| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 165/2018/0064/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/65 |
| Огноо | 2018-07-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Нэргүй |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 2018/ШЦТ/65
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Б.Ч,
улсын яллагч Э.Н,
шүүгдэгч Б.Ж нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б. овогт Б-ийн Ж холбогдох эрүүгийн 1817000530060 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б. овогт Б-ийн Ж, 1993 оны 04 дүгээр сарын 28-нд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, малчин, ам бүл 3, ах, эгч, нарын хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Хайгуулчины ...........тоотод оршин суух, гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Регистрийн РД:...... дугаартай,
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.Ж нь 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө 01 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2-р багийн нутаг дэвсгэрт байрлах Set баарны орчим иргэн Б.Жамбатой маргалдан түүнийг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Ж нь 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө 01 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2-р багийн нутаг дэвсгэрт байрлах Set баарны орчим иргэн Б.Жамбатой маргалдан түүнийг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Б.Ж шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Set баарны гадаа үл таних 3 эрэгтэй тамхи нэхсэнээс болж маргасан. Би салгах гэж байгаад хохирогчтой муудаад зодсон нь миний буруу. Би гадаа Мтай хамт байсан. М намайг хохирогчийг зодож байхад Баяндалайтай маргаад зогсож байсан. Миний согтолтын зэрэг 0.58 бүхэл гарсан. Хохирогчийг газар унахаас нь өмнө хэд хэдэн удаа гараараа нүүр лүү нь цохисон. Газар унасны дараа бие хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Хохирогчийн биед гэмтэл учруулсан гэдгээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчоос уучлалт гуйгаад эвлэрлийн гэрээ байгуулсан. Эмчилгээний төлбөрт 2 000 000 төгрөг нэхэмжилсэн. Үүнийг дараа хөдөө явж хонио ноосолж ирээд төлнө гэв. Маш их гэмшиж байна. Зүгээр байсан хүнийг зодож нүдэж ийм болгосондоо харамсаж байна...” гэх мэдүүлэг.
Хохирогч Б.Жамба мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 11-ний орой гэрээсээ гарч найз Ууганбаяртай хамт Сүмбэр-Алт зочид буудалд байдаг пабд орж 0,5 литрийн Вива нэртэй архийг хувааж уусан. Тэндээсээ гарч 23 цагийн үед Сүмбэр сумын 2 дугаар баг СЕТ бааранд орж 0,5 литрийн шилтэй Сэнгүр пиво авч уусан. Би баарны гадна тамхи татаад зогсож байсан чинь үл таних 3 залуу миний хажууд байсан хүнтэй муудалцаад байхаар нь боль гэж хэлсэн. Тэгтэл тэр үл таних 3 залуу нь над руу дайрч намайг зодсон. Би тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан, согтолтын хувьд гайгүй байсан. Би зодуулж байгаад тэр 3 залуугаас зугтаж 1 дүгээр сургуулийн ард байдаг өндөр худгийн хажууд очсон. Тэгээд би шөнийн 02 цаг 10 минутад өөрийн гар утаснаас эхнэр Б руу ярьж намайг ирж ав гэж хэлсэн. Манай эхнэр Б удалгүй ирж намайг авч гэрт очоод эмнэлэг рүү явж үзүүлсэн. Миний өмсөж явсан хувцаснаас баруун талын өмсгөлийн жордан нэртэй хар ногоон өнгийн пүүз, жи шок эрэгтэй бугуйн цаг, хар өнгийн түрийвч, миний хаан банкны карт, автобусны карт 2, зэрэг эд зүйлс алга болсон. Миний зүүн талын чих сэтэрч 8 оёдол, зүүн талын духанд 4 оёдол тавиулсан. Дээд талын үүдэн 2 шүд хугарсан. Одоо миний толгой их өвдөж зүүн талын нүд бүрэлзээд байна. Мөн баруун талын дух, хамар шалбарсан, баруун талын мөр, тохой, шуу, баруун өвдөг, зүүн талын тохой хөхөрсөн, зүүн талын нуруу, бөөрний хэсэгт шалбарч урагдсан. Эмчилгээний болон сэтгэл санаа, алдагдсан эд зүйлээ гэм буруутай этгээдээс нэхэмжилнэ. ...Би өмнө өгсөн мэдүүлэгтээ М, Ж нарыг намайг бүлэглэж зодсон гэж мэдүүлсэн байсан. Харин Ж, М нарын хэлж байгаагаар намайг Ж ганцаараа зодсон, харин М өөр хүмүүстэй маргалдаад яваад байсан гэж байна. Энэ нь үнэн байна лээ. Ж намайг газар унагаж байгаад толгой руу хэд хэдэн удаа өшиглөсөн, мөн нүүр лүү хэдэн удаа цохьсон. Миний хувьд Жэд зодуулаад хөнгөн хохирол учирсан. Миний гээгдсэн жи шок брэндийн бугуйн цаг, өмсөж явсан Жордан брэндийн өрөөсөн пүүз, хар өнгийн хэтэвч зэрэг эд зүйлсийг миний биеэс авсан хүн байхгүй. Би сүүлд хэтэвчээ ахмадын хорооны хойд талд байрлах өндөр худгийн дэргэдээс бүрэн олж авсан. эмчилгээний болон бусад зардалд 2000000 төгрөг гарсан үүнийг Ж надад 2 хувааж өгөхөөр тохирсон байгаа. Би Жтэй сайн дураараа эвлэрсэн. Миний биеийн байдал гайгүй, зүгээр болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13-р тал/,
Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр СЕТ баарны үүдэнд гадаа хоёр залуутай тамхинаас болж маргалдаад барилцаж аваад хөөцөлдсөн. Тэгтэл тэнд байсан нэг танихгүй өндөр залуу бид нарыг салгах гээд зууралдаад бид нар явсаар байгаад ТБ центрийн хашааны баруун талд очоод гадаа байгаа үсчин залуу надтай хөөцөлдөөд цаашаа явсан. Тэгтэл өнгөө салгах гээд байсан өндөр залууг нөгөө залуу нь зодоод үлдсэн. Тухайн үед харанхуй байсан тул яг юугаар хаана нь хэдэн удаа цохисон гэдгийг мэдэхгүй. Би дахиж тэр хүмүүстэй таараагүй. Жижиг шар залууг нь Ж гэдэг юм билээ. Ж ганцаараа тэр өндөр залууг зодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р тал/,
Гэрч Э.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 11-ний орой 21 цагийн үед ажлаас тараад найз Жийн хамт ээжийнхээ гэрт очих гээд явж байгаад дэлгүүрээс нэг нэг 0,5 литрийн Beer нэртэй пиво аваад 5 дугаар байрны урд талын сааданд уучихаад манай ээжийн гэрт очиход хүн байгаагүй. Ж бид хоёр тэндээ хоол идээд гарч 23 цагийн үед ТБ центрийн халуун тогооны газар орж нэг хүний 4 шил 0,5 литрийн Боргио пиво худалдаж авч уусан. 00 цагийн үед ТБ центр хаагаад Ж бид хоёр гараад СЕТ баар луу орох гэсэн чинь бид хоёрыг бичиг баримтгүй, насанд хүрээгүй байна гээд оруулаагүй. Ж бид хоёр гадаа үүдэнд байхад танихгүй согтуу 3 эрэгтэй хүн ирээд Ж нэгэнтэй нь маргалдаад эхэлсэн. Ж өндөр биетэй эрэгтэй хүнтэй нь хоорондоо муудалцаад эхлэхээр нь дундуур нь ороод тэр хоёрыг салгасан. Тэгээд Ж бид хоёр тэнд байсан хүмүүстэй муудалцаад зууралдаад ТБ центрийн хашааны баруун талд очсон. Би өндөр Баяндалай гэх хүнийг хориод салгаад явж байх хооронд Ж хохирогч Жамбатой муудалцаад үлдсэн. Ж бид хоёр тэр хүмүүсээс салаад би такси бариад гэртээ очиж хоносон. Ж цагдаад баригдаад эрүүлжүүлэхэд хоносныг би маргааш нь мэдсэн. Миний хувьд хүн зодсон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р тал/,
Гэрч Ц.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай төрсөн дүү 2009 онд нас барсан. Түүнээс хойш 2 хүүхэд нь манай гэрт надтай хамт амьдрах болсон. Том хүүхэд нь Ж, бага хүүхэд нь Алтансүрэн гэж манай өрхийн бүртгэлд бүртгэлтэй амьдардаг юм. Ж сүүлийн жил эхнэр авсан гээд манай гэрт хамт амьдрахаа больсон. Эхнэр нь Чойрын хүн гэсэн. Би уулзаж байгаагүй. Өнгөрсөн 2018 оны хавар Ж манай Чойрт байдаг гэрт амьдарч байгаад хадмынхаа талын айлын ямааг самнана гээд эхнэр хүүхдийнхээ хамт явсан гэсэн. Манай дүү Ж архи дарс уугаад байдаггүй байсан. Сүүлийн үед найз нөхөдтэйгөө нийлээд архи ганц нэг удаа пиво уусан гэж сураг гарч байсан. Ж нь ер нь хөнгөн талдаа хүн. Хүнтэй маргалдаж муудалцаад байдаггүй. Найз нөхөдтэйгөө их эвсэг, хүний үгнээс гардаггүй, муу аашгүй...” гэх мэдүүлэг. /хх-ийн 18-р тал/,
Шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 94 дугаартай дүгнэлтэд:
- Б.Жамбаын биед тархи доргилт, духны зүүн тал, зүүн чихний дэлбэнгийн няцарч сэтэрсэн шарх, зүүн дээд 1,2 дугаар шүдний хугарал, 2 талын нүдний дээд доод зовхинд, зүүн нүдний салстанд, баруун далны доод хэсэгт, зүүн мөрөнд зүүн тохойн орчимд цус хуралтууд, духанд, баруун мөрөнд, баруун далны дээд, доод хэсгээр, бүсэлхийн баруун хэсгээр, баруун тохой шуугаар зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
- Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
- Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Зүүн дээд 1,2 дугаар шүдний хугарал нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10% тогтонги алдагдуулна гэх дүгнэлт /хх-ийн 20-р тал/,
Шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 101 дугаартай дүгнэлтэд:
Б.Жийн биед гэмтэл тогтоогдсонгүй гэх дүгнэлт /хх-ийн 22-р тал/,
Шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 102 дугаартай дүгнэлтэд:
- Э.Мгийн биед зүүн нүдний зовхинд, салстанд цус хуралт, зүүн гарын алганд, зүүн хөмсөгний дээд хэсэгт, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2018 оны 03 дугаар сарын 12-нд үүсгэгдсэн байх боломжтой.
- Уг гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно гэх дүгнэлт /хх-ийн 24-р тал/,
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын үнэлгээний комиссын 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 29-р тал/, хохирлын талаарх баримтууд /хх-ийн 40-42-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Б.Жэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч Б.Ж нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохиролд 2 сая төгрөг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн 1817000530060 дугаартай хэрэгт битүүмжилсэн, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний болон бусад зардалд 2000000 төгрөгийг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрч нөхөн төлөхөө илэрхийлснийг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршиг, хувийн байдал, засаг даргын тодорхойлолт, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан үзэж түүнд торгох ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.13, 37.1, 37.2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Баячууд овогт Бгийн Жийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Жийг 500 /таван зуу/ нэгж буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогчид 2 сая төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлснийг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Жэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