Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 2025/ДШМ/60

 

 

 

 

 

  2025         09           19                                               2025/ДШМ/60

 

Д.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, шүүгч Н.Болормаа, ерөнхий шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд;

Прокурор Ц.Цэрэндулам,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Т /цахимаар/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т/цахимаар/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Т өмгөөлөгч Б.Х /цахимаар/ 

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.З,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Одтуяа нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж хийсэн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/146 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч, прокурор Ц.Цэрэндуламын эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Хн гомдолд үндэслэн шүүгдэгч Д.Бт холбогдох  дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Цагаатгагдсан этгээдийн биеийн байцаалт:

..........................................Д.Б

2.Холбогдсон хэргийн товч агуулга:

Д.Б.нь 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр .............. багийн нутаг дэвсгэрт авто зам 1 дээр ............ загварын .............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа зайлшгүй зогсолт хийж, замын зорчих хэсэгт зогсон улмаар МУ-ын Замын Хөдөлгөөний дүрмийн 9.5 дугаар зүйл дэх “Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна” гэснийг зөрчин, түмбэ гэх зүйлийг зам дээр байрлуулсны улмаас М.Т.н жолоодон явсан .......... загварын ...........улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Д.Б....н .......... загварын .........улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, М.Т., Г.Г. нарын буюу 2 хүний амь насыг хохироож, А.С..н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

3.Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Д.Б...г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

4.Анхан шатны шүүх: “...Эрүүгийн хуулийн 27.10 дугаар 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б. овогт Д.Б.г цагаатгаж,

Цагаатгасан этгээд Д.Б.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын хохиролтой холбоотой нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэргийн шүүхэд хандах эрх нээлттэй болохыг дурдаж,

Цагаатгагдсан этгээд Д.Б. нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хавсаргасан эд мөрийн баримт үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч цагаатгах тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

5.Прокурор Ц.Цэрэндулам эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.Б.г зайлшгүй зогсолт хийсэн, зайлшгүй зогсолт хийснийхээ дараа түмбэ гэх зүйлийг байршуулж тавьсныг осол гарсны дараа бусад оролцогч нарт анхааруулах тэмдэг тавьсан гэдэг байдлаар дүгнэсэн байсан.

Гэтэл Хөдөлгөөний дүрмийн хавсралтад ослын зогсолтын тэмдэг нь улаан хүрээтэй цагаан өнгийг дэвсгэртэй буюу тэнцүү талын гурвалжин, нэг талын урт нь 400 мм-ээс багагүй, хүрээний өргөн нь гурвалжингийн талын 1*10-тай тэнцүү бөгөөд босоо байрлалд тавих суурьтай байна. Гурвалжингийн дотор талд анхааруулах тэмдэг дүрс байж болно. Энэ тэмдгийг замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсгээс 9.6 дахь хэсэгт заасны дагуу хэрэглэнэ гэж ослын зогсолтын тэмдгийг тодорхойлсон байна. Ослын зогсолтын тэмдгийг замын хөдөлгөөний дүрмийн 9.4-9.6-д заасан тохиолдолд хэрэглэнэ.

“Цагаан шонхрын жигүүр” НҮТББ-ын шинжээч нарын дүгнэлтээр энэ гэмт хэрэг нь замын хөдөлгөөний дүрмийн 9.5 дахь хэсэгт заасан ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна гэж заасан. Түмбэ гэдэг зүйл нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр харагдаж байна. Тухайн түмбэ гэж байршуулсан зүйл нь ослын зогсолтын тэмдгийг орлохгүй.

Хэргийн газрын гэрэл зургийн үзүүлэлтээр ослын улмаас тоормосны мөр огт байдаггүй. Гэтэл хэргийн газрын үзлэг болон гэрэл зургийн үзүүлэлтээр араас ирж явсан тээврийн хэрэгслийн тоормосны мөр огт байхгүй. .......... маркийн тээврийн хэрэгслийн зүүн талын хойд талыг шууд мөргөж араас нь орсон нөхцөл байдал харагддаг. Түмбэ гэж зүйлийг байршуулсан уу, үгүй юу гэдгийг зөвхөн Б.р өөрөө хэлдэг. Би үүнийг байршуулсан гэхдээ 20 алхаад байршуулсан гэж мэдүүлсэн. Нэгдүгээрт ослын зогсолтын тэмдгийг орлох зүйл гэж байхгүй. ...Хоёрдугаарт  20 алхаад тавьсан болбол энэ нь өөрөө суурин газрын замд 30 м-ээс багагүй зайд байршуулах гэсэн дүрмийн заалтын зөрчсөн байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь өөрөө жолооч, Замын хөдөлгөөний дүрэм, хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас уг гэмт хэрэг нь болгоомжгүй үйлдлээр үйлдэгдсэн гэж тодорхойлсон. Б.Б.р Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан “Цагаан шонхрын жигүүр” НҮТББ-ын 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2467 дүгнэлтээр тогтоосон байхад үүнийг няцаасан зүйл хийхгүйгээр түмбэ гэж зүйлийг байршуулсан нь өөрөө ирж яваа жолооч нарт аюулын анхааруулсан гэх мэтээр дүгнэж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Цагаатгах тогтоолд уг ослыг болох үед “цэлмэг” байсан мэтээр дүгнэсэн байсан. “цэлмэг” гэдэг зүйлийг яаж дүгнэсэн бэ гэхээр хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэлийн хажуу талд дугуйлсан байдлаар “цэлмэг” байсан гэж шүүгч дүгнэсэн байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэсэн агуулгаар эсэргүүцэл бичив” гэв.

6.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Х.давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...амь хохирогч Т.ын хууль ёсны төлөөлөгч М.Т.н өмгөөлөгчөөр оролцож байна. Анхан шатны шүүхийн цагаатгасан тогтоолыг 2 үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгдүгээрт хэрэгт авагдсан “Цагаан шонхрын жигүүр” НҮТББ-ын замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2467 дугаартай шинжээчийн дүгнэлт, мөн Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 02097 дугаартай дүгнэлтийг үндэслээгүй байсан. Өөрөөр хэлбэл прокурорын дурдсан Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн нь тодорхой болсон байхад үүнийг авч хэлэлцээгүй байна. Хоёрдугаарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, үйлдэл эс үйлдэхүйн улмаас хохирол хор уршиг учруулсан нь шалтгаант холбоотой байдагт хууль зүйн дүгнэлт гаргаагүйд гомдолтой байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлж өгнө үү”  гэв.

7.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Т.шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Согтууруулах ундаа хэрэглэсэн гэж яриад байна. Үүнийг эсэргүүцэж байна. Анхааруулах тэмдэг тавьсан гэж яриад байна. Энэ тэмдэг нь анхнаасаа байгаагүй юм байна лээ. Архи уугаагүй гэдгийг яаж мэдэж байна вэ гэхээр би Даланжаргалан сумын эмнэлэг дээр ягаан, цагаан эсийг гаргаж, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэж гарсан. Үүнийг архи уусан гэж яриад байна. Хамгийн анх байцаалт авсан Б. гэх залуу байгаа. Тэр байцаагч хамгийн анх будлианыг гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч эсэргүүцэж байна” гэв.

8.Шүүгдэгчийн өмгөөлөгч А.З.р шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангасан, хэрэгт авагдсан баримтаар хангагдсан гэж үзэж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасны дагуу яллагдагч, шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гарсан гэж үзэж байна. Нэгдүгээр үндэслэл нь .... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь зайлшгүй зогсолт хийсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр болон мэтгэлцээний үеэр тогтоогдсон. Талууд тээврийн хэрэгсэл зайлшгүй зогсолт маргасан тэмцсэн зүйл байдаггүй.

Б.Б.н жолоодож явсан .... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.2.14 дэх хэсэгт зааснаар зайлшгүй зогсолт гэж техникийн эвдрэл, зам дээр бий болсны улмаас хөдлөх боломжгүй нөхцөл байдлыг ойлгоно гэж заасны дагуу зайлшгүй зогсолт хийсэн байсан. Б.Б.н зүгээс зайлшгүй зогсолт хийсэнтэй холбогдуулан тайлбартаа тухайн тээврийн хэрэгслийн аваарын гэрэл болон гэрэл гэрэлтүүлэг бүрэн ажиллагаатай байсан гэдэн энэ нь гэрэл зургийн үзүүлэлтээр тогтоогдож байна. Мөн зам дээр байсан түмбэ гэдэг зүйлийг байршуулсан. Түмбийг байршуулсан болох нь хэргийн газрын үзлэг болон гэрэл зургийн үзүүлэлтээр тогтоогдож байна. 

Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.2.26 дахь хэсэгт “саадыг тойрон гарах” гэж тухайн эгнээгээр хөдөлгөөн хэвийн үргэлжлэх боломжийг хязгаарласан хөдөлгөөнгүй биет зүйл зам тээврийн ослын улмаас зогссон буюу түр ба удаан, эсхүл зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгсэл, мөн зорчих хэсгийн нүх, эвдрэл, гэмтэл, хашсан хэсэг болон зорчих хэсэг дээр тавьсан, унасан эд зүйл гэх мэтийг тээврийн хэрэгслээр тойрон гарах үйлдлийг ойлгоно” гэж заасан. Зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд үүнийг саад гэж үзнэ. Саад гэж үзсэнтэй холбоотойгоор нийтлэг эрх, үүрэг нь саадыг тойрон гарах нь жолооч нарын өөрсдийнх нь үүрэг байдаг.

Энэ тохиолдолд тухайн амь хохирогчийн жолоодож явсан тээврийн хэрэгсэл уг саадыг тойрон гарах үйлдэл хийсэн үү гэсэн асуудал яригдана. Учир нь нэг талдаа зайлшгүй зогсолт хийсэн, нөгөө талаас саадыг тойрон гарах үйлдэл хийх ёстой. Прокурорын тайлбарт гэрэл зургийн үзүүлэлт болон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлээр тухайн араас нь мөргөсөн тээврийн хэрэгсэл нь зүүн хойд талаас буюу чанх хойд талаас мөргөсөн байдаг. Б.Б.н жолоодож явсан ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь зайлшгүй зогсолт хийж, тээврийн хэрэгсэл нь хөдлөх боломжгүй болж, тухайн зам дээр зогсолт хийсэн байдаг. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар авч үзэхэд араас нь мөргөсөн тээврийн хэрэгсэл саадыг тойрон гарах үйлдлийг хийх үүрэгтэй байсан.

Энэ үүргээ биелүүлсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, араас нь ирж мөргөсөн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нөхцөл байдлаас тогтоогдож байгаа. “...ослын зогсолтын тэмдгийг ямар байдлаар хэзээ хэрэглэх вэ гэдэг дүрмийг зайлшгүй хэрэглэнэ. Түмбэ, ослын зогсолтын тэмдэг аль аль нь анхааруулах зорилготой. Практик байдал буюу бодит байдалд Улаанбаатар хот руу явж байгаад замын эвдрэл гэмтэлтэй холбоотой ч юм уу түмбэ байршуулсан байсан. Бид нар бүгдээрээ жолооч учраас түмбэ байршуулсан тохиолдолд урд ямар нэгэн саад байгаа юм байна. Саад, нүх байгаа юм байна, аваар гарсан юм байна гэж ойлгодог. Замын цагдаа нар өөрсдөө ослын газарт ажиллахдаа тухайн осолд өртсөн тээврийн хэрэгслийн урд, хойд хэсэгт түмбэ байршуулсан байдаг. Ослын зогсолтыг мөн анхааруулах зорилгоор хэрэглэдэг.

Энэ утгаараа Б.Б.н гаргасан үйлдэл нь тухайн замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслүүдэд анхааруулах зорилготойгоор үүнийг байршуулсан, энэ зорилгодоо хүрсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Б.Б.г буруутгахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний 9.5 дугаар зүйл буюу хэм хэмжээний актыг зөрчсөн гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл суурин газрын гаднах замд 30 метрээс хол байршуулах байтал 20 метрт байрлуулснаас болж гэмт хэрэг гарсан гэж үзсэн. Замын хөдөлгөөний 9.5 дугаар зүйлд “ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор байршуулдаг. Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 9.4 дэх хэсэгт ослын зогсолтын тэмдгийн байршуулах 2 тохиолдлыг зааж өгсөн.

Үүнд зам тээврийн ослын үед, мөн түр зогсох хориотой газарт зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгсэл нь ойртон ирж яваа бусад жолооч нарт харагдахааргүй тохиолдол гэж хуульчилсан. Замын хөдөлгөөний 9.4а-д заасан ослын зогсолтын тэмдгийг байршуулах заалт байхгүй. 9.4б-д заасан түр зогсох хориотой газарт зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгсэл нь ойртон ирж яваа бусад жолооч нарт харагдахааргүй тохиолдолд гэж заасан.

Прокурорын Замын хөдөлгөөний дүрмийн 9.4б заалт буюу ослын зогсолтын 2 дахь заалтад хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Мөн “.Ц.Ш.Ж” НҮТББ-ын шинжээчийн дүгнэлтээр энэ талаар тусгагдаагүй байдаг. Энэ тэмдэглэгээнд “цэлмэг” байсан гэж тэмдэглэсэн учраас бид нар “цэлмэг” байсан гэж ойлгоно. Хэргийн талаарх дуудлага мэдээллийг 18 цаг 35 минутад өгсөн, хэргийн газарт 22 цаг 16 минутад очиж үзлэг хийсэн гэж прокурор хэлж байна. 18 цаг 45 минут нь тас харанхуй үе биш.  Өмгөөлөгчийн зүгээс Замын хөдөлгөөний дүрмийн 9.4-д заасны дагуу ослын зогсолтын тэмдгийг заавал тавих үүрэг Б.Болдбаатарт үүсээгүй гэсэн дүгнэлтийг хийж оролцсон ба хэрэв замын хөдөлгөөний дүрмийн 1.2.41 дэх хэсэгт “үзэгдэлт хангалтгүй нөхцөл” гэж байгалийн үзэгдэл (цас, бороо, манан, шуурга гэх мэт) болон замд утаа, тоос боссоноос буюу бүрэнхий үед 300 м-ийн дотор зам харагдахгүй болсон нөхцөлийг”, 1.2.42 дахь хэсэгт “үзэгдэлт хязгаарлагдмал нөхцөл” гэж байгалийн тогтоц, газрын тэгш бус байдал, замын нугачаа, инженерийн болон ногоон байгууламж, барилга, объект, түүнчлэн тээврийн хэрэгсэлд замын дагуух үзэгдэх орчин халхлагдсан байдлыг ойлгоно гэж заасан.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэж заасан. Энэ нь шүүхийн эрх бөгөөд харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь шалгасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Мөн зүйлийн 2 дахь хэсэгт хэргийн бодит байдлыг нотлохыг тулд мөрдөгч, прокурор хуульд заасан арга хэмжээ авч, яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж заасан. Хэргийн бодит байдлыг тогтоох гэдэг асуудал нь прокурор, мөрдөгчийн хувьд хуульд заасан бүх ажиллагааг хийх нь мөрдөгч, прокурорын үүрэг юм. “...анхан шатны шүүх хуралдаанд мэтгэлцээний үндсэн дээр шүүх өөрийн дотоод итгэлээр хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эргэлзээгүйгээр тогтоогдож байна гэсэн бодит байдалд үнэлэлт хийсэн.

“Ц.ш.ж.” НҮТББ-ын шинжээчийн дүгнэлтийг шүүх заавал үнэлэх үүрэгтэй биш. Уг шинжээчийн дүгнэлт нь шүүхийн шийдвэр биш. Шүүхийн шийдвэр гарах хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцохгүй. Гэм буруутай эсэхийг зөвхөн шүүх тогтооно. Хавтаст хэрэгт шинжээчийн дүгнэлтээр зам тээврийн осол гарсан нөхцөл шалтгаан хэний буруугаас болсон бэ гэдэгт 2 тээврийн хэрэгслийг хоёуланг нь буруутгасан. Үүнээс авч үзэхэд зам тээврийн осол гарсан нь зөвхөн Б.Б.н буруутай үйлдэл биш араас нь ирж мөргөсөн тээврийн хэрэгсэл буруутай гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байдаг. Прокурор эсэргүүцлийнхээ тайлбарт араас нь ирж мөргөсөн тээврийн хэрэгсэлд тоормосны мөр байдаггүй гэж тайлбарлаж байна. Үүнд жолооч зогсоох үйлдэл гаргаагүй гэдэг нь тогтоогдож байх ба зогсоох үйлдэл гаргаагүй бол Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх хэсгээс 12.3 дахь хэсэгт заасан дүрэм зөрчигдсөн буюу тухайн осол гарахад араас ирж мөргөсөн тээврийн хэрэгслийн жолоочийн буруутай үйлдэл байна гэж харагдаж байна. “...Тээврийн хэрэгслийг жолоодож явсан амь хохирогч хөнгөн зэргийн согтолттой, хажууд нь зорчин явсан зорчигч хүнд зэргийн согтолттой байсан. Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д жолоочид дараах зүйлийг хориглоно. 3.7а-д согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэж заасан.

....... маркийн тээврийн хэрэгслийн жолооч өөрөө Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д заасныг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан ба саад байхад тойрон гарах үйлдэл хийгээгүй, хурдаа хасах үйлдэл хийгээгүй, магадгүй хурдыг сонгож явах замын хөдөлгөөний дүрэмд заасан үйлдлийг сонгож яваагүй. “...Осол гарсан шалтгаант нөхцөл нь зөвхөн ослын зогсолтын тэмдгийг 30 метрийн зайд бус 21 метрийн зайд түмбэ гэдэг зүйлийг оруулсны улмаас гарсан уу, эсвэл мөргөсөн тээврийн хэрэгслийн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, Замын хөдөлгөөний дүрэмд заасан заалтуудыг зөрчиж хурдаа сонгож яваагүй, саадыг тойрон гараагүй үйлдлийн улмаас энэ осол гарсан уу гэдэгт шүүхээс дүгнэлт хийх ёстой талаар анхан шатны шүүх энэ үндэслэлд дүгнэлт хийж мэтгэлцээний үед тогтоосон.

Энэ хэрэгт гарсан прокурорын эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс гаргасан гомдлуудад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл тодорхой бус байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл нь хэргийн хувьд 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т заасан нөхцөл байдал үүсээгүй, тогтоогдохгүй байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй. Энэ талаар тодорхой үндэслэл зааж эсэргүүцэл гаргасан зүйл байхгүй байна. Б.н зүгээс ийм асуудал болсонд харамсаж байгаагаа анхан шатны шүүх хуралдаанд илэрхийлсэн. Өнөөдрийн шүүх хуралдаанд ар гэрийн асуудал гарсан учраас ирж чадаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд гэм буруугүйд тооцох зарчим байдаг. Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй.

Өмгөөлөгчийн зүгээс барьж мэтгэлцсэн гол зүйл нь осол гарсанд маргахгүй, ашигтай байдлаар шийдвэрлэх ёстой гэж харж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцлээ гэж бодоход анхан шатны шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүснэ. Хоёрдугаарт яг ямар ажиллагааг нөхөн гүйцэтгэж хийх ёстой байсан юм гэдэг нь гомдол болон эсэргүүцэлдээ байдаггүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

10.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Т.т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..жолоочийн хариуцлага гэдэг зүйл байх ёстой биз дээ. Хоёр хариуцлагагүй жолоочийн буруугаас болоод манай нөхрийн амь нас хохирсон. Үүнийг яаж шийдвэрлэх вэ. Манай нөхөр зүгээр ажлаа хийж явж байгаад ийм байдалд хүрсэн. Би гомдолтой байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхээс прокурор Ц.Цэрэндуламын эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Хишгээгийн гомдол зэрэгт тус тус үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцэл, хохирогч талын гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1.Анхан шатны шүүхээс гаргасан цагаатгах тогтоол хууль зүйн үндэслэлтэй.

2.Хэрэгт авагдсан баримтуудаар 2023 оны 10 дугаар сарын 28-ны 18 цагийн орчимд шүүгдэгч Д.Б.р ...........  улсын дугаартай тээврийн хэрэгслийг Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 4-р багийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрдөг автозамд жолоодон явж байх үед тээврийн хэрэгслийн кропны перда диск элэгдэж хөдлөхөө больсноос зам дээр зайлшгүй зогсолт болж автомашин зогссон үед анхааруулах тэмдэг болгож “түмбэ” гэх зүйлийг ойртон ирэх автомашинд анхааруулах байдлаар байрлуулж машинаа янзлах гээд жолооч машин доогуур орсон үед ......... загварын .......... улсын дугаартай автомашиныг жолоодон явсан ........ зогссон автомашины араас мөргөсний улмаас М.Т..р, Г.Г.. нарын амь нас хохирсон, ..... автомашины зорчигч А.С...н эрүүл мэндэд баруун эгэм ясны хугарал, баруун шуу, богтос ясны хугарал, зүүн 2,3,5,6,10,11-р хавирганы хугарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан үйл баримт болсон.

Үйл баримтад холбогдуулж Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Д..с шүүгдэгч Б.Б..г МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 9.5 дугаар зүйлийн ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс, суурин гаднах замд 30м-ээс, тууш замд 50м-ээс багагүй зайд байршуулна” гэснийг зөрчсөний улмаас 2 хүний амь насыг хохироосон, 1 эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

3.Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд “ ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч М.Т.р нь осолд орох үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн ба түүний цусанд 0,6 промилл спирт буюу согтолтын хөнгөн зэрэг илэрсэн нь жолооч М.Т. нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а-д заасан “жолооч ...согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг ... хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэж шинжээч дүгнэсэн нь ....... автомашины жолооч осол гарах үед нөхцөл байдлыг урьдчилан харах, тооцоолох боломжтой байсан, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй гэж үзэх боломжтой” гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан.

4.Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Цэрэндулам, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Т.н өмгөөлөгч Б.Х. нараас “ ... анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлгүй гарсан гэсэн үндэслэлээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх” гэсэн агуулга бүхий үндэслэлээр эсэргүүцэл, гомдлыг гаргасан.

5.Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхээс гаргасан цагаатгах тогтоолын дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн.

Осол болсон шалтгаан нөхцөлийн талаар хэрэгт дараах шинжээчийн дүгнэлтүүд авагдсан. Үүнд:

Дорноговь аймаг дахь Политехник коллежийн автомашины засварын багш Г.Г.н дүгнэлтээр: - “….......... маркийн тээврийн хэрэгслийн зүгээс осолд нөлөөлөх зүйл байгаагүй” гэж /1хх 104-106/

-“…......... дугаартай ногоон өнгийн ........... загварын автосмосмолны толгойн баруун гар талын хойд дугуй давхар хагарсан, кропны перда диск элэгдэж хөдөлгөөнийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болж зогссон байна, чиргүүлд осолд нөлөөлөх зүйл байгаагүй”  /1хх 110-112/ гэж,

ШУТИС-ийн Механик, тээврийн сургуулийн техникийн шинжээчдийн дүгнэлтээр -“........... улсын дугаартай ...... маркийн автомашины жолооч М.Т. нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а” заалт буюу “жолоочид … согтууруулах ундаа … хэрэглэсэн …үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг … хориглоно” гэснийг зөрчсөн нь осол болох шалтгаан нөхцөл болсон /1хх 120-121/гэж,

“…......... улсын дугаартай ........ маркийн тээврийн хэрэгслийн жолооч Д.Б. нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 14.10-р заалт буюу “хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн жолооч тухайн хэсгийг аль болох нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн нь осол болох шалтгаан нөхцөл болсон” гэж /1хх 123-124/,

“Ц. Ш. Ж.” НҮТББ Замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн дүгнэлтээр ...... загварын ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийн зогссон үйлдэл нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.14 дүгээр зүйл дэх “...зайлшгүй зогсолт гэж жолооч, зорчигчийн биеийн байдал, тээж яваа ачаа, байгалийн үзэгдлийн улмаас аюул учирч болзошгүй үед, мөн техникийн эвдрэл, зам дээр саад бий болсноос шалтгаалан тээврийн хөдөлгөөнийг зогсоосон үйлдлийг” гэж заасантай нийцэж байх тул уг үйлдлийг зайлшгүй зогсолт мөн гэж үзэж байна.

........ загварын ........... улсын дугаартай тээврийн хэрэгслийг засвар үйлчилгээ хийлгэхгүйгээр, бусдын тусламжийг авалгүйгээр зорчих хэсгээс чөлөөлөх боломжгүй байсан гэж үзэж байна.

-зогсож байсан .......... загварын ......... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь зам, зорчих хэсэг дээрх саад мөн гэж үзэж байна.

-.......... маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй.

-.......... загварын ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Б. /хэргийн материал дахь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд ...тээврийн хэрэгслээс хойш 21 метрийн зайд улаан өнгийн дээр цацруулагчтай түмбэ байрлуулсан байв...гэж тусгагдсан/ зорчих хэсэг дээр түмбэ байрлуулсан нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 9.5 дугаар зүйл дэх “Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15м-ээс, суурин газрын гаднах замд 30м-ээс, тууш замд 50м-ээс багагүй зайд байрлуулна” гэсэн заалтыг зөрчсөн байх бөгөөд дээр түмбэ гэх зүйл нь “Ослын зогсолтын тэмдэг” /адил хажуут улаан өнгийн цацруулагчтай  гурвалжин/ гэсэн шаардлагыг хангахгүй /1хх 152-155/ гэж тус тус шинжээч нар ослын талаар дүгнэсэн.

-шүүгдэгч Д.Б... “... ойролцоогоор чиргүүл, толгой нийлсэн 100 гаруй тонн шороо ачсан, тухайн үедээ пүүлээгүй ......сумын “Т.д” нэртэй жонш баяжуулах үйлдвэр лүү тээвэр хийсэн ба олон овоогийн уурхайгаас өдөр 15 цагийн үед гараад МАК-ын зүүн талаар яваад төмөр замын призерээр гараад босоо тэнхлэгийн засмал замд нийлээд урагшаа ....... чиглэлд явж байхад сумын төв орохын өмнө 18 цагийн орчимд автомашин маань гэнэт таг таг чимээ гараад эгнээндээ зогссон, буугаад харахад буруу талын хойд 2 дугуй давхраараа хагарсан байсан, тэгээд ... аваараа татаад хөдлөөд замаа чөлөөлөх гэтэл араа хий эргээд хааз аваад урагшаа хөдлөхгүй байхаар нь автомашины хойно зам дээр ослын цацруулагчтай улбар шар өнгийн тэмдгийг 40 алхам зайд тавиад, машинаа унтраалгүй ... данхраадаад, дахин нэг жижиг данхраатаар данхраадаад машин доогуур хэвтэж байтал тар няр гээд чиргүүлийн араас машин мөргөсөн” гэж гэрчээр болон шүүхийн хэлэлцүүлэгт үйл баримтын талаар мэдүүлсэн.

-Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр “ ............. улсын дугаартай тээврийн хэрэгслээс хойш 21м-ийн зайд улаан ангийн дээрээ цацруулагчтай жижиг түмбэ байрлуулсан байв, уг түмбэ байгаа газраас А цэг хүртэл ямар нэгэн тоормосны ул мөр байхгүй байв, уг замын зорчих хэсгийн өргөн нь 3 м 30 см байв” гэж /1хх 3-р хуудасны ар талд/ тэмдэглэгдсэн.

Ослын талаар харсан гэх гэрч байхгүй.

6.Хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтуудаар ......... дугаартай ногоон өнгийн ............ загварын автомашины толгойн баруун гар талын хойд дугуй давхар хагарсан, кропны перда диск элэгдэж хөдөлгөөнийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болж зогссон нь зайлшгүй зогсолт болсон, уг тээврийн хэрэгслийг засвар үйлчилгээ хийлгэхгүйгээр, бусдын тусламжийг авалгүйгээр зорчих хэсгээс чөлөөлөх боломжгүй байсан гэж шинжээч Г.Г., “Ц.ш.ж.” НҮТББ Замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн шинжээчид дүгнэсэн ба мөн шинжээчид осол болоход  ............ загварын ........ улсын дугаартай автомашин нь техникийн эвдрэлийн улмаас зайлшгүй зогсолт хийж зогссон үед шүүгдэгч Д.Б тээврийн хэрэгслээсээ 21м-ийн зайд улаан өнгийн дээрээ цацруулагчтай түмбэг байрлуулсан нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 9.5 дугаар зүйл дэх “Ослын  зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15м-ээс, суурин газрын гаднах замд 30м-ээс, тууш замд 50м-ээс багагүй зайд байрлуулна” гэснийг,

......... дугаартай ........маркийн автомашины жолооч М.Т.нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а” заалт буюу “жолоочид … согтууруулах ундаа … хэрэглэсэн …үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг … хориглоно” гэснийг тус тус зөрчсөний улмаас осол болсон гэж шинжээчид дүгнэсэн боловч анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хохирогч М.Т.н үйлдэл нь осол болоход нөлөөлсөн гол шалтгаан болсон гэж үзсэн нь үндэслэлтэй.

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд “…уг түмбэ байгаа газраас А цэг хүртэл ямар нэгэн тоормосны ул мөр байхгүй байв” гэж тэмдэглэгдсэн нөхцөл байдал нь хохирогч М..Т.г буруутгах мөн үндэслэл болсон байна гэж давж заалдах шатны шүүх үзсэн.

Өөрөөр хэлбэл: Жолооч М.Т. нь тээврийн хэрэгсэл жолоодож байхдаа 0,6 промиллийн буюу хөнгөн зэргийн согтолттой байсны улмаас саадыг тойрч гарах, замын хөдөлгөөний явцад хурдыг тохируулаагүй, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч чадаагүйгээс тоормос гишгэж автомашиныг зогсоох арга хэмжээг авч чадаагүй байна гэж үзэхээр байна.

7.Шүүгдэгч Д.Б. МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 9.5 дугаар зүйл дэх “Ослын  зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан... суурин газрын гаднах замд 30м-ээс ... багагүй зайд байрлуулна” гэснийг зөрчсөн гэсэн шинжээч нарын дүгнэлтийг анхан шатны шүүх баримтлаагүй нь үндэслэлтэй.

Тэрээр хэрэгт гэрчээр болон шүүхийн хэлэлцүүлэгт “...тээврийн хэрэгслээсээ 21м-ийн зайд улаан өнгийн дээрээ цацруулагчтай түмбэг байрлуулсан” гэж мэдүүлсэн нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр тогтоогдсон, ...... загварын ....... улсын дугаартай  автомашин асаалттай, машины арын гэрэл асаалттай байсан нь мөн гэрэл зургийн үзүүлэлтээс харагдах тул шүүгдэгчийн энэ үйлдэл нь ойртон ирж байгаа жолооч зогссон машиныг харах  боломжтой байсан гэж анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, зөв болсон.

8.Шүүгдэгч Д.Б.н буруутай үйлдлээс тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гараагүй гэж шүүх дүгнээгүй учраас .... улсын дугаартай ... маркийн машинд зорчиж явсан хохирогч М.Т., Г.Г.нарын амь нас хохирсон болон  хохирогч  А.С.н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэм хор учруулсны хохирлыг шүүгдэгч Д.Б.хариуцахгүй тул анхан шатны шүүх хохирогч нарын гэм хорын хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон нь зөв юм.

9.Эдгээр нөхцөл байдал, үндэслэлүүдээр анхан шатны шүүхээс гаргасан цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3,  39.4, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн  2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 2025/ШЦТ/146 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Х.н давж заалдсан гомдол зэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ      Д.МӨНХБҮРЭН

ШҮҮГЧ           Н.БОЛОРМАА

ШҮҮГЧ            А.САЙНТӨГС