Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 2025/ДШМ/60

 

 

 

 

 

 

 

   2025      10          23                                           2025/ДШМ/60

 

 

Ш.Мнарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаржаргал, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                    Т.Т

Яллагдагч                                                     Ш.М, П.О,

Яллагдагч нарын өмгөөлөгч                    Н.М

Хохирогч                                                       И.Э

            Нарийн бичгийн дарга                             Г.Энэрэл нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 775 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан яллагдагч П.О, яллагдагч нарын өмгөөлөгч Н.М нарын давж заалдах гомдлыг үндэслэн яллагдагч Ш.М, П.О, Н.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Т овогт Н-н Б, Монгол Улсын иргэн,

 

Х овогт Ш-н М, Монгол Улсын иргэн,  

 

Ж овогт П-н О, Монгол Улсын иргэн,

 

Н.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 10 дугаар сарын 19-ний орой 22 цагийн орчим      аймгийн       сумын        багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Н” төвд үйлчлүүлж байхдаа түүний ширээнд суусан залуустай маргаан үүсгэж улмаар ширээн дээр байсан пивоны стакан шидсэний улмаас тухайн төвд үйлчлүүлж байсан хохирогч И.Э-н толгойг хагалж эрүүл мэндэд “духанд шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

П.О, Ш.М нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн 2024 оны 10 дугаар сарын 19-ний орой 22 цагийн орчим    аймгийн   сумын      багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Н төвд хохирогч Н.Бг ... И.Э-н толгойг хагаллаа гэсэн шалтгаанаар маргаан үүсгэн бүлэглэн зодож эрүүл мэндэд “зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун дээд 5-р шүдний хугарал, баруун зулай хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн даланд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Н.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,

 

П.О, Ш.Мнарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхээс:

Яллагдагч Ш.М, П.О, Н.Б нарт холбогдох хэргийг Орхон аймгийн Прокурорын газарт буцааж, Хэргийг прокурорт очтол яллагдагч Ш.М, П.О, Н.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Энэ хэрэгт эд мөрийн баримаар ирүүлсэн 2 ширхэг CD хуурцгийг хэргийн хамт хүргүүлж шийдвэрлэжээ.

 

Яллагдагч П.О давж заалдах гомдолдоо:

 

... Миний бие уг урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал болохын өмнөх өдөр хэрэг болсон гэх газрын камерын бичлэгийг очиж үзсэн, ингэхдээ шүүгчийн туслахдаа мэдэгдээд зөвшөөрөл авч хурлын 107 танхимд тухайн шүүхийн мэдээлэл технологийн ажилтны хамт үзсэн. Ингэж үзэх явцад хохирогч Н.Бг цохисон гэх дүрсийг үзэх явцад маш хурдан хоромхон зуур сарниад хальт үзэгдээд өнгөрсөн тул “удаашруулаад ухраагаад өгөөч, яг хацарт нь цохиод байна уу, нүднийх нь хавьцаа цохиод байна уу, яг аль хэсэгт гар хүрч байгаа эсэхийг харья” гээд тухайн мэргэжилтэнд хэлсэн.

Тэгэхэд ухраах зогсоох товчлуур дарж амжихгүй зогсохгүй дүрс нь өнгөрөөд сарниад өнгөрч байсан, тэгээд тухайн шүүхийн мэргэжилтэн “манай байгууллагад программ үйлдлийн систем нь байхгүй учраас ухраах боломжгүй байна” гэж хэлсэн, харин анх бичлэг хийгдсэн газар эсхүл анх хуулж авсан цагдаа дээрээ очоод тодорхой программ суулгаад ухрааж болох байх гэж зүйлийг хэлж хариу өгсөн.

