| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Цогзолмаа |
| Хэргийн индекс | 306/2026/00059/И |
| Дугаар | 306/ШШ2026/00037 |
| Огноо | 2026-01-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2026 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 306/ШШ2026/00037
| 2026 оны 01 сарын 22 өдөр | Дугаар 306/ШШ2026/00037 | Говьсүмбэр аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Цогзолмаа би,
Нэхэмжлэгч: ............................ ХК
Хариуцагч: Т.А
Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 8,773,364 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ....................... ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
1.1. Зээлдэгч Т.А нь 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр тус банктай 17300.... дугаартай цахим зээлийн гэрээ байгуулж 10,200,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 18 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар онлайн цалингийн зээл авсан... 1730094515 дугаартай зээлийн төлөлтөнд үндсэн зээл 2,634,263 төгрө, хүүнд 1,126,290 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 7,520 төгрөгийг төлсөн. ................... ХК-ийн зүгээс зээлдэгчийг зээл төлөх боломжоор хангаж, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчийн банкинд өгсөн утсаар холбогдож мэдэгдэж байсан боловч зээлдэгч нь 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөх хугацааг хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 307 хоног хугацаа хэтрүүлсэн байна.
Иймд, зээлийн гэрээний үүрэгт нийт 8,773,364 төгрөгийг хариуцагч Т.Анхтуяагаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Т.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
2.1. Би .................. банк ХК-иас нэхэмжилж буй үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 8,773,364 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргаан байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Хариуцагч Т.А-аас үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 8,773,364 төгрөгийг гаргуулна гэжээ.
3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй болно.
5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155,324 төгрөгийн тавин хувь болох 77,662 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 77,662 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 77,662 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ...................... ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 8,773,364 төгрөгийг хариуцагч Т.А нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 155,324 төгрөгийн тавин хувь болох 77,662 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 77,662 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцааж, мөн хариуцагч Т.А улсын тэмдэгтийн хураамжид 77,662 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ............... банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.ЦОГЗОЛМАА