Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2018/ШЦТ/61

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга О.М,

улсын яллагч Э.Н,

шүүгдэгч Ц.Т нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Х. овогт Цийн Тд холбогдох эрүүгийн 1817001470058 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 04-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1975 оны 09 дүгээр сарын 10-нд Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, ам бүл 1 Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 3 дугаар баг, Баянбулагийн 2 дугаар гудамж 5 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх Х. овогт Цийн Т /РД:............./

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Ц.Т нь 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 17 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4-р баг, Төгрөгийн хойд ухаа гэх газар М.Бийн зүүн нүд рүү 1 удаа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Ц.Т нь 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 17 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр баг, Төгрөгийн хойд ухаа гэх газар хохирогч М.Бийн зүүн нүд рүү 1 удаа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Ц.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

 

1.2. Шүүгдэгч Ц.Т мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

Би 2018 оны 05 дугаар сарын 31-ны өдөр 12 цагийн орчим малаа тууж байгаад Бийн гэрт очиход Б, Б нар байсан. Тэгээд Б, Б нар Чойр ороод архи аваад ирье байж байгаарай гэж хэлээд явсан. Тэгээд би тэр хоёрыг явсны дараа малаа туугаад Төгрөгийн худаг дээр малаа услаад гараад явж байхад Б, Б хоёр араас мотоцикльтой ирсэн. Тэгээд нэг шил архи гаргаж ирээд Б, Ө бид гурав уусан. Тэгээд Ө бид хоёр малаа туугаад явж байхад араас Б, Б нар ирээд дахиж нэг шил архи гаргаж ирсэн. Тэгээд архи уугаад байж байхад Б миний хромон гутлан дээр тамхины цогоо унтраагаад байсан ба Ө Бт хандаж та яагаад ахын гутлан дээр тамхи унтраагаад байгаа юм гэсэн чинь Б чи дуугүй бай гээд Өийг Б заамдаад авсан ба Б боль гээд Бийг салгасан. Тэгтэл дахиад Б Өийн дээрээс дарахаар нь би боль гээд татсан чинь салахгүй болохоор нь гараа атгаж байгаад зүүн нүдэн тус газар нь нэг удаа цохисон. Тэгээд Б газар унахаар нь Өийг аваад малаа туугаад явсан. Тухайн үед 17-18 цаг болж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/

 

1.3. Хохирогч М.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2018 оны 05 дугаар сарын 31-ны өдөр 17-18 цагийн хооронд Сүмбэр сумын 4 дүгээр баг Төгрөгийн хойд ухаад Т, Ө, Б бид нар 2 шил архи уусан ба би нэг шил архи ууж дуусгаад согтсон. Тэгээд нэг сэрэхэд Бийн гэрт хэвтэж байсан ба босоод ирэхэд зүүн талын нүд хавдсан юм харагдахгүй байсан. Тэгээд Б, Б нар гаднаас орж ирэхээр нь миний нүд яасан бэ гэж асуусан чинь Б надад чиний нүдийг Т цохисон гэж хэлсэн. Т явахдаа Б, Б нарт намайг уучлаарай гэж Бт хэлээрээ би малаа аваачиж тавьчихаад эргэж ирж уулзана гэж хэлээрэй гэж хэлээд явсан байсан. Тэгээд би Тийг ирж уучлалт гуйх юм байх гэж бодсон чинь ирэхгүй болохоор нь 14 хоногийн дараа цагдаад гомдол гаргасан...

Би нүдээ цохиулаад 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хот явж “Болор мэлмий” нүдний эмнэлэгт үзүүлсэн. Би эмнэлэгт үзүүлэхэд үзлэгний 15000 төгрөг тушааж үзүүлсэн. Тэгээд нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлээд нийтдээ 80000 төгрөг болсон. Анх үзлэгийн 15000 төгрөг ороод 80000 төгрөг болсон. Би баримтыг нь авч чадаагүй. Эмч нь томографид үзүүлчихээд ирсний дараа нийтэд нь мөнгөний баримтыг өгнө гэж байсан. Би тухайн үедээ томографид нь үзүүлж чадаагүй. Би нүдний бичлэг хийлгэсэн. Би анх эмчид үзүүлсэний 80000 төгрөг, өөрөө машинаараа Улаанбаатар хот явахдаа 100000 төгрөгөнд газ хийсэн. Төмөрсүх нь надад цаашид гарах эмчилгээний зардалд бэлэн 1300000 төгрөг өгсөн. Одоо надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү... гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/

 

1.4. Гэрч Т.Ө мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2018 оны 05 сарын 31-ны өдөр хонио усалчихаад гэртээ байж байхад Б 10 цагийн үед манайд ирсэн. Тэгээд бид хоёрыг гэрт байж байхад үл таних залуу мал туугаад ирсэн. Тэгэхээр би хэний мал тууж яваа талаар асуухад Тийн малыг туугаад явж байна нүхэн гүүр хаана байдаг талаар надаас асуусан. Тэгээд байж байхад Т морьтой манай гэрт ирсэн. Тэгээд Б бид хоёр бие биенийгээ таньдаг болоод юм ярьж байгаад намайг Б хамт Чойр ороод ирье гэсэн ба Б бид хоёр Чойр ороод Б дэлгүүр ороод 0,75 граммын Хараа, 0,5 граммын Ерөөл архи аваад буцаад гэр лүү явж байсан чинь Т худаг дээр хонио услах гээд байж байсан. Тэгээд Б Тд 0,75 граммын Хараа архи гаргаж ирсэн. Тэгээд би Бийн мотоциклийг гуйгаад хонио харчихаад ирэхэд Б, Т нар архиа талд нь оруулчихсан байсан ба Ттэй явж байсан Ө ирсэн. Тэгээд Ө, Б, Т нар нөгөө архиа ууж байхад Б, Т нар хоорондоо юм ярьсан ба Ө бид хоёр юм яриад байж байхад Б согтоод Өт томроод байсан. Тэгээд архи дуусаад Т, Ө нар малаа туугаад явсан ба Б намайг Ттэй дахиад нэг шил архиа хувааж ууя гээд намайг мотоциклио бариулаад явсан. Тэгээд Тийн араас очоод нөгөө архиа задлаад дахиад ууж байгаад Тийн хромон гутал дээр тамхиа унтраагаад байсан ба Ө та яагаад Т ахын гутал дээр тамхиа унтраагаад байгаа юм гэсэн чинь Б чамд хамаагүй гээд Өийг зуурсан ба би боль гээд Быг татаж салгасан. Тэгсэн чинь Б Өийг сууж байхад нь дээрээс нь дараад авсан ба Т чи зүгээр бай гээд Бийг татсан чинь салахгүй болохоор нь зүүн нүдэнд нь гараараа нэг удаа цохисон. Тэгээд Б газар унасан ба Ө, Т нар морио унаад малаа туугаад явсан. Тэгээд байж байхад Б машинтай ирээд Быг манай гэрт аваачсан. Би Бын мотоциклийг унаад хониндоо явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/

 

1.5. Гэрч Д.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2018 оны 05 дугаар сарын 31-ны өдөр морио хайж явж байгаад Ттэй айлд таарсан ба Т зүүн тийшээ мал туугаад Ө, Т нарын хамт явж байсан. Тэгээд би Тийг араас хүрээд ирээрэй би гэртээ хоол хийгээд байж байя гээд явсан. Тэгээд би хоолоо хийчихээд хоол тосгуулж өгөх гээд хайгаад олохгүй байсан ба явж байгаад Төгрөгийн усны хавьд очиход Б, Б, Ө нар байсан ба Б газар хэвтсэн зүүн нүд нь хавдсан нилээн согтуу байсан. Тэгэхээр нь би юу болсон талаар асуусан чинь Б, Ө нар надад Б архи ууж байгаад Тийн хромон гутал дээр тамхи унтраагаад байсан. Тэгээд Өийг боогоод байхаар нь өмөөрөөд Т нүд рүү нь цохиод явсан гэж байсан. Тэгээд би Бийг машинд суулгаад Бийн гэрт Бийг оруулж унтуулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/ 

 

1.6. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 215 дугаартай дүгнэлтэд:

- М.Бийн биед зүүн нүдний алим, эвэрлэг хацар, шанаа, зохинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

- Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.С гэжээ. /хх-ийн 19 дүгээр хуудас/

 

Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч Ц.Тийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчилэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Ц.Т нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч Ц.Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч Ц.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

2.1. Гэрч Д.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би Ттэй багын найз. Нэг нутагт амьдардаг байсан Т нь төлөв даруу, их тайван хүн байгаа юм. Хүнтэй маргалдаад муудалцаад байдаггүй. Хүнд тусархуу хүн байгаа юм. Архи уугаад байдаггүй. Найз нөхдийн хүрээнд хааяа уудаг. Тамхи татаад байдаггүй хүн байгаа юм. Хамт мал тууж байсан хүнээ өмөөрөөд Бийг цохисон байх гэж бодож байна... гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/

 

2.2. Гэрч Ц.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Манай ах Т нь ямар нэгэн ааш гаргаад байдаггүй. Дөлгөөхөн, хүнд тусархуу, архи тамхи хэрэглээд байдаггүй. Ээжтэй хамт мал малладаг юм. Одоогоор ам бүл ганцаараа гэж явдаг... гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/

 

2.3. Гэрч З.Цэ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Манай хүү Т 1975 онд Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд төрсөн. Т Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд сургуульд 1 дүгээр ангид ороод 6 дугаар анги төгсөөд мал дээр гарч малчин болсон. Хүнд тусархуу, ааш зан сайтай, архи уудаггүй, тамхи татдаггүй хүүхэд байгаа юм. Малд их сайтай. Намайг авч яваа хүүхэд байгаа юм. Би малтайгаа ганцаараа байдаг. Т миний малыг хардаг хүүхэд байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/

 

2.4. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36 дугаар хуудас/

 

2.5. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 35 дугаар хуудас/

 

2.6. Хохирогч М.Бийн мөрдөн байцаалтын шатанд гаргасан хүсэлт /хх-ийн 41 дүгээр хуудас/

 

Шүүгдэгч Ц.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

            Иймд шүүгдэгч Ц.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Тд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгч Ц.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Ц.Т нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хараат овогт Цийн Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ц.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Тд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Ц.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

5. Шүүгдэгч Ц.Т нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Т.ЭНХМАНДАХ