулсан учраас ганцхан С биш энэ хүмүүсийг нуусан юм уу эсвэл хайнга байдлаар дарагдуулж, алга болгосон ч юм уу, эсвэл цаанаасаа устсан байх боломжтой. Гэхдээ үүн дээр баримтуудаар тогтоогдсон хэсгийг нь хэрэгсэхгүй болгосон. Харин ганц тогтоогдсон асуудал нь юу вэ гэхээр 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд энэ хэрэг дээр 3 хэсгийн төлөөлөгч ажилласан байдаг. Нөгөө яриад байгаа нотлох баримт 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд буюу С-г ажиллаа хийж байх хооронд алга болсон гэж үзсэн. Яагаад вэ гэвэл энэ хэрэгт Н гэдэг прокурор хяналт тавьж байсан. Тухайн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн байдаг. Шүүгчийн энэ хэрэгт олон мөрдөгч ажиллагаа явуулсан учраас аль нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн нь тогтоогдохгүй байна гэдэг үндэслэл нь үгүйсгэгдэж байна гэж үзэж байна. 

Дараагийн асуудал шүүгчийн захирамж дээр С нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн юм бол яагаад прокурорт хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал гаргасан байгаа талаар шүүгч цагаатгах тогтоол дээр бичсэн байна лээ. Энийг судлаад үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд мөрдөгч гомдол мэдээллийг хүлээж аваад 5 хоногийн дотор ажиллагаа явуулна. Хэрвээ 5 хоногийн дотор ажиллагаа явуулах боломжгүй бол тасгийн дарга буюу удирдах албан тушаалтнаар 14 хоног хүртэл хугацаагаар сунгуулах боломжтой.

С-н  шийдвэр гаргах хугацаа 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр  дуусч байгаа юм. Гэтэл прокурорт уг хэрэг материалыг  2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээлгэж өгсөн байдаг. Тэгэхээр 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр шийдвэр гаргахдаа яагаад татгалзах санал өгсөн бэ гэхээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээх гэхээр дугаар нь байхгүй байсан. Дугаар байхгүй болохоор ямар арга хэрэглэсэн бэ гэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.10 дугаар зүйлийн 4-т  хэрэг бүртгэлтийн хэрэг нээх саналтай ирүүлсэн хэргийг прокурор 7 хоногийн дотор шийдвэр гаргана гэж байгаа юм. Тэгэхээр 11 дүгээр сарын 01-ний өдөр хэрэг бүртгэлийг нээх дугаар байхгүй учраас прокурорт өгөөд прокурорын шийдвэр гаргах 7 хоногийг ашиглачихаж байгаа юм.

Тэгээд С, Н  прокурортой хэргийн хугацаа хэтэрчихлээ гэдэг талаар хэлэхэд Н  прокурор “тэгвэл наад хэргээ татгалзах саналтай оруулаад ир, би тэгэхээр нь өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд нээе” гэдэг талаар хоорондоо ярилцаад уг хэргийг нээчихсэн байдаг. Энэ талаар Н  прокурор мэдүүлэг өгчихсөн байдаг.

Дараагийн асуудал. Хоёр гэрчийн мэдүүлгийг хуурамчаар үйлдэх ямар үндэслэл байсан талаар цагаатгах тогтоол дээр дурдсан байна. Өөрөөр хэлбэл энэ хоёр хүний мэдүүлгийг хуурамчаар үйлдлээ гээд өөртөө давуу байдал бий болгож байгаа асуудал байхгүй байна гэж үзсэн. Гэхдээ С-г яллаж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь тэр хүнд ямар давуу байдал бий болгосон, өөртөө ямар давуу байдал бий болгосон гэдэг шинж байхгүй. Зөвхөн тухайн нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн үү, прокурорт гаргаж өгсөн үү, эсвэл устсан уу гэсэн ийм л шинж байгаа юм. Түүнээс өөртөө давуу байдал олгоно, бусдад давуу байдал олгоно гэдэг нь тусдаа асуудал гэж миний хувьд үзэж байна. Тийм учраас тогтоолд дурдсан асуудал үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн Г, Н гэдэг 2 хүний мэдүүлэг хэрэгт байхгүй гэдэг агуулгатай бичсэн байсан. Энэ нь мэдээж нотлох баримтуудыг хуурамчаар бүрдүүлж байгаа учраас тухайн мэдүүлгүүд мэдээж байхгүй.  Мөн энэ гэмт хэргүүдийг хэзээ, хаана ямар сэдэл зорилгоор үйлдсэн гэдгийг тогтоогоогүй гэж бичсэн байсан. Тухайн гэмт хэргийг баримтуудын хүрээнд өөрийнхөө яллах дүгнэлтийн хүрээнд 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд энэ гэмт хэргийг үйлдсэн гэж тусгасан. Гэмт хэрэг үйлдсэн  цаг хугацаагаа миний хувьд хуульд заасны дагуу яллах дүгнэлт дээрээ бичсэн байгаа. Үүнийг миний хувьд үндэслэлгүй гэж үзэж байгаа. Эдгээр үндэслэлүүдээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэн...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С-н хувьд 2021 онд Хэнтий аймгийн ... сумын цагдаагийн тасагт хэсгийн байцаагчаар ажиллахдаа 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хугацаанд  ... дугаартай  гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг шалгах явцдаа Г болон Н гэдэг хүний мэдүүлгийг хуурамчаар бүрдүүлсэн хэрэгт буруутгаж яллах дүгнэлт үйлдэж прокурорын зүгээс оруулж ирсэн.

Гэвч прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсан үйл баримт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар эргэлзээгүй тогтоогдсон зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл энэ мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотлогдвол зохих байдал нотлогдож тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэр гэмт хэрэг яг хэзээнээс гарч, яаж үйлдэгдсэн юм, хэн үйлдсэн юм гэдэг үйл баримтыг хөдөлшгүйгээр тогтоож чадаагүй.

Ийм учраас хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд нотлогдвол зохих байдлууд нотлогдоогүй, эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн учраас анхан шатны шүүхийн шүүгчийн гаргасан цагаатгах тогтоол хууль зүйн үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

... гэсэн өргөдөл гомдол нь тухайн үед С гэдэг мөрдөгч дээр цохогдсон байгаа юм. Тухайн үед хэргийн хадгалалт хамгаалалт гэдэг байдал шаардлагад нийцэхгүй, дуртай нь хэргийн ажиллагааг хийдэг ийм нөхцөл байдал байсан.  Яг тухайн гомдол мэдээлэл дээр 5, 6 мөрдөгч ажилласан байдаг. Энэ гэмт хэрэгт хамааруулаад байгаа 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл С-тай нийлээд 3 мөрдөгч мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байдаг. Хэрэгт өгсөн гэрчийн мэдүүлгүүд, 1 дүгээр хавтаст хэргийн 215-220 хуудсанд байгаа хохирогчоор тогтоогдоод хохирогчийн мэдүүлэг өгсөн, Б, М нарын авсан мэдүүлгүүд байдаг. Гэтэл уг хэргийг зөвхөн С шалгаж байсан, С  л үйлдсэн мэтээр субьектив дүгнэлт хийсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа.

Хэргийн нөхцөл байдлыг хараад үзэхээр хэрэгт Н  гэдэг хүний мэдүүлэг байсан юм уу, байсан гэдгийг юугаар нотолж байна вэ гэхээр зөвхөн прокурорын хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тогтоол байдаг. Тухайн гомдол мэдээллийг прокурорын байгууллага хүлээж авахдаа хэдэн хуудас баримт ирсэн байгааг тэмдэглэж авдаг. Гэтэл хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд буцаагаад бүртгэхэд 9 хуудас баримт ирсэн байдаг.

