Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2025/ДШМ/69

 

                                 Ж.*******д холбогдох

                                    эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж, шүүгч З.Төмөрхүү, Ерөнхий шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Тунгалаг хөтөлж,

Прокурор А.Эрдэнэдэлгэр

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Р.Булган

Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ /цахим/

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч П.Амгаланбаатар /цахим/

Шүүгдэгч Ж.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.******* даргалж, шийдвэрлэн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2025/ШЦТ/96 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч болон иргэний хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор Ж.*******д холбогдох эрүүгийн 2331001710255 дугаартай, 175/2024/0165/Э индекстэй, 4 хавтас хэргийг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Үхэрчин ургийн овогт *******гийн *******, Монгол улсын иргэн, 1972 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автозамын инженер  мэргэжилтэй, *** *** *** *** ХХК-д хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хариуцсан ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн *****сумын ****баг, *** **** тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй. Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулсан. (РД:*******)

Шүүгдэгч Ж.******* нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумаас Сэлэнгэ аймгийн Түшиг сумын чиглэлд зам барилгын ажил явуулж байгаа “*** *** *** ****” ХХК-ны ХАБЭА-н инженерээр ажиллаж байх үедээ Монгол улсын Авто замын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь /Авто зам замын байгууламжийн барилгын ажлын гүйцэтгэгч нь батлагдсан зураг төсөл, норм, норматив, техникийн  баримт бичиг, техник, технологи эрүүл ахуй, байгаль орчны болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагыг биелүүлэх үүрэгтэй/ гэсэн заалтыг, мөн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 216 дугаартай тушаалаар баталсан “Авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын ажлын техникийн шаардлагын -Гүйцэтгэгч ажлын талбайн ойр орчмын барилга байгууламжид хүрэх түр замыг гэрээний хэрэгжилтийн турш байлгаж ашиглана, -Гүйцэтгэгч ажилдаа тоосжилт үүсэх, агаараар тархдаг юм уу хорт хийг багасгахад чиглэгдсэн арга барилуудыг ашиглана. Тоосжилт үүсэж болзошгүй тохиолдолд ус шүрших арга хэмжээг авна. Нөөц материал юм уу хаягдал материалын овоолгыг өөр тийш нь ачиж зөөхөөс өмнө норгож чийглэх тухай зааврыг инженер өгч болно. Инженерийн зүгээс тоосжилт үүсгэж болзошгүй гэж үзсэн бүх материалыг бүх талдаа өндөр хашлагатай, тэвш бүхий машинаар тээвэрлэн зөөнө. Иймэрхүү материалыг машины тэвшний хашлаганаас илүү гаргалгүй ачиж цэвэрхэн брезентээр тэвшний талууд болон арын хаалтаас дор хаяж 300 мм илүү гарган унжуулж сайтар хучна!” гэж заасныг буюу хууль түүнд нийцүүлэн гаргасан журмыг хангуулан ажиллаагүйн улмаас Монгол улсын Засгийн газрыг төлөөлж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газар нь 2016 оны 07 дугаар 19-ний өдөр талууд байгуулсан концесс гэрээний дагуу хийж гүйцэтгэж буй “*** *** *** ****” ХХК нь “Дархан-Алтанбулагийн авто замаас Шаамар- Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг-Зэлтэрийн боомт чиглэлийн 120.85 км хатуу хучилттай авто зам” замын байгууламжийн ажлыг хийж гүйцэтгэх авто замын байгууламжийн ажлын талбайн хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны журмыг хэрэгжүүлж ажиллагаагүйн улмаас 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 2 дугаар багийн нутаг “Цагаан хус” нэртэй газарт 76-40 УНР улсын дугаартай Тоёота Ланд крузер 76 маркийн тээврийн хэрэгсэл 14-66 СЭН улсын дугаартай Норд бенд загварын том оврын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарч улмаар 76-40 УНР улсын дугаартай Тоёота Ланд крузер 76 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Э.*******ийн амь нас хохирсон хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Ж.*******ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Замын байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй байдлын журам зөрчих" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн 27.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******ыг зургаан мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******ы хөрөнгө цалин хөлс орлого олох боломжийг нь харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 24 /хорин дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.*******д тогтоолоор мэдэгдэн,

Шүүгдэгч Ж.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэн,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 508 дугаар зүйлийн 508.2, 508.3, 508.4.1-д тус тус зааснаар гэм хор учруулсны хохирол 26.770.852 төгрөг,  сургалтын төлбөр 14.000.000 төгрөг, замын зардал 2.140.846 төгрөгийг тус тус иргэний хариуцагч Монгол ЛЗ зам гүүр ХХК-аас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******д олгож, Ипотекийн зээлийн үлдэгдэл 42.585.291 төгрөг, Сэтгэл санааны хохирол 100.2.37.500 төгрөг, Өмгөөллийн хөлс 7.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус холбогдох баримтыг бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,

Шүүгдэгч Ж.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, хэрэгт хураагдсан 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган, ...шийдвэрийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   

Эрүүгийн 2331001710255 дугаартай хэргийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******ын өмгөөлөгч Р.Булган миний бие Сэлэнгэ аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/96 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1.Анхан шатны шүүх нь осол гарсан үйл баримт нь үйлдвэрлэлийн осол мөн гэж дүгнэсэн байх тул уг үйлдвэрлэлийн осол гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг нарийвчлан тогтоох, гэрч Г.*******гийн мэдүүлэгт дурьдагдсан дүрэм журам зөрчсөн талаар шинжээчийн дүгнэлт гаргуулах, тухайн хууль, дүрэм, журмыг зөрчсөн нь Ж.*******, *** *** *** **** ХХК, Эм си пи си жи ар ХХК, болон тэдгээрийн удирдах албан тушаалтан зэрэг хэнд хамаарах эсэхийг тогтоох, яллагдагч Ж.******* нь Монгол улсын Авто замын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь /Авто зам, замын байгууламжийн барилгын ажлын гүйцэтгэгч нь батлагдсан зураг төсөл, норм, норматив, техникийн баримт бичиг, техник, технологи эрүүл ахуй, байгаль орчны болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагыг биелүүлэх үүрэгтэй/ гэсэн заалтыг, мөн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 216 дугаартай тушаалаар баталсан 'Авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтын ажлын техникийн шаардлагын Гүйцэтгэгч ажлын талбайн ойр орчмын барилга байгууламжид хүрэх түр замыг гэрээний хэрэгжилтийн турш байлгаж ашиглана, -Гүйцэтгэгч ажилдаа тоосжилт үүсэх, агаараар тархдаг юм уу хорт хийг багасгахад чиглэгдсэн арга барилуудыг ашиглана. Тоосжилт үүсэж болзошгүй тохиолдолд ус шүрших арга хэмжээг авна. Нөөц материал юм уу хаягдал материалын овоолгыг өөр тийш нь ачиж зөөхөөс өмнө норгож чийглэх тухай зааврыг инженер өгч болно. Инженерийн зүгээс тоосжилт үүсгэж болзошгүй гэж үзсэн бүх материалыг бүх талдаа өндөр хашлагатай, тэвш бүхий машинаар тээвэрлэн зөөнө. Иймэрхүү материалыг машины тэвшний хашлаганаас илүү гаргалгүй ачиж цэвэрхэн брезентээр тэвшний талууд болон арын хаалтаас дор хаяж 300 мм илүү гарган унжуулж сайтар хучна гэж заасныг зөрчсөн гэж яллах дүгнэлт үйлдсэн байх тул эдгээр зүйл заалтыг зөрчсөн эсэх болон хуулиар хүлээлгэсэн эдгээр үүргийг Ж.******* болон бусад этгээд хүлээх үүрэгтэй эсэх, эдгээр нь "Автозамын байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй байдлын журам"-д хамаарах эсэх, уг журам хэрхэн зөрчигдсөн эсэх, зөрчигдсөн бол хэн, хэрхэн зөрчсөн талаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх мэргэжилтэн шинжээч, Авто замын хяналтын улсын байцаагч, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нараас бүрдсэн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой хэмээн дүгнэж, 2024 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЗ/ЗЗб дугаар захирамжаар . . Эдгээр нь Автозамын байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй байдлын журам”-д хамаарах эсэх, уг журам хэрхэн зөрчигдсөн эсэх, зөрчигдсөн бол хэн, хэрхэн зөрчсөн талаар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх мэргэжилтэн шинжээч, Авто замын хяналтын улсын байцаагч, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нараас бүрдсэн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах”-аар шийдвэрлэсэн боловч шүүхийн шийдвэрийн биелэлт хангагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.3 дугаар зүйлийн 1 дэх заалт зөрчигдөж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гаргах боломжгүй байна.

2.Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 2025/ДШМ/02 дугаартай Магадлалын “... тус хэрэгт иргэний хариуцагчаар татвал зохих этгээдийг олж тогтоон, тухайн компаний эрх бүхий этгээдүүдийн хэрэгт оролцсон оролцоог шалгаж, эрх зүйн байдлыг тодорхойлсны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй” гэсэн заалт биелэгдээгүй байхад анхан шатны шүүх хэргийн хянан шийдвэрлэсэн нь хууль бус байна.

3.Шүүх хуралдаан дээр шүүгдэгч нь удаа дараа тус компанийн орчуулагч Г.******* гэгч этгээд услах ажиллагаанд туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан талаар тогтвортой мэдүүлдэг учир үүнийг шалгах ажиллагааг хийгээгүй, мөн БНХАУ-ын иргэн Гэ Шин нь хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны чиглэлээр зааварчилгаа өгсөн байсан талаар мэдүүлдэг бөгөөд эдгээр эрх бүхий этгээдүүдийн хэрэгт оролцсон оролцоог шалгаж, эрх зүйн байдлыг тодорхойлох гэсэн магадлалын заалт хангагдаагүй байна.

4.Шүүх хэргийг хянан шийдвэрлэх явцад 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЗ/218 дугаартай захирамжаар “*** *** *** ****” ХХК-ийг иргэний хариуцагчаар татахаар “Иргэний хариуцагчаар тогтоох тухай” захирамжийг гаргасан бөгөөд хохирол болон иргэний нэхэмжлэлийн талаар иргэний хариуцагч “*** *** *** ****” ХХК нь шүүхэд ямар нэгэн тайлбар гаргаагүй тул хохирогчийн зүгээс иргэний хариуцагч “*** *** *** ****” ХХК нь хохирлыг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэж үзсэн.

Гэтэл шүүх “*** *** *** ****” ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан атлаа 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хэргийн оролцогч биш этгээдэд буюу БНХАУ-ын иргэн ***д иргэний хариуцагчийн эрх, үүргийг танилцуулж, баримт үйлдсэн байна.

Мөн хэргийн оролцогч биш *** нь тус шүүхэд хүсэлт гаргахдаа “Иргэний хариуцагч “*** *** *** ****” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, БНХАУ-ын иргэн *** миний бие шүүх хуралд суухгүй, тус шүүх хуралд миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж МӨХ-ны гишүүн, өмгөөлөгч П.Амгаланбаатар оролцох болно” гэсний дагуу шүүх дээрх нэр бүхий өмгөөлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцуулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6, 9.5, 5.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн байна.

Түүнчлэн иргэний хариуцагч “*** *** *** ****” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх БНХАУ-ын иргэн ****ийн өмгөөлөгч нь хохирогчийн хохирол, нэхэмжлэлийг төлөхгүй талаар иргэний хариуцагч ямар нэгэн тайлбар шүүхэд өгөөгүй байхад хуулиар өмгөөлөгчид олгогдоогүй эрхийг эдэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж байгаад гомдолтой байна.

5.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.******* нь Тэтгэмж болон цалингийн зөрүү болон хүүхдийн сургалтын төлбөрийг гаргахдаа шүүх нь 2025-2026 оны 20,800,000 төгрөгийг болон 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс олгох Тэтгэмж болон цалингийн зөрүүг 2 жилээр хасаж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь хууль бус байна.

Иймд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3-т зааснаар Сэлэнгэ аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/96 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025.04.24-ны өдрийн №2025/ШЦТ/96 дугаартай шийтгэх тогтоолын зарим хэсгийг зөвшөөрөхгүй байгаа тул энэхүү гомдлыг гаргаж байна. Учир нь:

1. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт гарсан эсэх талаар.

Шинжээч С.Оюундэлгэрийн дүгнэлтээр амь хохирогч нь 76-40 УНР улсын дугаартай “тоёта ланд крузер” 76 маркийн тээврийн хэрэгсэл 14-66 СЭН улсын дугаартай “норд бэнз” маркийн том оврын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн үйлдэл нь зам тээврийн осол мөн гэж үзэж байна.

-14-66 СЭН улсын дугаартай Норд Бэнз маркийн том оврын тээврийн хэрэгслийн жолооч Ж.*******ыг МУ-ын ЗХД-ийн зүйл заалтуудыг зөрчөөгүй гэж үзэж байна.

-76-40 УНР улсын дугаартай Тоёта Ланд Крузер 76 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Э.******* нь МУ-ын ЗХД-ийн нийтлэг үндэслэл 1.2.41. “Үзэгдэлт хангалтгүй нөхцөл” гэж байгалийн үзэгдэл /цас бороо, манан, шуурга гэх мэт болон замд утаа, тоос боссоноос буюу бүрэнхий үед 300 м-ийн дотор зам харагдахгүй болсон нөхцөлийг/ 13.1, 13.2-р зүйл заалтаар хориглосон нөхцөлд гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн нь уг зам тээврийн осол гарахад нөлөөлсөн гэж үзэж байна.

-76-40 УНР улсын дугаартай Тоёта Ланд Крузер 76 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Э.******* нь МУ-ын ЗХД-ийн зүйл заалт зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна.

-Тухайн үед зам дээр үүссэн байсан шороо ихээр боссон нөхцөл байдал нь осол гарахад нөлөөлөөгүй гэж үзэж байна гэсэн.

Мөн Шинжээч Т.Биндэрьяагийн дүгнэлтэд ...тухайн ажлын байранд тоосжилт их, усалгаа бага байсан нь МУ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28-р зүйлийн 28.1.2. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд үйл ажиллагааг яаралтай зогсоож, аюултай нөхцөл байдлыг шуурха^ арилгах заалтыг зөрчиж байгаач Э.*******ийн замын хөдөлгөөний дүрэм зөрчин нас барах үйл явдалд нөлөөлөөгүй, тоосжилтын байдал нь зам тээврийн осол гарахад нөлөөлөөгүй байна гэж дүгнэсэн.

Энэхүү шинжээч нарын дүгнээд буй зүйлийн талаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.*******ы мөрдөн шалгах шатанд өгсөн:...тухайн 3-н тээврийн хэрэгсэл зөрөөд хамгийн сүүлийн тээврийн хэрэгсэл зөрж байтал шороон дундаас гэнэт цагаан өнгийн жижиг машин урсгал сөрөөд л гарч ирээд миний тээврийн хэрэгслийн урдаас орж ирээд зам тээврийн осол гарсан. гэж мэдүүлдэг.

Осол болсон гэх газар нь амь хохирогч Э.*******ийн “ажлын талбай” гэж үзвэл амь хохирогч нь ажил үүргээ гүйцэтгэх явцдаа МУ-ын ЗХД-ийг дагаж мөрдөж, баримтлах ёстой. Харамсалтай нь анхан шатны шүүгч өөрөөр ойлгон тайлбарлаж дүгнэлт хийсэн.

Дээрх шинжээч нарын дүгнэлтийн талаар прокурор, мөрдөгч, өмгөөлөгч нарын зүгээс зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийг зааж гомдол гаргаж байсан удаа байхгүй. Өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрч байсныг илтгэнэ.

Шүүх тоосжилтоос болж осол гарсан гэж дүгнэсэн. Тоосжилттой байсан ч гэсэн амь хохирогч Э.******* нь МУ-ын ЗХД-ийн заалтыг барьсан бол осол гарахгүй байсан талаар шинжээч нар удаа дараа дүгнэсэн байгааг бид бүгд анхаарах ёстой.

Энэ тохиолдолд иргэний хариуцагч “Монгол ЛЗ зам гүүр”ХХК-иас хохирол гаргаж шийдэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Хохирол, хор уршгийн талаар: /гэмт хэрэг мөн гэж шүүх үзсэн ч иргэний хариуцагчийн зүгээс хохирол төлбөр төлөх хууль зүйн үндэслэлгүй/

Ипотекийн зээлийн үлдэгдэл 42,585,291 төгрөг

Энэ бол 2016.07.22-ны өдрийн орон сууц зээлийн гэрээтэй холбоотой. Өөрөөр хэлбэл энэхүү гэрээг нэг талаас Худалдаа хөгжлийн банк, нөгөө талаас Э.*******, Д.******* нар байгуулсан иргэний эрх зүйн харилцаа. Иргэний хуулиар үндсэн зээлдэгч зээлийг төлөх боломжгүй болсон нөхцөлд хамтран зээлдэгч гэрээний үүргийг үргэлжлүүлэн биелүүлэх байдлаар зохицуулсан. Мөн гэрээний 6.2.9-д гэрээгээр хүлээсэн үүргээ банкны зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй байхаар тусгасан. Энэ нь шүүх дур мэдэн хэн нэгэнд гэрээний үүргийг шилжүүлж болохгүйг харуулна. Учир нь банкны эрх ашиг хөндөгдөнө. Тус гэрээний 6.2.12-д ... амь насны даатгалд жил бүр даатгуулж ... гэж эрсдэлийг зохицуулсан зохицуулалттай. Энэ талаар шүүх зөв дүгнэлт хийсэн.

Хүүхдийн сургалтын төлбөр 161,600,000 төгрөг

Хүүхэд МУ-ын ҮХ-д зааснаар сурах эрхтэй боловч заавал төлбөртэй сургуульд сурах эрх, үүрэг байхгүй. Ер нь өнөөдрийн байдлаар төлбөртэй сургуульд сурч байгаа хэдий ч ирэх хичээлийн жилээс энэхүү сургуульдаа буюу төлбөртэй сургуульд үргэлжлүүлэн сурна гэсэн нь тодорхойгүй. Анхан шатны шүүх 14,000,000 төгрөгийг төлөх ёстой гэсэн нь буруу дүгнэсэн.

Сэтгэл санааны хохирол 100,237,500 төгрөг, өмгөөллийн хөлс 7,000,000 төгрөг Сэтгэл санааны хохирлын хувьд бол сэтгэцэд учирсан гэм хорын хохирол гаргуулах талаарх зохицуулалт нь 2023.07.01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр Шүүх шинжилгээний тухай хуулийн 80.6-д тодорхой зааж өгсөн. Мөн хуулийн 40.1-ийг анхаарч ойлгох ёстой. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд Иргэний хуулийн 508.5-д зааснаар шаардах эрх хэдий байгаач шүүх Иргэний хуулийн 5-р зүйлийн 5.1-д заасан заалтыг дагаж мөрдөх ёстой. Бид хэрэг гэж үзвэл осол 2023.05.30-д болсон.

Өмгөөллийн хөлсний хувьд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон Р.Булган өмгөөлөгч нарын хувьд ЭХХШТХуулийн 5.3-р зүйлийн 1 дэх хэсэгт хамаараагүй буюу талууд сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож иргэний эрх зүйн харилцаа үүсгэсэн байна. Энэ талаар шүүх зөв дүгнэсэн.

Тэтгэмж болон цалингийн зөрүү 227,441,425 төгрөг, замын зардал 905,108 төгрөг нэхэмжилснийг шүүх үндэслэлгүй шийдвэрлэсэн. Учир нь:

Замын зардлын хувьд нотлох баримтын шаардлага хангаагүй баримтуудыг үнэлсэн.

Тэтгэмж болон цалингийн зөрүү 227,441,425 төгрөгийн хувьд амь хохирогч нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажил үүргийг гүйцэтгэж нийгмийн даатгал төлдөг байсан бөгөөд үүний дагуу тэжээгчээ алдсаны тэтгэмжийг түүний хүүхэд хуульд заасны дагуу авч байгаа болно. Иймд иргэний хариуцагч нь анхан шатны шүүхийн хангаж шийдвэрлэсэн дээрх хоёр төлбөрийг төлөх ёсгүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох нь хэсэгт ипотекийн зээлийн үлдэгдэл 42,585,291 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохирол 100,237,500 төгрөг, өмгөөллийн хөлс 7,000,000 төгрөг тус тус нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэсэн атал тогтоох нь хэсэгт дээрх нэхэмжлэлийг холбогдох баримтыг бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй гэдэг нь тогтоолд өөр байдлаар тодорхойлсон зөрчил гаргасан.

