Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 486

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,

Улсын яллагч Р.Батнасан,

            Шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Я.Баатар,

            Хохирогч Х.Билгүүн,

            Гэрч Э.Мөнх-Од нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Г.Бд холбогдох эрүүгийн 1809001570210 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           

Урьд нь

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Г.Б нь 2017 оны 12 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гацуурхан” пабын үүдэнд иргэн Х.Билгүүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ: “2017 оны 12 дугаар сарын 10-ны шөнө Билгүүн, Мөнх-Од бид 3 “Tse pub”-д орж 1 шил архи уусан. Тэрнээс гараад “Гацуурхан” пабад нэг, нэг пиво уусан. Тэгээд 00-руу орчихоод гараад ирэхэд Мөнх-Од, Билгүүн 2 маргалдаад заамдалдчихсан зогсож байсан. Тэгээд салгаад Билгүүнийг аваад гарсан. Гадаа байж байтал Билгүүн надаас “яагаад гоожуур байсан хүнийг өмөөрөөд байгаа юм бэ” гээд намайг 2 удаа мөргөсөн. 2 дахь удаагаа мөргөхөд нь миний уур хүрээд баруун гараараа 1 удаа цохисон. Тэгээд цаашаа юу болсныг сайн санахгүй байгаа. Хэргийн зүйлчлэл дээр маргах зүйл байхгүй. 607.000 төгрөгийг Билгүүний ээжид нь өгсөн. Хохирогчтой 2 удаа уулзаж уучлал гуйсан” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.Билгүүн мэдүүлэхдээ: “2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн орой 9 цагийн үед хүүхдийн урлангийн тоглоомын төвд тоглож байгаад Бат-Эрдэнэтэй чатласан. Тэгээд тоглоомоо орхиж гараад “Tse pub”-д ороод 2 шил 0.75 грамм архи, 3 литр пиво уусан. Мөнх-Од өөдөөс хараад зогсож байсан. Тэгээд бид 2 нэг, нэг удаа цохилцоод байж байтал Бат-Эрдэнэ салгасан. Тэгээд хамт гарсан. Гадаа Мөнх-Одтой яриад зогсож байгаад эргэж хараад намайг цохисон. Тэгээд гэмтэл дээр шөнийн 2 цагт очсон. Хамрандаа 2 оёдол тавиулсан. Тэгээд ээж ирээд авсан. Болсон үйл явлын тухайн хамгийн түрүүнд ээждээ хэлсэн. Тухайн өдрийн үйл явдлыг бүрэн санахгүй байна. Мөнх-Одтой цэргийн талаар ярьж эхэлтэл намайг чи оргосон биз дээ гэж хэлсэн. Тэгээд би уурлаад чи гоожуур байсан биз дээ гэж хэлсэн. Сорви арилгахын тулд яг хэдэн төгрөг болохыг нь мэдэхгүй байна. Намайг хоёулаа нийлж зодсон. Сүүлд бодсон чинь Мөнх-Од намайг цохисон юм шиг байсан. Мөнх-Од миний хаана, хэдэн удаа цохисныг сайн мэдэхгүй байна. Гадаа хоёулаа нийлээд миний толгой дээр тамхи татаад зогсож байсан.  507.000 төгрөгийн хагалгааны баримт байгаа. Өөр гаргаж өгөх баримт байхгүй.  Нүүрний сорвио эмчлүүлмээр байна. Одоо бодоод байхад Мөнх-Од арын хаалгаар гарсан юм шиг байна, анх удаа уг пабад орж үзэж байна гэж хэлж байсан. Гомдолтой байна.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Э.Мөнх-Од мэдүүлэхдээ: “Билгүүнээс утсаа нэхэхэд өгөхгүй байсан. Намайг явуулахгүй байсан. Намайг ширээ давж ирээд цохисон. Тэгээд текэн дээр байсан эгч салгасан. Би цэргийн албанаас ар гэрийн шалтгаанаас болж 6 сар болоод халагдсан. Тэгээд намайг дээрэлхсэн. Намайг сууж байхад гараараа нүүр рүү нэг удаа цохисон. Би босоод цээж хэсэг рүү нь түлхсэн. Тэгтэл бармен салгасан. Маргаан болсоны дараа буланд нуугдаж сууж байгаад пабын эгч арын хаалгаар гаргасан. Тэгээд таксинд суугаад харьсан. Намайг пабаас гаргахаас өмнө Билгүүн, Бат-Эрдэнэ нар гараад явчихсан байсан. Тухайн үеийн үйл явдлыг ер нь санаж байна. Би Билгүүнийг цохиогүй. Зүгээр түлхсэн. Бат-Эрдэнэ бид 2 ярилцаад хохирлыг мөнгийг хувааж төлөхөөр болсон. Би 220.000 төгрөг өгсөн.” гэв.

 Улсын яллагч: Шүүгдэгчийн гэм бурууг нотлох байр суурьтай оролцож, хавтаст хэргийн 14, 72 дугаар хуудсанд хохирогч Х.Билгүүний мэдүүлэг, 12, 53 дугаар хуудсанд гэрч Мөнх-Одын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн

судлав. 

Хохирогч: Тусгайлан шинжлэн судлах нотлох баримт байхгүй гэв.

     Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Баатар: Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож, хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судлах нотлох баримт байхгүй гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:      

            НЭГ: Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Г.Б нь 2017 оны 12 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гацуурхан” пабын үүдэнд иргэн Х.Билгүүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь,

хохирогч Х.Билгүүний “...2017 оны 12 сарын 10-нд ...01 цагийн үед                ...Бат-Эрдэнэ гэнэт намайг цохиж унагаагаад өшиглөсөн. ...Бат-Эрдэнэ миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон, тэгээд газар унангуут хөлөөрөө нүүр рүү өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/,

Шинжээчийн 101 дугаартай дүгнэлт: “...Х.Билгүүний биед гайморовын хөндийн урд ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний ухархайн доод хана, хамрын зүүн хажуу ханын зөрүүтэй хугарал, хамрын таславчийн хугарал, тархи доргилт, хамрын нуруу, зүүн чих, зүүн доод зовхины шарх, хамрын нуруу, цох, зүүн хацар, шанаа, баруун хацарт зулгаралт, зүүн чамархай, зүүн нүдний алим, баруун зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.  ... гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна,...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/,

Яллагдагч Г.Б-ийн: “...2017 оны 12 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө ... Билгүүн чи гоожуур байсан хүнийг хамгаалаад байгаа юм уу гээд над руу дайраад намайг 2 удаа мөргөсөн. Дахиад мөргөхөөр нь би нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цугларсан болон талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалган тодруулж, Г.Бийн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1

дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Г.Б, болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс улсын яллагчаас ялласан гэм буруугийн дүгнэлт, хэргийн зүйлчлэлтэй маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Харин хохирогч Х.Билгүүн нь гэрч Э.Мөнх-Од бас намайг зодсон гэх мэдүүлэг өгсөн байх ба хохирогчийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “...Бат-Эрдэнэтэй хэрэлдээд байх шиг байсан. Нэг мэдэхэд газар уначихсан байсан. Бат-Эрдэнэ намайг өшиглөж байсан. ...Таныг зодуулж байх үед таны дэргэд хэн байсан бэ гэсэн мөрдөгчийн асуултанд хэн байсныг санахгүй байна” гэх мэдүүлэг,

2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн “...Бат-Эрдэнэ миний нүүр лүү гараараа нэг удаа цохьсон, тэгээд унангуут хөлөөрөө нүүр лүү өшиглөсөн, хэдэн удааг мэдэхгүй. Би тасарсан, согтуу байсан болохоор мэдэхгүй байна. Ямар ч л гэж Бат-Эрдэнэ миний нүүр лүү өшиглөсөн гэдгийг санаж байна...” гэх мэдүүлэг, шүүх хуралдаанд “...Сүүлд бодсон чинь Мөнх-Од намайг цохисон юм шиг байсан.      Мөнх-Од миний хаана, хэдэн удаа цохисныг сайн мэдэхгүй байна. Бат-Эрдэнийн цохиж өшиглөснийг санаж байна. Гадаа хоёулаа нийлээд миний толгой дээр тамхи татаад зогсож байсан...” зэрэг нотлох баримтаар үгүйсгэгдэж байх ба хохирогч тухайн цаг хугацаанд шүүгдэгч Бат-Эрдэнийн гэмтэл учруулсан үйлдлийг санаж байгаа, Мөнх-Од намайг цохисон юм шиг байсан. Хоёулаа нийлээд миний толгой дээр тамхи татаад зогсож байсан болохоор нь хоёулаа намайг зодсон гэж бодсон зэрэг таамаглаж мэдүүлсэн нь нотлох баримтын ач холбогдолгүй гэж шүүх үзлээ.

Хохирогч Х.Билгүүнд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол нийт 607.000 төгрөг төлөгдсөн байх ба хохирогчоос шүүх хуралдаанд шинээр гаргаж өгөх хохирлын баримт байхгүй, нүүрний сорвио арилгуулах хүсэлт гаргасан зэргийг харгалзан цаашид гарах зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

            ХОЁР: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Улсын яллагчаас: “…Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах…” гэсэн саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Миний үйлчлүүлэгчийг нэгэнт гэм буруутайд тооцлоо. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн. Мөн шүүгдэгч ажилгүй байгаа учир 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял болгон хөнгөрүүлж өгнө үү …” гэх хүсэлтийг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгч Г.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “анх удаа гэмт хэрэг үйлдсэн,” 1.2-д “...учруулсан хохирлыг төлсөн...” зэргийг хөнгөрүүлэх нөхцөл

байдалд тооцож,  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх”-ээр хуульчлагдсан байна.

Шүүх шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

ГУРАВ: Бусад асуудлаар.

Эрүүгийн 1809001570210 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Г.Б-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Бийг 350 /гурван зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тайлбарласугай.

4. Хохирогч Х.Билгүүн нь эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой цаашид гарах зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

            6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ИДЭР