Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 210/ма2020/01259

 

 

2020 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2020/01260

 

Б- газрын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Нямбазар, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2020/01116 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Б- газрын нэхэмжлэлтэй хариуцагч Д.Э-д холбогдох

Гэм хорын хохиролд 5 215 590 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Өсөхбаяр, хариуцагч Д.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.э- нь 2016 онд шүүхэд дүүргийн Засаг даргын Тамгын газар болон 22 дугаар хороонд тус тус холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний хөлс гаргуулахаар нэхэмжилсэн. Дээрх хэргийг хэлэлцээд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 3435 дугаар шийдвэрээр хариуцагч 22 дугаар хорооноос ажил гүйцэтгэх гэрээний хөлс 5 040 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 95 590 төгрөг, нийт 5 135 590 төгрөгийг гаргуулж, дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Б.э-, БЗД-ийн 22 дугаар хорооны Засаг дарга нарын хооронд 2015 оны 05 сард 1 492 ширхэг хаалганы хаягийг хийлгэхээр, нэг бүрийн үнийг 5 000 төгрөгөөр тооцон амаар тохиролцож, 2015 оны 6 сарын 2-ны өдөр 22 дугаар хорооны засаг дарга Д.Э- зохион байгуулагч Ц.Тэгшжаргал нарт хаалганы хаягийг хүлээлгэн өгсөн, төлбөр 7 460 000 төгрөгийг 2015 оны 7 сарын 10- ны өдөр хүлээлгэн өгөхөөр тохирчээ.

22 дугаар хорооны Засаг дарга гэрээ байгуулж, улмаар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, бусдад хохирол учруулсан. Дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Засаг даргаас ямар нэгэн байдлаар гэрээ байгуулах зөвшөөрөл аваагүй. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 22 дугаар хорооноос холбогдох мөнгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн ч хороо нь өөрийн төсөвгүй тул дүүргийн Засаг даргын Тамгын газраас холбогдох мөнгийг төлж барагдуулсан.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана, 498.5-д Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй.Шүүхийн шийдвэрээр 5 135 590 төгрөгийг Дүүргийн Засаг даргын тамгын газраас төлж барагдуулсан тул хохирлыг 22 дугаар хорооны Засаг даргаар ажиллаж байсан Д.Э-аас гаргуулж өгнө үү. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал болох 80 000 төгрөгийг нэмж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 5 215 590 төгрөг болгож байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргаар 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл ажиллаж байсан. Б.э-тай 2015 оны 05 сард нийт 1492 ширхэг хаалганы хаягийг нэг бүрийн үнийг 5000 төгрөгөөр тооцож нийт 7 460 000 төгрөгөөр хийлгүүлэн 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүлээлгэн өгнө гэж тохиролцсон. Энэ тохиролцсоны дагуу хийсэн хаягийг хүлээн авахад 1492 ширхэг биш 1422 ширхэг хаяг байсан. Ажил гүйцэтгэгч тал буюу иргэн Б.э- үүнийг зөвшөөрсөн тул бид 1422 ширхэг номерыг хүлээж авсан. Энэ ажлыг гүйцэтгэхдээ иргэдээс гаргасан саналын үндсэн дээр Хорооныхоо айл өрхийн хаягийн хуучирч муудсан, харагдахгүй болсон хаягуудыг шинэчлэх, ижил болгох, өнгө загварыг нь сайжруулах зэрэг зайлшгүй хэрэгцээ, шаардлагын үндсэн дээр хорооны Иргэдийн нийтийн хурал, хэсгийн ахлагч нартайгаа харилцан ярилцаж зөвшилцөж хийсэн.

Хороо нь өөрийн захиран зарцуулах төсөвгүй тул энэ ажлыг гүйцэтгэхдээ хаягийн төлбөрийг тухайн айл, өрхөөс нь авахаар тооцож ажилласан. Ингэхдээ бүх хэсгийн ахлагч нарт хуваарилж, айл өрхүүдэд тараалгасан бөгөөд нийт 1422 ширхэг хаягаас айл өрхүүдэд санал болгож нэгдсэн хаягтай болгох ажлыг хороондоо зохион байгуулсан. Нийт 470 ширхэг хаягийн мөнгө болох 2 350 000 төгрөгийг 14 хэсгийн ахлагч тус бүр Б.э-гийн хувь дэвтэр дээр гарын үсэг зурж хүлээлгэн өгсөн байдаг. 2017 оны 02 дугаар сарын 15-ны байдлаар 952 ширхэг хаягийн үлдэгдэл байсан. 431 ширхэг хаягийн дугаар 2, 3 давхардаж гарсан, 521 ширхэг хаягийг иргэдэд зээлээр өгсөн бүртгэлтэй байсан. Ажлаа бүрэн зохион байгуулж дуусгалгүй буюу 2017 оны 09 дүгээр сарын 25-нд хорооны засаг даргын ажлаас чөлөөлөгдсөн. Би өөрөө хаягуудыг тараагаагүй бөгөөд анхнаас нь 14 хэсгийн ахлагч нар ажил гүйцэтгэгч тал буюу Б.Энхлагватай гарын үсэг зурж хүлээлцэж аван, хариуцсан хэсгүүдээрээ тарааж тооцоо нийлж явсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 498.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Э-д холбогдох 5 215 590 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б- газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжид төлөх 97 119 төгрөгөөс чөлөөлсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч Б- газраас улсын тэмдэгтийн хураамжид 98 399 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 100200300941 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүх хариуцагч гэм хорын хохирол учруулсан нь тогтоогдсонгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Иргэний хуулийн дээрх заалтын дагуу төрийн албан хаагч болох 22 дугаар хорооны Засаг дарга Д.Э- нь хуулийн этгээдийн эрхгүй, бие даасан төсөвгүй хэрнээ бусад иргэнтэй мөнгөн дүнтэй гэрээ байгуулахдаа дээд шатны байгууллага болох дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас зөвшөөрөл аваагүй, урьдчилж мэдэгдээгүй, гэрээ байгуулснаас үүсэх сөрөг үр дагаварын талаар урьдчилан мэдэгдээгүй, шүүхэд энэ талаар маргаан үүссэн байхад татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй байгаа нь ажил олгогч болох дүүргийн Засаг даргын Тамгын газрын зүгээс хариуцагчийг ажил үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл гаргасан гэж үзэхээр байна. Уг гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлыг төрийн байгууллагын зүгээс төлж, төрд учирсан хохирлоо шаардаж буй нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахи хэсэгт заасан нөхцөлтэй шалтгаант холбоотой байна.

Засаг даргын Тамгын газраас холбогдох төлбөрийг төлж барагдуулсан. Энэ нь хэрэгт авагдсан шүүхийн шийдвэр, төлбөр төлсөн нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар төсвийг хэрэгжүүлэхэд хариуцлагатай байх зарчмыг баримтлах ба төсвийн шууд захирагч нь 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь хэсэгт заасан батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах үүрэгтэй. Гэтэл анхан шатны шүүхээс хариуцагчийг гэм хорын хохирол учруулаагүй гэж үзсэн нь төрд учирсан бодит хохирлыг хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй нөхцөл байдалд оруулж байна. Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2020/01116 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож. давж заалдах гомдлыг хангаж, төрийн байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б- газар нь хариуцагч Д.Э-д холбогдуулан гэм хорын хохиролд 5 215 590 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх1, 23, 82/

Д.Э- нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргаар 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл ажиллаж байхдаа Б.э-тай 1492 ширхэг хаалганы хаягийг нэг бүрийн үнийг 5000 төгрөгөөр тооцож нийт 7 460 000 төгрөгөөр хийлгүүлсэн, уг хаягийн үнэ 5 040 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 80 000 төгрөг, нийт 5 215 590 төгрөгийг Дүүргийн Засаг даргын тамгын газраас иргэн Б.э-д төлж өгсөн үйл баримт тогтоогджээ. /хх8/

Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрээр 22 дугаар хорооноос гаргуулсан 5 215 590 төгрөгийг Д.Э-ы хорооны засаг даргаар ажиллаж байх үедээ хороо өөрийн захиран зарцуулах төсөвгүй байхад дур мэдэн, Дүүргийн Засаг даргын зөвшөөрөлгүйгээр гэрээ байгуулж төрийн эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол гэж тодорхойлжээ. /хх74-75/

Төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг эхэлж төр хариуцан арилгасны үндсэн дээр буцаагаад /регресс/ гэм буруутай этгээдээс шаардахад хамаарах заалт буюу Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасан шаардах эрхээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна.

Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан хорооны засаг даргын бүрэн эрх, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.21, 28.7 дахь хэсэг буюу хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх, хорооны Засаг даргын цалин, ажлаа явуулахтай холбогдсон бусад зардлыг дүүргийн төсөвт тусгаж санхүүжүүлэх заалт зэргээс үзэхэд хорооны засаг даргаар ажиллаж байсан Д.Э-ы иргэдээс гаргасан саналын дагуу хорооны айл өрхийн хуучирч муудсан хаягийг шинэчлэх, шөнийн цагаар эмнэлэг, цагдаа, гал унтраах анги болон онцгой байдлын албаны ажлыг хөнгөвчлөх үүднээс гэрэлтдэг хаяг захиалсан үйлдлийг хууль бусаар төрд хохирол учруулсан гэм буруутай үйлдэл гэж дүгнэх боломжгүй.

 

Мөн Хаягжуулалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.8 дах хэсэгт зааснаар гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах ажлыг улс, орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр заажээ.

Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь агуулгын хувьд зөв боловч шаардах эрхийн үндэслэлийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дах хэсэгт зааснаар тодорхойлсон нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болжээ. /хх97/

Б- газар нь 22 дугаар хорооны засаг даргын өмнөөс түүний бусдад учруулсан гэм хорын хохирлыг хариуцан арилгасан гэх үндэслэл хэрэгт авагдсан бичмэл баримт болох шүүхийн шийдвэр, талуудын тайлбараар тогтоогдоогүй тул давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан гэм хорын ерөнхий заалтыг баримтлан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан гэм хорыг хариуцан арилгах үүрэг нь бусдын эрх, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээдэд холбогдон үүсэх бөгөөд хариуцагчийн үйлдэлд дээрх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн ...Төрд учирсан бодит хохирлыг хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй үлдлээ. Хариуцагч нь дур мэдэн гэрээ байгуулж, төрд хохирол учруулсан гэх давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2020/01116 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 гэснийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Б- газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ш.ОЮУНХАНД