ЭХХШТХуулийн 8.6-р зүйлийн 1 дэх хэсэгт ... гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно. Мөн зүйлийн 4 дөх хэсэгт иргэний хариуцагч, түүний төлөөлөгч нь энэ бүлэгт заасан үүргийг хүлээнэ гэж заасан.

Иргэний хариуцагч болон өмгөөлөгч миний бие анхнаасаа иргэний хариуцагчаар татагдах субъект биш, субъект биш учир хуульд заасан үүргийг хүлээх ёсгүй гэсэн буюу амь хохирогч Э.******* нь МУ-ын ЗХД-ийн холбогдох заалтуудыг зөрчсөний улмаас нас барсан гэх байр сууртай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож ирсэн тул Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025.04.24-ны өдрийн 6 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Уг осол 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр болсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр гарсан. Осол гаргаснаас хойш 23 сарын хугацааны цалин болон тэтгэмжийн зөрүүг тооцолгүйгээр анхан шатны шүүх хурал болсон өдрөөс хойш 18 нас хүртэлх нийт сараар бодож цалин болон тэтгэмжийг тооцож шийдвэрлэсэн. Осол гарснаас хойш хугацааг орхигдуулсан. Мөн хүүхдийн сургалтын төлбөрийг ирэх жилийнхийг 100 хувь төлсөн тодорхойлолтыг гаргаж өгсөн байсан боловч орхигдуулан зөвхөн 2 жилийн хугацааны сургалтын төлбөр төлүүлэхээр шийтгэх тогтоолд заасан байсан. Тэгэхээр ирэх жилийн хичээлийн төлбөр нийт 20.800.000 төгрөгийг төлсөн байгаа бөгөөд хавтаст хэрэгт баримтаар авагдсан байгаа. Анхан шатны шүүхэд миний зүгээс хариуцагч нь БНХАУ-ын компани учраас хэрвээ ямар нэгэн байдлаар хохирол олгогдохоор бол нийт олгож өгөхөөр шийдвэр гаргаж өгнө үү гэх агуулгаар хүсэлт гаргасан. Шийдвэрлэхдээ цалин, тэтгэмжийн зөрүүг нэг дор олгохоор 27.000.000 төгрөг гэж 23 сарыг орхигдуулсан. Үүнтэй утга нэгэн адил хүүхдийн сургалтын төлбөрийн 50 хувийг “*** *** *** ****” ХХК-аас хохирол болгож гаргуулах ёстой гэсэн атлаа нэг дор олгож өгөхөөр биш, иргэний журмаар авахаар шийдвэрлэсэн. Зөвхөн өнгөрсөн 2 жилийн хугацаанд нийт төлсөн хичээлийн төлбөрийн 50 хувийг нэхэмжлэхээр шийдвэрлэсэн. “*** *** *** ****” ХХК гэх Хятад компани Монгол Улсад ирэх жил байх нь тодорхойгүй учраас хохирол, төлбөрийг нэг дор гаргуулах нь зүйтэй гэсэн үндэслэлээр хүүхдийн сургалтын төлбөр болон цалин, тэтгэмжийн  зөрүүг, мөн хавтаст хэрэгт баримтаар хавсаргасан хохирол, төлбөртэй холбоотой нийт хохирлыг нэг дор олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтэй байна. Зарим нэг хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн байгаа ч “*** *** *** ****” ХХК-ийн төв удирдлага хаана байгаа гэх хаяг байршил нь тодорхойгүй байгаа юм. Хавтаст хэрэгт авагдсан  “*** *** *** ****” ХХК-ийн албан бичигт байгаа хаяг нь тус компанийн 2 дугаар хэсэг байрладаг хаяг байгаа юм. Опэн датад байгаа утас руу нь залгахад захирлын нарийн бичиг нь авч ярьсан боловч төв оффис нь Зайсанд байдаг гэсэн. Албан бичиг дэх хаяг нь Хан-Уул дүүргийн Галакси тоур буюу тус компанийн 2 дугаар хэсгийн хаяг байгаа юм. Хэрвээ би цаашид энэ компанитай холбоотой гомдол гаргах бол хаяг байршил тодорхойгүй байна. ***гэх хүн манай байгууллагыг төлөөлнө гэсэн байгаа ч Монгол Улсад байхгүй. Ийм шалтгаанаар би олох боломжгүй учраас давж заалдах шатны шүүх тус компанийн удирдах албан тушаалтны баттай мэдээлэл, хаяг байршлыг тодорхой болгож өгнө үү. Давж заалдах гомдолдоо тусгаагүй ч шүүгдэгч Ж.*******д оногдуулсан ял шийтгэлийн тухайд гомдолтой байна. Бүхэл бүтэн хүний амь нас эрсэдсэн байхад 6.000.000 төгрөгийг 24 сарын хугацаанд хувааж төлөхөөр торгосон нь үндэслэлгүй байна. Компаниас ямар нэгэн хариуцлага хүлээсэн зүйлгүй байгаад гомдолтой байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүгдэгч Ж.*******ы эрүүл мэндийн байдал хүнд байгаа учраас шүүх хуралдаанд оролцох боломжгүй нөхцөл байдалтай байгаа. Ж.******* нь талийгаачтай ойрхон байсан бараг хуурай ах дүүгийн холбоотой байсан. Шүүгдэгч Ж.******* талийгаачийн амь нас хохирсон асуудалд маш их харамсдаг талаар илэрхийлдэг. Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд болон бусад нотлох баримтууд болон хэргийн бодит байдлын тухайд миний үйлчлүүлэгчийг гэм буруутай гэх нэг ч баримт байдаггүй. Гэхдээ Ж.*******аас энэ асуудлыг түргэн шуурхай дуусгамаар байна, миний эрүүл мэндийн байдал хүнд байгаа учраас нааш цааш яваад байхаар асуудалтай байна гэж гомдол гаргах асуудлаа зогсоож, гэм буруугийн асуудалд маргадаггүй. Зарим үед хуулиар зохицуулагддаггүй агуулга байдаг гэж харж байна. Анхан шатны шүүхийн шүүгчид дотоод итгэлээрээ шийдвэрлэсэн гэж үзэж байгаа. Түүнээс нотлох баримтад үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Шинжээчийн дүгнэлт нь зам тээврийн осол болсон. Тухайн үед Ж.******* “*** *** *** ****” ХХК-Д ажиллаж байсан. Гэхдээ тухайн үеийн дарга Гэ Шиний тушаалаар Сүхбаатар суманд ажиллаж байсан. Хэн хариуцаж үлдэх вэ гэх асуудал яригдана. Гэ шин гэх хүн байхгүй бол би хариуцлага үүрнэ гэсэн асуудал байдаг. Талийгаач “*** *** *** ****” ХХК-аас юм уу, өөрийнхөө ажиллаж байсан хяналтын компаниас юм уу, аль компаниас аюулгүй ажиллагааны дүрэм авах ёстой байсан бэ гэх талаар тогтоосон зүйл байхгүй. Ус цацаагүй, шороо босгодог гэж байгаа. Шороо босгодог компани хэн гэх хүний компани байсан юм. Миний үйлчлүүлэгч орчуулагч Г.*******ийн компани байсан гэдэг. Нэг өмгөөлөгчтэй явж байгаад компаниа салгаж аваад миний үйлчлүүлэгчийг яллагдагчаар татаж шүүх рүү шилжүүлсэн. Шүүгдэгч Ж.******* гэм буруугүй болох нь тогтоогдож байгаа. “Монгол ЛЗ зам гүүр” ХХК хохирогч талтай тохиролцож, хохирол, төлбөрийг төлж барагдуулж энэ хэргийг дуусгаж өгнө үү гэх асуудлыг хэлмээр байна гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Шүүгдэгч Ж.******* нь “*** *** *** ****” ХХК-д хөдөлмөр аюулгүй байдал хариуцсан инженер гэх албан тушаалаар ажиллаж байх хугацаандаа хууль болон түүнд нийцүүлэн гаргадаг захиргааны хэм хэмжээний журмыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэх үйл баримтад буруутгаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн байгаа. Зам тээврийн улмаас хохирогч нас барсан гэдэг дүгнэлт гарсан боловч тухайн зам тээврийн осол гарах болсон шалтгаан нөхцөл нь үйлдвэрийн осол байсан гэх дүгнэлт гарсан. Тухайн замыг усжуулаагүй, тоос шороо ихтэй байсны улмаас зам тээврийн осол гарч, хохирогч ажил үүргээ гүйцэтгэж явахдаа нас барсан гэж анхан шатны шүүхээс үзсэн. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай гэж шийдвэрлэсэн. Тухайн шийдвэртэй холбогдуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч, иргэний хариуцагч нар давж заалдах гомдол гаргасан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс тодорхой төрлийн хохирлыг нэхэмжилсэн. Үүнд, ирээдүйд гарах зардал, сургалтын төлбөр, өмгөөллийн зардал, цалин, тэтгэмжийн зөрүү, сэтгэл санааны хохиролтой холбоотой хохирол, төлбөр зэргийг нэхэмжилсэн. Ирээдүйд гарах зардалтай холбоотой баримт байхгүй учраас хангах боломжгүй гэж, харин өмгөөллийн хөлсийг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэснийг хууль ёсны гэж үзэж байгаа. Анхан шатны шүүхээс тэжээгчээ алдсаны тэтгэмж болон бусад зардлуудыг тооцож, шүүгдэгч болон иргэний хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны байх тул хэвээр үлдээх саналтай байна.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан иргэний хариуцагчийн хаяг байршил тодорхойгүй байгаа талаарх асуудлын тухайд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлэх боломжгүй, иргэний журмаар шийдвэрлүүлэх боломжтой ажиллагаа байгаа юм. Харин ч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаанд байгаа хаяг байршил тодорхой гэж үзэж байна. Иргэний хариуцагчийн тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь заалтад “…хуулийн этгээдийг төлөөлөх албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг…” гэж заасны дагуу “*** *** *** ****” ХХК нь *****ийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр сонгосон байгаа. **** гэх хүнийг яагаад итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон болох шалтгаан нь “*** *** *** ****” ХХК нь Монгол Улсын Засгийн газрын хамтарсан замын байгууламжийн ажлыг Хятад талаас хариуцан явуулах эрх бүхий этгээд бөгөөд ***** нь тухайн зам засварын үйл ажиллагааг хариуцан ажиллаж байсан. Талийгаачийг нас барсантай холбоотой ослыг үйлдвэрийн осол гэж дүгнэсэн  шинжээчийн дүгнэлт гарсантай холбоотой “*** *** *** ****” ХХК иргэний хариуцагч болох үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд зааснаар хамаарч байгаа юм. Иргэний хариуцагч тодорхой хохирол, төлбөр төлөх үүрэг хуульчлагдсан. Тийм учраас иргэний хариуцагчаас гаргуулах хохирол, төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна.

Шүүгдэгч Ж.*******д оногдуулсан ял шийтгэл хөнгөдсөн гэх тухайд анхан шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан дээд болон доод хэмжээг харгалзан ял шийтгэлийг оногдуулсан тухайд тусгайлан гаргах саналгүй байна гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч болон иргэний хариуцагчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр Ж.*******д холбогдох эрүүгийн 2331001740255 дугаартай хэргийг бүхэлд нь хянав.

2.Шүүгдэгч Ж.******* нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумаас Сэлэнгэ аймгийн Түшиг сумын чиглэлд зам барилгын ажил явуулж байгаа “*** *** *** ****” ХХК-ны ХАБЭА-н инженерээр ажиллаж байх үедээ Монгол улсын Авто замын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан журмыг хангуулан ажиллаагүйн улмаас Монгол улсын Засгийн газрыг төлөөлж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газар нь 2016 оны 07 дугаар 19-ний өдөр талууд байгуулсан концесс гэрээний дагуу хийж гүйцэтгэж буй “*** *** *** ****” ХХК нь “Дархан-Алтанбулагийн авто замаас Шаамар- Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг-Зэлтэрийн боомт чиглэлийн 120.85 км хатуу хучилттай авто зам” замын байгууламжийн ажлыг хийж гүйцэтгэх авто замын байгууламжийн ажлын талбайн хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны журмыг хэрэгжүүлж ажиллагаагүйн улмаас 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Түшиг сумын 2 дугаар багийн нутаг “Цагаан хус” нэртэй газарт 76-40 УНР улсын дугаартай Тоёота Ланд крузер 76 маркийн тээврийн хэрэгсэл 14-66 СЭН улсын дугаартай Норд бенд загварын том оврын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарч улмаар 76-40 УНР улсын дугаартай Тоёота Ланд крузер 76 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Э.*******ийн амь нас хохирсон болох нь хэрэгт авагдсан:

Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Т.Биндэрьяагийн 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр гаргасан 07/29-02/140/08, 07/29-02/140/09 дугаартай дугаартай дүгнэлтүүд  /1-р хх-ийн 120-121-р 128-129-р хуудас/.

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 0515-р хуудас/,

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 16-24-р хуудас/,

Орчуулагч хэлмэрчээр Г.*******ийг томилох тухай мөрдөгчийн тогтоол /1р хх-ийн 53-р хуудас/,

Амь хохирогчийн нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ /1-р хх-ийн 165-р хуудас/,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.*******ы жолооны үнэмлэхийн хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 167-р хуудас/,

Амь хохирогчийн хөдөлмөрийн гэрээний хуулбар /1 -р хх-ийн 168-174-р хуудас/, Хяналтын инженерийн албан шаардлага, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 175181-р хуудас/,

Дархан-Сэлэнгийн авто замаас Шаамар-3үүнбүрэн-Цагааннуур-Түшиг Зэлтэрийн боомт чиглэлийн авто замын төслийн хурлын тэмдэглэл /1-р хх-ийн 182190-р хуудас/,

**** **** **** **** ХХК-аас Эм Си Пи Си Жи Ар ХХК-ийн зөвлөх багт “албан шаардлагын хариу хүргүүлэх тухай” /1-р хх-ийн 191-192-р хуудас/,

Монгол Улсын Засгийн газар болон “**** ***** **** ****” ХХК-ийн хооронд байгуулсан концессын гэрээний хуулбар, нэмэлт өөрчлөлтт оруулх тухай гэрээний хуулбар /1-р хх-ийн 193-213-р хуудас/,

Дархан-Сэлэнгийн авто замаас Шаамар-3үүнбүрэн-Цагааннуур-Түшиг Зэлтэрийн боомт хуртэл хатуу хучилттай 120.85 км авто зам барим теслийн 2-р хурлын тэмдэглэл /1-р хх-ийн 214-216-р хуудас/,

Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дэвтэр /1-р хх-ийн 217-220-р хуудас/,

Хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын сургалтын хөтөлбөр /1-р хх-ийн 221227-р хуудас/,

“*** *** *** ****” ХХК-ийн аюулгүй байдал хариуцлагын дэвтэр 1-р хх-ийн 228232-р хуудас/,

Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын Улсын байцаагчийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 04-29-02/064/02 зөвлөмж /1-р хх-ийн 237-238-р хуудас/, Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын Улсын байцаагчийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 04-29-02/064/06 дугаартай албан шаардлага, /1-р хх-ийн 239-241-р хуудас/,

Бүлэг-700 хөдөлгөөн нэвтрүүлэх тухай /1-р хх-ийн 242-246-р хуудас/ Ж.*******ыг ажилд томилсон тухай тушаал /1-р хх-ийн 248-р хуудас/ Ж.*******ы мэргэжлийн диплом, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдсан талаарх гэрчилгээ /2-р хх-ийн 01-03-р хуудас/,

Зам тээвэр барилга хот байгуулалтын сайдын 2011 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 216 дугаартай тушаал, хавсралт /2-р хх-ийн 81-85-р хуудас/ зэрэг бичгийн баримтуудаар тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн ба эдгээр нь хоорондоо ноцтой зөрүүгүй, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, гэмт хэргийн үйл баримтыг нотолсон байх ба шүүгдэгч Ж.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Замын байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй байдлын журам зөрчих" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс давж заалдах гомдлын үндэслэлээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.3 дугаар зүйлийн 1 дэх заалт зөрчигдөж, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гаргах боломжгүй байна. Шүүгч захирамжаараа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх мэргэжилтэн шинжээч, Авто замын хяналтын улсын байцаагч, Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нараас бүрдсэн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах”-аар шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн Магадлалын  хэрэгт иргэний хариуцагчаар татвал зохих этгээдийг олж тогтоохоор шийдвэрлэсэн боловч биелэлт нь хангагдаагүй, мөн хохирогчийн иргэний нэхэмжлэлээс үндэслэлгүйгээр хасаж шийдвэрлэсэн  гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан баримтаар “*** *** *** ****” ХХК-г шүүхээс иргэний хариуцагчаар тогтоосон “Монгол ЛЗ зам гүүр ХХК нь  Монгол Улсын Засгийн газрын хамтарсан замын байгууламжийн ажлыг Хятад талаас ***** нь хариуцан явуулж ирсэн байх ба “*** *** *** ****” ХХК-ийн захирал  ***** нь  тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тус компаний хоёрдугаар хэсгийн дарга БНХАУ иргэн ******ийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон байх ба түүний итгэмжлэлийн дагуу ***** нь иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа нь хууль зөрчөөгүй гэж үзлээ.

Хэрэгт *** *** *** ****” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, лавлагаа  зэргээс тус хуулийн этгээдийн хаяг байршил тодорхой  байх тул  иргэний хариуцагчийн талаар гаргасан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн  гомдол үндэслэлгүй байна.

Түүнчлэн  шүүхээс “*** *** *** ****” ХХК нь авто зам, замын байгууламж  засвар арчилгааг гүйцэтгэхдээ үндсэн трасс замд тоосжилтыг бууруулах арга хэмжээг зохих ёсоор биелүүлээгүйгээс  осол гарах болсон шалтгааныг  бүрдүүлсэн. Шинжээчийн дүгнэлтээр зам тээврийн осол нь “*** *** *** ****” ХХК-ийн   үйлдвэрлэлийн талбайд  гарсан гэж дүгнэсэн  байх ба иргэний хариуцагчийн  хууль түүнтэй нийцүүлэн гарсан дүрэм журмыг үйл ажиллагаандаа баримтлаагүйгээс  тухайн хуулийн этгээдийн үйлдвэрлэлийн талбайд осол гарсан болох нь тогтоогдсон тул хохирогчид учирсан хохирлыг иргэний хариуцагчаар гаргуулахаар шийдвэрлэсэн нь  хууль зөрчөөгүй гэж үзлээ.

Анхан шатны шүүх хохирогчоос ирүүлсэн иргэний нэхэмжлэлтэй холбоотой  асуудлыг шийдвэрлэхдээ гэм хорын хохирол арилгахтай холбоотой Иргэний хуулийн  497, 498, 508 дугаар заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.2, 508.3 дахь хэсэгт нас барсан хохирогчийн асрамжид байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд болон хохирогчийн хүүхдэд олгох төлбөрийг хэрхэн тооцох талаар тодорхой заасан бөгөөд  анхан шатны шүүхээс хохирогчийн хүүхдэд төлбөрийг тооцон гаргуулахдаа шүүхийн шийдвэр гарсан өдрөөс тооцсоныг давж заалдах шатны шүүхээс хохирогч нас барснаар  хохирогчийн хүүхдэд гэм хорын төлбөрийг гаргуулахаар шаардах эрх үүснэ гэж дүгнэн хохирогч нас барснаас шүүхийн шийдвэр гарах 23 сарын хугацааны буюу 8,434,652 төгрөгийн төлбөрийг дутуу тооцон гаргасан тул шүүхийн шийтгэх тогтоолын зохих хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 Харин  хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүүхдийн сургалтын төлбөр, ипотекийн төлбөр, өмгөөлөгчийн хөлс сэтгэл санааны хохирлыг гаргуулах нэхэмжлэлийн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзлээ.

Шүүгдэгч Ж.******* болон түүний өмгөөлөгч нараас давж заалдах шатны шүүхэд шүүгдэгчийн гэм буруу болон ял шийтгэлийн талаар маргахгүй гэснийг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/96 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

 6 дахь заалтыг:

“Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 508 дугаар зүйлийн 508.2, 508.3, 508.4.1-д тус тус зааснаар гэм хор учруулсны хохирол 35,205,504 төгрөг, сургалтын төлбөр 14,000,000 төгрөг, замын зардал 2,140,846 төгрөгийг тус тус иргэний хариуцагч *** *** *** **** ХХК-аас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.*******д олгож, Ипотекийн зээлийн үлдэгдэл 42,585,291 төгрөг, Сэтгэл санааны хохирол 100,237,500 төгрөг, Өмгөөллийн хөлс 7,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус холбогдох баримтыг бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.” гэж өөрчилсүгэй.

2.Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, иргэний хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

                     

               

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

                                ШҮҮГЧ                                    З.ТӨМӨРХҮҮ

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН