Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 244

 

Д.Аийн нэхэмжлэлтэй, Сонгуулийн ерөнхий хороонд

холбогдох захиргааны хэргийн тухай

 

            Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:          Ч.Тунгалаг,

            Шүүгчид:                        М.Батсуурь,  

                                                   Г.Банзрагч,

                                                   Д.Мөнхтуяа,

            Илтгэгч шүүгч:               Б.Мөнхтуяа,

            Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал   

Нэхэмжлэлийн шаардлага: “Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” 86 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах”

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 0009 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нарыг оролцуулж,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 0009 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Аийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн “Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай” 86 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Д.Аийг нэр дэвшигчээр бүртгэхийг Сонгуулийн ерөнхий хороонд даалгаж шийдвэрлэсэн.  

Давж заалдах журмаар гаргасан гомдол:

2. Иргэн Д.Аийн нэхэмжлэлтэй, Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох “Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай 86 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 221/ШШ2020/0009 дугаар шийдвэрт холбогдуулан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг гаргаж байна.

3. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 29 дүгээр зүйлийн 29.3-т тус тус зааснаар Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчид нийтлэг болон тусгай шаардлага тавигддаг. Бие даан нэр дэвшигчийн хувьд нийтлэг болон тусгай шаардлагаас гадна Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсэг зуруулсан байх шаардлага тавигддаг. Хууль тогтоогчийн зүгээс уг шаардлагыг нь улс төрийн нам бүртгүүлэх үйл ажиллагааны шаардлагатай адилтган авч үзэж мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4-т уг гарын үсэг зуруулах маягтад бичигдсэн байх мэдээллийн төрлүүдийг тодорхой хуульчилсан байна.

4. Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 25 дугаар тойрогт бие даан нэрээ дэвшүүлсэн Д.А нь 1080 сонгогчоор гарын үсэг зуруулсан гэх баримтыг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсэн. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д заасны дагуу уг баримтыг нягтлан шалгахад гарын үсэг зурагдаагүй, регистрийн дугаар бичигдээгүй, хаяг бичигдээгүй мөн сонгогчтой утсаар холбогдож асуухад Д.Аийг дэмжиж гарын үсэг зураагүй, “интернэтээр сонгуулийн сурталчилгааны ажилд авна” гэх зарын дагуу холбогдож хувийн мэдээллээ өгсөн харин ямар нэгэн баримтад гарын үсэг зураагүй, гэр бүлийн хэн нэг нь бусдынхаа өмнөөс гарын үсэг зурсан зэрэг нийт 483 зөрчил байсан. Ингээд зөрчилгүй гарын үсгийн тоо нь 801-д хүрээгүй тул нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан.

5. Хэрэгт авагдсан Монголын цахилгаан холбоо хувьцаат компанийн 2020 оны 6 дугаар арын 04-ний өдрийн За/З69 дүгээр албан бичгээр Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсэн 264315 дугаарын утаснаас гадагш залгасан дугаар баримт нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д заасны дагуу нягтлан шалгаж ажиллагааг бодитоор явуулсан болохыг илтгэх баримт юм. Гэтэл шүүх уг баримтаас өөр бусад байдлаар сонгогчтой ярьсан ярианы агуулгыг илэрхийлэх баримт нотолгоо байхгүй дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь нэхэмжлэгчийн зүгээс дээр дурдсан зөрчил байгааг шүүх хуралдаанд үгүйсгээгүй бөгөөд бусдаар дамжуулан гарын үсэг зуруулах ажиллагааг хийсэн гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан, мөн уг утсаар ярьсан талаарх баримтыг үгүйсгэх баримт, тайлбарыг шүүхэд гаргаж өгөөгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

ХЯНАВАЛ:

6. Хяналтын шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

7. Нэхэмжлэгч Д.Ааас “...Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т заасны дагуу 1080 хүнээр гарын үсэг зуруулсан. ...нэр дэвшигчид тавигдах бүхий л шаардлагыг хангаж байхад “хангаагүй” хэмээн дүгнэсэн мөртлөө тогтоолд алийг нь хангахгүй талаар заагаагүй, энэ нь захиргааны акт бодит байдалд нийцэх, хуульд үндэслэсэн байх шаардлагад нийцээгүй” гэж марган, “Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” 86 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

8. Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн “Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” 86 дугаар тогтоолоор, Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн, Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 25 дугаар тойрогт бие даан нэрээ дэвшүүлсэн Дагвын Алтанхуяг нь  “Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т заасан шаардлага хангаагүй” гэсэн үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан, давж заалдах шатны шүүхийн, хариуцагчийн шийдвэр Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн зарчимд нийцээгүй, уг тогтоолын улмаас нэхэмжлэгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

9. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд “Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ: ...9/шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй...” гэж заасан бол, Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Бие даан нэр дэвшүүлэгч нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруулна”, 31.4-д “Сонгогчдын гарын үсэг цуглуулах маягтад сонгогчийн эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, хөдөлгөөнт, эсхүл суурин утасны дугаарыг тодорхой бичсэн байна”, 32 дугаар зүйлийн 32.8-д “Сонгуулийн ерөнхий хороо бие даан нэр дэвшигчийн цуглуулсан сонгогчдын гарын үсэг үнэн зөв эсэхийг түүвэрлэн тулгах, тухайн иргэнтэй уулзан нягтлан шалгаж болох бөгөөд шаардлагатай гэж үзвэл уг ажлыг аймаг, дүүргийн сонгуулийн хороогоор гүйцэтгүүлж болно”, 33 дугаар зүйлийн 33.1-т “Нэр дэвшигчээр дараах тохиолдолд бүртгэхээс татгалзана: ...33.1.2.энэ хуульд заасан нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй” гэж тус тус хуульчилсан.

10. Хариуцагч Сонгуулийн ерөнхий хороо нь Сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д заасан чиг үүргээ хэрэгжүүлж, бие даан нэрээ дэвшүүлэгч Д.Аийн ирүүлсэн материалыг нягтлан шалгахад, гарын үсэг зураагүй, регистрийн дугаар бичигдээгүй, сонгогч дэмжиж гарын үсэг зураагүй зэрэг нийт 483 зөрчил илэрсэн, үүнээс шалтгаалж зөрчилгүй гарын үсгийн тоо нь 801-д хүрээгүй тул нэхэмжлэгчийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан нь хууль зөрчөөгүй гэсэн тайлбар гаргажээ. Гэвч хэрэгт нотлох баримтаар авагдсан, Бие даан нэрээ дэвшүүлэгч Д.Аийн гарын үсэг зуруулсан маягтыг шалгах хуудас, Сонгогчийн гарын үсэг зуруулах маягт, тус хорооны ажилтан Г.Эын гаргасан “Тайлбар” гэх зэрэг баримтуудаас үзэхэд хариуцагчийн тайлбарлаж байгаачлан “регистрийн дугаар буруу, хаяган дээрээ байхгүй, тойргийн биш, утасны дугаар буруу, зарим нь өөр нэр дэвшигчийг дэмжиж зурсан, “судалгаа авч байгаа, сонгуульд ажиллуулна” гэх мэтээр хуурч гарын үсэг зуруулсан” гэсэн тайлбар, үндэслэлийг нотлох баримт хэрэгт байхгүй, өөрөөр хэлбэл нийт 483 зөрчил илэрсэн гэх үндэслэл нь баримтаар, эргэлзээгүй байдлаар тогтоогдоогүй гэж үзнэ.

11. Хариуцагч Сонгуулийн ерөнхий хорооны гаргасан, Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т заасан шаардлага хангаагүй буюу “зөрчилгүй гарын үсгийн тоо 801-д хүрээгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч Д.Аийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэр Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж тус тус заасантай нийцээгүй, энэ талаар давж заалдах шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ. Дээрх байдлаар Д.Аийг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан хариуцагчийн шийдвэр хууль зөрчсөн тул нэхэмжлэгч Д.Аийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн “Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тухай” 86 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Д.Аийг нэр дэвшигчээр бүртгэхийг Сонгуулийн ерөнхий хороонд даалгаж шийдвэрлэсэн шийдэл зөв байна.

12. Иймд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах”-аар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 9 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар  гаргасан  гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ч.ТУНГАЛАГ

                                  ШҮҮГЧ                                                                   Б.МӨНХТУЯА