| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2305 00000 0382 |
| Дугаар | 2025/ДШМ/1199 |
| Огноо | 2025-10-14 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | М.Эрдэнэзаяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 2025/ДШМ/1199
2025 10 14 2025/ДШМ/1199
Ц.О-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, ерөнхий шүүгч Б.Зориг, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Эрдэнэзаяа,
хохирогч Л.Г-,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/1658 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Л.Г-ийн гаргасан давж заалдах гомдлоор Ц.О-д холбогдох 2305 00000 0382 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
М- овгийн Ц-ын О-, ............., /РД: .............../,
Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 214 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,
Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 149 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3-д зааснаар 3 жил 1 хоног хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хасаж, 1 жилийн хорих ял оногдуулж, 3 жил 1 хоног хорих ялд 1 жил хорих ялыг багтаан, нийт эдлэх ялыг 3 жил 1 хоног хорих ялаар тогтоон, уг ялыг биечлэн эдэлж байгаад 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн;
Шүүгдэгч Ц.О- нь 2023 оны 02 дугаар сарын 28-наас 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б-” зочид буудлын 4, 5 дугаар давхарын шатны орчимд хохирогч Л.Г-ийн биед шалтгаангүйгээр халдаж, улмаар нүүр хэсэгт нь гараараа 3-4 удаа цохиж, хамар ясны зүүн хажуу ханын зөрүүтэй, зүүн хоншоорын хөндийн урд болон доод ханын хоёрлосон зөрүүтэй, дээд хана буюу зүүн нүдний ухархайн доод болон гадна ханын зөрүүтэй хугарал, баруун хоншоорын хөндийд урд ханын хоёрлосон, доод ханын ясны сэлтэрхий бүхий хоёрлосон, дотогш цөмөрсөн, баруун тагнай руу үргэлжилсэн нийлмэл хугарал, баруун хоншоорын хөндийн дээд ханын буюу баруун нүдний ухархайн доод ханын хоёрлосон зөрүүтэй, баруун нүдний ухархайн гадна, ар хана зөрүүтэй хугарал, хоёр талын самалдгийн хөндийн ханын хоёрлосон зөрүү багатай хугарал, тархи доргилт, зүүн зулай, хацар, дээд уруулд шарх, баруун доод 2, 3, 4-р шүдний булгарал, зүүн дээд 2-р шүдний сулрал, хоёр нүдний алимын салстын цус харвалт, зулай, дээд, доод уруул, хамар, хоёр нүдний зовхи, хацар, шанаа, эрүү, хүзүү, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Ц.О-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Ц.О-г “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 19 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож /цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцсон/, түүнд оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас 152 цагийг хасаж, шүүгдэгч Ц.О-гийн нийт эдлэх ялын хэмжээг 568 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, шүүгдэгч Ц.О- нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.О-гээс 2.832.150 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай данс/-т олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Л.Г- нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгаа холбогдох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Ц.О-гээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогч Л.Г- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие “***********” ХХК-д 2022 оноос 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Гэтэл шөнө О- өрөө авсан. Тэгээд согтуу гарч ирээд өрөө хэсэн хэрүүл зодоон хийсэн. Би камераар харж байгаад нөгөө 3 хүнийг өрөөнд нь оруулсан. Гэтэл Ц.О- намайг “ална” гээд миний гар утсыг булааж аваад шатны голд гар утсаар миний нүүр лүү олон удаа цохиж, би ухаан алдаж унасан. Зодуулснаас болоод би сэхээнд орж, хагалгаа хийлгэж, 2 удаа удаан хугацаагаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Нүүрний хагалгаанд орж 2 шанааны ясаа 5 удаа хадуулсан. Мөн хамрын ясны, 2 нүдний ясны 5 хугаралтай. Тагнайн яс цуурч хадуулсан. Гэмтлээс болоод хараа муудсан. Чих юм сайн сонсдоггүй, тонгойж болдоггүй, 2 удаа ухаан алдаж унасан, дахиад 2 удаа хагалгаанд орох заалттай байгаа.
Би гэр бүлээ тэжээдэг бөгөөд түрээсийн байранд амьдардаг. Нүүрний хэлбэр өөрчлөгдөж, гоо сайхнаар хохирсон. Би 200.000 цалинтай ажил хийдэг байсан. Нийгмийн даатгал төлдөггүй учраас анхан шатны шүүх цалин хөлс орлогогүй гэж үзэж байгаа бол Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 505.2-т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр ажилгүй байсан хугацааны цалин гаргаж өгөх боломжтой байхад гаргаж өгөөгүйд гомдолтой байна. Ц.О- шүүхийн шийдвэр яаж гарснаас үл хамааран хохирлыг нотариатаар баталгаажуулан төлж барагдуулна, 1 сарын дотор төлнө гэсэн. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр 4 шүд булга цохиж унасан. Имплант шүд хийлгэхэд 1 шүд нь 3 сая төгрөг болно. Шүдний эмнэлгийн баримт авчирч өгсөн. Би 3 удаагийн хагалгааны мөнгө, 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 20 сарын цалин 700.000 нэхэмжилж байна. Мөн 4 ширхэг имплант шүд 1 ширхэг нь 3 сая төгрөг, 12 сая төгрөг. Намайг санаатай зодсон, амь нас аюултай үед орхиж явсан. Эмнэлгийн тусламж үзүүлээгүй. Би мужаан хийдэг, ажлаа хийж чадахгүй, орлогогүй болсон. Амьдралаа авч явж үндсэн ажлаа хийх боломжгүй болсон. Би нүүрэндээ 7 хадаастай. Хадаасаа авахуулах санхүүгийн боломжгүй болсон. Мөн хиймэл шүдтэй, хоол боловсруулах эрхтэн өөрчлөгдөж, шүд хуга цохисноос болоод чөлөөтэй ярих, юм идэж чадахгүй болсон. Маш их гомдолтой байна. Буруугаа ойлгосон, эрүүл мэндийг чинь хамгаална гэж намайг хуураад 2023 оны 8 сард оргон зайлаад Монголоос гарч яван 2025 оны 06 дугаар сард баригдсан. Эрүүл мэндээр ноцтой хохирсон надад харгис хандлаа. Миний эрүүл мэндийн байдалд шаардагдах хохирлыг барагдуулж, холбогдох хариуцлагыг тооцуулах, мөн Ц.О-д холбогдох хэргийг прокурорт буцааж өгнө үү гэсэн давж заалдах гомдол гаргасан. Одоо бол миний хохирлыг барагдуулж өгөхийг хүсэж байна. ...” гэв.
Прокурор М.Эрдэнэзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхээс Ц.О-гийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал зэргийг харгалзан түүнд 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Хохирогчийн эмчилгээний зардал болох баримтаар тогтоогдсон 5.580.000 төгрөгийг төлж барагдуулсан. Хохирогчийн зүгээс ажилгүй байсан 2 жилийн хугацааны цалин хөлс, шүдний эмчилгээ болон бусад зардлуудад нийт 24.000.000 төгрөгийг нэхэмжилсэн. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчоос 2 шүдээ эмчлүүлсэн эсэхийг тодруулахад шүүгдэгч мөнгө өгвөл шүдээ солиулах боломжтой гэж хариулсан. Шийтгэх тогтоолд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт хэрэгт авагдаагүй тул холбогдох баримтуудаа бүрдүүлэн шүдний эмчилгээний зардал, цалин хөлстэй холбоотой хохирол төлбөрөө иргэний шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Шүүгдэгч Ц.О- нь 2023 оны 02 дугаар сарын 28-наас 03 дугаар сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б-” зочид буудлын 4, 5 дугаар давхарын шатны орчимд хохирогч Л.Г-ийн биед шалтгаангүйгээр халдаж, улмаар нүүр хэсэгт нь гараараа 3-4 удаа цохиж, хамар ясны зүүн хажуу ханын зөрүүтэй, зүүн хоншоорын хөндийн урд болон доод ханын хоёрлосон зөрүүтэй, дээд хана буюу зүүн нүдний ухархайн доод болон гадна ханын зөрүүтэй хугарал, баруун хоншоорын хөндийд урд ханын хоёрлосон, доод ханын ясны сэлтэрхий бүхий хоёрлосон, дотогш цөмөрсөн, баруун тагнай руу үргэлжилсэн нийлмэл хугарал, баруун хоншоорын хөндийн дээд ханын буюу баруун нүдний ухархайн доод ханын хоёрлосон зөрүүтэй, баруун нүдний ухархайн гадна, ар хана зөрүүтэй хугарал, хоёр талын самалдгийн хөндийн ханын хоёрлосон зөрүү багатай хугарал, тархи доргилт, зүүн зулай, хацар, дээд уруулд шарх, баруун доод 2, 3, 4-р шүдний булгарал, зүүн дээд 2-р шүдний сулрал, хоёр нүдний алимын салстын цус харвалт, зулай, дээд, доод уруул, хамар, хоёр нүдний зовхи, хацар, шанаа, эрүү, хүзүү, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Л.Г-ийн “... Тэгээд би О- гэх хүнийг чи ингэж болохгүй, хүмүүс амарч байна, өрөөндөө ороод амарчих гэж хэлтэл “би чамайг ална, шаана” гэхээр нь би цагдаа дуудах гээд гар утсаа гаргаад иртэл миний утсыг булааж аваад гартаа атгачихаад “шаана аа чамайг” гэсэн. Тэгээд би тухайн О- гэх хүнийг өрөөнийхөө төлбөр тооцоог хийчих гэж хэлтэл намайг ална гэж байсан хүн гэнэт “за ахаа уучлаарай, тооцоогоо хийчихье” гэж хэлээд бид хоёр 5 давхраас 4 давхар руу бууж байтал миний хойд талд явж байгаад шууд миний баруун шанаа хэсэг рүү гартаа барьчихсан байсан гар утасны хойд талаар хэд хэдэн удаа цохисон бөгөөд би тухайн үед ухаан алдсан. Тэгээд ухаан ортол нөгөө О- гэх залуу байхгүй байсан. Тухайн О- гэх хүн миний нүүр хэсэг рүү 3 удаа цохисон бөгөөд тухайн үед би ухаан алдсан байсан. Тэгээд би ухаан ортол миний толгой хагарсан, зүүн нүдний зовхи хэсэг нь язарсан, уруулын доод тал язарсан байсан. ...” /1 хх 119/,
гэрч Х.Х-ын “... 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 18 цагийн үед гэртээ байж байтал манай 2 найз З-, О- нар утсаар яриад уулзъя гэж хэлсэн. Тэгээд манай гэрийн гадаа ирээд намайг ирж авсан. Бид хоолонд ороод буудал орохоор болж З- бид 2 дэлгүүр орж 0,5 литрийн 2 ширхэг Эдэн архи авсан. Дараа нь Б- зочид буудлын 401 тоот 2 ортой өрөөг авч орсон. Буудлын өрөөнд бид нар архиа ууж дуусгаад буудлаас нэг шил Эдэн нэртэй 0,75 литрийн архи авсан. Тэр архиа дахин уугаад үүрээр 4 цагийн үед тасраад унтчихсан. Өглөө босоход цагдаа ирчихсэн З- бид хоёрыг дуудахад нь зодоон болсон талаар мэдсэн. О- хүнтэй зодоон хийсэн юм шиг байсан. ...” /1 хх 6/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “... Л.Г-ийн биед хамар ясны зүүн хажуу ханын зөрүүтэй, зүүн хоншоорын хөндийн урд болон доод ханын хоёрлосон зөрүүтэй, дээд хана буюу зүүн нүдний ухархайн доод болон гадна ханын зөрүүтэй хугарал, баруун хоншоорын хөндийн урд ханын хоёрлосон, доод ханын ясны сэлтэрхий бүхий хоёрлосон, дотогш цөмөрсөн, баруун тагнай руу үргэлжилсэн нийлмэл хугарал, баруун хоншоорын хөндийн дээд ханын буюу баруун нүдний ухархайн доод ханын хоёрлосон зөрүүтэй, баруун нүдний ухархайн гадна, ар хана зөрүүтэй хугарал, баруун хацар ясны нум зөрүүтэй, зүүн хацар ясны нум хоёрлосон хугарал, хоёр талын самалдгийн хөндийн ханын хоёрлосон зөрүү багатай хугарал, тархи доргилт, зүүн зулай, хацар, дээд уруулд шарх, баруун доод 2, 3, 4 дүгээр шүдний булгарал, зүүн дээд 2 дугаар шүдний сулрал, хоёр нүдний алимын салстын цус харвалт, зулай, дээд, доод уруул, хамар, хоёр нүдний зовхи, хацар, шанаа, эрүү, хүзүү, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд, амь насанд аюулгүй. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Гурван шүдний булгарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна. ...” гэсэн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 3166 дугаартай дүгнэлт /1 хх 10-12/,
хохирогч Л.Г-ийн гэмтэл авсан цаг хугацаанд авахуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 75, 213/ зэрэг хэрэгт авагдсан болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Ц.О-г хохирогч Л.Г-ийг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.О-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, түүний цагдан хоригдсон 19 хоногийн 1 хоногийг 8 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тооцож, оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас 152 цагийг хасаж, нийт биечлэн эдлэх ялыг 568 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Хохирогч Л.Г-өөс “... Ц.О-гээс 3 удаагийн хагалгааны төлбөр, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү...” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, 505.2 дахь хэсэгт “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” талаар тус тус хуульчилсан.
Хохирогч Л.Г- нь гэмт хэрэг үйлдэгдэх үед “*********” ХХК-д хамгаалагчаар ажиллаж байсан ба ажилтан, ажил олгогч хоёр нь Хөдөлмөрийн гэрээг 2 жилийн хугацаатай /1 хх 161/ байгуулсан талаарх нотлох баримт хэрэгт авагдсан байна.
Хохирогч нь уг гэмт хэргийн улмаас ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон тул түүний ажилгүй байсан хугацааны цалинг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт тус тус зааснаар гэмт хэрэг үйлдэгдэх үед мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 550.000 төгрөгийг ажилтан, ажил олгогч нарын байгуулсан Хөдөлмөрийн гэрээний үлдсэн хугацаагаар буюу 20 сарын хугацаагаар тооцож, нийт 11.000.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох нь хуульд нийцнэ гэж үзлээ.
Харин хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгдэгч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нотлох баримтын хэмжээнд нөхөн төлсөн байх ба хохирогч нь одоогоор мэс ажилбар, шүд хийлгэх зэрэг эмчилгээ хийлгээгүй, ирээдүйд гарах эмчилгээ, үйлчилгээний төлбөр гэж үзэхээр байх тул тэрээр цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэй, хууль зүйн боломжтой байна.
Иймд хохирогчийн гаргасан давж заалдах гомдлоос “3 удаагийн хагалгааны төлбөр гаргуулж өгнө үү” гэсэн хэсгийг хангахгүй орхиж, харин “ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” гомдлын хэсгийг хүлээн авч, энэ талаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/1658 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Ц.О-гээс 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөг гаргуулж, хохирогч Лын Г- /РД: ......./-т олгосугай” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ М.АЛДАР