Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 492

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Амаржаргал,

Улсын яллагч Э.Халиун,

            Шүүгдэгч М.Т нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, Эртсүүд овогт Мөнхтүвшингийн Тамирт холбогдох эрүүгийн 1809018740502 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч М.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Зү” бааранд үйлчлүүлж байхдаа тус баарны электрон тооцооны машины дэлгэцийг хууль бусаар хагалж гэмтээсний улмаас бусдад 690.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Б.Билгүүний мэдүүлэг /хх-10/, гэрч Ч.Буянбатын мэдүүлэг /хх-14/, гэрч Ц.Дөлгөөний мэдүүлэг /хх-15/, эд зүйлийн үнэлгээ /хх-20-21/, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-7/, хохирогч Б.Билгүүн, шүүгдэгч М.Т нараас гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-39,/ шүүгдэгч М.Тын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-24-35/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

Учир нь М.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, “Зү” бааранд үйлчлүүлж байхдаа тус баарны электрон тооцооны машины дэлгэцийг хууль бусаар хагалж гэмтээсний улмаас бусдад 690.000 төгрөгийн буюу бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь,

шүүгдэгч М.Т ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ “...нэг ухаан ороход тэкен дээр байдаг тооцоо хийдэг электрон машиных нь дэлгэцийг нь хагалчихсан байсан ” гэх мэдүүлэг /хх-19/, хохирогч Б.Билгүүний “...М.Т нь манай бааранд үйлчлүүлж байхдаа кассын электрон тооцооны машиныг гараараа цохиж хагалан хохирол учруулсан...” гэх мэдүүлэг /хх-10/, гэрч Ч.Буянбатын “...М.Т гэдэг өндөр залуу тэкен дээр үйлчлүүлж байж байгаад гэнэт л манай тооцоо хийдэг электрон машины дэлгэцийг баруун гараараа цохиж хагалсан...” гэх мэдүүлэг /хх-14/, гэрч Ц.Дөлгөөний “...Тамираа залгаад “Зү” нэртэй баарны гадаа цагдаагийн машинд байна, юм эвдэлчихлээ гээд ярьсан...” гэх мэдүүлэг /хх-15/, дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “...М.Т нь тек хэсгийн электрон тооцооны машиныг зүүн гараараа түлхэж, баруун гараараа цохиж байгаа бичлэг байх бөгөөд өөр ямар нэгэн хэрэгт ач холбогдол бүхий зүйл байхгүй байна...” /хх-7/, “Дрангон” ХХК-ийн захирал Б.Баттулгын албан тоот “...М.Т нь байгууллагын посс машиныг шинээр сольж өгсөнөөр гомдлыг бүрэн барагдуулсан тул гомдлоо буцаан авч байгааг мэдэгдэж байна” гэх /хх-12/, эд зүйлийн үнэлгээ “...690.000 төгрөг” /хх-20-21/, хохирол төлсөн баримт /хх-35/ болон хохирогч, шүүгдэгч нарын хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.  

Шүүхээс шүүгдэгч М.Тт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох

баримтуудаас дүгнэхэд:

Шүүх шүүгдэгч М.Тын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүх хялбаршуулсан журмаар М.Тт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан, эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналд “...500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг хүлээн авч шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн шүүх М.Тт оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 сарын дотор төлөхийг тогтоож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч М.Т нь гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хуурцаг /CD/-г энэ хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж,, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч М.Т нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эртсүүд овогт М.Т бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Тыг 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Т нь 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын дотор төлөхийг тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Т нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай. 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хуурцаг /CD/-г энэ хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж,, битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, М.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол              М.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.ИДЭР