| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2018/0056/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/62 |
| Огноо | 2018-07-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Нэргүй |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 2018/ШЦТ/62
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх,
улсын яллагч Э.Нэргүй,
шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Б.Т-д холбогдох эрүүгийн 1817001260051 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 04-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1974 оны 03 дугаар сарын 30-нд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Шивээговь сум, 2 дугаар баг, Урсахын ..............тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан гэх Б.Б.Т /РД:............./
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.Т нь согтуугаар 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 17
цагийн орчим Шивээговь сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, 7 дугаар байрны гадаа иргэн Я.Д-тай маргалдан түүний нүүрэн тус газар гараараа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч Б.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 17 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр, 7 дугаар байрны гадаа хохирогч Я.Д-тай маргалдан улмаар түүний нүүрэн тус газар гараараа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1.1. Шүүгдэгч Б.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.
1.2. Шүүгдэгч Б.Т мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:
Би 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Дорноговь аймгаас найз нартайгаа хамт архи уучихаад Шивээговь сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нэгүн пабаас гарч ирсэн юм. Тэгээд 6 дугаар байрны урд талд М-тай тааралдаад зогсож байх үед Д, М дуудаж авч ирсэн юм. Нэг мэдсэн чинь Д чи намайг дахиад зодчих гэчихсэн надтай маргалдаад явж байсан. Тухайн үед согтуу байсан болохоор юунаас болж маргалдсан талаар сайн санахгүй байна. Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Д бид хоёр учир зүйгээ олж эвлэрсэн. Уул нь бид хоёр энэ нутаг усанд төрж өссөн хүмүүс байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/
1.3. Хохирогч Я.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
Би 2018 оны 05 дугаар сарын 14-ний орой 17 цаг өнгөрч байхад ажлаасаа буугаад гэр лүү орох гээд явж байхад 7-р байр голын лангуу хоёрын голд М ах, Т ах хоёр явж байгаад М ах намайг дуудахаар нь яваад очтол сайн уу? Ахын дүү ажил нь сайн байна уу? гэхээр нь сайн байна гэсэн чинь М ах нь нэг үнсье гэхээр нь хацраа өгөөд үнсүүлээд байж байтал Т ах цаад талаас нь хүрч ирээд Д муу бацаан уурхайд жил болоод халагднаа муу Э-н барлаг минь гэж хэлсэн. Тэгэхээр нь за Т ахаа надад таньд хийсэн гэм, хэлсэн үг байхгүй шүү ууж идсэнээ шингээгээрэй гэсэн чинь Т ах май лалар минь танайхыг ямар амьдралтайг мэднэ муу гуйлгачин жорлон шиг амьдралтай юмнууд гэж хэлэхээр нь та яагаад намайг ингээд байгаа юм гэсэн чинь Т ах би чамайг архичин байхдаа ямар залуучуудтай унтаж байсныг чинь мэднэ дуудаад ирэх үү гэхээр нь май дуудаад ир гэсэн чинь намайг ам руу гараараа цохиод авсан чинь амнаас цус гарахаар нь би цагдаад дуудлага өгсөн. Тэгсэн чинь би чамайг тайван амьдруулахгүй гээд заналхийлээд байсан. Тэгээд цагдаа нар ирж Т ахыг авч явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар хуудас/
1.4. Гэрч Г.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би тухайн өдөр согтуу явж байсан болохоор хаана хэнтэй уулзсан талаараа мэдэж байгаа зүйл байхгүй байна. Надад Т, Д нарыг маргалдсан талаар мэдэж байгаа зүйл байхгүй байна. Би тухайн үед тасарчихсан байсан.
Би өдөр нь гэртээ найз Р-тай хамт 2 шил архи уусан юм. Тэгээд юу болсон талаар санахгүй байна. Би урьд нь аваарт ороод норкоз хийлгэж байсан болохоор согтуу байх үедээ ямар нэгэн зүйл санадаггүй юм... гэх мэдүүлэг /хх-ийн 11 дүгээр хуудас/
1.5. Гэрч О.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би 7-р байрнаас гараад махны дэлгүүр лүүгээ явж байхад тэр хоёр хоорондоо маргалдсан бололтой Т ертөнцийн зүгээр баруун зүг рүү яваад Д араас нь би хүн шиг амьдарч болдоггүй юм уу? Чи муу хүнийг юу гээд байгаа юм гээд орилоод дагаад явж байсан. Тэгээд би хажуугаар нь өнгөрөхдөө Д чи согтуу хүнтэй юу гээд хэрэлдээд байгаа юм бэ? гэж хэлээд өнгөрсөн.
...Хоорондоо муудалцсан бололтой хэрэлдээд явж байхаар нь би больцгоогооч гэж хэлээд л өнгөрсөн. Тэр хоёрын хэн нь хэнийгээ зодож цохисон талаар надад харсан зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/
1.6. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 17-ний өдрийн 179 дугаартай дүгнэлтэд:
- Я.Д-н биед тархи доргилт, зүүн доод 1,2-р шүдний сулрал, доод уруулын дотор салстын цус хуралт гэмтэл учирчээ.
- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
- Уг гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Ж гэжээ. /хх-ийн 15 дугаар хуудас/
Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч Б.Т-ын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчилэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Б.Т нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Б.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
ХОЁР. Шүүгдэгч Б.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдасан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Гэрч Б.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Б.Т нь үг дуу цөөтэй их даруу төлөв хүн байгаа юм. Урьд нь залуу байхдаа бас алдаж хүн амины хэрэгт холбогдож ял эдэлж байгаад гарч ирсэн. Хорих ангиас гарахдаа ааш зан нь эвдрээгүй яг хуучин хэвээрээ бусдад тусархуу, үг дуу цөөтэй хэвээрээ байсан. Манай хүн алдаж онож явж байсан болохоороо яаран хүнтэй маргалдаж муудалцах ёсгүй. Тухайн үед архи уусан болохоороо л маргалдсан байх. Ер нь бол үр хүүхэддээ тавих анхаарал халамж сайтай, гэр орныхоо ажилд намайг огт оролцуулахгүйгээр өөрөө бүгдийг хийж байдаг юм... гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар хуудас/
2.2. Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 39-45 дугаар хуудас/
2.3. Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 45 дугаар хуудас/
2.4. Хохирогч Я.Д-н мөрдөн байцаалтын шатанд гаргасан хүсэлт /хх-ийн 48 дугаар хуудас/
Шүүгдэгч Б.Т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Иймд шүүгдэгч Б.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-т оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгч Б.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Б.Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-т оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Б.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