Тэгэхээр прокурорт хэдэн хуудас баримт өгсөн бэ гэдэг нь харагдана. С-н хувьд 2022 оны 05 сард энэ талаар хэлсэн. Гэтэл Н  прокурор 2022 онд энэ асуудлыг анзаарахгүй явсаар байгаад 2023 онд энэ нотлох баримт алга болсон байна гэдэг асуудал үүсэж эхэлсэн.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас харахад яг С  тэдэн сарын тэдний өдөр энэ нотлох баримтыг алга болгосон, устгасан гэдэг  ийм баримт огт байдаггүй. Тийм  учраас анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль зүйн үндэслэлтэй байна. Харин прокурорын хувьд энэ хэргийг зөвхөн С үйлдсэн гэсэн субьектив дүгнэлт хийдэг, мөн хэлж байгаа тайлбар үндэслэлгүй байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөөч...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Хэнтий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Б.Г-н бичсэн эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Ц.С-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Шүүгдэгч Ц.С  нь Хэнтий аймгийн Цагдаагийн газрын ... сумын сум дундын цагдаагийн тасгийн хэсгийн мөрдөгчөөр ажиллаж, гэмт хэргийн талаарх 003056 дугаартай гомдолд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байхдаа буюу 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд гэрч Б.Г, Э.Н нарын мэдүүлгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж прокурорт гаргаж өгсөн гэх гэмт хэрэгт холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны  шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.С-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ц.С-г цагаатгаж шийдвэрлэжээ.  

Анхан шатны шүүх цагаатгах тогтоол гаргахдаа “...мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж байсан нь тодорхойгүй нөхцөл байдлыг үүсгэсэн байна...” /тогтоолын 11 хуудас/ гэсэн ойлгомжгүй дүгнэлт хийсэн.

Түүнчлэн шүүх “...Ц.С  нь 2 гэрчийн мэдүүлгийг хуурамчаар үйлдсэнээр хэн нэг этгээдэд давуу байдал бий болгох зорилго, хувийн сонирхол байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй...” гэсэн дүгнэлтийг гаргасан боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт дээр дурдагдсан шинжийг заавал байх талаар тусгаагүй, зөвхөн “...хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан, нуусан, засварласан, өөрчилсөн, хуурамчаар үйлдсэн, эсхүл нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид, прокурорт, шүүхэд гаргаж өгсөн...” нөхцөлд л гэмт хэрэгт тооцохоор хуульд заасан байхад шүүх тухайн зүйл хэсэгт заасан шинжээс хальж “...давуу байдал бий болгох, ...хувийн сонирхол байсан эсэх...” талаар дүгнэсэн нь хуульд нийцээгүй байна.

Мөн шүүх “...шүүгдэгч Ц.С ...энэ хэрэгт хувийн ашиг сонирхлын үүднээс, хэн нэгэнд давуу байдал бий болгох зорилго агуулж “гомдлыг хаалгах” сонирхолтой байсан бол саналыг хүргүүлэхдээ анхнаасаа дээрх чухал ач холбогдолтой гээд байгаа хоёр гэрчийн мэдүүлгийг хуурамчаар үйлдэх шалтгаан, шаардлага байхгүй гэдэг нь хэнд ч тодорхой...” гэж дүгнэсэн нь явцуу дүгнэлт болжээ.

Өөрөөр хэлбэл шүүх хэргийн үйл баримтыг бүрэн гүйцэд тодруулалгүйгээр дутуу дулимаг дүгнэлт хийж, “...хэргийг хөдөлбөргүй нотолж чадаагүй, ...хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.С-н  гэм буруутай болох нь хангалттай нотлогдон тогтоогдохгүй байна...” гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан шаардлагыг хангаагүй буюу тус хуулийг ноцтой зөрчсөн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан ба "Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ..." гэдэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдал, түүнд шууд болон шууд бусаар ач холбогдолтой, хамааралтай, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан нотлох баримтын эх сурвалж дахь баримтат мэдээллийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн эсэх, хүрэлцээт байдлыг хангасан эсэхийг нэг бүрчлэн шалгаж тогтоосон байхыг хэлнэ.

 

Хэргийг шалгах явцад прокурор Б.Н нь гэрч Б.Г, Э.Н нарын мэдүүлэг байсныг ач холбогдолтой гэж үзэж хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тогтоолд иш татаж дурдаж хууль зүйн дүгнэлт хийсэн байдаг.

Тухайн гомдлыг шалган шийдвэрлүүлэхээр 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Б.С-д цохож, 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр мөрдөгч Б.Б хохирогчийг тогтоож мэдүүлэг авсан, мөрдөгч Ц.С  2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол үйлдсэн зэрэг материалууд хэрэгт хавсаргагдсан байгаа тул мөрдөгч Б.Б-с гомдлыг шалгах хугацаанд буюу 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл уг хэрэгт ямар ямар ажиллагаа хийсэн, хэдэн хүнээс гэрчийн мэдүүлэг авч байсан, гомдлын материалыг хэдий хугацаанд хариуцан хадгалж байсан талаар болон бусад ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг тодруулах,

шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт /2хх-193-196/ “...тасгийн дарга аль завтай хүнд хэргийг өгч шалгуулдаг байсан... миний бие эд зүйлийн үнэлгээ гаргуулсан... Б.Н прокурор татгалзах саналтай оруулаад ир гэсэн... Б гэрчийн мэдүүлэг авсан байдаг... тухайн үед тасгийн дарга дээр хэрэг байдаг байсан... тасгийн дарга А, Т гэдэг хүн байсан...” гэсэн мэдүүлэг өгсөн тул прокурорын байгууллагаас гомдлыг шалгах явцад дээрх хугацаанд хэрхэн хяналт тавьж байсан, материалыг хүлээн авч, хүлээлгэн өгөх ажиллагаанд оролцсон бүх албан хаагчид болон прокуроруудыг гэрчээр нэг бүрчлэн бүрэн асуух, ямар ямар баримт сэлт байсан, яг хэн гэдэг албан тушаалтан материалыг хэдэн удаа хүлээлгэж өгсөн, хүлээн авсан талаар гүйцэд тодруулах, мөн гомдлыг ямар журмаар хэрхэн шалгадаг болох, төлөвлөгөө, зааварчилга, томилолт өгдөг эсэх, хэрэг материалын бүрэн бүтэн байдлыг хэн хэрхэн шалгадаг, хариуцдаг талаар тодруулах, холбогдох бүртгэл судалгаанд бүрэн үзлэг хийх, мөрдөгч Ц.С-н шинжээч томилсон тогтоол, түүний дагуу гаргасан шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хавсаргах, гэрч Б.Г, Э.Н нарыг дахин байцааж мөрдөгч Б.Б, М нар гэрчийн мэдүүлэг авч байсан эсэхийг асуух, прокурор Б.Н-г дахин байцааж ямар үндэслэлээр татгалзах саналтай ирүүл гэж хэлснийг тодруулах,

Мөн гэрч С.Б-ны өгсөн мэдүүлэгт “...тасгийн дарга Б-д ...хэргийг үзүүлэхэд С-тай яриад байсан... прокурорт танилцуулсан чинь С-г дуудаж уулзсан...” гэж мэдүүлсэн /1 хх-ийн 37 хуудас/ тул дээрх албан тушаалтнуудаас гэрчийн мэдүүлэг авч яригдсан зүйлүүд болон хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлуудын талаар тодруулах... зэргээр мөрдөн шалгах ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу бүрэн гүйцэд явуулах, хэрэгт ач холбогдол бүхий бусад ажиллагааг зайлшгүй нэмж шалгах шаардлагатай байна.

Хэрэгт хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагааг анхан шатны шүүхийн шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэх боломжгүй тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Давж заалдах шатны шүүхээс цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон тул хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар гаргасан прокурорын эсэргүүцэл, өмгөөлөгчийн тайлбар, саналд дүгнэлт өгөх боломжгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэвийн явагдах нөхцөлийг хангах зорилгоор шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3,  39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6,  39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

1. Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/191 дүгээр цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосугай.  

2. Шүүгдэгч Ц.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.