2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 191/ШШ2026/00896

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 01 14 191/ШШ2026/00896

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Билгүүн би,

 

нэхэмжлэгч: ...........дүүрэг, ........... хороо, .......... оршин байрлах М ББСБ ХХК /РД:...../-ийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: ........дүүрэг, ........ хороо, ........гудамж, ......байр, ...... тоот хаягт бүртгэлтэй ч :.......дүүрэг, ......хороо,  дугаар гудамж, .....   тоотод оршин суугаа гэх ..... овогт Н.Г /РД:....../,

 

хариуцагч: ....... гудамж, ....... тоот хаягт оршин суух Х овогт Н.Я /РД:......./ нарт холбогдох,

нэхэмжлэлийн шаардлага: 26,044,858.35 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

...Иргэн Новогтой Г (РД:......) болон Н овогтой Я (РД:.......) нар нь 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр М ББСБ ХХК-тай ..... дугаартай Зээлийн гэрээ-г байгуулж, 22,800,000 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэйгээр, 2026 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд эргэн төлөх хуваарь гаргаж, лизингийн зориулалттайгаар зээлж авсан.

Мөн 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр талуудын хооронд ФГ/..... дугаартай Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ-г зээлийн төлбөр бүрэн төлөгдөж дуусах хүртэл хугацаанд үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор .............. улсын дугаартай, 2010 онд үйлдвэрлэгдэж, 2024 оны 8 дугаар сард Монгол Улсад орж ирсэн, мөнгөлөг өнгөтэй, .......... маркийн ...... арлын дугаартай автомашины өмчлөх эрхийг Зээлдүүлэгчийн нэр дээр шилжүүлэн, Зээлдэгч тал нь өөрсдөө тухайн автомашиныг ашиглаж, эзэмших эрхтэй байхаар тохиролцож байгуулсан.

Зээлдэгч нь нэхэмжлэх гаргах өдрийн байдлаар үндсэн зээлд 1,651,700.95 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 4,377,693.33 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 140,605.72 төгрөг буюу нийт 6,170,000 төгрөгийг төлсөн.

Зээлдэгч тал ..... дугаартай Зээлийн гэрээ-ний хавсралт 1-д дурдсан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн бөгөөд энэ талаар Зээлдүүлэгчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй тул Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 7.2.1 дэх хэсэгт заасныг үндэслэн ..... дугаартай Зээлийн гэрээ"-г хугацаанаас нь өмнө цуцлан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

Хариуцагч Новогтой Г (РД:......) болон Н овогтой Я (РД:.......) нараас 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр М ББСБ ХХК-тай байгуулсан ..... дугаартай Зээлийн гэрээ-ний төлбөр болох үндсэн зээлийн үлдэгдэл 21,148,299.05 төгрөг, үндсэн зээлийн хүү 4,704,576.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 172,482.52 төгрөг болон нотариатын зардал 19,500 төгрөгийг буюу нийт 26,044,858.35 төгрөгийг гаргуулж өгнө үү. ... гэжээ.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М , хариуцагч Н.Г нар шүүхэд гаргасан Эвлэрлийн гэрээндээ дараах байдлаар харилцан тохиролцсон байна. Үүнд:

...1. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох нийт 26,044,858.35 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна.

2. Төлбөрийг дараах хуваарийн дагуу төлнө.

- 2026 оны 1 дүгээр сарын 15-наас 30-нд 4,400,000 төгрөг,

- 2026 оны 2 дугаар сарын 15-нд 4,400,000 төгрөг,

- 2026 оны 3 дугаар сарын 15-нд 4,400,000 төгрөг,

- 2026 оны 4 дүгээр сарын 15-нд 4,400,000 төгрөг,

- 2026 оны 5 дугаар сарын 15-нд 4,400,000 төгрөг,

- 2026 оны 6 дугаар сарын 15-нд 4,044,858.35 төгрөг.

3. Төлбөрийг хугацаанд төлөөгүй нөхцөлд нэхэмжлэгч нь албадан биелүүлэх хүсэлт гаргах эрхтэй.

4. Хариуцагч Н.Г тай эвлэрсэн тул хариуцагч Н.Я аас татгалзаж байна. ... гэжээ.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч М ББСБ ХХК нь хариуцагч Н.Г , Н.Я нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт /үндсэн зээлийн үлдэгдэл 21,148,299.05 төгрөг, үндсэн зээлийн хүү 4,704,576.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 172,482.52 төгрөг болон нотариатын зардал 19,500 төгрөг/ нийт 26,044,858.35 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, зохигчид эвлэрлийн гэрээ бичгээр байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Н.Я ад холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч Н.Г нэхэмжлэлийн шаардлага болох 26,044,858.35 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 6 сарын хугацаанд буюу 2026 оны 1 дүгээр сарын 15-наас 30-ны өдөр 4,400,000 төгрөг, 2026 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 4,400,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 4,400,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 4,400,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 4,400,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 4,044,858.35 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлөх, төлүүлэхээр харилцан тохиролцжээ.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсгүүдэд нэхэмжлэгч, хариуцагч нар ... эвлэрэх эрхтэй байхаар, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр, 74.2 дахь хэсэгт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргахаар зохицуулсан.

 

4. Зохигч дээрх байдлаар эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. 

 

5. Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан зохигчид хуульд заасан үр дагаврыг тайлбарласан ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу хариуцуулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. М ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н.Г , Н.Я нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Н.Я ад холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч Н.Г нэхэмжлэлийн шаардлага болох 26,044,858.35 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 6 сарын хугацаанд буюу 2026 оны 1 дүгээр сарын 15-наас 30-ны өдөр 4,400,000 төгрөг, 2026 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 4,400,000 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 4,400,000 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 4,400,000 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 4,400,000 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 4,044,858.35 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлөх, төлүүлэхээр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288,174 төгрөгийн тал хувь болох 144,087 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Н.Г гаас улсын тэмдэгтийн хураамжид 144,087 төгрөгийг гаргуулж, тус тус нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН