Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 2025/ДШМ/1057

 

2025          09            04                                                                                 2025/ДШМ/1057

           

Н.М-, Э.Э- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Г.Мөнхтулга, шүүгч Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Мөнх-Оргил,

шүүгдэгч/хохирогч Э.Э-, түүний өмгөөлөгч Д.Бурмаа,

шүүгдэгч/хохирогч Н.М-, түүний өмгөөлөгч Н.Болормаа,

нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/1499 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Э.Мөнх-Оргилын бичсэн 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 32 дугаар эсэргүүцэл, шүүгдэгч Н.М-ын өмгөөлөгч Н.Болормаагийн гаргасан давж заалдах гомдлоор Н.М-, Э.Э- нарт холбогдох 2406035920446 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баасанбатын илтгэснээр хянан хэлэлцэв.      

1. Б- овогт Э-ын Э-, ............, ял шийтгэлгүй, /РД: ......../,

2. Б- овогт Н-ын М-, ............., ял шийтгэлгүй, /РД: ........../.

Шүүгдэгч Э.Э- нь 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах **** дүгээр байрны 1 давхарт байрлах барааны дэлгүүрт байхдаа хохирогч Н.М-тай "эхнэр хүүхэд байхад хэрүүл хийлээ" гэх үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүний толгойн оройн хэсэг рүү автьёркаар хатгаж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Н.М- нь 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах **** дүгээр байрны 1 давхарт байрлах барааны дэлгүүрт хохирогч Э.Э-тай “хүүхдэд хурц иртэй хутга шиг тоглоом зарлаа” гэх үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар зүүн талын хавирга, чих хэсэг рүү цохиж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Н.М-, Э.Э- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б- овогт Э-ын Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар “гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал аргагүй хамгаалалт тогтоогдсон” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, шүүгдэгч Б- овогт Н-ын М-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М- нь оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, хохирогч Э.Э- нь сэтгэцэд хор уршиг учирсан хохирлыг холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

Прокурор Э.Мөнх-Оргил тус шүүхэд бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

“...Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд, 2025/ШЦТ/1499 дугаартай шийтгэх тогтоолоор “...Н.М- “****” дэлгүүрт орж худалдагч Э.О-тэй үл ялих зүйлээр шалтаглаж маргаан үүсгэж, маргааныг Э.Э- зогсоох гэхэд Н.М- Э.Э-ыг багалзуурдан улмаар хойшоо түлхэж, лангуунд тулах үед Э.Э-ыг хүчтэй түлхэж ард байсан шилэн лангууг нь хагалсан, улмаар гадаа гарч дахин Э.Э-ын цамцны захнаас боож, төмөр хашаа руу түлхэж, гараараа цээж, хэвлий хэсэгт нь хэд хэдэн удаа цохиж довтолсон байх бөгөөд уг хохирогчийн үйлдэл нь нийгэмд аюултай ба бодитой халдлага хийгдсэн гэж үзэхээр байна. Хохирогч Н.М- нь шүүгдэгч Э.Э-ын эхнэр Э.О-тэй хэрүүл маргаан үүсгэж, маргааныг зогсоох гэсэн Э.Э- руу "****" дэлгүүрийн гадна цамцны захнаас боож, төмөр хашаа руу түлхэж, гараараа цээж, хэвлий хэсэгт нь хэд хэдэн удаа цохиж довтлоход шүүгдэгч Э.Э- нь гартаа барьсан автёрканы ишээр Н.М-ын толгой хэсэгт цохиж байгаа үйлдлийг хохирогчийн халдлага довтолгоон төгсөөгүй үргэлжилж байх үед уг халдлага довтолгооныг зогсоох зорилгоор халдлага үйлдэгч этгээд рүү чиглэж уг халдлагыг зогсоосон байх тул дээрх аргагүй хамгаалалт хууль ёсны байх шаардлагууд хангасан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Иймд шүүгдэгч Э.Э-ын үйлдэл нь аргагүй хамгаалалтын шинжийг бүрэн агуулж байх тул гэмт хэрэгт тооцохгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Э-ын холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх үзлээ...” гэх дүгнэлт, түүний үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Шийтгэх тогтоолыг 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч танилцаад, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Хэргийн үйл баримтын хувьд шүүгдэгч Э.Э- нь 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах **** дүгээр байрны 1 давхарт байрлах барааны дэлгүүрт байхдаа хохирогч Н.М-тай “эхнэр хүүхэд байхад хэрүүл хийлээ” гэх үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүний толгойн оройн хэсэг рүү автьёркаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Н.М- нь 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах **** дүгээр байрны 1 давхарт байрлах барааны дэлгүүрт хохирогч Э.Э-тай “хүүхдэд хурц иртэй хутга шиг тоглоом зарлаа” гэх үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар зүүн талын хавирга, чих хэсэг рүү цохиж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу шүүгдэгч нар нь бие биеийнхээ эрх чөлөөнд халдан довтолж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байна.

Шүүхээс шүүгдэгч Э.Э-, Н.М- нар нь хэн, хэнийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байхад Н.М- нь шүүгдэгч Э.Э-ын эхнэр Э.О-тэй хэрүүл маргаан үүсгэж, маргааныг зогсоох гэсэн Э.Э- руу "****" дэлгүүрийн гадна цамцны захнаас боож, төмөр хашаа руу түлхэж, гараараа цээж, хэвлий хэсэгт нь хэд хэдэн удаа цохиж довтлоход шүүгдэгч Э.Э- нь гартаа барьсан автёрканы ишээр Н.М-ын толгой хэсэгт цохиж байгаа үйлдлийг хохирогчийн халдлага довтолгоон төгсөөгүй үргэлжилж байх үед уг халдлага довтолгооныг зогсоох зорилгоор халдлага үйлдэгч этгээд рүү чиглэж буюу уг халдлагыг зогсоосон гэж дүгнэн шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Түүнчлэн уг маргаан 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах **** дүгээр байрны 1 давхарт үйл ажиллагаа явуулах “****” барааны дэлгүүр дотор болсон бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь анх дэлгүүр дотор маргалдаж, нэгнийгээ түлхэх, цохих зэрэг үйлдлүүд хийсний дараагаар гэрч Э.О- нь салгасан болох хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог, улмаар шүүгдэгч Н.М-ын хууль бус халдлага эхлээд төгссөн байна. Харин уг маргаан даамжирч Э.Э- нь хүүхдүүдийн хажууд маргаан хийхгүй, гадагшаа гарья гэж хэлж гарсан, уг үйл явдал нь байршил буюу цаг хугацааны хувьд өөрчлөгдөж, “****” барааны дэлгүүрийн гадна болж, хэн хэнийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байна. Шүүгдэгч Э.Э-ын дэлгүүрийн гадна бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Аргагүй хамгаалалт” хийсэн гэж үзэх боломжгүй байна. Тодруулбал, хэрэгт авагдсан хохирогч Н.М-ын “...2024 оны 05 дугаар сарын 29-ний 21:20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 36 дугаар хороо, ***** тоот гэртээ байх үед манай хүү 10 настай, эрэгтэй М.М- дэлгүүрээс худалдаж авсан гээд хутга шиг үзүүртэй бариулын хэсэгтээ шааригтай зүйл худалдаж авсан гээд орж ирэхээр нь дэлгүүрт нь буцааж өг гээд явуулахад дэлгүүр нь буцааж авахгүй байна гээд М- гэртээ орж ирэхээр хамт дэлгүүр орж, тухайн хутгийг нь зарсан худалдагч эмэгтэйд өгөх гэхэд буцааж авахгүй, хайрцаг сав нь байхгүй тул дахиж хүнд зарж чадахгүй гэхээр нь би тухайн худалдагчид нь хандаж бага насны хүүхдэд үзүүртэй хутга шиг зүйл зарж болдоггүй биз дээ гэхэд худалдагчийн нөхөр нь гэх 50 орчим насны эрэгтэй хажуу талаас нь эхнэр хүүхэд байхад яах гээд хэрүүл хийгээд орилоод байгаа юм гээд гартаа автёрка барьчихсан над руу ирэхээр нь цааш нь түлхэх үед миний зүүн талын хавирга руу, автёркаар 2 удаа хатгах үед нь тухайн эрэгтэйн энгэрээс нь бариад цааш нь түлхэх үед хүүхэд орилоод байхаар нь явах гэж байхад тухайн эрэгтэй дэлгүүрээс түрүүлж гарчхаад намайг гараад ир гээд байсан. Тэгээд над руу дахин тулаад ирэхээр нь түлхэх үед тухайн дэлгүүрийн эрэгтэй гартаа барьж байсан автёркаар миний толгой руу 4-5 удаа хатгаж, миний толгойноос цус гарсан тул цааш нь дахин түлхэж, гэртээ ороод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг,

хохирогч Э.Э-ын: “...Тэгээд би дэргэд байсан хүүхдүүд уйлаад байхаар нь яаж байгаа юм бэ? гээд гараад яръя гэж хэлээд гарах үед эхнэр О- миний баруун гарт барьж байсан автёркны үзүүрээс нь татаж, үзүүр хэсгийг сугалж авсан. Тэгээд дэлгүүрийн гадна гараад чи одоо яагаад байгаа юм бэ? хүний нялх биетэй эхнэр рүү болон бага насны хүүхдүүд байхад орилж, айлгаад чи яагаад байгаа юм бэ? гэхэд намайг муу банди минь чи үхлээ гээд цамцны захаар боож дэлгүүрийн төмөр хаалгыг арагш мөргүүлж байхад нь эхнэр О- ирж маргааныг салгаад наадах чинь хүзүүний хагалгаанд орсон...” гэх мэдүүлэг,

гэрч Э.О-ийн: “...Тухайн үед миний бие болиоч гээд салгах явцад маргаан үүсгэж байсан зүс таних залуу гараад учир аа ольё гээд гарах үед нь би нөхөр Э-ыг болиоч гээд гараас нь татах үед гарт нь засвар хийж байсан автёрк байсан бөгөөд намайг татах үед гарт нь автёркны бариул нь үлдсэн. Тэгээд би хүүхдээ уйлаад байсан тул очиж аргадчихаад нөхөр Э-ын хамт дэлгүүрийн гадна гарах үед маргаан үүсгээд байсан халзан залуу дэлгүүрийн гадна дахин Э-тай маргалдаж хүзүүнээс нь барих үед нь би наад хүн чинь хүзүүний хагалгаанд орсон хүн шүү чи болиоч ээ гэхэд Э-ын хүзүүнээс нь барьж боогоод хоолойг нь шахаж зууралдаж байх явцад Э-ыг хоолойноос нь барьж байгаад төмөр хашаа руу хэд хэдэн удаа түлхэж бие рүү нь олон удаа гараараа цохиод байсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас үзэхэд хохирогчийн хувьд зүй ёсны шаардлагыг шүүгдэгчид тавьсан боловч шүүгдэгч биелүүлээгүй, улмаар шүүгдэгч, хохирогч нар хоорондоо маргалдан, харилцан заамдалцаж, зодолдсон үйл баримт тогтоогдсон байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд хохирогч шүүгдэгч нарын хооронд “хүүхдэд хурц иртэй хутга шиг тоглоом зарлаа”, “эхнэр хүүхэд байхад хэрүүл хийлээ” гэх шалтгаануудаас үүдэлтэй маргаж нь нэгнийгээ заамдах, цохих, түлхэх, харилцан бие биедээ халдсан зэрэг давтамжит үйлдэл нь тодорхой хугацаанд үргэлжилсэн байх тул үүнийг довтолгооны үргэлжилсэн шинж гэж үзэхгүй ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан “Аргагүй хамгаалалт” гэх ойлголт нь Эрүүгийн эрх зүйн онолын хувьд аюул заналхийлсэн довтолгоон бодитой хийгдэж эхэлсэн бөгөөд дуусаагүй байх үндсэн шинжийг агуулдаг бөгөөд аргагүй хамгаалалт хийж буй этгээдийн санаа сэдэл, тухайн үеийн нөхцөл байдал зэргийг хэргийн үйл баримтад нарийвчлан тодорхойлох нь түүнээс үүдэн гарах нийгмийн аюулын шинж чанарыг үгүйсгэж, гэмт хэрэгт тооцох эсэх үр дагавартайгаас гадна Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой төрлийн гэмт хэргүүдээс объектив талын шинжээр ялгагдах учиртай тул аргагүй хамгаалалтын хувьд объектив болон субьектив шинжийн зохицол болоод хоорондын уялдаа холбоог анхааран үзэх шаардлагатай юм. Хэдийгээр шүүгдэгч, хохирогч нар хоорондоо маргалдах явцад Э.Э- нь Н.М-ыг автёркны ишээр цохиж түүний толгойг хагалсан үйлдэл хийсэн байхад анхан шатны шүүх гэмт хэрэг гарахад дан ганц хохирогч Н.М-ын буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн, энэ нь шүүгдэгчийг хариу үйлдэл үзүүлэх хэмжээнд хүргэсэн гэх өрөөсгөл дүгнэлт хийж, гэмт хэрэг эхэлж, дуусах хүртэл үргэлжилсэн хугацаа, үйл явдал болж өрнөсөн нөхцөл зэргийг харгалзан үзэлгүйгээр шүүгдэгч Э.Э-ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/1499 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад тус тус заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэв.

Шүүгдэгч Н.М-ын өмгөөлөгч Н.Болормаа тус шүүхэд гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 “...1. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Э.Э- нь “би өөрийн барьж байсан, М-ын биед гэмтэл учруулсан автёркны ишээ мөрдөн байцаагчид хураалгасан” гэж мэдүүлсэн бөгөөд эд мөрийн баримтаар хураан авсан тогтоол байхгүй, тухайн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг нь байдаггүй. Энэхүү автёркыг хэрэглэсэн гартаа барьж байсан, хохирогч Н.М-ын толгой руу цохисны улмаас гэмтэл учруулсан гэдгийг холбогдогч нар болон хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Э.Э-ын эхнэр Э.О- нар тодорхой мэдүүлсэн байдаг.

2. Хэрэг учрал болсон газар нь нэг давхрын үйлчилгээний байр бөгөөд тухайн үед ажиллаж байсан үйл явдлыг харсан гэрчүүд болох үсчин, оёдолчин нарыг огт гэрчээр асуугаагүй байгаа нь хэргийн бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоох боломжийг алдагдуулсан гэж үзэж байна.

3. Түүнчлэн хэргийн газрын үзлэгийг хийгээгүй, шилэн лангууны хагарсан зураг хэрэгт авагдаагүй, үнэлгээгээр л шилэн лангуу хагарсан хэмээн дүгнэж, зөвхөн Н.М-, Э.Э- нарын гэрчээр, хохирогчоор, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хэрэгт хийгдсэн шинжээчийн дүгнэлтүүдээр л мөрдөн шалгах ажиллагааг хязгаарлаж, хийгдвэл зохих хэргийн бодит байдлыг тогтооход зайлшгүй ач холбогдолтой ажиллагаануудыг огт хийгээгүй байхад хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4. Э.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд нь үг үсгийн зөрүүгүй хуулбарлан бичсэн мэдүүлэг байгааг шүүх анхаарч үзээгүй, шүүх хуралдаанд бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэм буруу дээрээ маргахгүй, хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон байхад харин ч болсон хэргийн талаар тогтвортой мэдүүлсэн хэмээн дүгнэж, Н.М-ын биед зэвсэг хэрэглэн халдаж, хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан “аргагүй хамгаалалт” хэмээн дүгнэж цагаатган хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шүүхийн дүгнэсэн шиг амь нас эрүүл мэндэд аюул учруулах халдлага хийгдэж байх үед Э.Э- нь автёрка хэрэглээгүй, хохирогчийн толгойн ар дагз хэсэгт араас нь цохиж гэмтэл учруулсан талаар шүүхийн хэлэлцүүлэгт Н.М- нь мэдүүлсэн. Гэтэл үүнийг үгүйсгэсэн дүгнэлтийг шүүх хийж чадаагүй атлаа шүүгдэгч Н.М- түүний өмгөөлөгч нарын дүгнэлтүүдийг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэсэнд гайхаж байна.

Улсын яллагчаас Н.М-ад “Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай, өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулах саналыг тус тус гаргасан. Гэвч шүүхээс “Шүүгдэгч Н.М-ын гэмт хэрэг үйлдсэн байдал буюу үл ялих зүйлээс шалтаглан маргаан үүсгэсэн, үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчид зүүн 7 хавирганы хугарал, зүүн чихний дэлбэн, баруун тохой, зүүн бугалганд цус хуралт, зүүн чихний дэлбэн, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, өөрийн үйлдсэн гэмт хэрэгт дүгнэлт хийхгүй байгаа байдал, хувийн байдал зэргийг харгалзан, эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилтод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь шударга ёсонд нийцнэ” хэмээн дүгнэж шийтгэл оногдуулсанд гомдолтой байна. Н.М-ын хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруу дээр маргаагүй хүлээн зөвшөөрч, ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон байдаг ба үйлдсэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлсээр ирсэн. Анхан шатны шүүх хуралдаан дээр хохирогчийн гаргаж өгсөн баримтын дагуу хохирлыг төлж барагдуулсан, эрхэлсэн тодорхой ажилтай, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг шүүх харгалзан үзсэнгүй гэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Н.М-ад Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 нэгжээр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж өгнө үү...” гэжээ.

Шүүгдэгч Н.М- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2 хүүхэдтэй бөгөөд ганцаараа ажил хийдэг. Анхан шатны шүүхээс надад оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү гэв. гэв.

Шүүгдэгч Э.Э-ын өмгөөлөгч Д.Бурмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Хэргийн талаар бүрэн нотолж тогтоосон. Хэрэгт авагдсан баримтаас гадна шүүхийн шинэчилсэн байцаалтаар хэдийд ямар байдалтай байхад Н.М-ын толгой руу цохисон бэ, энэ талаар аль талаас нь нарийн тодруулсан бөгөөд довтолгоо эхэлж өөрт нь гэмтэл учруулахаар нөхцөл байдал учирсан байсан нь бүрэн тогтоогдсон. Шүүгдэгч Н.М- нь  дэлгүүр дотор барааг ийш тийшээ шидэж, лангууг нь хаглаж, хэл амаар доромжилж маш их танхайрсан.  Улмаар дэлгүүр дотроо гэрлээ засаж байсан Э.Э- “чи одоо болилдоо” гэж хэлэхэд маргаан гарсан. Мөн Н.Э- нь олон хүүхэдтэй бөгөөд том хүүхэд нь 10 гаруй настай, бага хүүхэд нь 3 сартай хүүхэд байсан, түүний эхнэр мөн байсан. Шүүгдэгч Н.М- нь Э.Э-ыг гарцаагүй байдалд оруулсан нь тогтоогдсон. Гэрч О- “би салгах гэж наад хүн чинь толгойндоо гэмтэл авсан шүү дээ, болиочээ” гэхэд нь Н.М- “энийг чинь алаад өгье” гэсэн тул огт салгаж чадаагүй. Мөн Э.Э-ын хоолойг боогоод төмөр хашаа руу дараасан бөгөөд Э.Э- нь өмнө хагалгаанд орж байсан учраас өөрийгөө гэмтэх байх гэж бодоод барьж явсан автёркны ишээр боож байхад нь цохисон. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр  үндэслэлтэй зөв гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар аргагүй хамгаалалт гэж үзсэн нь үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Мөн шүүгдэгч Н.М-ад оногдуулсан нь түүний хувийн байдалд тохирсон гэж үзэж байна гэв.

Шүүгдэгч Э.Э- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ хүнд гомдох зүйл байхгүй. Ял шийтгэлийн талаар  хуулийн дагуу шийдвэрлэнэ биз. Прокурор 2 хэсэг гэж яриад байгаа боловч үгүй шүү дээ, 3 сартай эхнэр лүү хүн юм шидээд дайраад байхад, хүүхдүүд нь тэнд орилоод байхад, энэ хүн намайг заамдаж бариад лангуу түлхэж байх явцад ямар хүн зүгээр байх вэ, би энэ хүнийг гаръя гэж хэлээд гарсан. Энэ нь үргэлжилж байгаа болохоос биш 2 өөр газарт үргэлжилсэн асуудал биш. Мөн намайг араас нь цохилоо гэсэн. Би яаж энэ хүнийг бяр хүчээр дийлэх вэ, мөн хүн алах гэдэг тийм амархан юм уу, миний эхнэр “наад хүн чинь 1 сарын өмнө хүзүүндээ хагалгаанд орсон  шүү дээ” гэхэд Н.М- “энэ мууг чинь алчихъя, үхлээ чи” гэсэн. Би маш хүнд аваарт орсон учраас тархины ард хэсэгтээ ясгүй болсон. Хэрэг болсон гэх тухайн газарт цоожны цүүтэй, миний далны хажууд таарч байсан. Хэрэв Н.М- нь уурын мунхгаар боож түлхэж байхдаа миний ясгүй хэсгээр цоожны цүүг тааруулаад түлхсэн бол өнөөдөр би амьд байх боломжгүй, мөн Н.М- ч гэсэн гомдол гаргаад явахгүй байсан. Мөн миний хавиргыг хугалсан бөгөөд үүнийг би эмчээс хэзээ эдгэх вэ гэж асуухад “наад чинь яс биш, хавирга өвчүү хоёрыг холбосон мөгөөрс учраас хэцүү” гэсэн. Би 5 хүүхэдтэй бөгөөд ганцаараа гэр бүлээ тэжээдэг бөгөөд одоогийн  байдлаар би ажилгүйдлийн тэтгэмж авч байна. Энэ гэмтлээс бол амьсгалахад хэцүү байна. Мөн би түүний гэрт ороод уучлаарай гэж хэлсэн. Нялх нойтон биетэй эмэгтэй хүн болон хүүхдүүд уйлаад байхад ухамсар гэж байх ёстой байсан гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-, Э.Э- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурор Э.Мөнх-Оргилын бичсэн эсэргүүцэл, шүүгдэгч Н.М-ын өмгөөлөгч Н.Болормаагийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

1. 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 36 дугаар хороо, **** дүгээр байрны 1 давхарт байрлах барааны дэлгүүрт шүүгдэгч, хохирогч Э.Э-, Н.М-  нар нь үл ялих зүйлээс маргалдаж хэн хэнийхээ биед хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай дуудлага лавлагааны хуудас /хх-н 10, 11/,

-хэрэг бүртгэлтийн хугацааг сунгах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 4, 8/,

- хохирогч Н.М-ын: “...тухайн хутгийг нь зарсан худалдагч эмэгтэйд өгөх гэхэд буцааж авахгүй, хайрцаг сав нь байхгүй тул дахиж хүнд зарж чадахгүй гэхээр нь би тухайн худалдагчид нь хандаж бага насны хүүхдэд үзүүртэй хутга шиг зүйл зарж болдоггүй биз дээ гэхэд худалдагчийн нөхөр нь гэх 50 орчим насны эрэгтэй хажуу талаас нь эхнэр хүүхэд байхад яах гээд хэрүүл хийгээд орилоод байгаа юм гээд гартаа автёрка барьчихсан над руу ирэхээр нь цааш нь түлхэх үед миний зүүн талын хавирга руу автёркаар 2 удаа хатгах үед нь тухайн эрэгтэйн энгэрээс нь бариад цааш нь түлхэх үед хүүхэд орилоод байхаар нь явах гэж байхад тухайн эрэгтэй дэлгүүрээс түрүүлж, гарчхаад намайг гараад ир гээд байсан. Тэгээд над руу дахин тулаад ирэхээр нь түлхэх үед тухайн дэлгүүрийн эрэгтэй гартаа барьж байсан автёркаар миний толгой руу 4-5 удаа хатгаж, миний толгойноос цус гарсан...” гэх мэдүүлэг /хх-н 14-15/,

-хохирогч Э.Э-ын: “... дэлгүүртээ хяналтын камер суурилуулах гээд камерыг автёркаар хөшиж, задлаад зогсож байх үед манай дэлгүүрт 34 орчим насны, эрүүндээ урт сахалтай, халзан толгойтой залуу 10 орчим насны хүүхдийн хамт орж ирээд, лангууны цаана зогсож байсан эхнэр Э.О- рүү хандаж та нар яахаараа ийм хурц үзүүртэй хутга хүүхдэд зардаг юм гээд орилоод байсан. Тэгээд манай эхнэр тухайн эрэгтэйд хандаж наадах чинь хутга биш, ир, үзүүргүй гартаа эргүүлдэг тоглоом байгаа юм гэж тайлбарлахад, нь та нар ийм юм зарах ямар эрхтэй юм гээд орилж, хашхираад байсан. ... мөнгө нь хэрэггүй гөлөг минь энийгээ ав гээд тухайн тоглоомыг эхнэр лүү шидсэн..., ...би тухайн халзан толгойтой эрэгтэйд хандаж чи одоо яагаад байгаа юм бэ нялх хүүхдүүд байна, айчихлаа шүү дээ гэхэд надад хандаж чи юу юм гөлөг минь гээд миний хүзүүнээс багалзуурдаад намайг арагш нь түлхэж явж байгаад лангуу налах үед дахин огцом түлхэж толгойгоор маань шилэн лангуу арагш мөргүүлж хагалсан. Эхнэр О- “наад хүн чинь саяхан хүзүүний хагалгаанд орсон болиоч” гэсэн. Дэргэд байсан хүүхдүүд уйлаад байхаар нь яаж байгаа юм бэ гээд гараад яръя гэж хэлээд гарах үед эхнэр О- миний баруун гарт барьж байсан автёркны үзүүрээс нь татаж, үзүүр хэсгийг сугалж авсан. Тэгээд дэлгүүрийн гадна гараад бага насны хүүхдүүд байхад орилж, айлгаад гэхэд намайг муу банди минь чи үхлээ гээд цамцны захаар боож дэлгүүрийн төмөр хаалгыг арагш мөргүүлсэн. Эхнэр О- ирж маргааныг салгаад наадах чинь хүзүүний хагалгаанд орсон, гэмтэлтэй хүн чи болиоч ээ гэхэд дахин над руу хандаж муу банди минь чи үхлээ шүү дээ гээд дайрч, миний энгэрээс зүүн гараараа заамдаж өөр лүүгээ татаж, зүүн талын хавирга хэсэг рүү нэг удаа цохих үед нь миний хүзүүний гэмтэл зүүн талын нүүрнээс доош татсан.  Амьсгал авч болохгүй байх үед дахин намайг заамдаж татаад зүүн чихний доор нэг удаа цохихоор нь намайг алах гэж байгаа юм байна гээд баруун гартаа барьж байсан автёркны төмөртэй ишээр нь толгойны орой хэсэгт нь нэг удаа цохих үед намайг тавихгүй болохоор нь дахин автёркны төмөртэй ишээр хоёр удаа цохих үед тухайн эрэгтэйн толгойноос нь цус гарсан. Тэгээд намайг тавиач гээд хашхирах үед больсон...” гэх мэдүүлэг /хх 19-20/,

-гэрч Э.О-ийн “...орж ирээд, та нар энийгээ буцааж ав, ийм зүйл зарах ёсгүй гэх мэтээр уурлаж, уцаарлан хэрүүл маргаан үүсгэж хүүхдийнхээ худалдан авсан жижиг төмөр тоглоомыг лангуу руу шидчихсэн. Тухайн үед манай нөхөр Э- эргэж хараад болиоч хүүхэд байна шүү дээ яагаад орилж яриад байгаа юм гэхэд дахин маргаан гарч ... Э-ын биеэс нь барьж, цээжээрээ түлхэж цамцны хүзүү хэсгээс нь барьж хоолойг нь шахаж хойшоо нь шилэн лангуу руу хүчтэй түлхэх үед шилэн лангуу хагарч цуурсан. ... гараад учир аа ольё гээд гарах үед нь би нөхөр Э-ыг болиоч гээд гараас нь татах үед гарт нь засвар хийж байсан автёрк байсан бөгөөд намайг татах үед гарт нь автёркны бариул нь үлдсэн. Тэгээд би хүүхдээ уйлаад байсан тул очиж аргадчихаад нөхөр Э-ын хамт дэлгүүрийн гадна гарах үед маргаан үүсгээд байсан халзан залуу дэлгүүрийн гадна дахин Э-тай маргалдаж ... хүзүүнээс нь барьж боогоод хоолойг нь шахаж барьж байгаад төмөр хашаа руу хэд хэдэн удаа түлхэж бие рүү нь олон удаа гараараа цохиод байсан. Тэгээд тавихгүй зууралдаж байх үедээ явган хүний хашлаг руу эргүүлээд гэдийлгэж дарж байгаад Э-ын цээж хэвлий хэсэг рүү цохиод байсан. Тухайн үед би гарыг нь чангаагаад дийлэхгүй байсан бөгөөд маргааныг болиулахыг хичээсээр байсан. Тухайн үед Э- хоолойгоо боолгуулсан байсан тул гартаа байсан автёркны бариулаар биед нь халдаж байсан хүнийг болиулах гээд 2-3 удаа цохиж байсан...” гэх мэдүүлэг /хх 24/,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 7308 дугаар: “...Э.Э-ын биед зүүн 7-р хавирганы хугарал, нуруу, зүүн чихний дэлбэн, баруун тохой, зүүн бугалгад цус хуралт, зүүн чихний дэлбэн, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 28-29/,

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 7302 дугаар: “...Н.М-ын биед зулай, дагзанд шарх, дагз, зүүн чамархайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь үзүүртэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 35-36/,

-Шинжээч эмч Д.Дунгаамаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э.Э-ын биед зүүн 7 дугаар хавирганы хугарсан гэмтэл нь дангаараа Эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх бөгөөд мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүснэ...” гэх мэдүүлэг /хх 53/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Н.М-, Э.Э- нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

3. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч/хохирогч Э.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар “гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал аргагүй хамгаалалт тогтоогдсон” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,

шүүгдэгч Н.М-ыг хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.

Хохирогч Э.Э-ын эрүүл мэндэд хууль бусаар халдаж, хөнгөн хохирол учруулсан шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба шүүгдэгч Н.М- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн асуудлаар маргаагүй болно.

4. Прокурор Э.Мөнх-Оргил “... шүүгдэгч, хохирогч нар хоорондоо маргалдах явцад Э.Э- нь Н.М-ыг автёркны ишээр цохиж түүнийг толгойг хагалсан үйлдэл хийсэн байхад анхан шатны шүүх гэмт хэрэг гарахад дан ганц хохирогч Н.М-ын буруутай үйл ажиллагаа нөлөөсөн, энэ нь шүүгдэгчийн хариу үйлдэл үзүүлэх хэмжээнд хүргэсэн гэх өрөөсгөл дүгнэлт хийж, гэмт хэрэг эхэлж, дуусгах хүртэл үргэлжилсэн хугацаа, үйл явдал болж өрнөсөн нөхцөл зэргийг харгалзан үзэлгүйгээр шүүгдэгч Э.Э-ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй...” гэх агуулга бүхий эсэргүүцлийг гаргажээ.

Аргагүй хамгаалалт нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т заасан “... амьд явах, халдашгүй чөлөөтэй байх ...” болон бусад эрхээ эдлэх, энэ эрхэд халдсан довтолгооныг няцаах, түүнээс хамгаалах чухал ач холбогдолтой хууль цаазын хэрэгсэл бөгөөд хууль зүйн мөн чанарын хувьд Эрүүгийн хуулиар зөвшөөрөгдсөн, түүнчлэн уг хуулиар хамгаалагдсан ямар ч хохирол, хор уршигт хүргэж болох боловч гэмт хэрэгт тооцдоггүй, гэмт хэргийг үгүйсгэдэг онцгой нөхцөл байдал юм.

Аливаа хүн мэргэжил, тусгай бэлтгэл, албан ажлын байдал, аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхийг хуульчилсан бөгөөд аргагүй хамгаалалт нь халдагч этгээдийн хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор үйлдэгдэж буй хариу довтолгоон, эсрэг дайралтаар илэрдэг шууд санаатай үйлдэл байдаг.

Н.М- нь Э.Э-ын эхнэр Э.О-тэй хэрүүл маргаан үүсгэж, маргааныг зогсоох гэсэн Э.Э- руу “****” дэлгүүрийн дотор болон гадна хэсэгт цамцны захнаас боож, лангуу мөргүүлж, төмөр хашаа руу түлхэж, гараараа цээж, хэвлий хэсэгт нь хэд хэдэн удаа цохиж байгаа үйлдэл нь түүний амь нас, эрүүл мэндэд шууд аюул учруулж байгаа, хууль бус, тухайн цаг хугацаанд бодитойгоор хэрэгжиж байгаа тасалдалгүй үргэлжилж байгаа довтолгоо юм.

Шүүгдэгч Э.Э-ын үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэм хорыг учруулсан боловч бодит агуулгаараа хууль бус халдлагын эсрэг хийгдэж байгаа аргагүй хамгаалалт мөн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, Э.Э-ын энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд зааснаар гарцаагүй ирсэн хууль бус, тулгарсан довтолгооны өөдөөс буюу өөрийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор Н.М-ын довтолгооны эсрэг аргагүй хамгаалалт хийсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Иймд анхан шатны шүүх Э.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул прокурор Э.Мөнх-Оргилын бичсэн 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 32 дугаар эсэргүүцлийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Болормаа нь “...Н.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 нэгжээр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж өгнө үү ...” гэх давж заалдах гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд, шүүгдэгч Н.М-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, зүй ёсны шаардлагыг хохирогчийн эхнэр болох дэлгүүрийн худалдагчид тавьсан байдал, шийтгэх тогтоолоор гаргуулахаар шийдвэрлэсэн хохирлыг төлж барагдуулсан байдал зэргийг харгалзан шүүгдэгчид анхан шатны шүүхээс оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг 1.350 нэгж буюу 1.350.000 төгрөгөөр торгох ялаар солих нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журамд нийцнэ гэж дүгнэлээ.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Болормаагийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/1499 дүгээр шийтгэх тогтоолд давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/1499 дүгээр шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Шүүгдэгч Н.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.350 / нэг мянга гурван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.” гэж,

4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1.350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, прокурор Э.Мөнх-Оргилын бичсэн 2025 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 32 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.М-ын өмгөөлөгч Н.Болормаагийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

           

           

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.МӨНХӨӨ

 

                                    ШҮҮГЧ                                                                       Г.МӨНХТУЛГА

 

                                    ШҮҮГЧ                                                                       Н.БААСАНБАТ