| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адилбишийн Сайнтөгс |
| Хэргийн индекс | 2319003370084 |
| Дугаар | 2025/ДШМ/59 |
| Огноо | 2025-09-19 |
| Зүйл хэсэг | 24.3.1., 24.3.3., |
| Улсын яллагч | Ш.Анужин |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 2025/ДШМ/59
2025 09 19 2025/ДШМ/59
“Тд” ХХК, А.Э нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор Ш.Анужин /цахимаар/,
Цагаатгагдсан этгээд “Т\д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, цагаатгагдсан этгээд А.Эн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Дашдорж /цахимаар/, Ж.Жаргалсайхан
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Одтуяа нарыг оролцуулан,
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж хийсэн 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/201 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ш.Анужины эсэргүүцэлд үндэслэн шүүгдэгч “Тд” ХХК, А.Э нарт холбогдох.......... дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Цагаатгагдсан этгээдүүдийн биеийн байцаалт:
1.1."Т. д.” хязгаарлагдмал хариуцлагатай компани, 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдөр үүсгэн байгуулагдсан, хувийн хэргийн ............ дугаартай, регистрийн ........... дугаартай, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний ..........дугаартай, ашигт малтмалын ашиглалт, уул уурхайн олборлолт, уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгөх, барилгын засвар, ачаа тээвэрлэх, фермерийн аж ахуй, барилгын материалын худалдаа, авто машины түрээсийн үйлчилгээ, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ....... аймгийн .........сумын ............. байрлах хаягийн бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Монгол Улсын иргэн, ...... А.Э
2.Холбогдсон хэргийн товч агуулга:
2.1.“Т..д.” ХХК нь хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө, .......... үйлдвэрийг түрээслэн үйл ажиллагаа явуулж байх үедээ Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтад заасан Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтын 28 дугаарт багтсан Триэтаноламин (Triethanolamine C6H15NO3.) гэх нэршилтэй 0,5 литр хэмжээтэй химийн бодисыг 2023 оны 5 дугаар сард фейсбүүк цахим сүлжээнд байршуулсан зарын дагуу бусдаас хууль бусаар худалдаж авсан, мөн үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 7 дугаар сард "Три Ти Ар Си” ХХК-иас Триэтаноламин (Triethanolamine C6H15NO3.) гэх нэршилтэй 3,5 литр хэмжээтэй химийн бодисыг хууль бусаар авсан, улмаар үйл ажиллагаандаа ашиглах зорилгоор "Кевин инвест" ХХК-ийн үйлдвэрийн байранд нийт 4 литр хэмжээтэй Триэтаноламин (Triethanolamine C6H15NO3.) гэх нэршилтэй химийн бодисыг 2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд хууль бусаар хадгалсан, (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
2.2.А.Э. нь “Т.д." ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа ...........үйлдвэрийг түрээслэн үйл ажиллагаа явуулж байх үедээ Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтад заасан Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтын 28 дугаарт багтсан Триэтаноламин (Triethanolamine C6H15NO3.) гэх нэршилтэй 0,5 литр хэмжээтэй химийн бодисыг 2023 оны 5 дугаар сард фейсбүүк цахим сүлжээнд байршуулсан зарын дагуу бусдаас хууль бусаар худалдаж авсан, мөн үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 7 дугаар сард “Три Ти Ар Си" ХХК-иас Триэтаноламин (Triethanolamine C6H15NO3.) гэх нэршилтэй 3,5 литр хэмжээтэй химийн бодисыг хууль бусаар авсан, улмаар үйл ажиллагаандаа ашиглах зорилгоор “Кевин инвест", ХХК-ийн үйлдвэрийн байранд нийт 4 литр хэмжээтэй Триэтаноламин (Triethanolamine C6H15NO3.) гэх нэршилтэй химийн бодисыг 2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
3.Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих II хэлтсийн хяналтын прокуророос “Т.д.” ХХК-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт, А.Э нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
4.Анхан шатны шүүх: “...Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн "Т.д." ХХК-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч А.Э.д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдохгүй байх тул шүүгдэгч нарыг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгаж,
Цагаатгагдсан этгээдүүдэд "Т.д.” ХХК, А.Э. нарт авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан .........үйлдвэрийн байранд хадгалагдаж байгаа 7 ширхэг 3.5 литр бодис, Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримт хадгалах өрөөнд байгаа 0.5 литр бодисыг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч "Т.т. а.с.” ХХК-д буцаан олгож,
Цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
5.Прокурор Ш.Анужин давж заалдаж ирүүлсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэгдүгээрт “Т.д." ХХК, болон "Т.Т.А.С." ХХК нарын хооронд байгуулсан 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээг үндэслэн "Т.Т.А.С." ХХК нь триэтаноламин бодисыг 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2028 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн хооронд 28 кг бодисыг ашиглах эрхтэй байна гэж дүгнэн, химийн хорт бодисыг хууль бусаар авсан, хадгалсан гэмт хэргийн шинжийг үгүйсгэсэн.
Гэтэл “Т.д.” ХХК-ийн “К.и.” ХХК, "Т.Т.А.С." ХХК нартай тус тус байгуулсан гэрээнүүдэд химийн хорт болон аюултай бодис болох Триэтаноламин бодисыг хадгалах, ашиглах талаар огт тусгаагүй, "К.и." ХХК нь "Т. Д" ХХК-д үйлдвэрийн байрыг түрээслүүлэхээр гэрээ байгуулахдаа химийн хорт болон аюултай бодис хадгалах үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг "Т.д." ХХК-д шилжүүлээгүй. Мөн "Т.Т.А.С." ХХК нь "Т.д." ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулах үедээ химийн хорт болон аюултай бодис ашиглах буюу тухайн төрлийн хорт бодисыг хадгалах, ашиглах тусгай зөвшөөрөлгүй байсан. Мөн түүнчлэн, Триэтаноламин нь химийн хорт болон аюултай бодис болохын хувьд, тухайн бодисыг худалдах, ашиглах, хадгалахад Зөвшөөрлийн тухай хууль, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөл авсан байхыг шаарддаг. Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 19 дэх хэсэгт зааснаар энэхүү тусгай зөвшөөрлийг бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах болон бусад хэлбэрээр шилжүүлэхийг хориглосон зохицуулалттай байна. Ийнхүү хууль тогтоомжоор химийн хорт болон аюултай бодисыг хадгалах, ашиглах үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлэхийг хориглосон байхад анхан шатны шүүхээс "Т. Д." ХХК нь триэтаноламин гэх химийн бодисыг өөрийн олборлосон жоншийг шинжлүүлэхэд тусгай зөвшөөрөл бүхий "Т.Т.А.С." ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулахыг хуулиар хязгаарлаагүй..." гэж дүгнэн, хууль бусаар хадгалсан гэмт хэргийн шинжийг үгүйсгэн, гэрээгээр химийн хорт болон аюултай бодисыг хадгалах, ашиглах үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн мэтээр тайлбарлан, нотлох баримтыг хийсвэрээр үнэлж, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзсэн.Хавтаст хэрэгт авагдсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 07/100 дугаартай "Талст дөл" ХХК нь тус яамнаас химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, ашиглах, худалдах тусгай зөвшөөрөл авч байгаагүй байна гэсэн албан бичиг, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газрын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 37 дугаартай "Талст дөл" ХХК химийн бодисын агуулахын дүгнэлт гаргуулаагүй байна гэсэн албан бичгээр тус тус "Т.д." ХХК нь тухайн цаг хугацаанд Триэтаноламин бодисыг ашиглах, хадгалах тусгай зөвшөөрөлгүй болох нь тогтоогдсон.
Хоёрдугаар үндэслэлд анхан шатны шүүх шийдвэрийн Тодорхойлох хэсэгтээ “агуулахад байсан 8 шил бодисыг бүгдийг орхисон эсхүл 7 шил бодисыг орхисон болохыг бүрэн шалгаж тогтоогоогүй, зарын дагуу олж авсан гэх 1 шил бодис нь триэтаноламин гэх бодис мөн эсэх нь бүрэн тогтоогдохгүй байна" гэсэн үндэслэлээр Триэтаноламин бодисыг хууль бусаар авсан, хадгалсан гэмт хэргийн шинж тогтоогдоогүй гэж дүгнэсэн байна.
Гэтэл хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч П.М., Б.Б., С.Х., А.Б., О.Х.нарын мэдүүлгээр "Т.Т.А.С." ХХК нь Триэтаноламин бодисыг ашиглах тусгай зөвшөөрөл гараагүй байх үедээ 2022 он, 2023 онд "Г. Х." ХХК-иас нийт 15 литр Триэтаноламин бодисыг худалдан авч, улмаар 3,5 литрийг "Т.д." ХХК-д өгсөн болох нь тогтоогдсон байдаг. Ийнхүү агуулахад байсан 8 шилэнд Триэтаноламин бодис байсан нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн, шүүгдэгч нарыг цагаатгасан нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хэргийн бодит байдалтай нийцээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.
Гуравдугаарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэж заасан. Анхан шатны шүүх нь шийдвэрийн Тогтоох хэсэгтээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгосон атлаа "химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй байх тул шүүгдэгч нарыг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгасугай" гэж хуулийг зөрүүтэй хэрэглэсэн буюу гэмт хэргийн шинжгүй, эсхүл гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй аль болох нь тодорхойгүй байдлаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт "Шүүгдэгчийн холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол шүүх цагаатгах тогтоол гаргана" гэж заасан бөгөөд хэрэв шүүхээс шүүгдэгч нарын үйлдлийг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгаж байгаа тохиолдолд мөн хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар "Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгах тогтоол гарсан бол холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаана" гэж заасан.
Хэрвээ нотлогдоогүй гэж цагаатгаж байгаа бол хэргийг прокурорт буцаах байсан. Гэтэл анхан шатны шүүхээс хуулийн 2 өөр хэм хэмжээг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Иймд Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, мөн шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан эсэргүүцэл бичсэн” гэв.
6.Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд “Т. Д.” ХХК болон А.Э. нарын өмгөөлөгчөөр оролцсон. Анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт авагдсан, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн гэж өмгөөлөгчийн зүгээс ойлгож байгаа.
Анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтыг цагаатгаж, үндэслэлээ тодорхой заасан байгаа. "Г.х." ХХК-тай “Т.д.” ХХК нь гэрээ байгуулж, тодорхой гэрээний дагуу үйл ажиллагаа явуулсан үйл баримт байдаг. “Т.д.” ХХК-ийн хувьд химийн бодис хадгалах тусгай зөвшөөрөл байхгүй. Гэхдээ байхгүй байгаа болохоор тодорхой үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр буюу тусгай зөвшөөрөлтэй компаниар тухайн үйл ажиллагааг явуулсан болох нь гэрээнд авагдсан баримтуудаар харагдаж байна.
"Т.Т.А.С." ХХК-ийн захирал Х.н мэдүүлэгт тодорхой үйл явдлыг тогтоосон өгсөн, авсан гэсэн нотлох баримтууд хангалттай нотлогдон тогтоогдож байна. Улсын яллагч хэргийн газрын үзлэгтэй холбоотой асуудлыг ярьж байна. Хэргийн газрын үзлэгтэй холбоотой асуудлаар 8 шил химийн бодисыг авсан юм байна. Үүнээс 1 ширхэг бодисыг авч явж шинжилгээ хийсэн. Миний гайхаж байгаа зүйл нь бусад шилтэй химийн бодис нь тухайн төрлийн химийн бодис мөн байсан уу. Улсын яллагч 8 шилтэй бодис гэж буруутгаж байна. Шинжилгээ хийсэн бодис нь 0,5 дээр хийгдсэн, бусад 7 шилтэй бодис нь задлагдаагүй асуудал ярьж байна. Энэ шинжилгээ нь 2 төрлийн эргэлзээтэй асуудлыг үүсгэсэн.
Нэгдүгээрт миний үйлчлүүлэгч Б.Б.нь би 0,5-г нь 100 айлаас худалдаж авсан гэдэг үйл баримт ярьдаг. Үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг байхгүй ч гэсэн үйлчлүүлэгчтэйгээ ярилцахад ямар зөрүү гарсан бэ гэхээр Хандмаагийн мэдүүлэг болон химийн бодисын зарцуулалт хийж байгаа баримтуудыг тулгаж үзэхдээ 7,5 литрийг биш 8 литрийг үлдээгээд явсан баримт харагддаг. Тооны зөрүүтэй асуудал гарч ирэхээр үлдэгдлийн зөрүү гарна. Үүгээр хэргийн газар үзлэгт хийсэн дүгнэлтэд бодит байдлыг тогтоосон зөрүүтэй байдаг байсан гэдгийг хэлэх гэж байна. Шүүх үүнийг дүгнэсэн байсан. Хоёрдугаарт шинжээчийн дүгнэлтээр тухайн жагсаалтын 28 дугаарт заасан бодист байгаа хориотой бодис байна гэхээр нөгөө бодис нь хулганы хор байна гэсэн. Хэргийн бодит байдалд нөлөөлсөн гол үндсэн нотлох баримтууд нь эргэлзээ бүхий нөхцөл байдлыг бий болгосон гэдгийг хэлэх нь зүйтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй гарсан. Шүүгдэгч нарт ашигтай байдлаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна” гэв.
