Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 289

 

Г.Д, Н.Т нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатар, шүүгдэгч Н.Т-ын өмгөөлөгч А.Ганбат, шүүгдэгч Г.Д-ын өмгөөлөгч Ц.Алтанзаяа, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 385 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 15 дугаар магадлалтай, Н.Т, Г.Д нарт холбогдох 1902007290317 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Н.Т ын өмгөөлөгч А.Ганбатын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, эрэгтэй, 32 настай, дээд боловсролтой, марктенгийн менежер мэргэжилтэй, урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн  2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 614 дугаартай шийтгэх тогтоолоор  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 3 сар 1 хоног баривчлах ял шийтгүүлж, 2015 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, И овогт Н-н Т,

2. Монгол Улсын иргэн, 1998 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 21 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Г-ийн Д нар нь

Бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт байрлах Түшээ гүн орчимд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай 0,2 граммын жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг худалдаалах зорилгогүйгээр   31-14 *** улсын дугаартай Тоёота приус-30 маркийн автомашины ачааны тээшинд цүнхэн дотор хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “... шүүгдэгч Н.Т, Г.Д нарыг “бүлэглэн хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т ыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Г.Д ыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т т оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Д т оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т, Г.Д нарын шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан 1 хоногийг тус тус ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож” шийдвэрлэжээ.

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх “...шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Т, Г.Д нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Б.Э-н эзэмшлийн 31-14 *** улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 11.000.000 төгрөгийг гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Н.Т, Г.Д нараас хувь тэнцүүлэн 5.500.000 таван сая таван зуун мянга/ төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлого болгосугай” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Т, Г.Д нарын гэмт хэрэг уйлдэхдээ ашигласан Б.Э-н эзэмшлийн 31-14 ** улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 12.500.000 төгрөгийг гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Н.Т, Г.Д нараас хувь тэнцүүлэн 6.250.000 /зургаан сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлого болгосугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Н.Т ын өмгөөлөгч А.Ганбат гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Миний үйлчлүүлэгч Н.Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлснийг Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хуралдаад Н.Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 хэсэгт заагдсан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг. Энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн 1 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр заасан 385 тоот шийтгэх тогтоол гаргасныг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон өөрт олгогдсон эрх хэмжээнийхээ дагуу доорх үндэслэлээр “Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 02 дугаар сарын 13 ны өдөр хуралдаад миний үйлчлүүлэгч Н.Т ын ялыг анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын дагуу хэвээр нь үлдээсэн 15 тоот магадлал гаргасныг эс зөвшөөрч өөрт олгогдсон эрхийн дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйл хэсгийг удирдлага болгон Хяналтын шатны шүүхэд” гомдол гаргаж байна.

Миний үйлчлүүлэгч Н.Т нь хэдийгээр мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис болон түүний түүхий эд болох өвстэй холбоотой хэрэгт холбогдсон боловч хөнгөрүүлэн авч үзэх шалтгаанууд байна гэж үзэж байна.

Учир нь Н.Т нь уг гэмт хэрэгт холбогдсон боловч үйлдсэн гэмт хэрэгтэй дүгнэлт хийж чин санаанаасаа гэмшиж байгаа цаашид амьдралдаа бодит зорилго тавин амьдарч байгаа, найз нөхөддөө мансууруулах төрлийн өвстэй холбоотой гэмт хэргийн хор аюулын талаар байнга тайлбарлан сануулж, өөрийн нэр бүхий фэйсбүүк хуудсандаа “Хар тамхины төрлийн бодисын хор аюулын талаар тайлбарлаж залуусыг сэрэмжлүүлсэн” 30 минутын нэвтрүүлэг хийж олон нийтэд толилуулан 50.000 орчим хүнд хүртээл болгосон зэргээс харахад ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэх боломжтой байдал харагдаж байна.

Н.Т нь уг гэмт хэрэгт холбогдохдоо 0-9 насны 2 хүүхэдтэй байсан тул үр хүүхдүүдийн ирээдүйн сайн сайхны төлөө ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэх боломжтой үндэслэл харагдаж байна.

Миний үйлчлүүлэгч Н.Т ын үйлдсэн гэмт хэргийн үйлдлийг харахад “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтийн эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенц”-д заагдсан тэр онц аюултай мансууруулах бодис биш зөвхөн өвсний асуудал байсан гэдгийг дурдах нь зүйтэй.

Н.Т ын холбогдсон дээрх төрлийн гэмт хэргийн ялын бодлогын талаар 1971 оны Олон улсын гэрээнд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтийн эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенц”-д: энэхүү конвенцийн зорилго нь олон улсын хэмжээний асуудал болж байгаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлттэй холбоотой олон төрлийн асуудлыг үр өгөөжтэйгөөр шийдвэрлэх талуудын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд оршино. Талууд энэхүү конвенцийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхдээ өөрийн дотоодын хууль тогтоомжийн тогтолцооны үндсэн зарчимд нийцүүлэн хуулийн болон захиргааны шаардлагатай арга хэмжээ авна. Тал бүр санаатайгаар үйлдсэн дээрх үйлдлийг дотоодынхоо хуулийн дагуу эрүүгийн гэмт хэрэг гэж тогтоож арга хэмжээ авна.

1961 оны Конвенц, нэмэлт өөрчлөлт оруулсан уг конвенц болон 1971 оны конвенцын заалтыг зөрчиж аливаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг үйлдвэрлэх, бэлтгэх, гаргаж авах, бэлдэх, санал болгох, худалдахаар санал болгох, түгээх, худалдах, ямар ч нөхцөлөөр хамаагүй хүргэх, зуучлах, илгээх, дамжуулан өнгөрүүлж илгээх, тээвэрлэх, экспортлох, импортлох. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тогтоосон гэмт хэргийн бүрэлдэхүүн хэсгүүд болох ухамсар, санаа зорилгыг хэргийн бодит байдлаас тогтоож болно. “Талууд энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон гэмт хэрэгт холбогдсон этгээдийг яллах болон шийтгэхийн оронд шийтгэл болон ялд нэмэлт болгож эмчлэх, хүмүүжүүлэх, эмнэлгийн дараах эмчилгээ хийх, нөхөн сэргээх, эсхүл нийгмийн амьдралд эргэн оруулах арга хэмжээг хэрэгжүүлэхээр зааж болно” гэж тодорхой заажээ.

Энэхүү дээрх Олон улсын гэрээ конвенцид заасны дагуу Н.Т ын нийгэмшүүлэх байдлыг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэх хууль зүйн үндэслэл онолын хувьд харагдаж байна. Мөн анхан шатны шүүх шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 11.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх 12.500.000 төгрөг болгож нэмэгдүүлсэн нь үндэслэлгүй буюу энэ нь ял хүндрүүлэх бодлого байна.

Иймд дээрх хууль зүйн үндэслэлүүдээс харахад Н.Т ын ар гэр, хувийн зан байдлыг харгалзан 1 жил 6 сарын ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг тэнсэн харгалзах ялаар хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Д ын өмгөөлөгч Ц.Алтанзаяа хэлсэн саналдаа “... Г.Д нь төрөлхийн түнхний мултралтай, хөдөлгөөн нь хязгаарлагдмал учир ажил хийхэд хүндрэлтэй хүүхэд юм. Мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал бий. 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс хойш хоригдож, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийсэн байгаа. Иймд түүний хувийн байдлыг харгалзан тэнсэж, хугацаанаас нь өмнө суллаж өгнө үү. Мөн үнэлгээний асуудлаар зөв дүгнэлт гаргаж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор О.Мөнхбаатар гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “... Шүүгдэгч Н.Т, Г.Д нарт холбогдох хэргийг хянан хэлэлцсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хэргийн бодит байдал, үйл баримтад нийцэж үндэслэл бүхий гарсан байна. Мөн хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, үндэсний аюулгүй байдлыг харгалзан хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдоогүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Н.Т ын өмгөөлөгч А.Ганбатын гаргасан гомдлыг үндэслэн Г.Д, Н.Т нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Н.Т, Г.Д нар нь бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт байрлах Түшээ гүн орчимд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай 0,2 граммын жинтэй сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг худалдаалах зорилгогүйгээр 31-14 *** улсын дугаартай Тоёота приус-30 маркийн автомашины ачааны тээшинд цүнхэн дотор хууль бусаар хадгалсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Н.Т, Г.Д нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн тэдгээрийн үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч нарын үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилжээ.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж өөрийн эрх хэмжээний хүрээнд дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хуульд заасан төрөл, хэмжээний дотор буюу шүүгдэгч Н.Т т 1 жил 6 сар хорих ял, Г.Д т 1 жил 1 сар хорих ял онодуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Н.Т, Г.Д нарын Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2-р жагсаалтанд багтсан “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай 0,2 граммын жинтэй сэтгэцэд нөлөөт бодис /ургамал/-ыг хадгалсан Б.Э-ийн эзэмшлийн 31-14 *** улсын дугаартай “Тоёота приус-30” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээг хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн нь учир дутагдалтай дүгнэлт болжээ.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээг хэрэглэх үндэслэл тогтоогдсон тохиолдолд уг арга хэмжээг авахаар хууль тогтоогч үүрэг болгосон бөгөөд хэргийн үйл баримт, хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Н.Т, Г.Д нар нь тухайн гэмт хэргийг үйлдэхдээ учруулж болох хор уршгийн хэмжээг ихэсгэх, гэмт үйлдлээ хөнгөвчлөх зорилгоор, мөн нуувч байдлаар зориудаар тухайн тээврийн хэрэгслийг ашигласан, сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан үйл баримт тогтоогдохгүй байна.

Иймд Б.Э-гийн эзэмшлийн 31-14 *** улсын дугаартай “Тоёота приус-30” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээг шүүгдэгч Н.Т, Г.Д нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар заасан шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалт болон магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Н.Тын өмгөөлөгч А.Ганбатын “... хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхүүд тогтоол, магадлалдаа Олон улсын байгууллага болох “Нэгдсэн Үндэсний Байгууллага” гэж алдаатай бичсэн байгааг албан ёсны нэршил болох “Нэгдсэн Үндэстний Байгууллага” гэж зөв нэр томъёогоор нь хэрэглэж байвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 385 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн: “... шүүгдэгч Н.Т, Г.Д нараас хувь тэнцүүлэн 5.500.00 /таван сая таван зуун мянга/ төгрөийг тус тус гаргуулж улсын орлого болгосугай” гэсэн 6 дахь заалтыг,

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 15 дугаар магадлалын тогтоох хэсгийн: “... шүүгдэгч Н.Т, Г.Д нараас хувь тэнцүүлэн 6.250.000 /зургаан сая хоёр зуун тавин мянга/ төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгосугай” гэсэн 1 дэх заалтыг тус тус хүчингүй болгосон өөрчлөлтийг оруулж, шийтгэх тогтоол магадлалыг бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгч Н.Т ын өмгөөлөгч А.Ганбатын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

                                             ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                            ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                 Б.БАТЦЭРЭН

                                                                                                                 Ч.ХОСБАЯР

                                                                                                                 Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН