Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 04 өдөр

Дугаар  2025/ДШМ/1055

 

2025          09            04                                                                                  2025/ДШМ/1055

 

Г.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Г.Мөнхтулга, шүүгч Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Бамбадорж,

яллагдагч Г.Б- /цахимаар/, түүний өмгөөлөгч Э.Түвдэн,

нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЗ/4548 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Бамбадоржийн бичсэн 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 31 дүгээр эсэргүүцэлд үндэслэн Г.Б-д холбогдох 2506000000222 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Баасанбатын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Б- овогт Г-ийн Б-, ............, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1.12 дахь хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, /РД:............. /

Яллагдагч Г.Б- нь согтуурсан үедээ 2025 оны 01 дүгээр сарын 29-ний шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэ толгойн ***** тоотод хамтран амьдрагч Х.Э-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, амь насыг нь хохироож, хүнийг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх:

“...Хэрэгт авагдсан баримтуудтай танилцахад Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн №735 дугаартай: “...5. дээрх гэмтлүүд нь амь хохирогчийн үхэлд нөлөөлсөн байх боломжтой. 6. Амь хохирогч нам хэмийн үйлчлэлийн улмаас осгож нас баржээ...” гэх дүгнэлт /1 хх-н 112-118/, мөн шинжээч Б.Болормаагийн мэдүүлэг /1 хх-н 135-136/ авагдсан байна.

Дээрх баримтуудаас үзэхэд “...амь хохирогчийн биед учирсан аль гэмтлүүд нь үхэлд нөлөөлсөн байх боломжтой эсэх, осгож нас барсан юм уу, гэмтлийн улмаас нас барсан юм уу...” гэх эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шинжээчийн дүгнэлт бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл шүүх, прокурор, мөрдөгч шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, Шүүх шинжилгээний тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэнэ...” гэж заасан.

Иймд дээрх шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэх, уг эргэлзээтэй нөхцөл байдлыг арилгах зорилгоор дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилох нь зүйтэй гэж шүүх үзлээ. Түүнчлэн яллагдагчийн хувийн байдалтай холбоотойгоор цагдаагийн байгууллагад зөрчлийн дуудлага мэдээлэл бүртгэгдэж байсан эсэх лавлагааг авах шаардлагатай байх тул яллагдагч Г.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх...” гэх үндэслэлээр прокурорт буцааж” шийдвэрлэжээ.

Прокурор М.Бамбадорж тус шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...шүүгчийн захирамжийг 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад, шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой байхад, шинжээчийн дүгнэлтийг бусад нотлох баримттай харилцан хамааралтай байдалд дүгнэлт хийлгүй, дахин шинжээч томилох шаардлагатай гэж хэргийг мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй болжээ.

Хэрэгт авагдсан “...Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ЕГ0628/735 дугаартай “... Амь хохирогчийн цогцост баруун 3,5,6,7,8,10-р, зүүн 6,9-р хавирганы далд хугарал, цус хуралт, баруун уушгины урагдал, бүрэн бус авчилт, цээжний баруун хөндийд цусан хураа /500мл/, их тархины зүүн тал бөмбөлгийн зулай хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, уруулд шарх, цус хуралт, дух, хуйх, зүүн шанаа, баруун зүүн нүдний зовхи, баруун чихний дэлбэн, омог, эрүү, баруун мөр, баруун, зүүн бугалга, цээж, хэвлий, баруун шуу, баруун сарвуу, баруун, зүүн ташаа, баруун, зүүн гуя, баруун өвдөг, баруун, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгт шарх, эрүү, баруун өвдөг, зүүн тавхайд зулгаралт, зүүн 10,11-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, цохигдох, өшиглөх үйлдлээр үүсгэгдэнэ. Амь хохирогчид учирсан баруун 3,5,6,7,8,10-р, зүүн 6,9-р хавирганы далд хугарал, цус хуралт, баруун уушгины урагдал, бүрэн бус авчилт, цээжний баруун хөндийд цусан хураа /500мл/ гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-т зааснаар хохирлын хүнд зэрэг, зүүн 10,11-р хавирганы хугарал гэмтлүүд нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг, бусад гэмтлүүд нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1 -т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо... Дээрх гэмтлүүд нь амь хохирогчийн үхэлд нөлөөлсөн байх боломжтой. Амь хохирогч нь нам хэмийн үйлчлэлийн улмаас осгож нас баржээ...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-н 112-131/,

шинжээч Б.Долгормаагийн “... Цээжний гэмтэл нь амь хохирогчийг шууд үхэлд хүргээгүй ч цээжний хүнд гэмтэл авсан хүн энгийн хүн шиг идэвхитэй хөдөлж өөрийн биеийг халаах, дулаанаа зохицуулах боломж муутай байх ба цээжний хөндийд цус алдалт явагдаж байгаа нь амь хохирогчийг осгож нас барах явцыг түргэсгэж нөлөөнө” гэх мэдүүлэг.

