Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 2018/ШЦТ/66

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам,

улсын яллагч Э.Н,

шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Боржигин овогт Бийн Над холбогдох эрүүгийн 1817000430069 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б. овогт Бийн Н 1972 оны 01 дүгээр сарын 03-нд Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 2 дугаар баг, Хэрлэнгийн........тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Регистрийн ........... дугаартай,

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Б.Н нь согтуугаар 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 16 цагийн үед Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, Лүнгийн гудамжинд иргэн П.Этай маргалдан түүний толгойн тус газар чулуугаар цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Б.Н нь согтуугаар 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 16 цагийн үед Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр, Лүнгийн гудамжинд иргэн П.Этай маргалдан түүний толгойн тус газар чулуугаар цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

            Шүүгдэгч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 28-ны өглөө гэртээ байж байхад Батбаатар над руу залгаад хүрээд ир гэсэн. Тэгээд Батбаатарын гэрт очиход Э нэг шил архитай ирсэн байсан. Тэр нэг шил архийг Олонбат, Батбаатар, Э бид дөрөв хувааж уусан. Тэгээд Батбаатар бид хоёр хонхор явсан. Батбаатар өөр тийшээ яваад, би захиргаа орж хүнтэй уулзах гэтэл уулзах хүн маань байгаагүй. Удалгүй Батбаатар над руу залгаад манай гэрт хүрээд ир, Э ирсэн байна гэсэн. Намайг очиход Э, Батбаатар хоёр 0.75 литрийн Ерөөл архийг уугаад талдаа орсон байсан. Тэгээд бид гурав архиа ууж дууссаны дараа Э чи нэг шил архи ав гэсэн. Тэгэхээр нь би надад архи авах мөнгө байхгүй гэсэн. Тэгтэл Э хүний архи уусан гуйлгачин гэхээр нь би мөнгө байсан ч чамд архи авч өгөхгүй гэсэн. Тэгтэл Батбаатар муудах гээд байвал гадаа гарч мууд гэсэн. Э бид хоёр гадаа гараад хоорондоо зууралдаад байж байтал Э намайг түлхээд унагасан. Би унахдаа газраас чулуу аваад Эын зүүн чихэнд цохисон. Тэгтэл Э газар унасан. Манай гэр Батбаатарын гэрээс 3-4 минут яваад очдог. Гэрт хүн байхгүй болохоор нь эргээд иртэл Э газар хэвтээд унтаж байсан. Эыг бос гэсэн чинь би жаахан унтана гэсэн. Энэ үед цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг,

 

Хохирогч П.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2018 оны 02 дугаар сарын 28-ны өглөө Сүмбэр сумын 1 дүгээр баг төмөр замын 101 дүгээр байрны 103 тоотод байх гэрээсээ 11 цагийн үед гарч Лүнгийн гудамжинд байдаг борлон Батаа гэж дууддаг Батбаатарын гэрт очихоор нэг шил 500 граммын Хараа архи авч гараад Батбаатарын хашааны гадаа ирэхэд Б.Н, Батбаатар нар хашааных нь гадаа зогсож байхаар нь уулзаж хашаа руу нь ороод хашаан дотор нь нөгөө Хараа архиа задалж Батбаатар, П.Н нартай хувааж уучихаад дахин архи уухаар гарч төмөр замын Дэлгэрэх дэлгүүрт ирж би өөрөөсөө 20.000 төгрөг гаргаж нэг шил 500 граммын хараа архи авч буцаж яваад Батбаатарын гэрт ирж Н, Батбаатар бид грав архи хувааж уусан. Тэгээд батбаатарын гэрээс гарахаасаа өмнө би Нтай хэрэлдэж байснаа муу саж байна. Яг  юунаас болж Б.Нтай хэрэлдэж байснаа согтуу байсан тул санахгүй байна. Нэг мэдэхэд би гудамжинд хэвтчихсэн цагдаа нар ирчихсэн миний мөрнөөс татаад “хөөе босоорой” гэж дуудаж байсан. Тэгээд намайг цагдаа нар машинд суулгаж цагдаагийн хэлтэст авчирч миний согтолтыг үлээлгэж шалгачихаад намайг аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэсэн. Насайг нэг эрэгтэй залуухан эмч үзээд байса. Эмч юу гэж хэлснийг би санахгүй байна. Ÿарадтай хот руу гэмтлийн эмнэлэг рүү яв гэхээр нь маргааш өглөө нь төрсөн эгч П.Тунгалаг асарч явсан. Улаанбаатар хотод очоод Мөнгөнгүүр гэдэг гэмтлийн эмнэлэгт очиж тархины томографийн зураг аваад баруун талын нүдий хэсгийн яс цуурсан гэж хэлсэн. Тэгээд би 2018 оны 03 сарын 01-нээс 2018 оны 03 сарын 07-ныг хүртэл 7 хоног хэвтэж эмчлүүлсэн. Одоо миний биед толгой өвддөг, өөр зовиургүй байна. Энэ явдлаас болж надад эмчилгээний зардалд 1000000 төгрөгийн хохирол учраад байгаа. Надад Б.Над хандаад гаргах гомдол байхгүй. Бид хоёр адилхан амьдрах гэж зүтгэж яваа. Н надад учруулсан хохирлын эмчилгээний зардалд гарсан мөнгийг бүрэн төлж багадуулсан. Би Нтай сайн дураараа эвлэрсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/

 

Гэрч Ж.Бө мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Өнөөдөр буюу 2018.02.28-ны өдөр гэрээсээ буюу Сүмбэрийн 125 тоотоос 16 цагийн үед гараад хүнтэй уулзах гээд явж байгаад Лүнгийн нарийн гудамжнаас гараад иртэл 2 согтуу бололтой хүн хоорондоо муудалцаад байгаа юм шиг бие биеэ түлхээд байсан. Тэгэхээр нь цаашаа явж Лүнгийн 129 тоотод очиж хүнтэй уулзчихаад гараад иртэл Лүнгийн 125 тоот хашааны өмнө нэг хүн хэвтэж байхаар нь хажуугаар нь гарахдаа хартал түрүүчийн хоорондоо муудалцаад байсан 2 хүний нэг нь хэвтэж байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Тэр хүний толгой нь хойшоо харчихсан, өөрөө доошоо харчихсан, баруун шанаа, хацар хэсгээс нь цус гарчихсан байдалтай, хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Тэр хүний хажуугаар гарахад хажууд ямар нэгэн хүн байгаагүй ганцаараа хэвтэж байсан. Тэгээд би цаашаа яваад Хайгуулчны гудамжинд байдаг дэлгүүр орчхоод буцаад иртэл хамт явж байсан хүн нь тэр хэвтэж байсан хүн дээр очоод босгох гээд байгаа бололтой харагдсан. Тэгтэл цагдаа хүрээд ирсэн. Би тэр 2 хүнийг танихгүй, урьд өмнө нь харж байгаагүй хүмүүс байсан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 25 тал/,

 

Гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2018 оны 02 сарын 28-ны өдрийн 15 цагаас 18 цагийн хооронд дэд ахлагч О.Гантөрийн хамт Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 16 цаг 10 минутад Сүмбэр 10 буюу Цагдаагийн хэлтсийн 102 дугаараас мэдээлэл хүлээн авч, цагдаагийн ахлах ахлагч Б.Бямбатогтохоос над руу Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг Лүнгийн 153 тоот хашааны үүдэнд бусдад зодуулсан байдалтай, толгойноос нь цус гарсан хүн хэвтэж байна очоод шалга гэж хэлснийг хүлээн авч дэд ахлагч О.Гантөрийн хамт тухайн хашааны үүдэнд очиход хар өнгийн юүдэнтэй урт куртка өмссөн эрэгтэй хүн баруун талаараа газарт налж хэвтсэн, хажууд нь Банзрагчийн Н гэх зүс таних залуу нөгөө хэвтэж байгаа хүнээ босгох гээд байгаа бололтой курткнаас нь татаад зогсож байхад нь очиж, Б.Наас “наадах чинь хэн гэдэг хүн бэ? яасан хүн бэ?” гэж  асуухад Б.Н надад “Гэнэн тасарчхаад босохгүй байна, би айл руу борлон Батаагийнх руу авч явах гээд байж байна” гэж хэлхээр нь Б.Наас “энэ хүний толгой тархинаас нь цус гарсан байна, юу болсон юм бэ?” гэж дахин асуухад Б.Н надад “наадах чинь сая халтирч унаад толгойгоо хагалчихсан юм аа” гэж хэлсэн. Би нөгөө Гэнэн гэх согтуу хүнийг хөөе сэрээрэй босоорой гэхэд нөгөө хэвтэж байсан хүн өндийгөөд босоод ирэхээр нь яасан юу болсон бэ? наад толгойноос чинь цус гарсан байна яасан юм бэ? гэж асуухад нөгөө согтуу хүн надад “Н намайг цохичихлоо” гэж хэлтэл Б.Н над руу “наад хүн чинь над руу хутга бариад байсан юм, би наадхыг чинь зодож цохисон юм байхгүй, биед нь хутга байгаа шүү” гэхээр нь Гэнэн гэх залуугийн куртканы халаас энгэр, өмдний халаас оймс буюу биед нь үзлэг хийн шалгахад хутга байгаагүй, куртканых нь халааснаас П.Э гэсэн гадаад паспорт ногоон өнгийн Хаан банкны виза карт, хар өнгийн тосон бал гарсан. Гэнэн гэх залуу нь надад “наад Н чинь худлаа ярьж байгаа юм, би юу гэж хутга авч явах юм бэ? надад хутга байхгүй” гэж хэлсэн. Өөр ямар ч эд зүйл гараагүй тул цагдаагийн хэлтсийн 102-т мэдэгдэж машин ирэхээр нь Гэнэн, Б.Н нарыг жолооч ахлах ахлагч Ц.Баатарсүх, дэд ахлагч Б.Даваасүрэн нарт хүлээлгэн өгч явуулчхаад дэд ахлагч О.Гантөрийн хамт Гэнэн гэх хүний хэвтэж байсан газрын ойролцоо барагцаагаар 10-аад метр газарт хутга хайж шалгахад хутга олдоогүй. Б.Н, Гэнэн гэх 2 хүнээс хоёулангаас нь архи үнэртсэн, хоёулаа согтуу байсан. Б.Н надад “наадах чинь хутгаараа миний хүзүү рүү шаачихлаа” гээд гараараа хүзүүнийхээ ард хэсгийг заагаад байхаар нь би Б.Нын хүзүүний ар хэсгийг үзэж харахад ямар нэгэн шарх байхгүй болохоор нь Б.Над “зүгээр л байна, ил харагдах шарх байхгүй байна” гэхэд Б.Н “үгүй ээ наана чинь шаасан” гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/,

 

Гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2018 оны 02 сарын 28-ны өдрийн 15 цагаас 18 цагийн хооронд ахлах ахлагч Н.Буянжаргалын хамт Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 16 цаг 10 минутад Сүмбэр 10 буюу Цагдаагийн хэлтсийн жижүүрийн шуурхай албаны 102 дугаараас мэдээлэл хүлээн авч, цагдаагийн ахлах ахлагч Б.Бямбатогтох ахлах ахлагч Н.Буянжаргалын гар утас руу залгаж сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг Лүнгийн 153 тоот хашааны үүдэнд бусдад зодуулсан байдалтай, толгойноос нь цус гарсан хүн хэвтэж байна” очоод шалга гэж хэлснийг хүлээн авч ахлах ахлагч Н.Буянжаргалын хамт тухайн хашааны үүдэнд очиход хар өнгөтэй малгайтай урт куртка өмссөн эрэгтэй хүн баруун талаараа газарт хэвтчихсэн, хажууд нь халамцуу нэг залуу нөгөө хэвтэж байгаа хүнээ босгох гээд куртканаас нь татаад зогсож байхад нь очиж алах ахлагч Н.Буянжаргал нөгөө хажууд нь байгаа хүнээс нь “наадах чинь хэн гэдэг хүн бэ? юу болсон юм бэ? гэж асуухад нөгөө халамцуу хүн нь ахлах ахлагч Н.Буянжаргалд “энэ Гэнэн тасарчхаад босохгүй байна, би айл руу Батаагийнх руу авч явах гэсэн юм” гэж хэлж байсан. Ахлах ахлагч Н.Буянжаргал “энэ хүний толгой тархинаас нь цус гарсан байна, юу болсон юм бэ? гэж дахиж асуухад нөгөө согтуу залуу “наадах чинь сая явж байгаад халтирч унахдаа толгойгоо хагалчихсан юм” гэж бид хоёрт ярихаар нь ахлах ахлагч Н.Буянжаргал газарт хэвтэж байсан Гэнэн гэдэг хүнд хөөе сэрээрэй, босоорой гэж хэлсэн. Хэвтэж байсан хүн босоод ирэхээр нь яасан юу болсон юм бэ?, толгойноос чинь цус гарсан байна яасан? гэж асуухад нөгөө согтуу хүн ахлах ахлагч Н.Буянжаргалд “энэ Н намайг цохичихлоо” гэж хэлсэн. Нөгөө Н гэдэг согтуу залуу нь ахлах ахлагч Н.Буянжаргал бид хоёрт “наадах чинь над руу хутга бариад байсан юм, би наад хүнийг чинь зодож цохисон юм байхгүй, наад хүний биед нь хутга байгаа шүү” гэж хэлэхээр нь ахлах ахлагч Н.Буянжаргал нөгөө Гэнэн гэх залуугийн куртка, өмдний халаас энгэр, өмдний шуумаг, оймс зэргийг нь гараараа дарж, үзлэг хийн шалгахад тэр хүний биеэс хутга гараагүй, куртканых нь халааснаас П.Э гэсэн гадаад паспорт, ногоон өнгөний Хаан банкны виза карт, хар өнгийн тосон бал зэрэг зүйлүүд байсан. Гэнэн гэх залуу нь ахлах ахлагч Н.Буянжаргал бид хоёрт “наад Н чинь худлаа ярьж байгаа юм, би юу гэж хутга авч явах юм бэ? надад хутга байхгүй” гэж ярьж байсан. Тэгээд ахлах ахлагч Н.Буянжаргал бид 2 энэ талаар нь цагдаагийн хэлтсийн 102 дугаарын утсанд залган мэдэгдэж, жижүүрийн машин ирэхээр нь Гэнэн, Н нарыг жолооч ахлах ахлагч Ц.Баатарсүх, дэд ахлагч Б.Даваасүрэн нарт хүлээлгэн өгч цагдаагийн хэлтэс рүү явуулаад, ахлах ахлагч Н.Буянжаргал бид 2 Гэнэн гэх нөгөө хүний хэвтэж байсан газрын ойролцоо барагцаагаар 10-аад метр газарт хутга хайж шалгахад хутга олдоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/,

 

Гэрч Ч.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2018 оны 03 сарын 01-ны өдөр Б.Н ирж надад үзүүлсэн. Б.Н нь өөрөө надад ярихдаа “над руу хутга барьсан хүн дайраад, би биеэ хамгаалсан. Тэгээд миний зүүн тал руу хутганы үзүүр шүргэсэн юм гэж ярьсан. Б.Нын биеийг үзэхэд зүүн эгэмний өвчүү талдаа эгэмний ясан дээр 0,3 см-ийн хэмжээтэй өнгөц, шинэвтэр шарх байсан. Шархнаас цус гараагүй, орчиндоо эмзэглэлтэй байна гэж Б.Н ярьсан. Шархнаас болж хүзүү болон орчны эдэд халдвар дамжих боломжтой тул Над үзлэг хийхэд тийм зүйл илрээгүй. Халдвар дамжуулахгүй байх талаас нь Б.Над хэлж, зөвлөгөө өгч явуулсан. Шархны ойролцоо эргэн тойронд нь хөхөрсөн зүйл байгаагүй. Уг шарх нь 0,3 см хэмжээтэй байсан, гүнийг хэмжиж үзэх боломж байгаагүй. Шархны ирмэг нийлсэн, шарх нь жижиг хэмжээтэй, эгэмний ясан дээр тойрсон өнгөц шарх байсан тул хэмжиж үзээгүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/,

 

Шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 03-ний өдрийн 81 дугаартай дүгнэлтэд:

- Б.Нын биед зүүн эгэмний дээд хэсэг орчмын хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтэл нь иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

- Уг гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоолгох журам”-ын 2.6-д зааснаар эрүүл мэндийг саринуулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй гэх дүгнэлт

 

Шинжээчийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 120 дугаартай дүгнэлтэд:

- П.Энхбаярын биед тархи доргилт, баруун нүдний ухархай ясны цөмөрсөн хугарал, баруун нүдний дээд доод зовхины цус хуралт, зүүн дагз хэсгийн няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

- Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2018.02.28-эд үүсгэгдсэн байх боломжтой.

- Уг гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоолгох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саринуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй гэх дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Б.Над Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Б.Н нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49-50-р тал/-аар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн 1817000530060 дугаартай хэрэгт битүүмжилсэн, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүйг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршиг, хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан үзэж түүнд торгох ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.13, 37.1, 37.2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт Бийн Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ныг 500 /таван зуу/ нэгж буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдоогүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Над урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.АРИУНЖАРГАЛ