Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2018/0410

 

2018 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 221/МА2018/0410

        Улаанбаатар хот

 

 

Б.А-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгч Б.А нарыг оролцуулан, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 109/ШШ2018/0013 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, Б.А-ын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 109/ШШ2018/0013 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийн 4.2.5, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийн 30.1.15, Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.4 дэх хэсгийн 40.4.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсгийн 131.1.1 дэх заалтуудыг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.А-аас Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Б.А-ын 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлсэн үнэлгээг хууль бус болохыг тогтоож, Архангай аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б.А-ын 2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлсэн үнэлгээг хууль бус болохыг тогтоож, Архангай аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б.А-ыг ажлаас халах тухай” Б/18 дугаар захирамжийг хүчингүй болгож, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд Б.А-ыг эгүүлэн тогтоож, үлдэх 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “П.О-г ажил хавсран гүйцэтгэгчээр томилох тухай” Б/19 дүгээр сарын 07-ны өдрийн “П.О-г ажил хавсран гүйцэтгэгчээр томилох тухай” Б/19 дүгээр захирамжуудыг хүчингүй болгох, ажиллаагүй хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтрийн нөхөн бичилт хийлгэхийг аймгийн хариуцагч аймгийн Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У давж заалдах гомдолдоо: “...Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хийсэн хяналт шалгалтаар Хүүхдийн 9 дүгээр цэцэрлэг нь “дунд эрсдэлтэй” гэж дүгнэгдсэн бөгөөд энэ талаар эрх бүхий байгууллагаас аймгийн Засаг даргад ирүүлсэн дүгнэлтийг үндэслэн Б.А-д 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/85 дугаар захирамжаар “Сануулах” сахилгын шийтгэл ногдуулсан. Уг захирамжид өнөөдрийг хүртэл гомдол гаргаагүй бөгөөд үүнийг шүүх хуралдааны явцад хэлсэн бөгөөд тэмдэглэлд тусгагдсан байгаа болно.

Аймгийн Засаг даргаас 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нартай 2017 онд хамтран ажиллах талаар байгуулсан гэрээний биелэлтийг дүгнэж үнэлгээг ирүүлэх тухай А/593 дугаар захирамжийг гаргасан.

Уг захирамжийн хэрэгжилтийг хангуулахаар аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргаас ажлын хэсэг байгуулж, үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлсэн бөгөөд нэхэмжлэгч нь хангалтгүй буюу F үнэлэгдсэн тул хариуцлага тооцсон.

Хариуцагчаас Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж, дүгнэх журмын дагуу үнэлсэн. Гэтэл шүүхээс аймгийн Засаг дарга, сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нартай ярилцлага хийж, үнэлгээг танилцуулаагүй... хууль зөрчсөн гэж үзсэн нь бодит байдалд нийцэхгүй, хариуцлага гарцаагүй байх, шударга ёсны зарчмыг тус тус зөрчсөн шийдвэр гаргасан гэх үндэслэлтэй байна.

Хавтаст хэрэгт авагдсан бүхий л баримтаас үзвэл маргаан бүхий захиргааны акт нь зорилгодоо нийцсэн, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй байхад Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс шударга ёсны зарчмыг зөрчиж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн хэт нэг талыг барьж хууль буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иймд Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн иргэн Б.А-ын нэхэмжлэлтэй, аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 109/ШШ2018/0013 шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Б.А нь Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан “2017 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлсэн үнэлгээг хууль бус болохыг тогтоож, Архангай аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Б.А-ыг ажлаас халах тухай” Б/18, 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “П.О-г ажил хавсран гүйцэтгэгчээр томилох тухай” Б/19 дүгээр захирамжуудыг хүчингүй болгож, ажилгүй хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтрийн нөхөн бичилт хийлгэхийг аймгийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Архангай аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Б/18 дугаар захирамжаар нэхэмжлэгч Б.А-ыг “2017 онд хамтран ажиллах талаар байгуулсан үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэсэн үндэслэлээр цэцэрлэгийн эрхлэгчийн үүрэгт ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “Үр дүнгийн гэрээний биелэлтийг харьяалагдах дээд шатны төсвийн захирагч нь хагас, бүтэн жилээр дүгнэнэ”, 40.4-т “Үр дүнгийн гэрээний биелэлт, хэрэгжилтийн явц байдалд үндэслэн үр дүнгийн гэрээг дүгнэх эрх бүхий этгээд нь дараах арга хэмжээг авна”, “40.4.1-д “Төсвийн үр дүнг сайжруулах, хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар үүрэг өгч, хяналт тавьж ажиллах, 40.1.2-т “Хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд урамшуулах, хариуцлага тооцох, “Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолын хавсралт Төсвийн шууд захирагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмын 2.3-т “Төсвийн ерөнхийлөн захирагч нь Төсвийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу төсвийн жил эхлэхээс өмнө гэрээнд заасан хугацаанд төсвийн шууд захирагчийн тухайн оны гэрээний биелэлтийг дүгнэж, дараа оны гэрээ байгуулах үүрэгтэй” гэжээ.

Хуулийн дээрх заалтаас үзэхэд хариуцагч Архангай аймгийн Засаг дарга Архангай аймгийн Эрдэнэбулган сумын хүүхдийн 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны үр дүнгийн гэрээний тайланг дүгнэх үүргээ аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргаар гүйцэтгүүлсэн, гэрээний биелэлтийн үнэлгээг үндэслэн хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг төсвийн ерөнхийлөн захирагч бичих хуулийн зохицуулалттай байтал аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас үнэлгээтэй холбоотой санал гаргасан, гэрээний биелэлтийг дүгнэж үнэлгээ өгөхдөө төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчтай ярилцлага хийгээгүй зэргээр дээрх журмыг зөрчсөн болох болох нь тогтоогдсон, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д “...тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх...” гэж зааснаас үзэхэд эрх бүхий албан тушаалтан цэцэрлэгийн эрхлэгчийг ажлаас халах шийдвэрийг гаргахдаа боловсролын газрын санал үр дүнгийн гэрээний хэрэгжилтийг тус тус үндэслэж шийдвэр гаргахаар байна.

Архангай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас цэцэрлэгийн эрхлэгч нарын үр дүнгийн гэрээг дүгнэсэн дүнгээс үзэхэд 2017 оны эхний хагас жилд 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Б.А-ын тайлан гэрээний дагуу бичигдээгүй гэх үндэслэлээр дүгнээгүй, 2017 оны жилийн эцэст буюу бүтэн жилээр дүгнэхдээ мөн адил гэрээний дагуу тайлагнаагүй гэсэн үндэслэл зааж 8.9% F гэж дүгнэсэн талаарх баримт хэрэгт авагдсан байна.

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасан.

Гэтэл аймгийн Засаг дарга маргаан бүхий Б/18 дугаар захирамжийг гаргахдаа дээрх хуульд нийцүүлэн бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай ажиллагаа хийж, холбогдох нотлох баримтыг цуглуулахгүйгээр нэхэмжлэгчийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон, мөн нэхэмжлэгч Б.А-ыг үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдгийг хариуцагчаас нотлоогүй байна.

Нэхэмжлэгч Б.А-ыг үүрэгт ажлаас чөлөөлсөн шийдвэр Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах” гэж заасантай нийцээгүй хууль бус байх бөгөөд хууль бус тус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 109/ШШ2018/0013 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.У-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                                Э.ХАЛИУНБАЯР

ШҮҮГЧ                                                Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                Д.БААТАРХҮҮ