Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2018/ШЦТ/47

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам,

улсын яллагч Э.Нямбилэгт,

шүүгдэгч Я.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б. овогт Я. Э-т холбогдох эрүүгийн 1817000540033 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1983 оны 09 дүгээр сарын 03-нд Дорноговь аймгийн Айраг суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зохион байгуулагч мэргэжилтэй, Улаанбаатар Төмөр Замын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Замын 3 дугаар ангид замчин ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 3 дугаар баг, 12 дугаар байр .......... дүгээр орц ....... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй гэх Б. овгийн Я.Э /РД:......../

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Я.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 13-ны орой 18 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 12 дугаар байрны 1-10 тоотод эхнэр Т.А-г зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ. Шүүгдэгч Я.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 13-ны орой 18 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 12 дугаар байрны 1 дүгээр орц 10 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр Т.А-г зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Я.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Одоо мэдүүлэг өгөхгүй гэв.

 

1.2. Шүүгдэгч Я.Э мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

…Би өөрийн эхнэр Т.А-г тухайн өдөр үснээс нь зулгаагаад газар унагааж чирээд толгой руу нь гараараа 2 удаа цохисон гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээ болон бусад зардалд мөнгө гараагүй. Одоо би эхнэртэйгээ учир зүйгээ олоод нэг гэртээ хамт амьдарч байгаа. Би өөрийн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрч байна. Би гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна… гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/

 

1.3. Хохирогч Т.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр ажлаасаа тарж гэртээ ирээд хоол хийх гээд мах хөшиглөөд гал тогооныхоо өрөөнд зогсож байсан чинь хаалга тогшихоор нь хаалгаа онгойлгож өгсөн чинь манай нөхөр Э гаднаас согтуу орж ирэхээр нь би хаалгаа нээж өгчихөөд гал тогооныхоо өрөөнд ороод махаа хөшиглөөд зогсож байсан чинь Э араас гал тогооны өрөөнд орж ирээд надад юм хэлэлгүй миний хутга барьж байсан гарыг зуурч аваад гартай ноцолдоод байхаар нь би хутгаа өгөлгүй цааш шидчихээд өөрийг нь түлхээд жижиг өрөө рүү оруулаад орон дээр түлхээд хэвтүүлчихээд хаалгыг нь хаачихаад эргээд гал тогооны өрөө рүү орох гэхэд миний араас босч ирээд пизда, янхан минь намайг унтуулчихаад чи яах гэж байна гэж орилж босч ирээд намайг үсдэж унагаад гал тогооны өрөөнөөс том өрөө рүү чирч оруулаад дээр гарч суучихаад миний толгой руу гараараа 2-3 удаа цохихоор нь би өмнөөс нь ноцолдож байгаад босч ирээд Э-ыг цааш нь түлхчихээд гэрээсээ ганцаараа гараад ирсэн чинь манай дээд давхарын айлын охин орцонд таарахаар нь би түүний утсыг гуйж аваад цагдаад дуудлага өгсөн. Би цагдаад дуудлага өгчихөөд гэр лүүгээ орсон чинь  манай нөхөр хувцасаа өмсчихөөд том өрөөний орон дээр сууж байгаад босоод гадуур хувцасаа өмсөөд гараад явахаар нь том өрөөнийхөө полкон дээр гараад нөхрийгөө харсан чинь урагшаа алхаад 4-р байрны 3 дахь орц руу орж байгаа харагдсан. Манай нөхрийг гараад явсны дараа цагдаа нар ирээд надаас манай нөхрийг асуухаар нь өөрийнхөө харсан зүйлийг хэлээд өгсөн чинь цагдаа гарч яваад удалгүй нэг цагдаа нь орж ирээд надаас асуулт асууж аюулын зэргийн үнэлгээ хийж аваад надад танилцуулаад гарын үсэг зуруулаад аваад гараад явсан. Манай нөхөр архи их уудаг, уухаараа ганц нэг татчихаад босоод явж чаддаггүй тэнд байгаа бүх архийг ууж байж санаа нь амардаг. Архи уухаараа намайг байнга хэл амаараа доромжилдог /пизда, янхан гэх мэт/. Архи бага зэрэг уугаад согтоогүй байхдаа гайгүй хэл амаар доромжилж байгаад унтаад өгдөг. Харин их уусан үедээ элдэв бусаар хараагаад зоддог. Би энэ болгоныг нь цагдаад хэлээд байдаггүй нуугаад өнгөрөөдөг. Би энэ талаараа хадам ээж Г /88543069/-т хэд хэдэн удаа хэлж байсан. Хадам ээж тухайн үедээ яадаг муу хог вэ гэж л байдаг юм, гэхдээ манай нөхөр Э хадам ээжийн үгийг нээх тоодоггүй. Манай нөхөрт өөр хэн нэгэн хэлж яриад байх хүн байхгүй. Намайг хүүхдүүдийнхээ дэргэд зодож хэл амаар доромжилдог. Манай том хүү оюутан Улаанбаатар хотод амьдардаг. Дунд охин 9 настай 3-р анги, бага хүү 4 настай цэцэрлэгт явдаг. 2017 оны 11 дүгээр сард намайг мөн нэг удаа зодохоор нь би ах дүү нарыг нь дуудаад өгөөд явуулж байсан. Үүнээс өмнө 2008 онд бас зодож байсан. Эрүүл архи уугаагүй байхдаа зүгээр байдаг. Архи уугаад гадуур явахаар араас нь утсаар ярихад согтуу гэрт орж ирээд би найз нөхөдтэйгээ ууж болохгүй юу, надад саад хийлээ гээд агсан тавьж хэл амаар доромжилдог болохоор нь  би архи уугаад явахаар нь араас нь залгаад байдаггүй. Өвлийн цагт гадуур архи уухаар нь осгож эндэх вий гэж санаа зовоод араас нь утсаар залгадаг юм. Манай нөхрийг гадуур архи уугаад явахаар манай гэрт их түгшүүртэй байдаг юм. Манай нөхөр ер нь их хартай, намайг хүмүүстэй их харддаг. Миний хувьд гадуур дотуур яваад өөр эр эргүүлээд байдаг асуудал байдаггүй. Хааяа багш нартайгаа нийлж баяр ёслолын үеэр ганц нэг удаа ууж идэх асуудал байдаг би ингэж явах болохоороо нөхөртөө байнга байгаа байдлаа хэлж ярьдаг. Тэгээд жоохон удах юм бол манай нөхөр утсаар залгаад чи хаана байна, ирэх болж байна уу, чамайг ирэхгүй бол би гарлаа шүү гэх мэтээр их ярьдаг. Миний хувьд байнгын түгшүүртэй байдаг болохоор нөхөртөө гомдолтой байна. Иймээс хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Харин нөхрөөсөө нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/

 

1.4. Гэрч Ц.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Манай охин өнгөрсөн 3-р сарын дундуур гэрээсээ гараад доошоо буух гээд явж байхад нь манай доод давхарт амьдардаг А багш орцонд 4 давхарт таараад гар утсыг нь гуйж аваад нэг тийшээ залгаад нөхөртөө зодуулсан талаараа ярьж байсан гэсэн. Яг хаашаа юу ярьсан талаар нь тодорхой зүйл ярьж мэдэхгүй байсан. Би ч тухайн үедээ охиноосоо лавлаж асуугаагүй. Манай охин Э хичээлдээ яваад гэртээ байгаа. Дээрх асуудлын талаар мэдүүлэг өгүүлмээргүй байна. Жоохон хүүхдийн сэтгэл санаа нь тавгүйтэх байхаа. Одоо тухайн үед хэлж байсан зүйлээ мартсан байхыг үгүйсгэхгүй. Иймээс би сонссон зүйлээ мэдүүлээ. Энэ талаар манай гэрт надаас өөр хүн сонсож мэдээгүй. Манайх одоо амьдарч байгаа байрандаа 2015 онд анх нүүж орсон юм. Манайхыг нүүж орсноос хойш нээх удалгүй Э-нх манай доод давхарт нүүж ирсэн. Энэ цагаас хойш орцонд таарахаар мэндтэй устай явдаг болсон. Э гэртээ агсан согтуу тавих юмуу, эхнэр хүүхдээ зодсон цохисон талаар надад сонссон мэдсэн зүйл байхгүй. Хоорондоо энгийн харилцаатай юм шиг харагддаг. Эдгээр хүмүүсийн зан байдлын талаар надад мэдэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/

 

1.5. Шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 96 дугаар дүгнэлтэнд:

- Т.А-ийн биед тархи доргилт, толгойн орой, дагз хэсгээр зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.

- Уг гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно. Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч, ахмад Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 28 дугаар хуудас/

 

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэдэгт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд;” гэж заасныг ойлгоно гэж шүүх үзлээ.

Мөн шүүгдэгч Я.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 13-ны орой 18 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 12 дугаар байрны 1 дүгээр орц 10 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу эхнэр Т.А-тай маргалдан түүнийг “пизда, янхан” зэргээр харааж сэтгэлзүйн дарамт үзүүлэн үсдэж унаган гал тогооны өрөөнөөс том өрөө рүү чирч оруулан дээр нь гарч суун толгой руу гараараа 2-3 удаа цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгтэй тохирч байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн хүндрүүлэх шинжид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг иш татаж заасан бөгөөд уг зүйлийн 2.8 дахь хэсэгт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмт хэргийг үйлдсэн талаар зохицуулж хуульчилсан байна.

 

Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч Я.Э-ын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчилэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Я.Э нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч Я.Э-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч Я.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

2.1. Гэрч Б.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би Я.Э-тай 2008 оноос хойш найзалж эхэлсэн. Э өөрөө ярихдаа эхнэрээ зодсоноос болж цагдаад шалгагдаж байгаа гэж сонссон. Я.Э нь хамт олонтойгоо нийтэч, уур уцаар байхгүй, архи дарс нээх хэрэглээд байдаггүй. Ажлын цагаар архи дарсны асуудал огт гаргаж байгаагүй. Төлөв томоотой, даруу, хүнд тусархуу зантай. Этай ганц нэг удаа архи хамт ууж байсан. Архи уухаараа янз бүрийн ааш авир байхгүй, дуу цөөтэй байдаг... гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/

 

2.2. Гэрч Я.Х мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би төрсөн ах Я.Эын зан байдлын талаар мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Харин үйлдсэн гэмт хэрэг болон, гэр бүлийнх нь дотоод асуудлын талаар мэдүүлэг өгөхгүй. Э нь миний төрсөн ах байгаа юм. Бага насаа эцэг эхийн гар дээр болон цэцэрлэг, сургуулиар хүмүүжиж өссөн. Эрэгтэй талаасаа айлын 3 дахь хүүхэд юм. Одоо төмөр замд замчин ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Тэгтлээ архи уугаад байдаггүй, хааяа нэг согтохоороо мөрөөрөө байдаг, ямар нэгэн хэрүүл шуугиан гаргаад байдаггүй. Зан төлөвийн хувьд дуугүй талдаа төлөв даруу хүн. Би болон ах дүү нараас Эын гэр бүлийн дотоод амьдралд оролцоод байдаггүй... гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/

 

2.3. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31 дүгээр хуудас/

 

2.4. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 33-34 дүгээр хуудас/

 

2.5. Ягааны Э, Тын Амгалан нарын гэрлэлтийн баталгааны нотариатаар батлуулсан хуулбар /хх-ийн 35 дугаар хуудас/

 

2.6. Улаанбаатар төмөр замын 3-р ангийн Я.Эын талаар гаргаж өгсөн тодорхойлолт, цалингийн тодорхойлолт /хх-ийн 42-43 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Я.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

            Шүүгдэгч Я.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Эт оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгч Я.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдлээ.

 

            Шүүгдэгч  Я.Э нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч Боржигон гахан овгийн Я.Э-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Я.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Э-т оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Я.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 

5. Шүүгдэгч Я.Э нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Э-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.ЭНХМАНДАХ