Ийм учраас хохирогчийн нүүрний аль хэсэгт хүрсэн, шүдэнд үү, нүдний хэсэгт үү, баруун хэсэгт үү, зүүн хэсэгт үү гэж хаана хүрсэн цохилтыг тодорхойлоход ач холбогдолтой гэж үзэж байгаа учраас прокурорт хэргийг буцаасан хугацаанд камерын бичлэгийг ухраан удаашруулж хяналтын камерын дахин үзлэг хийлгэх хүсэлтийг гаргасан тул хангаж өгнө үү.

Мөн хохирогч Н.Б нь анх эмнэлэгт очсон цагаас эхлээд удаа дараагийн шинжээч нарт үзүүлж гэмтлээ оношлуулж тодорхойлуулсан, энэ хугацаанд бараг 1 жил орчим болж байгаа бөгөөд анх шүдний сулрал байж байгаад булгарал, хугарал, одоо бүүр сүүлдээ шимэгдэл ч байх боломжтой болж таарч байна. Эдгээр яриад байгаа ойлголтууд нь бүгд тус тусдаа анагаахын өөр өөр нэршил өвчин оношууд гэж би ойлгосон.

Учир нь намайг яллаж, би хэргээ шийдүүлэн гэмт хэрэгтэн ялтан болохын өмнө юу хийсэн ямар хэрэгт яагаад холбогдсон, энэ хүн яаж хохирсон талаар өөрийнхөө хэмжээнд судалж үзлээ. Би ингэснээр өөрийгөө хамгаалахын тулд аливаа асуудлыг үнэн зөвөөр шийдүүлэхийн тулд тодорхой нарийн мэргэжлийн мэргэшсэн эмч, шүдний эмч нараас асууж тодруулж ойлголт авахад шүдний хугарал, булгарал нь өөр ойлголт мөн шүдний зургаас үзвэл ёзоорын хугарал биш шүдний шимэгдэл гэсэн онош хэлж байна.

Энэ олон удаагийн дүгнэлт үзлэгээр анхны “Хаш” эмнэлгийн эмчийн үзлэгийн тэмдэглэл буюу ёзоорын хугарал гэх оношийг тулгуурлан, дүгнэлтийг шууд үнэлж дараагийн дүгнэлтүүд гарсан. Гэтэл шүд авах хэмжээний асуудал байсан эсэх нь өөрөө тухайн шүдийг үзсэн эмч болох гэрч Намуударийн мэдүүлгээр 2-р зэргийн хөдөлгөөнтэй байсан гэдгээр эргэлзээ төрүүлж байна, бас ёзоорын хугарал үнэхээр бий болсон байсан эсэх зэрэг эргэлзээтэй байдлыг тэр эмчийн үзлэгийн тайлбар тэмдэглэл яг бодит шүдний зургийг үндэслэн гаргаж өгөөч гэсэн хүсэлтийг гаргаж байна. Учир нь шүдний сулрал, булгарал, хугарал, шимэгдэл эсэхийг зөндөө ойлголтууд гарч байгаа учраас эдгээр олон ойлголтуудын аль нь болохыг ялгахгүй тэрийг нь ул суурьтай шалгахгүй, ганцхан үзлэгийн тэмдэглэлийг үндэслэж хүнийг өнгөцхөн дүгнэж ял шийтгэх оногдуулах хурлаа хийх гэж болохгүй байна.

Би ямар нэгэн байдлаар хариуцлагаас мултрах, зайлсхийх гэж бус гагцхүү үнэн зөвөөр шалгуулах гэж энэ хүсэлтүүдийг гаргаж, эмч нараас асууж тодруулж, ном гарын авлага уншиж судалж байна. Анагаахын хичээл авч байгаа юм шиг шүдний бүтцийн зурган дээр хүртэл тайлбарлуулж үзлээ, хугарал булгарал шимэгдэл өөр өөр юм билээ.

Намайг шалгаж шүүж шийдэж болно, гэхдээ маргаантай эргэлзээтэй зүйлийг нь мухарлаад шалгаад нэг өгөөч гэж хүсэж байгаа, шалгаад нягтлаад шинжлээд үзсэний дараа шүүх хэрхэн яаж шийдвэрлэх нь хамаагүй тэр хуулийн хүрээнд шүүхийн асуудал гэж би үзэж байна.

