Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2018/01224

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2018/01224

 

 

 

Жемнэт ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2018/00492 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Жемнэт ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Сансар интернэт ХХК-д холбогдох

 

2010 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 10/18 тоот гэрээ, 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 12/18 тоот гэрээ, 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 15/020 тоот гэрээний дагуу нийлүүлсэн интернэт урсгалын төлбөрт 3 483 989 416 төгрөг, алдангийн төлбөрт 1 088 322 851 төгрөг, нийт 4 572 311 997 төгрөг гаргуулах үндсэн, 

Сансар интернэт ХХК, Жемнэт ХХК-ийн хооронд 2010 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан 10/18 тоот Интернэтийн бөөний үйлчилгээ үзүүлэх гэрээ, 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан 12/18 тоот Интернэтийн бөөний үйлчилгээ үзүүлэх гэрээ, 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 15/020 тоот Интернэтийн бөөний үйлчилгээ үзүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзул илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Хишигсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Л.Мөнхтөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартСансар интернэт ХХК нь Жемнэт ХХК-тай 2010 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс интернэтийн бөөний үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан интернэтийн бөөний үйлчилгээг авч эхэлсэн бөгөөд энэхүү үйлчилгээг №12/18, ЖН-15/020 дугаартай гэрээнүүдээр үргэлжлүүлэн сунгасан юм. Сансар интернэт ХХК нь интернэтийн бөөний үйлчилгээ авч байх хугацаандаа интернэтийн урсгалын хүчин чадлыг нэмэгдүүлж авах хүсэлтийнх нь дагуу урсгалыг нэмэгдүүлж Сансар интернэт ХХК-ийн үйл ажиллагаа хэвийн явсаар ирсэн.

Сансар интернэт ХХК нь Жемнэт ХХК-тай 2010 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Интернэтийн бөөний үйлчилгээ үзүүлэх гэрээгээр Жемнэт ХХК нь интернэтийн бөөний үйлчилгээ үзүүлэх, Сансар интернэт ХХК тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн ба 1 сарын үйлчилгээний төлбөр 100 мб/с хэмжээтэй, НӨАТ-тай 13 200 000 төгрөгөөр тохирсон. Хариуцагчаас 2010 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 2010 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд 4 удаагийн шилжүүлгээр нийт 52 800 000 төгрөгийг шилжүүлснээс өөр төлбөр төлөгдөөгүй.

2010 оны 09 сарын 01-ний өдрөөс 2011 оны 02 сарын 08-ны өдрийн хооронд хэмжээ 100 мб/с, 1 сард НӨАТ-тай 13 200 000 төгрөг тул 5 cap 8 хоног * 13 200 000 төгрөг, нийт 69 771 429 төгрөг, 2011 оны 02 сарын 09-ний өдрөөс 2011 оны 09 сарын 05-ны өдрийн хооронд хэмжээ 200 мб/с, 1 сард НӨАТ-тай 24 200 000 төгрөг тул 6 cap 26 хоног * 24 200 000 төгрөг, нийт 166 519 048 төгрөг, 2011 оны 09 сарын 06-ны өдрөөс 2011 оны 10 сарын 17-ны өдрийн хооронд хэмжээ 300 мб/с, 1 сард НӨАТ-тай 39 600 000 төгрөг тул 1 cap 11 хоног * 39 600 000 төгрөг, нийт 54 716 129 төгрөг, 2011 оны 10 сарын 18-ны өдрөөс 2011 оны 11 сарын 29-ны өдрийн хооронд хэмжээ 400 мб/с, 1 сард НӨАТ-тай 46 200 000 төгрөг тул 1 cap 11 хоног * 46 200 000 төгрөг, нийт 65 524 516 төгрөг, 2011 оны 11 сарын 30-ны өдрөөс 2012 оны 02 сарын 19-ний өдрийн хооронд хэмжээ 500 мб/с, 1 сард НӨАТ-тай 55 000 000 төгрөг гэхээр 2 cap 19 хоног* 55 000 000 төгрөг, нийт 149 154 762 төгрөг, 2012 оны 02 сарын 20-ны өдрөөс 2012 оны 05 сарын 15-ны өдрийн хооронд хэмжээ 600 мб/с, 1 сард НӨАТ-тай 66 000 000 төгрөг гэхээр 2 cap 25 хоног * 66 000 000 төгрөг, нийт 185 149 770 төгрөг, 2012 оны 05 сарын 16-ны өдрөөс 2012 оны 09 сарын 17-ны өдрийн хооронд хэмжээ 700 мб/с, 1 сард НӨАТ-тай 77 000 000 төгрөг гэхээр 4 cap 1 хоиог * 77 000 000 төгрөг, нийт 314 375 269 төгрөг, 2012 оны 09 сарын 18-ны өдрөөс 2012 оны 12 сарын 31-ний өдрийн хооронд хэмжээ 800 мб/с, 1 сард НӨАТ-тай 88 000 000 төгрөг гэхээр 3 cap 13 хоног*88 000 000 төгрөг, нийт 302 133 333 төгрөг, нийт 1 307 344 256 төгрөгийн үлдэгдэлтэй.

Дээрх гэрээний үйлчлэл үргэлжилж байсан тул 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр №12/18 дугаартай гэрээг 1 жилийн хугацаагаар байгуулж, мөн гэрээний аль нэг талаас цуцлах санал гаргаагүй тохиолдолд дахин 1 жилээр сунгахаар, үйлчилгээний 1 сарын төлбөр 400 мб/с хэмжээтэй, 2013 оны 01 сарын 02-ны өдрөөс 2013 оны 09 сарын 01-ний өдрийг хүртэл НӨАТ-тай дүн 44 000 000 төгрөг байхаар, 2013 оны 09 сарын 01-ний өдрөөс НӨАТ-тай дүн 77 000 000 төгрөг байхаар тохирсон. Гэрээний үйлчлэх хугацаа 2013 оны 01 сарын 02-ны өдрөөс 2015 оны 01 сарын 02-ны өдрийн хооронд байх ба төлбөр төлөх дүн дараах байдлаар тодорхойлогдоно.

2013 оны 01 сарын 02-ны өдрөөс 2013 оны 09 сарын 01-ний өдрийн хооронд хэмжээ 400 мб/с, 1 сард НӨАТ-тай 44 000 000 төгрөг гэхээр 8 сар*44 000 000 төгрөг, нийт 352 000 000 төгрөг, 2013 оны 09 сарын 01-ний өдрөөс 2015 оны 06 сарын 01-ний өдрийн хооронд хэмжээ 736,8 мб/с, 1 сард НӨАТ-тай 77 000 000 төгрөг гэхээр 21 сар*77 000 000 төгрөг, нийт 1 617 000 000 төгрөг, нийт 1 969 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй.

 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдөр ЖН-15/020 дугаартай гэрээ байгуулан сунгаж манай компаниас интернэтийн бөөний үйлчилгээ авсаар байсан ба 1 сарын төлбөр 455 мб/с хэмжээтэй, НӨАТ-тай 50 050 000 төгрөг төлөхөөр үйлчилгээ авч, 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 77 000 000 төгрөг болгож өөрчилсөн. 2015 оны 06 сарын 01-ний өдрөөс 2015 оны 08 сарын 01-ний өдрийн хооронд хэмжээ 455 мб/с, 1 сард НӨАТ-тай 50 050 000 төгрөг гэхээр 2 сар*50 050 000 төгрөг, нийт 100 100 000 төгрөг, 2015 оны 08 сарын 01-ний өдрөөс 2016 оны 05 сарын 23-ны өдрийн хооронд хэмжээ 736,84 мб/с, 1 сард НӨАТ-тай 77 000 000 төгрөг гэхээр 9 cap 22 хоног*77 000 000 төгрөг, нийт 747 645 161 төгрөг, нийт 847 745 161 төгрөгийн үлдэгдэлтэй. 

2013 оны 01 сарын 01-ний өдрөөс 2016 оны 05 сарын 23-ны өдрийн хооронд хариуцагчаас төлөх ёстой 2 816 745 161 төгрөгөөс Сансар интернэт ХХК нь 640 100 000 төгрөг төлж үлдэгдэл 2 176 645 161 төгрөг төлөөгүй. Энэ хугацаанд буюу 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр №12/18 дугаартай гэрээний телбөр 2015 оны 06 сарын 12-ны өдрийн байдлаар 1 560 000 000 төгрөгийг Сансар интернэт XXК төлж барагдуулахаар төлбөр барагдуулах гэрээ байгуулсан боловч өнөөдрийг хүртэл төлбөр төлөгдөөгүй байна. Төлбөрийг хүснэгтэнд тусгаснаар авч үзвэл: 360 000 000 төгрөгийг 2016 оны 02 сарын 29-ний дотор төлөх байснаас хойш 720 хоног, 600 000 000 төгрөгийг 2017 оны 02 сарын 28-ны дотор төлөх байснаас 360 хоног, 600 000 000 төгрөгийг 2017 оны 12 сарын 31-ний дотор төлөх байснаас 58 хоног тус хэтэрсэн байна. Гэрээний 1.4-т зааснаар алданги төлөх боловч алдангин дүн нь нийт үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул алдангид 780 000 000 төгрөг болно. Өөрөөр хэлбэл төлбөр барагдуулах гэрээ байгуулснаас хойш 2016 оны 05 сарын 23-ны өдөр хүртэл интернэтийн бөөний үйлчилгээ авч байсан хугацааг оруулан тооцоход 2 176 645 161 төгрөгийн үлдэгдэлтэй болж байгаа юм. Иймд Сансар интернэт ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч А.Энхбат болон Сансар интернэт ХХК-аас 2010 оны 09 сарын 01-ээс 2016 оны 05 дугаар 23-ны өдрийн хооронд үргэлжилсэн интернэтийн бөөний үйлчилгээ үзүүлэх гэрээний дагуу төлөх үндсэн төлбөрт 3 483 989 416 төгрөг, алданги /үндсэн төлбөрийн 30 хувь/ 1 088 322 851 төгрөг, нийт 4 572 311 997 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн гаргасан тайлбарт: Сансар интернэт ХХК нь 2010 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Релком компаниас интернэтийн урсгал авч 4500 хэрэглэгчтэй, алдагдалгүй ажиллаж ирсэн байна. 2010 ны 05 дугаар сарын 01-ны өдрөөс Ц.Цэрэнпунцагийн санал болгосоноор Ц.Цэрэнпунцагийн үүсгэн байгуулсан компани болох Жемнэт ХХК-ийн интернэтийн урсгалыг ашиглаж эхэлсэн. Жемнэт ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Ц.Цэрэнпунцаг хамтран ажиллах тухай МАШ НУУЦ саналыг Сансар Интернэт ХХК-ийн удирдлага хүлээн авснаар Жемнэт ХХК нь урсгалаа үнэгүй нийлүүлж эхэлсэн байна. Энэ албан тоотын 2 дугаарт зааснаар шилэн кабелийн өндөр хурдны интернэтийн үйлчилгээний тоног төхөөрөмжийг худалдан авах зорилгоор иргэн Ц.Цэрэнпунцагаас Сансар Интернэт ХХК-д хөрөнгө оруулахад үүсэх харилцаа болгон 300 000 000 төгрөгийн хөрөнгө оруулна, оруулсан хөрөнгийн хэмжээгээр компанийн 50 хувь эзэмшихээр Хөрөнгө оруулалтын гэрээ 2010 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан. Тус гэрээ, хэлэлцээрийн дүнд Жемнэт ХХК интернэт урсгалаа үнэ төлбөргүй өгөх, Сансар кабель ХХК зар сурталчилгааг дангаараа явуулж шугам сүлжээ, дэд бүтцээ ашиглуулах, хэрэглэгчдийг татах үйл ажиллагаа явуулахаар тохиролцсон байна. Жемнэт ХХК нь 2012 оны 12 сарын 31-ний өдрийн байдлаар 2 жил 3 сарын хугацаанд 1 304 449 497 төгрөгийн өртөг бүхий урсгал нийлүүлсэн, Сансар кабель ХХК 2 534 320 775 төгрөгийн өртөг бүхий зар сурталчилгаа явуулсан байна гэж талууд хамтын ажиллагаагаа дүгнэн таны ирүүлсэн маш нууц гэсэн албан бичгийн дагуу хамтарсан компанийн хоёр талын хамтын ажиллагааны зардал гэж үзэн бие биенээсээ энэхүү зардлыг нэхэмжлэхгүйгээр хаахаар шийдвэрлэж тооцоог дуусгасан протокол үйлдсэн.

Жемнэт ХХК-аас 2014 оны 09 сарын 11-ний өдөр 1074 тоот албан бичгээр 944 000 000 төгрөг нэхэмжилж, мөн интернэт үйлчилгээг зогсоох тухай албан тоот ирснээр Жемнэт ХХК нь хамтын ажиллагааг зөрчиж буй талаар олж мэдсэн. Сансар интернэт ХХК болон Жемнэт ХХК нь анхны тохиролцоог хүчингүй болгох талаар нэг ч удаа санал гаргаж байгаагүй учраас хамтын ажиллагааг өнөөдрийг хүртэл хэвийн үргэлжилж байгаа гэж үзэж байна. Сансар интернэт ХХК хэрэглэгчдийн эрх ашиг болон хамтын ажиллагааны гэрээ хэлцлийн үүднээс Жемнэт ХХК-ийн захирал Ц.Цэрэнпунцаг нь Сансар интернэт ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор С.Энхбадралыг гүйцэтгэх захирлаар томилж ажиллуулсан. Энэ хугацаанд С.Энхбадрал нь Сансар интернэт ХХК-ийн Ерөнхий захирлын зөвшөөрөлгүйгээр хэрэглэгчийн тоо нэмэгдээгүй байхад 2013 оны 01 сарын 02-ны өдрийн №12/18 гэсэн гэрээ байгуулсан байна. Мөн Сансар интернэт ХХК-аас 2011 оноос 2012 оны 09 сарын 18-ны өдөр хүртэл cap бүр 200М-Г 800М хүртэл интернэтийн урсгалыг нэмэгдүүлэх тухай албан тоот Жемнэт ХХК-д явуулж байсан тухай материалыг хэргийн материалд нэхэмжлэлийн хамт гаргаж өгсөн. Тухайн үед хяналтын зорилгоор ажиллаж байсан С.Энхбадрал нь дээр дурдсан албан тоотуудыг үндэслэлгүйгээр явуулж байсан.

Жемнэт ХХК нь Сансар интернэт ХХК-тай байгуулсан гэх хуурамч гэрээнүүдээр сүрдүүлж, интернэт үйлчилгээг удаа дараа зогсоож байсан бөгөөд 2015 оны 05-р сарын 27-ны өдөр эцсийн байдлаар интернэтийн урсгалыг тасалж бид аргагүйн эрхэнд эцсийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс ЖН-15/020 тоот гэрээнд гарын үсэг зурсан. Интернэтийн бөөний үйлчилгээ үзүүлэх №10/18, №12/18, ЖН-15/020 тоот гэрээнүүд нь хуурамч гэрээ хэлцлүүд юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: 2010 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хамтран ажиллах тухай Ц.Цэрэнпунцагийн бичгээр ирүүлсэн саналыг Сансар интернэт ХХК-ийн удирдлага хүлээн авч, Жемнэт ХХК-д урсгалаа үнэгүй нийлүүлж эхэлсэн. 2013 оны 02 сарын 05-ны өдөр 2 тал хамтран хамтын ажиллагаагаа дүгнэж тооцоо дуусгах тухай акт үйлдэж уг актаар Жемнэт ХХК 1 304 449 497 төгрөгний интернэт урсгал нийлүүлсэн, Сансар кабель, зар сурталчилгаа, шилэн кабелийн сүлжээний түрээсийн төлбөр зэрэгт нийт 3 001 054 175 төгрөг зарцуулсныг тус тусдаа дааж хоёр тал бие биенээсээ нэхэмжлэхгүйгээр тооцоогоо дуусгахаар шийдвэрлэсэн юм. Гэтэл Жемнэт ХХК-ийн дэд захирал С.Дэлгэрсайхан, Сансар интернэт ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Баянбилэг нар 2010 оны 05 сарын 01-ний өдрийн №10/18 тоот Интернэтийн бөөний үйлчилгээ үзүүлэх гэрээ, 2013 оны 01 сарын 02-ны өдрийн 12/18 тоот Интернэтийн бөөний үйлчилгээ үзүүлэх гэрээг Жемнэт ХХК-ийн Ц.Бат-Эрдэнэ, Сансар интернэт ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Энхбадрал нар тус тус байгуулсан байна. Уг гэрээг Жемнэт ХХК, Сансар интернэт ХХК-ийн гүйцэтгэх удирдлагууд бус харин дээрх компаниудад хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг, гэрээ хэлцэл хийх эрхгүй, мөн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээдүүд хийсэн байна. Иймд 2010 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 10/18 тоот Интернэтийн бөөний үйлчилгээ үзүүлэх гэрээ, 2013 оны 01 дүгээр 02-ны өдрийн 12/18 тоот Интернэтийн бөөний үйлчилгээ үзүүлэх гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлтэй.

2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн ЖН-15/20 тоот Интернэтийн үйлчилгээ үзүүлэх гэрээг Жемнэт ХХК-ийн дэд захирал С.Дэлгэрсайхан, уг гэрээний хавсралт №1, хавсралт №2-ыг 2015 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Жемнэт ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Бат-Эрдэнэ, хавсралт 2.1 гүйцэтгэх захирал Ц.Бат-Эрдэнэ 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдөр тус тус байгуулан баталгаажуулсан байна. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.5, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлд зааснаар гэрээний нэг тал болох Жемнэт ХХК-ийн дэд захирал С.Дэлгэрсайхан, гүйцэтгэх захирал Ц.Бат-Эрдэнэ нар нь Жемнэт ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээдүүд юм. Иймд 2010 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 10/18 тоот Интернэтийн бөөний үйлчилгээ үзүүлэх гэрээ, 2013 оны 01 дүгээр 02-ны өдрийн 12/18 тоот Интернэтийн бөөний үйлчилгээ үзүүлэх гэрээ, 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн ЖН-15/20 тоот Интернэтийн бөөний үйлчилгээ үзүүлэх гэрээ-г хууль зөрчсөн хэлцэл гэж үзэж хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: Эдгээр гэрээг байгуулах тухайн цаг мөчид С.Дэлгэрсайхан болон Ц.Бат-Эрдэнэ нарыг гүйцэтгэх захирлаар томилсон байсан боловч улсын бүртгэлд бүртгүүлж амжаагүй байсан. Энэ тухай хожим нэмж бүртгүүлсэн бөгөөд холбогдох шийтгэвэр, торгуулиа төлсөн гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.8-д заасны дагуу хариуцагч Сансар интернэт ХХК-аас 2 355 200 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Жемнэт ХХК-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 217 111 997 төгрөгийг болон хариуцагч А.Энхбатад холбогдох хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул 2010 оны 05 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан 10/18 тоот Интернэтийн бөөний үйлчилгээ үзүүлэх гэрээ, 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан 12/18 тоот Интернэтийн бөөний үйлчилгээ үзүүлэх гэрээ, 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан ЖН15/020 тоот Интернэтийн бөөний үйлчилгээ үзүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23 019 509 төгрөгийг улсын орлогод үлдээн, 11 933 950 төгрөгийг хариуцагч Сансар интернэт ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч Жемнэт ХХК-д олгож, Сансар интернэт ХХК-аас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9 904 825 төгрөгийг улсын орлогод үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 3 824 875 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж хариуцагч Сансар интернэт ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Талуудын хооронд 2010 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж, гэрээний дагуу "Жемнэт" ХХК-аас "Сансар интернэт ХХК-д нийт 381 980 515 төгрөг хөрөнгө оруулалсан. Энэхүү хөрөнгө оруулалтын гэрээ нь Ц.Цэрэнпунцаг буюу "Жемнэт" ХХК нь тус компанийн 50 хувийг эзэмших зорилгын үүднээс интернэт урсгалаа үнэгүй нийлүүлнэ гэж тохиролцсон тохиролцоо байсан ба хамтран ажиллагч талууд гэрээндээ хугацаа тогтоогоогүй юм. Энэ нь хамтран ажиллах гэрээ хугацаагүй үргэлжилж байгаа гэсэн үг. 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн "ТООЦОО ДУУСГАХ ТУХАЙ АКТ" нь "Маш нууц" гэсэн албан тоот, Хөрөнгө оруулалтын гэрээний зорилгыг илэрхийлсэн акт байсан. Өөрөөр хэлбэл "Жемнэт" ХХК интернэт урсгалаа үнэгүй нийлүүлэх, "Сансар Кабель" ХХК зар сурталчилгаа дангаараа явуулж хэрэглэгчдийг татах, шугам сүлжээ, дэд бүтцээ ашиглуулан интернэт үйлчилгээ явуулах тохиролцооны 2 жил 3 сарын хугацааны ажлаа дүгнэсэн дүгнэлт байсан. 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн тооцоо нийлсэн акт үйлдэхээс өмнө 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 12/18 тоот Интернетийн бөөний үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан байсныг 2 тал зардлаа тус тусдаа дааж, талууд бие биенээсээ нэхэмжлэхгүйгээр тооцоо дуусгаж, цаашид 2 тал гэрээ байгуулан ажиллах нь зүйтэй гэж харилцан тохиролцож дуусгавар болгосон ба цаашид дахин гэрээ байгуулахгүйгээр 2010 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа болно. Уг хөрөнгө оруулалтын мөнгийг "Жемнэт" ХХК, уг компанийн цорын ганц үүсгэн байгуулагч Ц.Цэрэнпунцаг төлж, гэрээний 6.1 дэх заалтанд энэ гэрээнд тусгагдаагүй зүйлийг Монгол Улсын Компанийн тухай хуулийн дагуу дүрэмд тусгаж мөрдөнө гэж тохиролцсон, дээрх гэрээ 2 компанийн хоорондын хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг зохицуулсан болох нь мөн санхүүгийн баримтаар тогтоогдоно.

2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 12/18 тоот гэрээ, 2015 оны 06 дугаар сарын 01-ны өдрийн ЖН15/020 тоот гэрээнүүдийг байгуулах үед "Жемнэт" ХХК-аас С.Дэлгэрсайхан болон Ц.Батэрдэнэ нар "Сансар интернэт" ХХК-аас П.Баянбилэг, С.Энхбадрал нар тус тусын компанийн захирлын тушаалаар хөдөлмөрийн гэрээгээр гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж байсан ба ажлын байрны тодорхойлолтоор компанийг төлөөлөн гэрээ хэлцэл байгуулах эрх олгогдоогүй байсан. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3, 83.6, 83.7, 83.8, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.5 дахь хэсэгт зааснаар тухайн үед дээрхи албан тушаалтнуудад тус тусын компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх үүсээгүй, хувьцаа эзэмшигчтэй байгуулсан гэрээ байхгүй тусгайлан олгосон эрх хэмжээний хүрээнд гэрээ хэлцэл байгуулах компанийг төлөөлөх эрх олгогдоогүй байсан нь нэхэмжлэгчийн хариу тайлбар, компанийн гэрчилгээ, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтууд, Оюуны өмч Улсын бүртгэлийн Газрын лавлагаа зэрэг нотлох баримтаар тогтоогдсон болно. Өөрөөр хэлбэл дээрх гэрээнүүдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий үүсгэн байгуулагч болон ерөнхий захирлын бичгээр олгосон зөвшөөрөлгүйгээр гэрээ байгуулж, тамга тэмдгээр баталгаажуулсан. Нэхэмжлэгч "Жемнэт" ХХК нь С.Дэлгэрсайхан гүйцэтгэх захирлыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй гэдгээ нотолж чадаагүй болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйлийн 40.4-т зааснаар 2016 онд "Жемнэт" ХХК-ийг С.Дэлгэрсайхан итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй байсныг тогтоосон шүүхийн шийдвэр хавтас хэрэгт байгаа болно.

Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, 68.3-т заасан зөвшөөрөл олгогдоогүй байна. Хуульд зааснаар 14 хоногт олгогдох, хэрэв олгогдоогүй бол зөвшөөрөл олгохоос татгалзсан гэж үзэх юм. Гэтэл нэхэмжлэгч "Жемнэт" ХХК нь хариуцагчаас шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасны дараа буюу хэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж байх хугацаанд С.Дэлгэрсайхан болон Ц.Батэрдэнэ нарыг Оюуны өмч Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлд шийтгэврийн хуудсаар торууль төлж 2017 оны 01 дүгээр сард бүртгүүлсэн баримтыг гаргадаг. Иймд төлөөлөх эрхийг хожим хүлээн зөвшөөрснөөр төлөөллийн талаарх итгэл үнэмшил бүрдсэн гэж үзэх үндэслэлгүй юм.

"Жемнэт" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Дэлгэрсайхан, "Сансар интернэт" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Энхбадрал нарын байгуулсан дээрх гэрээнүүд нь уг компанийн үүсгэн байгуулагч цорын ганц хувьцаа эзэмшигч Ц.Цэрэнпунцагийн үнэгүй интернэтийн урсгал нийлүүлж, хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах гэсэн хүсэл зоригийн эсрэг үл хүндэтгэсэн хэлцэл гэж үзэх үндэстэй ба энэ нь Иргэний хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хангаж, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч  Жемнэт  ХХК нь хариуцагч  Сансар интернэт  ХХК, А.Энхбатад  холбогдуулан 2010 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 10/18 тоот гэрээ, 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 12/18 тоот гэрээ, 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 15/020 тоот гэрээний дагуу нийлүүлсэн интернэт урсгалын төлбөрт 3 483 989 416 төгрөг, алдангид 1 088 322 851 төгрөг, нийт 4 572 311 997 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохыг сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Хэрэгт талуудын хооронд байгуулагдсан 2010 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн, 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн интернэтийн бөөний үйлчилгээ үзүүлэх гэрээ тус тус авагдсан бөгөөд дээрх гэрээгээр нэхэмжлэгч нь интернэтийн үйлчилгээ үзүүлэх, хариуцагч нь үнийг төлөх үүргийг хүлээсэн байна. Тодруулбал, эхний гэрээгээр нэхэмжлэгч нь 100 мб/с хурдтай интернэтийн үйлчилгээ нийлүүлэх, хариуцагч нь сард 12 000 000 төгрөг төлөх, 2 дахь гэрээгээр нэхэмжлэгч нь 400 мб/с хурдтай интернэтийн үйлчилгээ нийлүүлэх, хариуцагч нь сард 40 000 000 төгрөг төлөх, 3 дахь гэрээгээр нэхэмжлэгч нь 455 мб/с хурдтай интернэтийн үйлчилгээ нийлүүлэх, хариуцагч нь 45 500 000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх ба нэхэмжлэгч нь гэрээний зүйлийг хариуцагчид нийлүүлсэн, хариуцагч нь гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй.

Талууд 2010 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний үүргийн талаар тооцоо дуусгах тухай акт үйлдэж, нэхэмжлэгч Жемнэт ХХК нь 1 304 449 497 төгрөгийн интернэт урсгалын зардал, хариуцагч Сансар интернэт ХХК нь 3 001 054 175 төгрөгийн зар сурталчилгааны болон шугамын түрээсийн зардлаа тус тусдаа хариуцаж, харилцан нэхэмжлэхгүйгээр тохиролцсон байх тул Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5-д зааснаар дээрх гэрээний үүргийг дуусгавар болсон гэж үзнэ. /хх 218/

Шүүх хэрэгт авагдсан 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн тооцоо дуусгах тухай акт, 2010 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн хөрөнгө оруулалтын гэрээний агуулгыг үндэслэн хийсэн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн.

2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн гэрээний үүргийг 2015 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн байдлаар дүгнэж, 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулсан бөгөөд хариуцагч нь интернэтийн үйлчилгээний төлбөрт 1 560 000 000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний дотор төлж барагдуулах үүрэг хүлээсэн байна. /хх 47/

Түүнчлэн 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний дагуу төлөх төлбөрийн талаар хариуцагч Сансар интернэт ХХК нь нэхэмжлэгч Жемнэт ХХК-д 2016 оны 03 дугаар сарын 01, 2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрүүдэд бөөний урсгалын төлбөрийн үлдэгдлийг 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 1 988 000 000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд интернэтийн бөөний үйлчилгээний төлбөрт сард 20 000 000 төгрөг төлөх талаар саналыг хүргүүлсэн байна. Нэхэмжлэгч нь уг саналд хариу өгөөгүй тул түүнийг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.9 дахь хэсэгт зааснаар уг саналыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

Иймд хариуцагч нь интернэтийн бөөний үйлчилгээ үзүүлэх гэрээний төлбөрт нэхэмжлэгчид 1 988 000 000 төгрөг, гэрээ дуусгавар болсон 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны 3 сарын төлбөрт 60 000 000 төгрөг, нийт 2 048 000 000 төгрөг төлөх үүрэгтэй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

Талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн болон 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн интернэтийн бөөний үйлчилгээ үзүүлэх гэрээний хавсралт 2-т захиалагч хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд 0.3 хувийн алданги төлөх үүрэг хүлээсэн. Нэхэмжлэгч нь алдангийн нийт хэмжээг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 30 хувиас хэтрүүлэхгүй гэж тайлбарласан тул тэрээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алданид 614 400 000 төгрөг шаардах эрхтэй боловч шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дах хэсэгт зааснаар алдангийн хэмжээг 50 хувиар бууруулж 307 200 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, энэ талаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй.

Хариуцагч А.Энхбат нь Жемнэт ХХК ба Сансар интернэт ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний оролцогч биш бөгөөд тэрээр Сансар интернэт ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн хувьд гэрээнд гарын үсэг зурсан гэх үндэслэлээр түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд, талуудын хооронд хэлцэл байгуулагдах үед нэхэмжлэгч компанийг төлөөлөх эрхгүй этгээд С.Дэлгэрсайхан, Ц.Бат-Эрдэнэ нар гарын үсэг зурсан байх боловч нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирал Ц.Цэрэнпунцаг уг хэлцлийг дэмжин зөвшөөрсөн тул хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзнэ.

Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл тогтоогдоогүй, шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг буруутгах хуулийн үндэслэл тогтоогдсонгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2018/00492 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 079 950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

А.МӨНХЗУЛ