7.Шүүгдэгч А.Э.н өмгөөлөгч Ж.Жаргалсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэл бүхий байна. ...Нэгдүгээрт “"Т.Т.А.С." ХХК-тай холбогдолтой химийн бодисыг хадгалсан гэсэн нөхцөл байдлыг хөндөж байна. Үүнийг анхан шатны шүүхээс гэмт хэргийн шинжийг агуулаагүй, тогтоогдох боломжгүй байна гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Үүнтэй холбогдуулан энэ үйлдлийг Нийслэлийн прокурорын газраас "Т.Т.А.С." ХХК-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдэл холбогдлыг сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 116 дугаартай тогтоолоор “Т.дөл” ХХК-тай холбоотой үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Улмаар тус аймгийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 40 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдсэн хэсгийг хэвээр үлдээж, “"Т.Т.А.С." ХХК-д холбогдох үйлдлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нөхцөл байдал байгаа.
Хоёрдугаарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байгаа юм уу, нотлогдоогүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байгаа юм уу, хуулийг буруу тайлбарласан гэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-т шинээр нэмэлт өөрчлөлт орсон байгаа. Үүнд Нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй гэж үзвэл хэрэгсэхгүй болгоно. Энэ зүйл заалтыг харьцуулан үзэж дүгнэх нь зүйтэй байна. Миний хувьд хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзэхгүй, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэлтэй байгаа учраас прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох саналыг оруулж байна” гэв.
8.Цагаатгагдсан этгээдийн хууль ёсны төлөөлөгч Б.Бн.шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...нэмэлт тайлбаргүй, өмгөөлөгч нарын тайлбарыг дэмжиж байна” гэв.
9.Цагаатгагдсан этгээд А.Э. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэмж хэлэх тайлбаргүй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүхээс хяналтын прокурор Ш.Анужины эсэргүүцэлд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1.Анхан шатны шүүхээс “Талст дөл” ХХК болон түүний гүйцэтгэх захирал А.Элбэгсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь үндэслэлтэй.
2.Хэрэгт авагдсан баримтуудаар “Т.д.” ХХК, түүний гүйцэтгэх захирал А.Э.нарыг ........... үйлдвэрийг түрээслэн үйл ажиллагаа явуулж байх үедээ Монгол Улсад ашиглахыг хязгаарласан, химийн хорт болон аюултай бодисын жагсаалтын 28 дугаарт багтсан “триэтаноламин” гэх нэршилтэй 0,5 литр химийн бодисыг зарын дагуу бусдаас худалдан авч, хадгалсан, мөн 2023 оны 07 дугаар сард “"Т.Т.А.С." ХХК-иас мөн бодисыг 3,5 литрийг авч, үйл ажиллагаандаа ашиглах зорилгоор хууль бусаар хадгалсан гэх үйл баримтуудад холбогдуулан “Т. Д.” ХХК-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт, А.Э.ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
3.Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “...шүүгдэгч “Т.д.” ХХК-ийн үйл ажиллагаандаа хэрэглэх зорилгоор лаборторидоо хадгалсан гэх 8 шил 500 гр-ын савлагаатай бодис нь бүгд химийн хорт бодис болох “триэтаноламин” мөн болохыг тогтоогоогүй, "Т.Т.А.С." ХХК дээрх 8 шил бодисыг бүгдийг орхисон, эсхүл 7 шил бодисыг орхисон болохыг бүрэн шалгаж тогтоогоогүй, зарын дагуу олж авсан гэх 1 шил бодис нь мөн “триэтаноламин” гэх бодис мөн эсэх нь тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлүүдээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч “Т.д.” ХХК, түүний гүйцэтгэх захирал А.Э. нарыг цагаатгаж” шийдвэрлэсэн.
4.Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Анужин "Т.Т.А.С." ХХК нь “Т.д.” ХХК-тай хамтран ажиллах гэрээгээр ажиллах үедээ триэтаноламин гэх химийн хортой бодисыг ашиглах тусгай зөвшөөрөлгүй байсан. ...”Т.д.” ХХК нь мөн тухайн цаг хугацаанд уг бодисыг үйл ажиллагаанд ашиглах тусгай зөвшөөрөлгүй байсан, ...хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд триэтоноламин гэх нэршилтэй тус бүр 500 грм савлагаатай бор өнгийн шилэн савтай 8 ширхэг 4 л бодис байсан нь тусгагдсан, уг бодисыг "Т.Т.А.С." ХХК “Т.д.” ХХК-д өгсөн болох нь тогтоогдсон, анхан шатны шүүхийн шийдвэр дүгнэлт ойлгомжгүй, үндэслэл тодорхой бус” гэсэн агуулга бүхий үндэслэлүүдээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаахаар эсэргүүцэл гаргасан.
5.Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүх цагаатгах тогтоол гаргасан нь үндэслэлтэй болсон боловч хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлийг давж заалдах шатны шүүхээс өөрөөр дүгнэх нь хэргийн бодит байдалд нийцнэ гэж үзсэн, энэ нь шүүхийн шийдвэрийн шийдвэрлэлтэд нөлөөлөхгүй болно.
Учир нь: Дорноговь аймгийн Цагдаагийн газар 2023 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр “Бодис-2023” арга хэмжээ зохион байгуулах явцдаа “Т.д.” ХХК-д холбогдуулж хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.
Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байх цаг хугацаанд “К.и.” ХХК-ийн ........... үйлдвэрийг “Т.д.”ХХК гэрээ /1хх 233-239/-гээр түрээсэлдэг ба уул уурхайн чиглэлээр лабораторийн үйл ажиллагаа явуулдаг, “триэтаноламин” гэх химийн хорт бодисыг ашиглах тусгай зөвшөөрөл /1хх 146-147/-тэй "Т.Т.А.С." ХХК лабораторийн ажлыг нь гүйцэтгэхээр ажил гүйцэтгэх гэрээ, гэрээнд нэмэлт оруулах тухай гэрээ/1хх 226-227, 240-241/-ээр ажиллаж байсан, "Т.Т.А.С." ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Х. /1хх-51-54/ болон “Т.д.” ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Э.. /1хх29-40/ нарын зүгээс лабораторийн үйл ажиллагаанд хэрэглэж байсан 3,5 литр “триэтаноламин” гэх бодис байсан, түүнийг “Т.д.”ХХК-ийн лабораторид зориулалтын саванд хадгалагдаж байсан тал дээр огт маргаагүй, уг бодисууд нь “триэтаноламин” нэртэй бодис болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоосон, хэргийн оролцогчдын зүгээс шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй талаар маргаагүй, хүлээн зөвшөөрдөг болох нь хэрэгт авагдсан эдгээр баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгч “Т.д.” ХХК-ийг “"Т.Т.А.С." ХХК-ийн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигласан 3,5л “этаноламин” гэх бодисыг хууль бусаар хадгалсан гэх үйлдэл холбогдол үгүйсгэгдэж байна.
Иймээс анхан шатны шүүхийн хэргийг хэрэгсэхгүй болгосон “...хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бодисууд нь бүгд “триэтаноламин” гэх бодис мөн эсэхийг тогтоогоогүй” гэсэн шийдвэрийн дүгнэлт үндэслэлгүй.
Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан “...химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, ...хадгалсан, ... бусдад дамжуулсан” гэх шинжүүдээр шүүгдэгч “Т.д.” ХХК-ийг буруутгаж байгаа ба гэмт хэрэгт буруутгах гол шинж нь “ 2023 оны 7 дугаар сард хууль бусаар ашигласан” гэх үндэслэл, гэтэл эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байх цаг хугацаанд гэрээгээр ажиллаж байсан "Т.Т.А.С."” ХХК уг бодисыг ашиглах тусгай зөвшөөрөлтэй байсан, “Т.д.”ХХК-ийн лабориторийн үйл ажиллагаанд ашиглаж байсан байна.
Өөрөөр хэлбэл: Хэргийн эд мөрийн баримт болох 3,5л “триэтаноламин” химийн бодис нь уг бодисыг ашиглах зөвшөөрөлтэй “"Т.Т.А.С." ХХК-ийн үйл ажиллагаанд хамааралтай, тэрээр ажил гүйцэтгэх гэрээг “Т. Д.” ХХК-ийн лаботорийн үйл ажиллагааг явуулж байсан тул уг хуулийн этгээдийг химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан гэж үзэхгүй.
Мөн шүүх хуралдаанд оролцсон прокурор болон шүүгдэгч нарын өмгөөлөгч, шүүгдэгч “Т.д.” ХХК-ны гүйцэтгэх захирал А.Э. нарын тайлбарласнаар яг энэ үйлдэлд холбогдуулан "Т.Т.А.С." ХХК, түүний гүйцэтгэх захирал С.Х.нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхээр шийдвэрлүүлсэн боловч хэрэг нь хэрэгсэхгүй болгосон талаар дурьдсан.
Хэрвээ мөрдөгч, прокуророос “"Т.Т.А.С." ХХК-тай “Т.д.”ХХК-ийг хамаатуулан яллах үндэслэлтэй гэж үзэж байгаа бол хэд хэдэн яллагдагч нэг гэмт хэргийг хамтран үйлдсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэргийг нэгтгэн шийдвэрлэх байтал тус тусад нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдэж шүүхээр шийдвэрлүүлж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Эрүүгийн хэргийг нэгтгэн шийдвэрлэх” журам зөрчигдсөн, тус тусад нь эрүүгийн хэрэг үүсгэж хэргийн бодит байдлыг үндэслэлгүйгээр алдагдуулсан гэх нөхцөл байдал болсон байна.
Иймд хэрэг үүсгэсэн буюу 2023 оны 9 дүгээр сард “"Т.Т.А.С." ХХК “Т.д.” ХХК-ийн лабораторийн үйл ажиллагааг гэрээгээр гүйцэтгэж байхдаа “триэтаноламин” гэх бодисыг ашиглах тусгай зөвшөөрөлтэй байсан нь болох нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023-7-06-ны 0002479 дугаартай тусгай зөвшөөрөл /1хх 146/-өөр тогтоогдож байх тул лабораторийн үйл ажиллагаанд хэрэглэгдэж байсан 3,5л “триэтаноламин” гэх химийн хорт, аюултай бодисыг “Т.д.” ХХК хууль бусаар хадгалсан гэх гэмт хэргийн шинж байхгүй байна.
6.500гр “триэтаноламин” гэх хорт бодисыг компанийн ажилтан Б.Б. өөрийн санаачилгаар facebuuc-ийн зараар худалдаж авсан үйлдэл нь “Т.д.” ХХК-ны нэрийн өмнөөс хийгдсэн гэдгийг мөрдөгч, прокуророос тогтоогоогүй байна гэж давж заалдах шатны шүүх үзсэн, энэ талаар дан ганц Б.Б. “...1 шил буюу 500гр бодисыг 2023 оны 5 дугаар сарын дундуур цахим сүлжээгээр жоншны шинжилгээнд ашигладаг бодис зарна гэсэн зар байхыг хараад 1 шил бодисыг үл таних хүнээс худалдаж аваад “Т.д.” ХХК-ны лабортарид хадгалж байсан”, ... надаас өөр ямар нэгэн хүн мэдэхгүй, гэхдээ би уг бодисыг зөвшөөрөл шаардлагатай гэдгийг худалдаж авах үедээ мэдээгүй, “...би байгууллагын ямар нэгэн хүнд хэлэлгүйгээр хадгалсан” /1хх 43-44/ гэсэн гэрчийн мэдүүлгээс өөрөөр шалгаж тогтоосон зүйлгүй байх тул энэ үйлдэлд “Т.д.” ХХК-ийг шууд буруутгах боломжгүй юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ...худалдан авсан гэх үйлдлийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол” гэх шинжид Б.Батбаярын үйлдэл хамаарахгүй.
Хэрэгт хуулийн этгээд “Т.д.” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон Б.Б. нь “Т.д.” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд байна.
Өөрөөр хэлбэл: Т. Д. ХХК нь нэг гишүүнтэй буюу үүсгэн байгуулагч нь Ц.Б./1хх 198-204/ А.Э.г гүйцэтгэх захирлаар томилсон нь компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний бүртгэл болон бусад компанийн баримтуудаар тогтоогдох ба гүйцэтгэх захирал А.Э. тушаалаар Б.Б.үйлдвэрийн даргын албан тушаалд хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг ажилтан болох нь ажилд авсан тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт /2хх 180-190/ зэргээр тогтоогдож байна.
Эдгээр нөхцөл байдал, үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/201 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.