| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхүүгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 317/2026/00420/И |
| Дугаар | 317/ШШ2026/00334 |
| Огноо | 2026-02-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 317/ШШ2026/00334
2026 02 09 317/ШШ2026/00334
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал би,
Нэхэмжлэгч: М.к ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Л.А-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 203,770.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, мөн оны 02 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч М.к ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хариуцагч нь манай “үйлчилгээний нөхцөл”-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган ***** тоот “Үйлчилгээний гэрээ” байгуулан 85114824 дугаарлалтай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй. Гэрээний үүргээ биелүүлэхийг сануулан хэд хэдэн шаардсан боловч өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Иймд хариуцагчаас "Үйлчилгээний гэрээ”-нд заасны дагуу үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 203,770.54 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
2.Хариуцагч Л.А нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Л.А миний бие “М.к” ХХК-н нэхэмжилсэн 203,770.54 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 203,770.54 төгрөгийг бүрэн төлж барагдуулна.” гэжээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч М.к ХХК нь хариуцагч Л.А-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 203,770.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахад, хариуцагч Л.А нь нэхэмжлэгчийн шаардсан 203,770.54 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 203,770.54 төгрөгийг бүрэн төлж барагдуулна гэх хариу тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.Ань бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байна гэж үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,763 төгрөгийн тал хувь 3,381.5 төгрөгийг улсын орлого болгож, 3,381.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас 3,381.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 74.5, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.М.к ХХК-ийн хариуцагч Л.А-с 203,770.54 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 203,770.54 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч М.к ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 27,570,00 төгрөгийн тал хувь 6,763 төгрөгийг улсын орлого болгож, 3,381.5 төгрөгийг Төрийн сангийн 100140000941 тоот данснаас, 3,381.5 төгрөгийг хариуцагч Л.А-с тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАТЖАРГАЛ