Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2018/01223

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2018/01223

 

 

 

 

 

 

 

 

 

 

Р.Энхбаяр, Г.Хүрэлчулуун нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2018/00708 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Р.Энхбаяр, Г.Хүрэлчулуун нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзул илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 сарын 28-ны өдрийн 887 дугаар шийдвэрээр Р.Энхбаяр, Г.Хүрэлчулуун нараас 33 357 950 төгрөгийг гаргуулж, Х.Отгонсүрэнд олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй учраас албадан гүйцэтгүүлэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд уг ажиллагааны явцад Г.Хүрэлчулууны өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 10 сарын 24-ний өдрийн 151/24 тогтоолоор хураан авахаар шийдвэрлэж, хөрөнгийн үнэлгээний Баянмодот ХХК-аар үнэлүүлсэн. Төлбөр төлөгч нар уг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байхад албадан дуудлага худалдаа зохион байгуулах тогтоолыг 2018 оны 01 сарын 02-ны өдөр үйлдсэн. Шинжээч нь зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлж, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг зөрчиж байна. Иймд Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун Алтан-Өлгийн 35-586 тоотод байрлах, 99.1 м.кв хувийн сууц, үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах 665 м.кв газрын үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваадоржийн тайлбарт: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 887 дугаар шийдвэрээр Р.Энхбаяр, Г.Хүрэлчулуун нараас 33 357 950 төгрөг гаргуулж, Х.Отгонсүрэнд олгохоор шийдвэрлэсэн.Төлбөр төлөгч нарт 3/21530, 3/21532 дугаартай эд хөрөнгийн мэдүүлэг өгөх мэдэгдэл, 09/04, 09/151 дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдлийг 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр баталгаат шуудангаар оршин суугаа хаягаар хүргүүлэхэд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй эд хөрөнгийн мэдүүлэг өгөөгүй тул 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгийг битүүмжлэн хадгалалт хамгаалалтыг төлбөр төлөгч Р.Энхбаярт хариуцуулан үлдээж шүүхийн шийдвэр биелүүлэхийг дахин мэдэгдсэн. Шүүхийн шийдвэр биелүүлээгүй, төлбөр төлөөгүй тул дээрх хөрөнгийг 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр эд хөрөнгийг хурааж хадгалагчаар төлбөр төлөгч Г.Хүрэлчулуунд хариуцуулж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үнийн санал өгөхийг талуудад албан бичгээр мэдэгдэхэд төлбөр авагч Х.Отгонсүрэн 35 000 000 төгрөгөөр үнийн санал ирүүлж төлбөр төлөгч Г.Хүрэлчулуун 100 000 000 төгрөгөөр үнийн санал ирүүлсэн. Төлбөр төлөгч Р.Энхбаяр үнийн санал ирүүлээгүй. 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр шинжээч Баян модот ХХК 46 400 000 төгрөгөөр үнэлсэн болно. Хөрөнгийн үнэлгээний тайланг төлбөр авагч Х.Отгонсүрэнд 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр, Р.Энхбаярт 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр, Г.Хүрэлчулуунд 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр тус тус танилцуулж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу дээрх үнээс багагүй үнээр нэг сарын хугацаанд бие даан худалдан борлуулах санал гаргах эрхийг танилцуулахад төлбөр төлөгч Г.Хүрэлчулуун 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан 1 сарын дотор худалдан борлуулж төлбөрийг төлөх хүсэлтийг ирүүлж төлбөр төлөх 1 сарын хугацааг олгосон боловч төлбөрийг төлж барагдуулаагүй байгаа болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх:  Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.4 дэх хэсэгт зааснаар Р.Энхбаяр, Г.Хүрэлчулуун нарын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун Алтан Өлгий 35 дугаар гудамжны 586 тоотод байрлах, 99.1 м.кв талбайтай хувийн сууц, гараашийн зориулалтай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах 665 м.кв талбайтай өмчлөлийн газар зэргийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Хөрөнгийн үнэлгээний тайлан 2017 оны 11 сарын 15, 16-ны өдөр танилцуулсан бөгөөд уг өдрөөс хойш 2 сарын хугацаанд дээрх үнэлгээний тайланд заагдсан үнээс бага үнээр худалдан борлуулах эрх олгож уг эрхээ хэрэгжүүлсэн учраас үнэлгээний талаар гомдол гаргаж чадаагүй. Иймд нэхэмжлэгч нарыг буруутгах үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Р.Энхбаяр, Г.Хүрэлчулуун нар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 887 дугаартай захирамжаар Р.Энхбаяр, Г.Хүрэлчулуун нараас 40 000 000 төгрөг гаргуулж, Х.Отгонсүрэнд олгохоор шийдвэрлэсэн бөгөөд төлбөр төлөгч Р.Энхбаяр, Г.Хүрэлчулуун нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй болно.

 

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээрх шийдвэр болон 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 553 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн төлбөр төлөгч Г.Хүрэлчулууны өмчлөлийн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Баруун Алтан Өлгий 35 дугаар гудамжны 586 тоотод байрлах 665 м.кв талбайтай газар болон 99.1 м.кв талбайтай гарааш, хувийн сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 151/26 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 151/24 дугаар тогтоолоор хураасан, талуудаас төлбөрт хураагдсан эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдан борлуулах үнийн талаар санал авах ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцжээ.

 

Төлбөр төлөгч, төлбөр авагч талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар харилцан тохиролцоогүй тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Баян модот ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь дээрх үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг 46 400 000 төгрөгөөр тогтоосон байна. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувь буюу 32 480 000 төгрөгөөр тогтоосон ажиллагаа хууль зөрчөөгүй.

 

Төлбөр төлөгч Р.Энхбаяр, Г.Хүрэлчулуун нар шинжээчийн дүгнэлттэй танилцсан өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаагүй байхын зэрэгцээ төлбөр төлөгч Г.Хүрэлчулуун нь өөрийн хөрөнгийг худалдан борлуулж төлбөрийг төлөх 1 сарын хугацаа олгож өгнө үү гэх хүсэлтийг гаргасан байна. Иймд нэхэмжлэгч нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй байх тул энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.

 

Нэхэмжлэгч тал төлбөрт хураагдсан эд хөрөнгийг шинжээчээр томилогдсон Баян модот ХХК-ийг зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн гэх үндэслэлээ баримтаар нотлоогүй, шинжээчийн үнэлгээг, зах зээлийн үнэ ханштай харьцуулсан баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2018/00708 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

А.МӨНХЗУЛ