| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2411 02109 0340 |
| Дугаар | 2025/ДШМ/1198 |
| Огноо | 2025-10-14 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Б.Дашням |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 2025/ДШМ/1198
2025 10 14 2025/ДШМ/1198
Ш.Т-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Дашням,
шүүгдэгч Ш.Т-,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/1914 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ш.Т-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2411 02109 0340 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овгийн Ш-ийн Т-, ............, /РД: .........../;
Шүүгдэгч Ш.Т- нь 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Э.Э-д “нүүрс тээврийн вагон олж өгнө, тээвэрлэлт хийлгэж өгнө” гэж хуурч, “вагон тавиулах гэж байна, яаралтай мөнгийг нь шилжүүл” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, 80.000.000 төгрөгийг Э.Э-гөөс Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбараас өөрийн эхнэр Д.Ц-ын эзэмшлийн Хаан банкны ******** дугаартай данс руу шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Ш.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Ш.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Т-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Т-аас 80.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Э.Э-д олгуулахаар шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ш.Т- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие Цэргийн эрдэм шинжилгээний байгууллагад эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байгаад 2008 онд тэтгэвэрт гарч, 2011 онд Монголын Эрдэмтдийн үндэсний зөвлөлийг олон академич, докторуудын хамт үүсгэн байгуулж одоог хүртэл удирдлагад нь ажиллаж байна. Энэ хооронд олон төсөл хөтөлбөр санаачлан хэрэгжүүлэхээр зорьж яваа жирийн нэгэн эрдэмтэн доктор хүн билээ. Энэ төсөл хөтөлбөрүүдийн нэг нь төмөр замын зүтгүүрийн технологийн шинэчлэлтийг боловсруулж өөрчлөх төсөл байлаа. Улаанбаатар төмөр замын ОХУ-ын талын хүмүүс болон бусад удирдлагуудтай хамтран ажиллаж байв. Энэ үед БНХАУ-ын иргэн Мэргэн, түүний найз Э- нартай танилцаж, тэдний санал болгосон ачаа тээврийн вагон олж өгч туслаач гэсэн саналыг хүлээн авч, тэднээс 80.000.000 төгрөг авч, тухайн үед ОХУ-аас 50 ширхэг нүүрс тээврийн вагон оруулж ирж түрээслэн тээвэр хийж байсан ОХУ-ын иргэн С- Г-, түүний хамтрагч “******” ХХК-ийн захирал Э- нарт 2.500.000 рубль өгсөн боловч төмөр замын тээврийн графикт оруулж чадалгүй дээрх хүмүүсийг хохироож, хорих ялаар шийтгүүлээд байна. Би өөрийн үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний нас өндөр, эрүүл мэндийн байдал муу, цагдан хоригдсон цагаасаа бие муудаж, хорихын эмнэлэгт шууд хэвтэн эмчлүүлж, өнөөдрийг хүртэл эмчийн хяналтад хэвтрийн байдалтай босож явж чадахгүйн дээр нүдний хараа эрс муудаж, арай ядан өргөдлөө бичиж байна. Би сахарын өвчтэй, зүрхний хэм алдагддаг, үе мөчний хурц үрэвсэлтэй. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулах хүсэлтэй, төлөх боломжоо бүрдүүлсэн байгаа. ОХУ-ын иргэн С- надаас авсан вагоноороо тээвэр хийлгэнэ гээд хийлгэж чадаагүй 2.5 сая рублийн өрөндөө 25.000 ам.доллар буюу 100 гаран сая төгрөгийн үнэ бүхий хөргөлт агааржуулалтын том хүчин чадалтай “Чиллер” системийг Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж, энэ онд ашиглалтад орох захын барилгад тавьж өгөх тохиролцоонд хүрээд байгаа болно. Иймд миний эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 1914 дүгээр шийтгэх тогтоолоор надад оногдуулсан 2 жилийн хорих ялыг өөрчилж, улсын яллагчийн шүүх хуралдаанд санал болгосон торгох ялаар шийтгэж өгнө үү. ...” гэв.
Прокурор Б.Дашням тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Шүүгдэгч Ш.Т- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдсон. Анхан шатны шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа хохирогчид учруулсан хохирол төлбөрөө төлөх арга хэмжээ аваагүйг харгалзаж үзсэн. Шүүгдэгч нь гадаад улсын иргэнээс тоног төхөөрөмж авсан, үүнийгээ худалдан борлуулж хохирол төлбөр төлнө гэж байгаа боловч энэ нь нотлох баримтаар тогтоогддоггүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Ш.Т-т холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Шүүгдэгч Ш.Т- нь 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Э.Э-д “нүүрс тээврийн вагон олж өгнө, тээвэрлэлт хийлгэж өгнө” гэж хуурч, “вагон тавиулах гэж байна, яаралтай мөнгийг нь шилжүүл” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, 80.000.000 төгрөгийг Э.Э-гөөс Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбараас өөрийн эхнэр Д.Ц-ын эзэмшлийн Хаан банкны ******** дугаартай данс руу шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Э.Э-гийн “....2022 оны 02 дугаар сард Ш.Т- нь “ОХУ-аас вагон авах боломж байна” гэж өөрийгөө надад танилцуулж байсан. Улмаар би тухайн үед БНХАУ-руу нүүрс тээвэрлэх ажил гүйцэтгэхэд вагон шаардлагатай байсан тул Ш.Т-т “Вагон олох боломж байна уу, вагоны олдоц муу байна” гэхэд “болно оо, чамд вагон олж өгье өө, асууж сураглая” гэж надад хэлсэн. Үүнээс хойш 2 дугаар сард Ш.Т-тай 2 дахь удаа уулзахад “сая төмөр замын дарга Х-гийн эгч С-, дарга асан О- нартай биечлэн уулзаад ирлээ, ерөнхийдөө болох юм байна” гэж надад хэлээд С-, О- нартай утсаар яриад... байсан. ... Тэр үедээ С-, О- нарын утасны дугаарыг надад өгсөн. ... Гэнэт 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр “одоо вагон тавиулах гэж байна, яаралтай төлбөрийг нь шилжүүл, би Улаанбаатар төмөр зам руу явж байна. Вагоны төлбөр хийх хэрэгтэй байна, ах нь төрийн албан хаагч учир манай эхнэр Ц-ын ******** дугаарын данс руу 80.000.000 төгрөг хийчих, утга дээр нь “Зээл” гэж бичээрэй. Төрийн албан хаагч учраас татвар өндөр гарна” гэж над руу залгасан. Би ... Хаан банк руу орж бэлнээр 80.000.000 төгрөгийг дээрх данс руу нь “Зээл” гэх утгаар шилжүүлж өгсөн. ...” /хх 20-22/,
гэрч Д.Ц-ын “...Би Хаан банкны 3 данстай, ******** дугаарын дансыг нөхөр Т-тай хамтран эзэмшдэг. Карт нь манай нөхөр Т-т явдаг, нөхөр байнга ашигладаг. ...” /хх 34-35/,
гэрч М- /М-/-ний “... Нэг өдөр Э- над руу залгаад “Т- ах вагон тавьж өгөх гэж байна. Төлбөрийг нь төлөөд өгчих, тэгвэл асуудалгүй вагон тавиулаад өгье, 80.000.000 төгрөг гэж байна” гэж ярьсан. Яг хэзээ гэдгээ санахгүй байна. Ямар ч байсан Э-гийн ярьсан өдөр нь л Э- бид хоёр 80.000.000 төгрөгийг Мөнгөнзавъяагийн хойд талын Хаан банкнаас Т-ын өгсөн данс руу шилжүүлж өгч байсан. ...” /хх 87-88/ гэсэн мэдүүлгүүд,
Улаанбаатар Төмөр замын Тээвэр зохион байгуулалтын албаны 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ***** дугаартай “***** ХНН-ийн ачаа тээврийн программуудын мэдээллийн санд ***** регистрийн дугаартай Ш- овогтой Т- бүртгэлгүй байна... хэн нэг этгээд бусдаар дамжуулан ачилт хийх захиалга өгсөн эсэхийг бид тодорхойлох боломжгүй” гэх албан бичиг /хх 72/,
Хаан банкны Д.Ц-ын эзэмшлийн ******** дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /хх 48-51/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Ш.Т-ыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, хохирогч Э.Э-гийн 80.000.000 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байх ба түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс Ш.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.
Шүүгдэгч Ш.Т-аас “... гэм буруугаа ойлгож гэмшиж байгааг болон ар гэр, эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.
Хэдийгээр, шүүгдэгч Ш.Т- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн, гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн боловч түүний эрүүл мэндийн байдлын талаарх баримт хэрэгт авагдаагүйн зэрэгцээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй, хор уршиг арилаагүй зэргээс үзэхэд анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанарт тохирсон гэж үзэв.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгчид оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг тус тус хангажээ.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.Т-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Хэрэгт авагдсан хохирогч Э.Э-гийн мэдүүлэг /хх 22/, Д.Ц-ын Хаан банкны ******** дугаартай дансны хуулга зэрэгт /хх 48/ хохирлын 80.000.000 төгрөгийг 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр шилжүүлсэн байхад прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гэмт хэрэг гарсан өдрийг 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр үйлдэгдсэн мэтээр ташаа бичсэнийг давж заалдах шатны шүүх зөвтгөв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх ба шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ.” гэж заасан бөгөөд ийнхүү хугацаа тогтоосны ач холбогдол нь хэргийн оролцогчид шүүх хуралдаанд бэлтгэх, баримт материал танилцуулах, хэргийн материалтай танилцах боломжит хугацаа олгож, мэтгэлцэх боломжоор хангагдах эрхтэй байдагт оршино.
Гэтэл анхан шатны шүүх яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн өдрөө буюу 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр шүүх хуралдааныг товлон зарласан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хууль ёсны ашиг сонирхлыг дордуулж байгааг цаашид анхаарвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Ш.Т- нь анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс энэ өдрийг хүртэл нийт 62 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/1914 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.Т-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Т- нь 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс хойш 62 /жаран хоёр/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрү.үгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ М.АЛДАР