| Шүүх | Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Баатарсүх |
| Хэргийн индекс | 2240000000043 |
| Дугаар | 2025/ДШМ/53 |
| Огноо | 2025-10-03 |
| Зүйл хэсэг | 11.1, 17.2.2., 20.16.2.4., |
| Улсын яллагч | Д.Ч |
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 2025/ДШМ/53
2025 10 03 2025/ДШМ/53
Яллагдагч М.Б, Ж.Н,
С.М, Л.П, Т.Т нарт холбогдох
эрүүгийн хэргийн талаар
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч Ц.Эрдэнэзуу, шүүгч Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хийв.
Шүүх хуралдаанд: прокурор Д.Ч,
нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.
1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 138 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор С.Г-н бичсэн эсэргүүцлээр, яллагдагч М.Б, Ж.Н, С.М, Л.П, Т.Т нарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.
2.1 Монгол Улсын иргэн,
2.2 Монгол Улсын иргэн,
2.3 Монгол Улсын иргэн,
2.4 Монгол Улсын иргэн,
2.5 Монгол Улсын иргэн,
3.1 Ж.Н нь М.Б-тэй бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 7 дугаар сарын 10-ны шөнийн 01 цагийн үед Хэнтий аймгийн ... сумын төв 01 дүгээр багт орших “М” нэртэй баарны ойролцоо засмал замын хажууд хохирогч Д.Б-н баруун гарыг барьж хүч хэрэглэн өмдний халаасанд байсан 130,000 төгрөгийг дээрэмдсэн,
3.2. Яллагдагч М.Б нь Ж.Н-тэй бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 7 дугаар сарын 10-ны шөнийн 01 цагийн үед Хэнтий аймгийн ... сумын төв 01 дүгээр багт орших “М” нэртэй баарны ойролцоо засмал замын хажууд хохирогч Д.Б-н зүүн гарыг барьж, хөлөөрөө хавирч унагаан хүч хэрэглэн өмдний халаасанд байсан 130,000 төгрөгийг дээрэмдсэн,
3.3 Яллагдагч М.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 7 дугаар сарын 06-ны шөнө 01 цагийн үед Хэнтий аймгийн ... сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М” баарны хойд талд хуучин байшингийн балгасан дотор насанд хүрээгүй хохирогч Г.Т-г “өмнө нь намайг зодож байсан, хүзүүний гинжийг дээрэмдсэн” гэх шалтгаанаар түүний гэдэс рүү хөлөөрөө өшиглөж зодсоны улмаас хэвлийн хөндийн битүү гэмтэл, нарийн гэдэсний задрал, урагдал, хэвлийн хөндийд шингэн хуралдалт, хэвлийн гялтангийн үрэвсэл бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,
3.4 мөн Хэнтий аймгийн ... сум 4 дүгээр багт үйл ажиллагаа “М” баарны хойд талд хуучин байшин дотор 2022 оны 7 дугаар сарын 06-ны шөнө 00 цагийн орчим нийтийн хэв журмыг Л.П, Т.Т, С.М нартай бүлэглэн зөрчиж, насанд хүрээгүй хохирогч Г.Т-т хүч хэрэглэж, эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах нөхцөл байдалд хүргэсэн,
3.5 Яллагдагч С.М нь Хэнтий аймгийн ........ сум 4 дүгээр багт үйл ажиллагаа “М” баарны хойд талд хуучин байшин дотор 2022 оны 7 дугаар сарын 06-ны шөнө 00 цагийн орчим нийтийн хэв журмыг М.Б, Л.П, Т.Т нартай бүлэглэн зөрчиж, насанд хүрээгүй хохирогч Г.Т-т хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах нөхцөл байдалд хүргэсэн,
3.6 Яллагдагч Т.Т нь Хэнтий аймгийн ... сум 4 дүгээр багт үйл ажиллагаа “М” баарны хойд талд хуучин байшин дотор 2022 оны 7 дугаар сарын 06-ны шөнө 00 цагийн орчим нийтийн хэв журмыг М.Б, Л.П, С.М нартай бүлэглэн зөрчиж, насанд хүрээгүй хохирогч Г.Т-т хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах нөхцөл байдалд хүргэсэн,
3.7 Яллагдагч Л.П нь Хэнтий аймгийн ... сум 4 дүгээр багт үйл ажиллагаа “М” баарны хойд талд хуучин байшин дотор 2022 оны 7 дугаар сарын 06-ны шөнө 00 цагийн орчим нийтийн хэв журмыг М.Б, Т.Т, С.М нартай бүлэглэн зөрчиж, насанд хүрээгүй хохирогч Г.Т-т хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах нөхцөл байдалд хүргэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
4. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Ж.Н,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч М.Б,
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч С.М, Т.Т, Д.П нарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
5. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар яллагдагч М.Б, Ж.Н, С.М, Т.Т, Л.П нарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.
6. Прокурор С.Г давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад “Яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт дараах зүйлийг тусгана: 3.2.яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт” гэж хуульчилсан. Яллах дүгнэлт болон хавсралтад насанд хүрээгүй хохирогч Г.Т-н нас тоолох ажиллагаа хийсэн тэмдэглэл, Насанд хүрээгүй хохирогч Г.Т-н өгсөн 3 удаагийн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Г.Т-н хууль ёсны төлөөлөгч Д.Б-н мэдүүлэг, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, насанд хүрээгүй гэрч Б.Б-н мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Г.Т-н дахин өгсөн мэдүүлэг, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 07 сарын 26-ны өдрийн 51 дугаартай шинжээчийн дүгнэлт, эмнэлгийн баримтуудыг нотлох баримтаар дурдсан нь дээрх хуулийн шаардлагад нийцэж байна. Яллагдагч М.Б-н насанд хүрээгүй хохирогч Г.Т-г өшиглөж зодсон нэг удаагийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад тус тус заасан гэмт хэргийн шинжийг хангаж буй нийлмэл гэмт хэрэг байна. Дээрх гэмт хэргийн нотлох баримтыг захирамжид дурдсаны дагуу давхардуулж яллах дүгнэлтэд дурдах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолгүй, Шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийх, шийдвэр гаргахад нөлөөлөхөөргүй байна. Нөгөөтэйгөөр шүүгчийн захирамжид дурдсан С.М, Т.Т, Л.П нар тухайн хэрэгт яллагдагчаар татагдаж, тогтоолтой танилцсан байх тул тэдгээрийн гэрчээр өгсөн мэдүүлгийг яллах талын нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм. Яллах дүгнэлтэд яллагдагч М.Б-н насанд хүрээгүй хохирогч Г.Т-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болон яллагдагч М.Б, С.М, Т.Т, Л.П нар нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, насанд хүрээгүй хохирогч Г.Т-т хүч хэрэглэж, хүнд хохирол учрах нөхцөл байдалд хүргэсэн гэмт хэргийн талаарх нотлох баримтууд гэж дурдаагүй нь хэргийг прокурорт буцаах, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийх үндэслэл болохгүй. Учир нь: Яллах дүгнэлтийн “Яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга” болон “Тогтоох” нь хэсэгт насанд хүрээгүй хохирогч Г.Т-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болохыг дурдаж, зүйлчлэлийг тусгаж, “Тэмдэглэх” нь хэсэгт нотлох баримтуудыг дурдсан байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийг шүүх буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ШЗ/138 дугаартай захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.
7. Прокурор Д.Ч давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Эсэргүүцлээ дэмжиж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
8. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор С.Г-н бичсэн эсэргүүцлээр яллагдагч Ж.Н, М.Б, С.М, Т.Т, Л.П нарт холбогдох эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа болон шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.
9. Шүүгч өөрийн санаачилгаар уг хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулан прокурорт хэргийг буцаахаар шүүгчийн захирамж гаргасан нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Тодруулбал: прокурор Д.Ч-н яллагдагч Ж.Н нарын 5 хүнд холбогдуулан үйлдсэн яллах дүгнэлтийг хянаж үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т “яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг тусгана.” гэж, 5 дахь хэсгийн 5.1-д “яллах дүгнэлтийн хавсралтад шүүх хуралдаанд шинжлэн судлах нотлох баримтын жагсаалтыг тусгана.” гэж тус тус заасан шаардлагыг хангасан байна.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу М.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг прокуророос үйлдсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.
11. Иймд прокурорын эсэргүүцлийг хангаж, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд хэргийг буцаахаар шийдвэрлэсэн бөгөөд шүүхэд очтол яллагдагч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
Нэг. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор С.Г-н бичсэн эсэргүүцлийг хангаж, Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 138 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, М.Б, Ж.Н, С.М, Л.П, Т.Т нарт холбогдох эрүүгийн ... дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
Хоёр. Хэргийг шүүхэд очтол яллагдагч М.Б, Ж.Н, С.М, Л.П, Т.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Гурав. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
Дөрөв. Оролцогч, прокурор, дээд шатны прокурор нар нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.