| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Билгүүн |
| Хэргийн индекс | 181/2024/00181/И |
| Дугаар | 191/ШШ2026/01034 |
| Огноо | 2026-01-16 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 191/ШШ2026/01034
2026 01 16 191/ШШ2026/01034
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: ..... дүүрэг, .......... хороо, ......... байр, ....тоотод оршин суух Б овогт Д.Н /РД:....../-гийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: ...... дүүрэг, ............. хороо, ........... гудамж, ....тоотод оршин суух О овогт Г.Т /РД:........./,
хариуцагч: ...... дүүрэг, ........ хороо, ........ гудамж, ...... тоотод оршин суух Д овогт З.Я /РД:............../ нарт холбогдох
нэхэмжлэлийн шаардлага: үл хөдлөх эд хөрөнгө чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х , түүний өмгөөлөгч Б.С , хариуцагч Г.Т , түүний өмгөөлөгч Г.Н нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгонцэцэг тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1.1. ...нэхэмжлэгчийн аав Д нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 1977 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 63 тоот шийдвэрээр .... дүүрэг, ...... хороо, ....... тоот ......талбайтай газрыг ашиглахаар болж гэрээ байгуулан хуулийн дагуу ашиглаж байсан бөгөөд 2002 оны ...... сарын 12-ны өдөр Т гэдэг хүнд өөрийн ашиглаж байсан газрын баруун талын 84 м.кв талбайтай газрын ашиглах эрхийг өгөхөөр харилцан тохирч, хорооны Засаг даргаар уламжлан дүүргийн газрын албаны дарга А дтус тусдаа өргөдөл гарган газрынхаа кадастрын зураг хийлгэн, хуулийн дагуу газар ашиглах гэрээгээ байгуулан ажиллаж ирсэн. Нэхэмжлэгчийн аав нь уг эзэмшил 215 м.кв газар дээрээ барилгын материалын дэлгүүр, склад барьсан бөгөөд эзэмшил газрын зүүн хойд тал буюу өнцөг хэсэг дээрээ 3х6.7 м.кв хэмжээтэй палкан ажлын байр барьж үйл ажиллагаа явуулж байсан. Тэр үед Т гуай ажил, төрөлгүй амьдрал нь хүнд байсан учраас тэр байранд түр үйл ажиллагаа явуулж бай, харин шаардсан үед ажлын байрыг чөлөөлж өгөөрэй гэсэн аман хэлцэл хийж оруулсан юм. Ингээд 2019 оноос эхлэн ажлын байрыг чөлөөлж өг гэдэг шаардлага тавьсаар өнөөдрийг хүрлээ.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн А/303 тоот шийдвэрээр Сүхбаатар дүүрэг, ...... хороо, ..... гудамж .....тоот 201 м.кв газрыг нэхэмжлэгч нь ааваасаа шилжүүлэн авч, эрхийн улсын бүртгэлийн ......дугаартай гэрчилгээгээр эзэмшин хувиараа барилгын материал борлуулах үйл ажиллагаа явуулж байгаад гал түймэрт өртөж дахин ашиглах боломжгүй болсон тул шинээр уг газар дээрээ агуулах, гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө барих болж, Тэрбишд ашиглуулж байсан барилгыг нураах гэж буй тухайгаа хэлэхэд Т нь урд нь энэ газар миний контейнер байсан, мөн иргэн Я д сарын 1.5 сая төгрөгөөр түрээслүүлсэн гээд байрнаас гарч өгөөгүй учир 136 м.кв үл хөдлөх хөрөнгө эхний ээлжинд барьж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 001106431 дугаартай гэрчилгээг 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр авсан.
Тэрбишд Сүхбаатар дүүргийн газрын албанаас 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 30 хоногийн дотор иргэн Н гийн байрнаас нүүн гарч газрыг нь чөлөөлж өг гэсэн албан тоотыг өгсөн бөгөөд тухайн газраас нэхэмжлэгчид зөрчигдөж байгаа эрхээ шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн агуулгатай албан тоотыг өгсөн болно.
Иймд өөрийнхөө эзэмшил газар дээрээ барьсан ажлын байрыг хууль бусаар ашиглаж байгаа Т Я нарыг ажлын байрнаас чөлөөлж өгнө үү. ... гэжээ.
1.2. ...Я нь уг байрнаас өөрийн санаачилгаар нүүж явсан талаар тайлбар өгсөн. Одоо тус байранд Я байхгүй тул хамтран хариуцагчаас татгалзаж байна. ... гэжээ.
2. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагад дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд:
2.1. Хариуцагч Г.Т ээс: ...миний бие тухайн нэхэмжлэлийг бүхэлд нь үл хүлээн зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х нь нэхэмжлэлдээ бодит байдалд болоогүй зүйлийг болсон мэтээр гуйвуулан, гүжирдлэгийн шинжтэй, худал тайлбар хийсэн байгаад ихээхэн гайхаж харамсаж байна.
Миний бие 1995 онд ...... дүүрэг, ........... хороо, ............гудамжны ........тоот дээр 3х9 метр хэмжээтэй вагончиг, ар талд нь гэр барьж байсан буйр бүхий газрын хамт Жаас 750,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тухайн үед нэхэмжлэгчийн аав Д нь Жт тухайн газрыг зарсан гэрээ контракт хийсэн байсан тул би итгээд авсан. Тухайн мөчөөс эхлэн вагончигтоо цайны газар ажиллуулж байсан бөгөөд тэр үед 100 айлын гудамж гэх нэршилтэй байсан.
Ингээд тухайн газартаа 2000 он хүртэл цайны газар ажиллуулж байгаад түүнээс хойш барилгын дэлгүүр ажиллуулж байхад Д нь надад байшин барья, чиний газар миний газар хоёр зэрэгцээ байдаг юм чинь томхон хэмжээний барилга бариад тус тусдаа ашиглаад явъя гэдэг санал тавьсан. Тэр үед би хойшоо урагшаа ашигтай байрлалын 9 метр урт вагончигийг арагшаа 4 метрээр, урагшаа 1 метрээр өргөтгөсөн. Ингээд вагончиг маань 3 метр өргөнтэй байснаа өргөтгөгдөөд нийтдээ 8 метр болж нийт талбай 72 м.кв хэмжээ болсон. Тус байраа газрын хамт өгч, Дтай газраа хамтарч эзэмшихээр харилцан тохиролцож надад 7 метр урттай, 3 метр өргөнтэй (7х3 м.кв) дэлгүүрийн газар, ар талдаа 5х7 м.кв бүхий газар өгчих гэсэнд Д за тэгье гээд тохироод миний цайны газар, барилгын дэлгүүрийн барилгыг нурааж газар дээр маань байшингаа барьж, надад зүүн хойд өнцөгт 7х3 метрийн хэмжээтэй дэлгүүр барьж өгсөн. Уг газарт зам руугаа харсан 4 хаалгатай, хойшоо гудамж руугаа харсан 3 хаалгатай, нийтдээ 7 хаалгатай дэлгүүр барьсан байдаг. Үүнээс Д бид хоёр өөр өөрсдийн эзэмшлийн хэмжээгээр түрээсэлж мөнгө олдог байсан. Гэтэл одоо ганцхан түрээслэгчтэй болсон учраас над руу дайрч байгаа нь болохгүй гэж үзэж байна. Д бид хоёр хорин хэдэн жил хамтран эзэмшиж амьдрахдаа намайг хөөж тууж байгаагүй. Бүр тэр тусмаа 2023 онд Д өөрт оногдох хэсгийн барилгаа нураагаад дахин дэлгүүрийн барилга барихдаа миний эзэмшлийн 7х3 хэмжээтэй дэлгүүрийг үлдээж өөр барилга босгож барьсан. Одоог хүртэл яг бид хоёрын тохиролцооны дагуу 7х3 хэмжээтэй барилгаас гадна, Д өөрийн эзэмшлийн газар дээрх шинэ барилгаа ашиглаад явж байгаа. Өөрөөр хэлбэл анхны тохиролцооны дагуу барилгууд тусдаа баригдсан гэж үзэж болно.
2021 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэгч газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан талаар шүүхэд ирсэн материалаас мэдлээ. Нэхэмжлэгч нь Д бид хоёрын ямар тохиролцоотой, яаж барьж өгснийг мэдэхгүй байж хөөлгөж авна гэдэг нь буруу. 2000 онд энэ барилгыг хэний мөнгөөр яаж барьсныг Батхүү, Гантогоо нар сайн мэдэх бөгөөд гэрчлэх хүмүүс юм. Вагончигийг өргөтгөж барьж өгсөн хүмүүс ч гэрчилнэ. Би ийм цайны газар, барилгын дэлгүүрийг газартай хамт байсан вагончигийг задалж өргөтгөсөн 2 барилгатай, орлого олдог хүн байсныг минь доромжилж ажил төрөлгүй, амьдрал нь хүнд байсан гэж нэхэмжлэлдээ бичсэн байгаад гомдолтой байна. Миний хувьд нэр төртэй, одоог хүртэл хүнээс мөнгө, тэтгэмж гуйж амьдарч үзээгүй хүнийг амьдрал ахуй муу байсан гэж доромжилж бичсэнд туйлын гомдолтой байна.
Улмаар Д нь Дарь-Эхэд байшин барих гэж байна, материал хэрэгтэй байна гэхэд нь өөрийн байшингаа бариулж байгаа болохоор тухайн барилгын материалд зориулж палк, дээврийн үнэ, хаалганы үнэ гээд нийт тухайн үеийн ханшаар 400,000 орчим төгрөг өгч байсан. Мөн 5 машин хайрга, 1 тонн цемент гэх зэргээр байшин барих бололцоог бүрдүүлж өөрийн хөрөнгөө оруулсан.
Ингээд тухайн барилга 2000 онд ашиглалтад орж өнөөдрийг хүртэл би хүмүүст барилгын материалын дэлгүүрийн зориулалтаар түрээслүүлж ашиглаж ирсэн. Улмаар 2016 онд харьяа дүүргийн газрын албанд хандаж барилгадсан газраа өөрийн нэр дээр болгох гэж хөөцөлдөж байсан. Газрын албанаас танай барилга Д гуайн барилгатай хамтдаа үргэлж болохоор кадастр хийх боломжгүй байна гэх хариу өгч байсан юм.
Гэтэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ намайг ажил, төрөлгүй амьдрал нь хүнд байсан учраас тэр байранд түр үйл ажиллагаа явуулж бай, харин шаардсан үед ажлын байрыг чөлөөлж өгөөрэй гэсэн аман хэлцэл хийсэн гэж бодит байдалд нийцээгүй худлаа зүйлийг бичсэн байна. Тухайн үед огтоос тийм тохиролцоо хийгээгүй болно.
Мөн нэхэмжлэлдээ 2019 оноос эхлэн ажлын байрыг чөлөөлж өг гэдэг шаардлага тавьсаар өнөөдрийг хүрлээ гэж худлаа тайлбар гарагсан байна. 2023 оны 4 сард манай барилгыг нураах талаар маргаан гарч эхэлсэн бөгөөд тухайн үед Дтай утсаар ярихад манайх барилгаа нураах гэж байгаа, танай барилгыг үлдээгээд өөрсдийн барилгаа нураалаа гэсэн. Тэгээд Д нь өөрийн барилгаа бүхэлд нь нураагаад миний өмчлөлийн барилгыг нураагаагүй үлдээсэн.
Хэрвээ үнэхээр дээрх шиг тохиролцоо байгаагүй, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд дурдсан шиг аман хэлцэл хийсэн байсан бол манай барилгыг нураах л байсан байх. Нэхэмжлэгчийн хэлж байгаа аман тохиролцоо хийгээгүй тул манай барилгыг үлдээсэн гэдэг нь харагдаж байгааг анхаарч үзнэ үү.
Тэр хавийн газарт үйл ажиллагаа явуулдаг бүхий л байгууллагууд болон хөрш зэргэлдээ байдаг айл өрхүүд манай газар, манай барилга гэдгийг мэддэг бөгөөд тэдгээр хүмүүсийг асуухад үнэхээр хэлээд өгөх боломжтой.
Миний бие өөрийн өмчлөлийн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2003 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр ....... дугаарт улсын бүртгэлд бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн ........ дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг авсан. Тус барилга нь миний хууль ёсны өмчлөлийнх тул намайг ажлын байрнаас чөлөөлүүлэх нэхэмжлэл үндэслэлгүй болно.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. ... гэжээ.
2.2. Хариуцагч З.Я гаас: ...миний бие 2019 оноос 2024 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл Сүхбаатар дүүрэг, ...... хороо, ........ тоотод оршин суух Т гэх хүний 3х6.7 м.кв хэмжээтэй газрыг сарын 1,500,000 төгрөгөөр түрээсэлж ирсэн. Нийт 55,000,000 төгрөгийг Т, Ц нарын дансанд шилжүүлсэн. Иймд газрыг чөлөөлөхийг зөвшөөрч байна. ... гэжээ.
3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд:
3.1. Нэхэмжлэгч талаас: улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, М.Х д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Д.Нийн нэр дээр улсын бүртгэлийн ..........дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн болон улсын бүртгэлийн ......дугаарт бүртгэгдсэн нэгж талбарын ......... дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зургийн хуулбар, Ц.Д болон Г.Т нараас хорооны Засаг даргаар уламжлуулан дүүргийн Газрын албаны даргад гаргасан 2002 оны ...... сарын 12-ны өдрийн өргөдөл, газрын схем зургийн хувилсан хувь, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас Д.Н д хүргүүлсэн 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 17/446 дугаартай хариу албан бичиг, өмгөөлөгч Б.С тай байгуулсан 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, барилгын гаднах байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-13, 120/-ийг гаргаж өгсөн.
3.2. Хариуцагч талаас: барилгын гаднах байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт, Н.Эд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдлийн хувилсан хувь, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас Г.Т д хүргүүлсэн 2025 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 1/1187 дугаартай хариу албан бичиг /хх 24, 39, 138-139/-ийг гаргаж өгсөн.
3.3. Нэхэмжлэгч талын хүсэлтээр:
3.3.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШЗ2024/12470 дугаартай захирамжийн дагуу:
- Г.Т ийн нэр дээр улсын бүртгэлийн ....... дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар /хх 45/-ыг,
3.3.2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШЗ2024/15685 дугаартай захирамжийн дагуу:
- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 5/10825 дугаартай хариу албан бичиг, хавсралтаар эрхийн улсын бүртгэлийн ....... дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэргийн хуулбар /хх 53-85/-ыг,
3.3.3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШЗ2024/17484 дугаартай захирамжийн дагуу:
- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 5/12254 дугаартай хариу албан бичиг, хавсралтаар эрхийн улсын бүртгэлийн ...... дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын.............дугаар бүхий газрын кадастрын зургийн хуулбар,
- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 5/5821 дугаартай хариу албан бичиг, хавсралтаар Д.Н гийн нэр дээр улсын бүртгэлийн ..........дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар,
- Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 08/1562 дугаартай хариу албан бичиг, хавсралтаар нэгж талбарын ...........дугаар бүхий газрыг өмчлүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын 2008 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 358 дугаартай захирамж болон газрын кадастрын зургийн хуулбар,
- Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2025 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 09-16/883 дугаартай хариу албан бичиг, хавсралтаар нэгж талбарын ..........., ......... дугаар бүхий газрын хаяг байршлын лавлагаа /хх 95-102, 140-147/-г,
3.3.4. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 191/ШЗ2025/22124 дугаартай захирамжийн дагуу:
- Сүхбаатар дүүрэг, ...... хороо, Зүүн сэлбэ ..... /А, 1/ тоот хаягт 2025 оны 8 дугаар сарын 07-ны өдөр үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 164-167/-ийг тус тус бүрдүүлсэн.
3.4. Хариуцагч талын хүсэлтээр:
3.4.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШЗ2024/08278 дугаартай захирамжийн дагуу:
- М.Ж, Д.Ц нараас 2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр гэрчийн мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх 176, 180-184/-ийг,
3.4.2. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 191/ШЗ2025/16117 дугаартай захирамжийн дагуу:
- Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 09-16/889, 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 09-16/1054 дугаартай хариу албан бичиг,
- Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2/1436, 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 2/2829 дугаартай хариу албан бичиг, хавсралтаар нэгж талбарын ...........дугаар бүхий газрын 2005-2007, 2011, 2013, 2017, 2019 онуудын агаар, сансрын зураг /хх 148-149, 161-162, 169-175, 185-192/-ийг,
3.4.3. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 191/ШЗ2025/37114 дугаартай захирамжийн дагуу:
- Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 1/3140, 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 2/3153, 2025 оны ...... сарын 20-ны өдрийн 2/3649, 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2/3965 дугаартай хариу албан бичиг, хавсралтаар нэгж талбарын ......... дугаар бүхий газрын 2006-2010, 2025 оны мэдээлэл /хх 198-208, 213-214/-ийг тус тус бүрдүүлсэн.
4. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Н нь хариуцагч Г.Т , З.Я нарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө чөлөөлүүлэх буюу ажлын байрнаас нүүлгэн гаргуулах тухай нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х аар дамжуулан шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч З.Я д холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч Г.Т д холбогдох шаардлагаа хэвээр дэмжин, түүний үндэслэлийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
...Н гийн эцэг Д нь 1977 онд Сүхбаатар дүүрэг, ...... хороо, Зүүн сэлбийн 7 гудамж, 110 тоот газрыг хууль ёсоор ашиглаж эхэлсэн бөгөөд 2002 онд газрынхаа баруун талын хэсгийг хариуцагч Т д ашиглуулахаар, мөн газрынхаа зүүн хойд талын өнцөг хэсэгт барьсан 3х6.7 м.кв хэмжээтэй ажлын байрыг түр хугацаагаар ашиглуулж, шаардсан үед чөлөөлөхээр амаар тохиролцсон. Н нь 2021 онд уг газрыг эцгээсээ шилжүүлэн авч эзэмших эрхээ баталгаажуулсан боловч хариуцагч Т 2019 оноос эхлэн ажлын байрыг чөлөөлөөгүй, мөн 2023 онд холбогдох байгууллагаас газрыг чөлөөлөх тухай албан шаардлага түүнд хүргүүлсэн ч биелүүлээгүй тул ажлын байрыг чөлөөлүүлэхээр шүүхэд хандсан. Харин хамтран хариуцагч З.Я тухайн байрнаас нүүж гарсан тул түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. ... гэжээ.
2. Хариуцагч Г.Т нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр маргасан. Үүнд:
...би 1995 онд Сүхбаатар дүүрэг, ...... хороо,............ гудамж, .....тоотод байрлах вагончигийг, ар талын гэрийн буйр бүхий газрын хамт Жаас худалдан авч, цайны газар болон барилгын дэлгүүрийн зориулалтаар ашиглаж ирсэн. 2000 онд Дтай харилцан тохиролцсоны дагуу өөрийн газар дээр байшин бариулж, зүүн хойд өнцөгт 7х3 м.кв хэмжээтэй дэлгүүрийн барилгыг авч ашигласан ба барилгуудыг өөр өөрсдийн эзэмшлийн хэмжээгээр түрээслэн ашиг олдог байсан. 2019 оноос ажлын байрыг чөлөөлөх шаардлага тавьсан, шаардсан үед чөлөөлөхөөр амаар тохиролцсон гэх тайлбарууд бодит байдалд нийцэхгүй. Би 2003 онд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд улсын бүртгэлд бүртгүүлсэн тул намайг ажлын байрнаас чөлөөлөх үндэслэлгүй. ... гэжээ.
3. Шүүх нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч З.Я д холбогдох хэсгээс татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, мөн дараах үндэслэлээр хариуцагч Г.Т д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
4. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Анхлан Сүхбаатар дүүрэг, ...... хороо, Зүүн сэлбийн 7 гудамж, 110 тоотод байрлах, ......талбай бүхий газрыг Ц.Д эзэмшиж байсан бөгөөд 2002 онд уг газрын ертөнцийн зүгээр баруун талд байрлах 84 м.кв талбай бүхий хэсгийг бэлэглэлийн гэрээний дагуу хариуцагч Г.Т д шилжүүлж, зүүн талд байрлах 215 м.кв талбай бүхий хэсгийг өөрийн эзэмшилд үлдээжээ. /хх 72-76/
4.2. Улмаар газрын талбайн хэлбэр, хэмжээнд өөрчлөлт орж, хаяг давхардсантай холбогдуулан нэгж талбарын дугаараар нь салгаж, ......... дугаартай газрын хаягийг 110-1 тоот, ...........дугаартай газрын хаягийг 110-а тоот болгон тус тус бүртгэсэн байна. /хх 95-96, 143, 145-146, 148, 186-191, 198-207/
4.3. Нэхэмжлэгч Д.Н нь 2021 онд өөрийн эцэг Ц.Даас 110-1 тоот хаягт байрлах, нэгж талбарын ......... дугаартай, 201 м.кв талбай бүхий газрыг эзэмшилдээ шилжүүлэн авч, 2023 онд уг газар дээр байрлах 136 м.кв талбайтай, агуулах, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн ..........дугаарт бүртгэгджээ. /хх 5-7, 140-141/
4.4. Харин хариуцагч Г.Т нь 2008 онд 110-а тоот хаягт байрлах, нэгж талбарын ...........дугаартай, 111 м.кв талбай бүхий газрыг өөрийн өмчлөлдөө авсан ба 2003 онд 110 тоот хаягт байрлах 30 м.кв талбайтай, дэлгүүрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн ....... дугаарт бүртгэгдсэн байна. /хх 45, 53-84, 97-101, 181-184/
5. Нэхэмжлэгч Д.Н нь өөрийн эзэмшлийн газрын ертөнцийн зүгээр зүүн хойд хэсэгт байрлах дэлгүүрийн барилгыг чөлөөлүүлэх, өөрөөр хэлбэл уг ажлын байрнаас хариуцагч Г.Т ийг нүүлгэн гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь хариуцагчийн өмчлөлд хамаарахгүй гэж маргасан. /хх 13, 24/
6. Энэ тохиолдолд тухайн барилгын нь эзэмшил хууль ёсны эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөх замаар хэрэг, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй.
7. Эрхийн улсын бүртгэлийн ....... дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн хувийн хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, уг дэлгүүрийн барилга нь 2001 онд ашиглалтад орсон, 4х7.5 метр хэмжээтэй, төвийн дулаан, цэвэр болон бохир усны системд холбогдоогүй бөгөөд барилгын гаднах байдал, байршлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд нь маргаан бүхий барилга байрлаж буй газарт хийсэн үзлэгийн тэмдэглэлтэй тохирч байна. /хх 61-71, 166-167/
8. Хэдийгээр тухайн барилга байрлаж буй хаягийг анх 110 тоот гэж бүртгэсэн боловч 2017 онд хариуцагч Г.Т ийн хүсэлтээр хаягийг 110-а тоот болгон өөрчилж бүртгэсэн бөгөөд уг өөрчлөлт нь нэхэмжлэгч Д.Н гийн эзэмшлийн газар дээр барилга байрлаагүй гэж үзэх үндэслэл болохгүй. /хх 71-84/
9. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч Д.Н нь маргаж буй хөрөнгийн өмчлөгч байхаас гадна, тухайн хөрөнгийг эзэмшиж байгаа хариуцагч Г.Т ийн эзэмшил хууль бус болох нь тогтоогдсон нөхцөлд уг заалтыг үндэслэн өөрийн эрхийг хэрэгжүүлэх боломжтой болно.
10. Мөн Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2 дахь хэсэгт Шударга эзэмшигч өөрийн эзэмшлээс алдсан эд хөрөнгөө гурван жилийн дотор шинэ эзэмшигчээс буцаан шаардах эрхтэй. гэж заасан нь дээрх заалттай агуулгын хувьд таарах боловч, энэхүү эрхийг хэрэгжүүлэхэд урьд нь тухайн хөрөнгийг эзэмшиж байсан бөгөөд уг эзэмшлээ өөрийн хүсэл зоригоос гадуур алдсан байх урьдчилсан нөхцөл тавигдана.
11. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ. гэж зааснаар зөвхөн хууль болон гэрээнд заасан үндэслэлээр үүссэн эзэмшил нь эрх зүйн үр дагавар буюу шаардах эрхийг үүсгэдэг.
12. Хариуцагч Г.Т ийн хувьд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлсэн, мөн ашиглалтад орсон цагаас өнөөг хүртэл эзэмшиж байгаа тул уг эзэмшлийг хууль бус гэж үзэх боломжгүй, хууль ёсны гэж үзнэ.
13. Иймд Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй. гэж заасныг баримтлан хариуцагч Г.Т д холбогдох үл хөдлөх эд хөрөнгө чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Д.Н гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
14. Ийнхүү шийдвэрлэсэнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцуулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Н нь үл хөдлөх эд хөрөнгө чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч З.Я д холбогдох хэсгээс татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Т д холбогдох үл хөдлөх эд хөрөнгө чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Д.Н гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дуаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Н гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН