| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2018/0059/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/64 |
| Огноо | 2018-07-10 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Нэргүй |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 10 өдөр
Дугаар 2018/ШЦТ/64
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх,
улсын яллагч Э.Нэргүй,
хохирогч А.Б,
шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б. овогт Ч.Б-д холбогдох эрүүгийн 1817001240057 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 04-нд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эхийн хамт Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг, Цагаан-Ус гудамж, .............. тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн 28/А дугаартай шийтгэх тогтоолоор /2002 оны/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 1 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан гэх Б. овогт Ч. Б /РД: ............./
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Ч.Б нь согтуугаар 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 13 цагийн үед Сүмбэр сумын 2 дугаар баг, Цагаан-Усны 2-313 тоотод байх гэртээ хамтран амьдрагч А.Б-ийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч Ч.Б нь согтуугаар 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 13 цагийн үед Сүмбэр сумын 2 дугаар баг, Цагаан-Усны 2-313 тоотод байх гэртээ хамтран амьдрагч буюу хохирогч А.Б-ийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1.1. Шүүгдэгч Ч.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.
1.2. Шүүгдэгч Ч.Б мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:
2018 оны 05 сарын 14-ны өдөр хамт ажиллаж байсан Б, Э нартай архи уусан. Шөнө нь гэртээ ирээд унтсан. Маргааш нь шартаад өөрт байсан 10000 төгрөгөөр Ерөөл нэртэй 0,5 граммын нэг шил архи аваад цэвэр усны саванд хийгээд эхнэр Б-ээс нуугаад өрөөндөө орж уусан. Тэгээд эхнэр намайг ганцаараа архи уусныг мэдчихээд орж ирээд загнаж бид хоёрын дунд хэрүүл үүссэн. Эхнэр манай ээжид хүүгээ өөрийн гэр Сүхбаатар аймаг руу явуулах тухай ярьж байсныг би согтуудаа сонсоод хүүхдээ явуулахгүй гэж эхнэртэйгээ хэрэлдээд улмаар биед нь гар хүрч хөнгөн хохирол учруулсан байсан. Маргааш нь эрүүлжүүлэхээс гараад эхнэртэйгээ уулзахад баруун чихний ар хэсэгт нь улайж, шанаа хэсэг нь хавдсан байсан. Энэ бүхнийг манай аав Ч, ээж О хоёр мэдэж байгаа, эхнэр Б-ийг зодоход манай ээж, аав хоёроос өөр хүн байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/
1.3. Хохирогч А.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
2018 оны 05 дугаар сарын 14-ний шөнө нөхөр согтуу гэртээ ирээд цэвэр усны саванд архи авч орж ирээд уугаад унтсан. Маргааш нь нөгөө архинаасаа уугаад буцаад согтсон. Тэгээд би хоолоо ид гээд дуудахад намайг аваад ир гээд байхаар нь би том өрөөнд нь ороод хадам ээжтэй юм яриад сууж байсан. Би удахгүй ажилдаа орох гээд нөхөр архи уугаад байсан учраас хүүхдээ өөрийнхөө ээж аав руу явуулах талаар ярьж байсан. Тэгтэл нөхөр жижиг өрөөнөөс сонсоод гарч ирээд чи хүүхэд хаашаа явуулах гээд байгаан гээд агсам согтуу тавиад, намайг газар унагаад 2, 3 удаа цохиод авсан. Тэгэхээр гадаа гараад цагдаа дуудсан. Гомдол санал байхгүй. Б нь надаас уучлалт гуйгаад дахин архи уухгүй гэж хэлсэн. Одоо архины эмчилгээ хийлгэж байгаа гэв.
1.4. Хохирогч А.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
Манай нөхөр Ч.Бат-Өлзий нь 2018 оны 05 сарын 14-ны өдөр 17 цагийн үед гэрээсээ гараад буцаж шөнийн 02 цагийн үед гэртээ орж ирэхдээ өөрийнхөө Нокиа маркын гар утсаа барьцаанд тавьчхаад 0,5 литрийн багтаамжтай цэвэр усны 1 ширхэг саванд архи хийчихсэн орж ирсэн юм. Тэгээд нөгөө архиа ууж байгаад унтчихсан юм. 2018 оны 05 сарын 15-ны өглөө босож ирээд үлдсэн архиа ууж байгаад нэлээд согтчихсон байхаар нь би гал тогоонд орж хоол хийчхээд хоол ид гэтэл “Чи хүний эхнэр юм бол өрөөнд авч ирж өг” гээд байхаар нь би авч ирж өгөөгүй юм. Гэтэл Б газар бөөлжчихөөд “Чи миний эхнэр юм бол миний бөөлжсийг цэвэрлэ” гээд байсан юм. Тэгэхээр нь би Б ээж О-тэй том өрөөнд нь өөрийнхөө 11 сартай хүүхдээ өвөр дээрээ суулгаад хүүхдээ Сүхбаатар аймагт байдаг өөрийнхөө ээжид өгч явуулах талаар яриад сууж байтал Б жижиг өрөөнөөс гүйж гарч ирээд “Чи миний хүүхдийг хааш нь явуулах гээд байгаа юм бэ?, хүүхэд явуулсан байх юм бол чамайг араас чинь очиж ална шүү” гэж хашгирч байснаа миний араас үснээс татаж газар унагаагаад миний толгойны баруун хэсэгт гараараа 3 удаа цохисон юм. Хадам ээж О салгах гээд дийлэлгүй гадаа хашаан дотор ажил хийж байсан хадам аав Чимэдхасыг дуудаад гаднаас орж иртэл Б намайг зодохоо болиод жижиг өрөө рүү яваад орчихсон юм. Намайг цохиж байхад хадам ээж салгах гээд чадаагүй юм. Тэгээд би гадаа гараад цагдаад дуудлага өгчхөөд буцаад ороод иртэл Б намайг хэл амаар доромжлоод хэвтээд байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/
1.5. Гэрч Л.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Б нь миний 4 дэх хүүхэд байгаа юм. 2018 оны 05 дугаар сарын 14-ний шөнө согтуу ирээд эхнэртэйгээ маргалдаж байгаад унтсан. Маргааш өдөр нь 13 цагийн үед мөн хэрэлдээд эхнэр нь “чамтай суудаггүй байж, О-тай суудаг байж, чамаас салж хүүхдүүдээ эцэг, эх рүүгээ Сүхбаатар аймаг авч явна” гэх зэргээр хэрэлдээд байхаар нь би бэр Б-т “согтуу хүнтэй битгий хэрүүл хийж бай, тэгж байгаад унтах байх” гэхэд үгэнд орохгүй хэрэлдээд байсан. Тэгээд чамаас ямар шингэн гардаг юм бэ? дусал ч шингэн гарахгүй гэж хэлэхэд Б босож ирээд эхнэрийнхээ шанаанд гараараа цохиод байсан. Хэдэн удаа цохисныг бол мэдэхгүй. Би салгах гээд чадахгүй болохоор гадаа байсан нөхөр Ч-ыг дуудсан. Ч-ыг орж ирэхэд тэр хоёр салсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/
1.6. Гэрч М.Ч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Надад хүү Б талаар мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Намайг хашаандаа юм хийгээд сууж байхад эхнэр О гарч ирээд Б эхнэрээ зодоод байна гэхээр нь гэрт ортол Б эхнэр лүүгээ ална гээд хашгираад байсан. Тэгээд намайг хараад цаашаа өрөөндөө ороод хөнжлөө нөмрөөд хэвтсэн. Намайг ороход цохиж харагдаагүй. Өмнө нь үсдэж зодсон гэж О хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/
1.7. Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 181 дугаартай дүгнэлтэд:
- А.Б-ийн биед тархи доргилт, баруун чих зүүн бугалганд цус хуралт, баруун чамархай хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
- Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 26 дугаар хуудас/
1.8. Согтолтийн зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/
1.9. Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 6-7 дугаар хуудас/
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Ч.Бат-Өлзийгийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Ч.Б нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.
Иймд шүүгдэгч Ч.Б гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
ХОЁР. Шүүгдэгч Ч.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1. Хохирогч А.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Урьд нь 2017 оны 08 сарын 09-өөс 10-ны үед намайг нэг удаа зодож байсан юм. Тэр үед нь цагдаад дуудлага өгч арга хэмжээ авхуулж байсан юм. Тэрнээс хойш зодож, цохисон асуудал байхгүй. Архи уусан үедээ энэ авирыг гаргасан. Түүнээс эрүүлдээ ямар нэгэн дарамт үзүүлээд байдаггүй. Төлөв даруу дуугүй талдаа хүн... гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/
2.2. Гэрч Л.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
Б нь Төмөр замын гал унтраах ангид ажиллаж байгаад гарснаас хойш архи уудаг болчхоод байгаа. Тэгээд л эхнэр нь архи ууснаас нь болж хэрүүл хийгээд байгаа. Түүнээс биш зан ааш нь эвдрээгүй хүүхэд. Гэрийнхээ болоод өөр ямар нэгэн ажлыг маш сайн хийдэг. Эхнэр нь айлын ганц хүүхэд болохоор бас жоохон ааштай... гэх мэдүүлэг. /хх-ийн 16 дугаар хуудас/
2.3. Гэрч М.Ч мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
Уг нь тэгтлээ архи, дарс хэрэглээд эхнэр хүүхдээ зовоогоод байдаггүй. Төмөр замын гал унтраах ангид ажиллаж байгаад гарснаас хойш ганц нэг архи уудаг болчхоод байгаа. Тэгээд л эхнэр нь архи ууснаас болж хэрүүл үүсгэдэг байх. Ааш зан нь эвдэрчихээгүй хүүхэд. Ер нь төлөв даруухан зан ааштай... гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/
2.4. Говьсүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 21-ны өдрийн 28/А дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 31-39 дүгээр хуудас/
2.5. Хохирогч А.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд гаргасан хүсэлт /хх-ийн 56 дугаар хуудас/
Шүүгдэгч Ч.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Иймд шүүгдэгч Ч.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бат-Өлзийд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгч Ч.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдлээ.
Шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Ч. Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ч.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Ч.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