2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 192/ШШ2025/10548

 

 

 

 

 

    2025             12              09

                                     192/ШШ2025/10548

                  

 

 

 

      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 24 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс гудамж, **** байр, ***** тоотод оршин суух, Д******* овогт Л******* О******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 17 дугаар хороо, Ривер гарден 2 хотхон, ***** байр, **** тоотод байрлах, А******* б******* г******* ХХК /РД:*******/,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 21 дүгээр хороо, Горькийн гудамж, ***** тоотод байрлах, Т******* д овогт А Ж /РД:/-д нарт холбогдох,

 

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, 66,300,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Л.О*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Сэргэлэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.О******* нь орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, алданги 66,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нарт  холбогдуулан гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Л.О******* нь А******* б******* г******* ХХК-тай 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 21/119 дугаартай "Орон сууц захиалгаар барих тухай гэрээ байгуулан Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах "Мега сити" орон сууцны барилгын **** блокийн **** давхарт *** тоотод байрлах 66.3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг захиалж гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу гэрээний 3.2-т зааснаар дээрх орон сууцны нийт төлбөр 132,600,000 төгрөгийг 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 124,000,000 төгрөгийг А******* б******* г******* ХХК-ийн захирал У.Б Хаан банкны дугаарын дансанд шилжүүлж, үлдэгдэл төлбөр 8,600,000 төгрөгийг 2021 оны 4-р улиралд орон сууц ашиглалтад ороход гэрээний дагуу төлөхөөр тохиролцож, төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлсэн. Гүйцэтгэгч А******* б******* г******* ХХК нь уг гэрээний 2.2-д зааснаар орон сууцны барилгыг 2021 оны 4-р улиралд багтаан барьж, улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулж, захиалагчийн өмчлөлд шилжүүлж өгөх үүрэгтэй байсан боловч одоо болтол ашиглалтад оруулж захиалагчид хүлээлгэн өгөөгүй байна. Тухайн үед бэлэн төлөлтөөр 1 м.кв-ыг нь 1,800,000 төгрөгөөр тооцно гэж байрны төлбөрийг төлүүлж гэрээ байгуулаад байрыг ашиглалтад оруулах хугацаандаа оруулаагүй, орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлж өгөхгүй байгаад маш их гомдолтой байгаа бөгөөд Л.О******* би үлдэгдэл 8,600,000 төгрөгийг төлөхөд бэлэн байгаа юм. Нэхэмжлэгч Л.О******* би орон сууц захиалгаар барих гэрээний дагуу дээрх орон сууц, авто машины зогсоолын төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлсэн тул хариуцагч Азын б******* г******* ХХК-тай байгуулсан 21/119 тоот гэрээний 5-р зүйлийн 5.1.2-т заасан "Гүйцэтгэгчээс шалтгаалж гэрээнд заасан хугацаанд орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөөгүй тохиолдолд үнийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг захиалагчид төлнө" гэсний дагуу алданги 132,600,000*0.2=265 200 ба өдрийн 265,200 төгрөг тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байгаа учир хуульд нийцүүлэн 50 хувь болох 66,300,000 төгрөгийн алданги тооцон нэхэмжилж байна. Иймд Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Мега сити орон сууцны барилгын **** блокийн *** давхар **** тоотод байрлах 66.3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Л.О*******ийг тогтоож, өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгуулах, орон сууцыг захиалгын гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөөгүй хугацаа хэтэрсний алданги 66,300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч  А******* б******* г******* ХХК, А.Ж нараас шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021.09.24-ний өдрийн №21/119 дугаар Орон сууц захиалгаар барих гэрээ, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2023.12.01-ний өдрийн 28ё1-3/5894 дүгээр албан бичиг, иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, А******* б******* г******* ХХК-ийн 2023.06.08-ны өдрийн албан бичиг, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,

Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар гэсэн баримтуудыг тус тус гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

           

1. Нэхэмжлэгч Л.О*******  нь хариуцагч А******* б******* г******* ХХК,  А.Ж нарт холбогдуулан Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Мега сити орон сууцны барилгын ***** блок, *** давхар **** тоотод байрлах 66.3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгах, алданги 66,300,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг гаргасан бөгөөд шүүх хуралдаанд хариуцагч А.Жөд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч А******* б******* г******* ХХК-нд холбогдуулан дээрх шаардлагаа дэмжиж байна.

 

2.  Шүүх нэхэмжлэгч  Л.О*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

3. Нэхэмжлэгч Л.О******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... А******* б******* г******* ХХК-тай 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 21/119 дугаартай "Орон сууц захиалгаар барих тухай гэрээ байгуулан Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах Мега сити орон сууцны барилгын **** блокийн *** давхарт **** тоотод байрлах 66.3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг захиалж, гэрээний дагуу 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр 124,000,000 төгрөгийг А******* б******* г******* ХХК-ийн захирал У.Баасанжаргалд төлсөн. Үлдэгдэл 8,600,000 төгрөгийг орон сууц ашиглалтад ороход төлөхөөр тохиролцсон. Орон сууцыг 2021 оны 4-р улиралд оруулахаар тохиролцсон боловч өнөөдрийг хүртэл барьж ашиглалтад оруулаагүй. Уг орон сууцыг хариуцагч А******* б******* г******* ХХК бариагүй. Тухайн барилгыг Пропертиз гэдэг компани барьж байгаа гэж тэнд байгаа хүмүүс тайлбарлаж байгаа бөгөөд шүүхээр өмчлөгчөөр тогтоолгоод ир гэсэн тул шаардах эрхээ хэрэгжүүлсэн...”  гэж тайлбарлаж байна.

 

4. Хэрэгт авагдсан баримтаар 2021 оны 9 дүгээр сарын 24-ны өдөр “Орон сууц захиалгаар барих гэрээ” гэх нэртэй 21/119 дугаар гэрээгээр гүйцэтгэгч талаас А******* б******* г******* ХХК, захиалагч талаас Л.О******* нар Баянгол дүүргийн 22 хорооны нутаг дэвсгэрт баригдах Mega city орон сууцны барилгын ***** блокийн *** давхарт *** тоот 66,3 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг нийт 132,6000,000 төгрөгөөр барьж ашиглалтад оруулахаар, барилгыг гэрээний 2.2-т зааснаар 2021 оны 4 улиралд багтаан барьж дуусгахаар харилцан тохиролцож байгуулсан талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасантай нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байгуулагджээ.

 

5. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар хариуцагч А******* б******* г******* ХХК нь Баянгол дүүргийн 22 хорооны нутаг дэвсгэрт баригдах Mega city орон сууцны барилгын **** блокийн *** давхарт ****тоот 66,3 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьж нэхэмжлэгч Л.О*******т шилжүүлэх, нэхэмжлэгч нь ажлын хөлсөнд 132,6000,000 төгрөгийг хариуцагчид төлөхөөр харилцсан тохиролцсон боловч ажлын үр дүн болох 2 өрөө орон сууцыг хариуцагч А******* б******* г******* ХХК нь барьж ашиглалтад оруулаагүй, уг орон сууцны б******* бодитоор баригдаагүй, ажлын үр дүн гараагүй болох нь нэхэмжлэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлгүй байна. Учир нь талуудын хооронд байгуулсан хэлцлийн ажлын үр дүн болох орон сууц ашиглалтад ороогүйн улмаас шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

6. Харин нэхэмжлэгч гэрээнээс татгалзах, гэрээ цуцлах, гэрээнээс учирсан хохирлоо хариуцагчаас шаардахад уг шийдвэр саад болохгүй болохыг тайлбарлавал зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасныг баримтлан Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Мега сити орон сууцны барилгын **** блок, *** давхар ** тоотод байрлах 66.3 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч нарт даалгах, алданги 66,300,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч А.Жөд холбогдох шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,310,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                      Ц.ОЮУНБИЛЭГ