| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Нарангэрэл |
| Хэргийн индекс | 101/2024/07145/И |
| Дугаар | 191/ШШ2026/02040 |
| Огноо | 2026-02-04 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 191/ШШ2026/02040
| 2026 02 04 | 191/ШШ2026/02040 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хариуцагч: ****************************** тоот хаягт оршин суугч ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар *******/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний үүрэгт 38,138,954.26 төгрөг гаргуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н., Д.,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Мишээл нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* ХК хариуцагч Д.*******т холбогдуулан Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний үүрэгт 38,138,954.26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч ******* ******* ХК шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н., Д. нар шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Д.******* 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ******* *******тай Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээг хийж, 15,000,000 төгрөгийг бэлэн мөнгө авсны хүү сарын 3.5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2.0 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2.0 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1.0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй авсан. Бусад нөхцөл шаардлагыг гэрээнд тусгасан. Зээлдэгч нь кредит карт ашиглан гүйлгээ хийсэн зарцуулалтын төлбөрөө гэрээний нөхцөлд заасны дагуу төлөхгүй хугацаа хэтрүүлсэн. 2024 оны 07 сарын 23-ны өдрийн байдлаар кредит картын гэрээний үүргийн гүйцэтгэлд хугацаа хэтрэлт 39 сар буюу 1122 хоног, зээлийн үндсэн төлбөр 14,585,200.36 төгрөг, үүнээс бэлэн гүйлгээ 4,353,517.36 төгрөг, бэлэн бус гүйлгээ 10,231,683 төгрөг, зээлийн үндсэн хүү 19,628,128.25 төгрөг, үүнээс бэлэн гүйлгээний хүү 5,620,689.09 төгрөг, бэлэн бус гүйлгээний хүү 14,007,439.16 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний хүү 14,159,553.55 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний хүү 3,548,882.15 төгрөг,нийт 52,221,764.31 төгрөг төлөөгүй байна. Хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү нь зээлийн гэрээний 3.6-д заасан сар бүрийн 15-ны дотор эргэн төлөлтийн доод дүнгээр төлөөгүй бол эргэн төлөх доод хэмжээнээс 1 хувиар хугацаа хэтрүүлсний хүү тооцно гэсэн нөхцөлийн дагуу 2020 оны 02 сарын 03-ны өдрөөс эхлэн 53 сар хугацаа хэтрүүлж нийт 3,548,882.15 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү нь 3.5-д заасан зээлийн эрхийн хэмжээг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд хэтрүүлсэн дүнд зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 2 хувиар тооцно гэсэн нөхцөлийн дагуу 2019 оны 10 сарын 25-ны өдрөөс эхлэн зээлийн эрх 261,263.50 төгрөгөөр хэтэрч эхэлсэн тул 2019 оны 10 сарын 25-ны өдрөөс эхлэн 57 сарын хугацаанд нийт 14,459,553.55 төгрөг тус тус тооцсон. Зээлдэгчийн нөхцөл байдлыг харгалзан үзэж нийт хуримтлагдсан нэмэгдүүлсэн хүү болох зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 100 хувь буюу 3,548,882.15 төгрөгийг хөнгөлж, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 14,459,553.55 төгрөгөөс 10,533,927.90 төгрөг нийт 14,082,810.05 төгрөгийг хөнгөлж хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүүгээс үлдэх 3,925,625.65 төгрөгийг картын үндсэн төлбөр 14,585,200.36 болон үндсэн хүү 19,628,128.25 хамт нэхэмжилж байна. Иймд Д.*******аас ******* *******тай байгуулсан ЗГ/КР/550160******4354 тоот кредит картын гэрээний үүрэгт нийт 38,138,954.26 төгрөгийг гаргуулна гэв.
2.Хариуцагч Д.******* шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.*******ыг тус *******тай 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ЗГ/КР/550160******4354 тоот Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээг байгуулан кредит карт эзэмшигч болсон бөгөөд тус картын хүчинтэй хугацаанд тус картын зээлийн эрхийг ашигласан төдийгүй 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөр тасалбар болгон нийт 38,138,954.26 төгрөгийг нэхэмжилжээ. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлд дурдсан зүйлс бүгд хууль бус болохыг дурдаж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Д.******* нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Монгол Улсын хилээр гарсан бөгөөд ******* *******тай гэрээ хийсэн гэх 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Япон улсад байсан болох нь гадаад паспортын хуулбараар нотлогдоно. Мөн 2011 оноос хойш ******* *******тай харилцаа үүсгээгүй буюу тухайн үед зөвхөн харилцах дансны үйлчилгээ авч байсан. ******* *******наас кредит картын үйлчилгээ авсан, картыг ашиглан гүйлгээ хийсэн гэх үйл баримтууд огт болоогүй буюу хэзээ ч гэрээнд өөрийн биеэр гарын үсэг зурж, кредит картыг өөрийн биеэр хүлээн авч байгаагүй гэв.
3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2018.12.25-ны ЗГ/КР/550160******4354 Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ, кредит картын тооцооллын хүснэгт, ******* *******ны 2020.04.21-ний мэдэгдэл,
Хариуцагч нотлох баримтаар итгэмжлэл, хариу тайлбар, гадаад паспортын хуулбар, ХААН *******ны дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, Ажлын байрны тодорхойлолт япон хэл дээрх баримт, монгол хэл дээрх орчуулга зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх хариуцагчийн хүсэлтээр шинжээч томилж, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 13 дугаар шинжээчийн дүгнэлтийг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
4.Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Д.*******т холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний үүрэгт 38,138,954.26 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэгч дараахь үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Зээлдэгчийн нэр дээр олгогдсон 550160******4354 дугаартай Кредит картыг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хооронд ашигласан тул гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж тайлбарлав.
5.Хариуцагч Д.******* нэхэмжлэлийг дараахь үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ******* ******* ХК-тай гэрээ байгуулсан гэх 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр би Япон улсад байсан бөгөөд гэрээнд өөрийн биеэр гарын үсэг зурж, кредит картыг өөрийн биеэр хүлээн авч байгаагүй. Гэрээнд дурдсан бүх мэдээлэл хуурамч байх тул зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус гэж үгүйсгэн маргажээ.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2018 оны 12 дугаар сарын 25-ны ЗГ/КР/550160******4354 Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ, кредит картын тооцооллын хүснэгт, ******* *******ны 2020 оны 04 сарын дүгээр 21-ний өдрийн мэдэгдэл, гадаад паспортын хуулбар, ХААН *******ны дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга, Ажлын байрны тодорхойлолт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 13 дугаар шинжээчийн дүгнэлт, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
7.Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Д.*******т холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ/КР/550160******4354 дугаартай Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээнд 15,000,000 төгрөгийг бэлэн мөнгө авсны хүү сарын 3.5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2.0 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2.0 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1.0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлийг заасан байх ба нэхэмжлэгч нь 2024 оны 07 сарын 23-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 14,585,200.36 төгрөг, үүнээс бэлэн гүйлгээ 4,353,517.36 төгрөг, бэлэн бус гүйлгээ 10,231,683 төгрөг, зээлийн үндсэн хүү 19,628,128.25 төгрөг, үүнээс бэлэн гүйлгээний хүү 5,620,689.09 төгрөг, бэлэн бус гүйлгээний хүү 14,007,439.16 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний хүү 14,159,553.55 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний хүү 3,548,882.15 төгрөг,нийт 52,221,764.31 төгрөг төлөөгүй гэж тодорхойлон, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 3,548,882.15 төгрөг болон зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 14,459,553.55 төгрөгөөс 10,533,927.90 төгрөг нийт 14,082,810.05 төгрөгийг хөнгөлж, үлдэх 3,925,625.65 төгрөгийг картын үндсэн төлбөр 14,585,200.36 төгрөг, үндсэн хүү 19,628,128.25 төгрөгийн хамт 38,138,954.26 төгрөгийг гаргуулахаар шаарджээ.
8.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
9.Нэхэмжлэгч ******* ******* ХК нь мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагаа эрхлэх *******ны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, төлбөрийн хэрэгсэл буюу бэлэн мөнгө, мөнгөн хөрөнгө шилжүүлэх, хүлээн авах, төлбөр төлөх зориулалттай төлбөрийн карт, цахим мөнгө зэрэг Монгол*******ны зөвшөөрөл бүхий биет, биет бус хэрэгслийг ашиглах эрхтэй, энэ эрхийн хүрээнд зээлийн гэрээ байгуулах эрхтэй этгээд болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
10.Хариуцагч Д.******* нь нэхэмжлэгч талаас хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ/КР/550160******4354 дугаартай Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээг байгуулаагүй, гэрээн дээр зурсан гарын үсэг түүнийх биш гэж маргасан.
11.Шүүх шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилсон ба 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 13 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд ...Карт эзэмшигчийг төлөөлж гэсэн хэсэгт зурагдсан гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Д.*******ын гэх бичгийн хэвийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй байна гэх дүгнэлт гаргасан байна. /хавтаст хэргийн 41-67 тал/
12.Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Д.*******ын нэр дээр олгогдсон 550160******4354 дугаартай Кредит картыг 2018 оны 11 сарын 29-ний өдрөөс 2019 оны 12 сарын 02-ны өдрийн хооронд ашигласан тул гэрээний үүргийг шаардах эрхтэй гэх тайлбарыг гаргаж мэтгэлцсэн.
13.Хариуцагч Д.******* нь дурдсан цаг хугацаанд Монгол Улсад байгаагүй, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Япон улс руу явж, 2022 оны 08 сард Монгол Улсад ирээд, буцаад явсан, өнөөдрийг хүртэл Япон улсад ажиллаж амьдарч байгаа гэх тайлбарыг гаргаж, холбогдох баримтыг ирүүлсэн бөгөөд хариуцагчийн уг тайлбар нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Д.*******ын гадаад паспортын хилээр орж гарсан талаарх бичилт, Япон улсын Такуми Шожи компанийн тодорхойлолтоор тогтоогдож байна. /хавтаст хэргийн 113,114 тал/
14.Зээлдүүлэгч ******* ******* ХК нь зээлдэгч Д.******* кредит картын хүсэлтийг өөрөө өгч, өөрийн Хаан *******ны дансны гүйлгээний баримтуудыг ирүүлсний үндсэн дээр судалгаа хийгдсэн, кредит картын гүйлгээний утгаас харахад Баянзүрх дүүрэгт уншигдсан байдаг тул хариуцагч картыг ашигласныг нотолж байгаа гэж тайлбарлаж байх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлж нотлоогүй.
15.Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй гэрээнд зурсан гарын үсэг хариуцагч Д.*******ынх биш болох нь Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хариуцагч Д.******* Монгол Улсад байгаагүй буюу 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Буянт-Ухаа хилийн боомтоор гарсан болох нь Гадаад паспорт-нд бичигдсэн тэмдэглэгээ, Хил хамгаалах ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 2-4в/6359 дугаар Монгол улсын хилээр нэвтэрсэн иргэний тодорхойлолт зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 179,180, 192 тал/
16.Мөн 550160******4354 дугаартай Кредит картыг гэрээ байгуулсан гэх цаг хугацаанаас өмнө буюу 2018 оны 11 сарын 29-ний өдрөөс гүйлгээ хийн ашиглаж эхэлсэн болох нь баримтаар тогтоогдож байхад уг гүйлгээ нь 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан гэрээтэй хэрхэн хамаарч буй, тухайн гүйлгээ болон 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд хариуцагч Д.******* картыг ашиглан гүйлгээ хийснийг нэхэмжлэгч ******* ******* ХК нь баримтаар нотлоогүй.
17.Дээр дурдсан үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэхэд хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* ******* ХК болон хариуцагч Д.******* нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ/КР/550160******4354 дугаартай Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулагдсан болох нь, гэрээний дагуу хариуцагчид кредит карт бодитоор олгогдсон болох нь, хариуцагч картыг ашигласан болох нь тогтоогдохгүй байх тул гэрээний үүрэгт 38,138,954.26 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
18.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 348,645 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Д.*******т холбогдох 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний үүрэгт 38,138,954.26 төгрөг гаргуулах нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 348,645 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