Гэрч Ч.Э-ын “ 2025 оны 01 дүгээр сарын 30-ний орой 23 цаг 54 минутад над руу манай хашаанд амьдардаг хэрэг болсон гэрийн эзэн Б.Х- фейсбүүк чатаар залгаад “...эгчээ манай гэрт байгаа хүмүүс зодолдоод нэг нь хөдлөхгүй байна...” гэж байна “...та цагдаад дуудлага өгөөд өгөөч би хаягаа мэдэхгүй байна мөн хөдөө ажил дээрээ байна...” гэж хэлэхэд нь би “за эгч нь өөрөө очоод үзье” гээд гэрээсээ гарч явах үедээ цагдаад байгууллагын 102 тусгай дугаарт дуудлага өгөөд хашаандаа ганцаараа явж очоод шууд Б.Х-ын гэрт нь яваад ороход амь хохирогчийн гэрийн гэрэл нь асаалттай, зуухны таг нь онгорхой, гэр нь хүйтэн хаалга нь бага зэрэг онгорхой, амь хохирогч гэрийн хойд хэсэгт газар хувцасгүй дээш харсан байдалтай хэвтэж байсан. Хажуу талд нь нэг эрэгтэй хүн хурхираад амь хохирогчийг тэвэрсэн байдалтай унтаж байхаар нь би очоод амь хохирогчийн хамар орчимд гараа хүргээд амьсгалж байгаа үгүйг үзээд, мөн хөлийг нь барьж үзэхэд хүйтэн байхаар айгаад гэрээс гараад урд талын баруун гэрт ороход гэрт амьдардаг гэрийн эзэд мөн амь хохирогчийн хажууд унтаж байсан эрэгтэйгийн ээж нь /нэрийг нь мэдэхгүй байна/ эмэгтэй согтуу сууж байхаар нь би тэр эгчийг загнаад “та 103, цагдаа дуудахгүй яасан юм” гэж хэлсэн. Би яаж тэр эрэгтэйгийн ээж гэдгийг мэдэж байгаа гэхлээр гэрийн эзэн Б.Х-ынд урьд өмнө нь нэг ороход тэр эгч байсан. Надад хэлэхдээ манай танил эгч байгаа юм хүүхэд нь зодоод байхаар нь түр гэртээ байлгаж байгаа гэж хэлж байсан. Тэгээд би гэрээс гараад 103 түргэн тусламж дуудахад дуудлага бүртгэгдсэн байна гэсэн удалгүй эмнэлгийн машин, цагдаагийн машин 2 ар араасаа орж ирсэн. Эмч орж ирээд наад хажууд нь байгаа эрэгтэйг холдуул гэхэд нь би тэр эрэгтэйг сэрээгээд эмч үзээд нас барсан байна гэж хэлсэн “гэх мэдүүлэг /1 хх-н 58-59/,

Гэрч Д.Х-ын “...2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Б- над руу залгаад "ээж та хүрээд ирээч, такси бариад хүрээд ирээ" гээд Б- залгаад байхаар нь юу болсон юм бол гэж бодоод орой 20 цагийн орчим Б-ын гэрт очиход бэр X.Э- газар хэвтчихсэн байдалтай, хүү Б- маань согтуу хажууд нь байж байсан. Тэгээд би бэр Х.Э-ийг дуудахад ямар нэгэн хариу өгөхгүй бие нь хөшчихсөн байхаар нь хажууд айлын хүнд хэлж цагдаа дуудуулсан...” гэх мэдүүлэг /1 хх-н 67-69/ зэрэг хоорондоо харилцан хамаарал бүхий нотлох баримтаар яллагдагч Г.Б- нь амь хохирогч Х.Э-ийн амь насыг хохироосон үйлдэл нь нотлогдож байдаг.

Гэтэл шүүхээс шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй үндэслэлээр дахин шинжээч томилох шаардлагатай гэж нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг буцааж байгаа нь үндэслэлгүй болно. Прокуророос хэргийн талаар нотолбол зохих байдлыг шалгаж, мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтад тулгуурлан, хуульд заасан эрх, үүргийнхээ хүрээнд, хуульд заасан журмын дагуу яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаанд мөрдөн шалгах ажиллагааны явцад зөрчилтэй хийгдсэн болон огт хийгдээгүй ажиллагааг хамааруулан үзэх учиртай. Шүүгчийн захирамжид заасан ажиллагааг мөрдөн шалгах ажиллагааны явцад шалгаж тодруулсан бөгөөд шүүх шинжилгээний дүгнэлтэд шинжилбэл зохих нөхцөл байдлыг бүрэн бодиттой шинжлэн судалсан, шүүх хуралдаанаар нотлох баримтыг шинжлэн судалж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдал, гэм буруугийн асуудлыг шүүх тогтоох боломжтой, хангалттай, хүрэлцээтэй нотлох баримт хэрэгт цугларсан байгаа.

Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЗ/4548 дугаартай шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичив” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Түвдэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Өмгөөлөгчийн зүгээс прокурорын эсэргүүцэлтэй холбоотой дараахь тайлбарын гаргаж байна. анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь, шинжээчийн дүгнэлтэд осгож нас барсан, эсхүл гэмтлийн улмаас нас барсан эсэх нь тодорхойгүй байна. Хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт нь эргэлзээтэй байгаа учраас дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилуулах шийдвэр нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгч Г.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Хэлэх тайлбар байхгүй. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч Г.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Прокуророос Г.Б-ыг “2025 оны 01 дүгээр сарын 29-ний шөнө Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэ толгойн ***** тоотод согтуурсан байхдаа хамтран амьдрагч Х.Э-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, амь насыг нь хохироож, хүнийг санаатай алсан” гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тогтоолгож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэргийг хүлээн авч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар хянан хэлэлцээд “...

“...амь хохирогчийн биед учирсан аль гэмтлүүд нь үхэлд нөлөөлсөн байх боломжтой эсэх, осгож нас барсан юм уу, гэмтлийн улмаас нас барсан юм уу...” гэх эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгож байна. “...иймд дээрх шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй эсэх, уг эргэлзээтэй нөхцөл байдлыг арилгах зорилгоор дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилох...”, “ ...яллагдагчийн хувийн байдалтай холбоотойгоор цагдаагийн байгууллагад зөрчлийн дуудлага мэдээлэл бүртгэгдэж байсан эсэх лавлагааг авах...” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаажээ.

Шүүгчийн захирамжид дурдсан үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа зайлшгүй хийх үндэслэл тогтоогдсонгүй. 

Учир нь, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, мөрдөн шалгах ажиллагаагаар нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ шүүхээс хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр гарахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй байх ба шүүхээс нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, харьцуулан дүгнэх байдлаар хянан шийдвэрлэх боломжтой.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж зааснаар анхан шатны шүүх прокурорын үйлдсэн яллах дүгнэлт болон хавтаст хэрэгт бүрдсэн хэргийн хэмжээнд үйл баримтыг дүгнэж, яллагдагч Г.Б-ын гэм буруутай эсэхийг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, шүүх хуралдаанд хэрэгт хамааралтай, шаардлагатай оролцогч нарыг оролцуулах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” зааснаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Түүнчлэн, хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

            Иймд Г.Б-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулж, бэхжүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, яллагдагчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын мэтгэлцээнд үндэслэн хэлэлцэж шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх үзээд прокурор М.Бамбадоржийн бичсэн бичсэн 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 31 дүгээр эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЗ/4548 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

            Мөн шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор  шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан ажиллагааг явуулахыг прокурорт даалгах нь гагцхүү анхан шатны шүүхэд олгогдсон эрх хэмжээ болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЗ/4548 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор М.Бамбадоржийн бичсэн бичсэн 2025 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 31 дүгээр эсэргүүцлийг хангасугай.

2. Яллагдагч Г.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.МӨНХТУЛГА

 

ШҮҮГЧ                                     Г.МӨНХТУЛГА

 

      ШҮҮГЧ                                     Н.БААСАНБАТ