Иймд манай өмгөөлөгчийн гаргасан дахин шинжилгээ хийлгэх болон миний гаргасан камерын бичлэгийг ухраан дахин үзлэг хийлгэх хүсэлтийг хангаж, Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2025/ШЗ/775 дугаартай захирамжинд өөрчлөлт оруулж өгнө үү ... гэжээ.

 

Яллагдагч Ш.М, П.О нарын өмгөөлөгч Н.М давж заалдах гомдолдоо:

 

“ ... мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх буюу дахин шинжилгээ хийлгэх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн боловч хэрхэн ямар үндэслэлээр хангахаас татгалзсан талаар шийдвэрээ танилцуулсан боловч захирамжиндаа тусгаагүй байна.

Энэ хүсэлтийн тухайд хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүд нэг нь нөгөөгөө няцаан үгүйсгэж өөр хоорондоо эрс зөрүүтэй байх тул үндэслэлтэй эсэхэд эргэлзээтэй гэж үзэж байгаа тул хохирогч Н.Бгийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргийг тогтоолгохоор дахин шинжилгээ хийлгэхээр хүсэлтийг гаргасан.

Анхдагч 925 дугаартай дүгнэлтээр 1 шүдний сулрал, нэмэлт 40 дугаартай дүгнэлтээр баруун дээд шүдний булгарал, бүрэлдэхүүнтэй 478 дугаартай дүгнэлтээр баруун дээд шүдний хугарал гэмтэл тус тус тогтоогдсон. Өөрөөр хэлбэл дүгнэлт тус бүрээр сулрал, булгарал, хугарал болж өөрчлөгдсөн бөгөөд энэ нь тус бүртээ өөр өөр эмнэлзүйн шинж тэмдэгтэй тус бүртээ ялгаатай анагаах ухааны ойлголт гэж үзэж байна.

Гэтэл хамгийн сүүлийн бүрэлдэхүүнтэй шинжээчид дүгнэлт гаргахдаа шинжилгээнд ирүүлсэн баримт бичиг буюу өмнөх 925, 40 дугаартай дүгнэлтийн хуулбар болон шинжээч томилсон тогтоолыг л үндэслэж дүгнэлт гаргасан буюу уг дүгнэлтүүдийн тодорхойлох хэсэгт тусгагдсан зовиур үзлэгийн тэмдэглэл болон КТГ зургийн хариу /энэ нь шүдтэй холбоогүй/-г л үндэслэж дүгнэлт гаргажээ.

Тодруулбал 40 дугаартай дүгнэлтийн тодорхойлох хэсгээс Хаш шүдний эмчийн үзлэгийн тэмдэглэлийг уншиж судлан дүгнэлт гаргасан байгаа бөгөөд тухайн үзлэг явуулах үед хийгдсэн рентген зураг гэх баримтыг шинжлэн судлалгүйгээр дүгнэлт гаргасан гэж үзэж байна. Хувийн эмнэлгийн эмчийн бичсэн эмчийн үзлэгийн тэмдэглэлийг үнэлэх бус тухайн цаг хугацаанд хийгдсэн шүдний рентген зургийг өөрсдөө үзэж шинжлэн судалж, шүдний ёзоорын хугарал үүссэх эсэх, үүссэн шүдний хөдөлгөөн нь хэддүгээр зэрэглэл хөдөлгөөн байсан эсэх, шүд авах заалт байсан эсэх зэргийг шинжлэн нягтлалгүйгээр зөвхөн дан ганц үзлэгийн тэмдэглэлийг уншин судалж гаргасан тул үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд дээрхи байдлаар шинжээчийн дүгнэлт нь өөрөө үндэслэл бүхий эсэхэд эргэлзээ бий болсон тул дахин шинжилгээ хийлгэж, ингэхдээ нарийн мэргэжлийн шүдний эмчийг шинжээчийн бүрэлдэхүүнд оролцуулан хэрэгт ач холбогдол бүхий дараах байдлыг тодруулахаар шинжээч томилуулах хүсэлтэй байна.

Хохирогч Н.Бн 2025 оны 10 дугаар сарын 26-ны өдөр авахуулсан шүдний рентгэн зургийг шинжлэн судлуулах, рентген зурганд үндэслэж хохирогч Н.Бн баруун дээд буюу 5 дугаар шүд шүдний сулрал, шүдний булгарал, шүдний хугарал, шүдний шимэгдэл гэх оношуудын алинд нь хамаарах эсэхийг тогтоолгох,

2 дугаар зэргийн хөдөлгөөнтэй шүдийг авах ажилбар хийгдэх үндэслэл бий эсэх, рентген зурганд үндэслэж хохирогч Н.Бн баруун дээд буюу 5 дугаар шүдний хөдөлгөөн 1-4 зэргийн хөдөлгөөний алинд хамаарах эсэх, хохирогч Н.Бн баруун дээд буюу 5 дугаар шүдэнд ёзоорын хугарал үүссэх эсэх зэргийг нэг мөр эцэслэн тогтоолгох хүсэлтэй байна.

Мөн шинжээчид нь өмнөх 925 болон 40 дугаартай дүгнэлтэд тусгасан зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтлийг гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн хэсгийг эрс няцааж гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна гэж дүгнэсэн үндэслэлээ тайлбарлаагүй буюу хэрхэн ямар шинж байдлаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар анагаахын болоод хууль зүйн хувьд үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй байх тул шинжээчийн дүгнэлт үндэслэл бүхий болоогүй гэж үзэж банйа.

Иймд дээрхи үндэслэлүүдээр өмгөөлөгч миний гаргасан мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэх буюу дахин шинжээч томилуулах хүсэлтийг хангаж, Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2025/ШЗ/775 захирамжинд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагч Ш.Мтайлбартаа: ... Өмгөөлөгчийн хүсэлтийг дэмжиж байна ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагч П.О тайлбартаа: ... Прокурорт буцааж дахин шинжээч томилж өгнө үү ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагчийн өмгөөлөгч Н.М тайлбартаа: ... Захирамжид өөрчлөлт оруулж, хэргийг прокурорт буцааж, дахин шинжээч томилж өгнө үү ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч И.Э тайлбартаа: ... Сэтгэл санаа хувьд үнэхээр хэцүү байсан ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Т дүгнэлтдээ: ... Мөрдөн шалгах ажиллагаанууд бүрэн гүйцэт хийгдсэн гэсэн тайлбар гаргаж байна ... гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Н.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

 П.О, Ш.Мнарыг бүлэглэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх өмгөөлөгч Н.М-н гаргасан хүсэлтийг үндэслэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан хийж “ ... яллах дүгнэлтэд гэрчийн мэдүүлэг, хэргийн үйл баримтын талаар зөрүүтэй бичсэн, тодорхойлох хэсэгт Эрүүгийн хуулийн зүйл, хэсгийг алдаатай бичсэн ... шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр залруулан яллах дүгнэлт дахин гардуулах боломжгүй ...” гэж дүгнэж хэргийг Орхон аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Уг шийдвэрийг эс зөвшөөрч яллагдагч П.О, яллагдагч нарын өмгөөлөгч Н.М нар давж заалдах гомдол гаргасан байх ба давж заалдах шатны шүүх тэдгээрийн гомдлыг хянан хэлэлцэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Хавтаст хэрэгт хохирогч Н.Бн эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон Орхон аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн шинжээч Э.Б-н 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 925 дугаартай “Н.Бн биед зүүн даланд зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт, 1 шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо ... , ... зүүн даланд зулгаралт, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул ... хохирлын зэрэг тогтоохгүй ...” гэсэн дүгнэлт /хх 47-48/,

 

шинжээч Э.Б-н 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 40 дугаартай “...Н.Бн биед баруун дээд 5 дугаар шүд буюу 15-р шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо ... дээрх 15-р шүдний булгарал гэмтэл нь ... хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн нэмэлт дүгнэлт /хх 53-54/,

 

Шүүхийн Шинжилгээний ерөнхий газрын шинжээч Ө.С, Ч.Э, Э.Э нарын 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 478 дугаартай “... Н.Бн биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун дээд 5-р шүдний хугарал, баруун зулай хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн даланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо ... дээрх гэмтлүүдээс зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт болон баруун дээд 5-р шүдний хугарал гэмтэл нийлээд болон тус тусдаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул ... хөнгөн зэрэг тогтоогдлоо ... Харин баруун зулай хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн далны зулгаралт нь нийлээд болон тус тусдаа эрүүл мэндийг сарниулахгүй тул ... хохирлын зэрэг тогтоохгүй ... ” гэсэн дахин дүгнэлт /хх 81-84 / -үүд авагджээ.

 

Дээрх дүгнэлтүүдэд хохирогч Н.Бн эрүүл мэндэд учирсан гэх баруун дээд 5-р шүдийг “сулрал”, “булгарал”, “хугарал” гэж өөр өөрөөр дүгнэсэн, шинжээч нарын дүгнэлтүүд үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй байх тул Шүүх шинжилгээний тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан дахин дүгнэлт гаргуулах үндэслэлд хамаарч байна.

 

Эрүүгийн хэргийн талаар нотлогдвол зохих байдал буюу хохирогч Н.Бн эрүүл мэндэд учирсан хохирлыг эргэлзээгүй тогтоох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм.

 

 Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжинд дурьдсан яллах дүгнэлтийн алдааг засаж дахин гардуулах ажиллагааг хийлгэхээс гадна яллагдагч   П.О, яллагдагч нарын өмгөөлөгч Н.М нарын гаргасан дахин дүгнэлт гаргуулах тухай давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Харин яллагдагч   П.Оын давж заалдах гомдолд дурьдсан “камерын бичлэгт дахин удаашруулж үзлэг хийлгэх” хэсгийн тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүсэлт, гомдлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед гаргаж болно” гэж заасан тул энэ талаарх хүсэлтээ мөрдөгч, прокурор болон шүүхийн шатанд гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй юм.

 

Мөн “Хаш” шүдний эмнэлэгт шүдний эмч ажилтай Б.Н нь “...тухайн эрэгтэйн 15 дугаар шүд цооролтой, өвдөлттэй, шүд хөдөлгөөн орсон байдалтай ирсэн ... үзлэг хийх үед 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс өмнө ямар нэгэн механик гэмтлийн шинж тэмдэг илэрснийг мэдэх боломжгүй байсан ... хөдөлгөөн орсон, шимэгдэлттэй ямар нэгэн эмчилгээ авах боломжгүй, авах заалттай шүд байсан ... эмчилгээний явцад би рентгэн зураг авч оношилгоо хийх үед шүд хөдөлгөөнтэй байсан, тэгээд үйлчлүүлэгчид тайлбарлан зөвлөгөө өгч авах шийдвэрт хүрсэн ... эмчийн бичиг хийж өгсөн ... ” гэсэн мэдүүлэг өгсөн боловч хавтаст хэрэгт “Хаш” шүдний эмнэлгийн эмч Б.Д гэсэн гарын үсэгтэй баримт /хх 58-59/ хавсаргагдсан байгааг анхаарах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 775 дугаартай захирамжийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Яллагдагч П.О, яллагдагчийн өмгөөлөгч Н.М нарын давж заалдах гомдлыг тус тус хүлээн авсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     З.ХОСБАЯР

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                              Ц.АМАРЖАРГАЛ

 

                        ШҮҮГЧ                                                                                   С.УРАНЧИМЭГ